Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурлын үеэр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хөөдөг болох тухайгаа индрээс даруухан мэдэгдэв. Тэрбээр “Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. МАН шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай” гэлээ.
Ерөнхий сайдын мэдэгдсэн энэ мэдэгдэлд, тавьсан шаардлагад МАН-ын хэдэн гишүүн тэнцэж, үлдэх бол. Харин хэдэн гишүүн бүдэрч, МАН-аас хөөгдөх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өдийгөөс дөрвөн жилийн өмнө буюу Ерөнхий сайд байхдаа “Шударга ёсны төлөө би тун удахгүй хариуцлагын сэлэм далайна” гэж байлаа. Гэхдээ түүний сэлэм иргүй илд, сумгүй буутай адилхан байсаар явсан. Энэ сүржин мэдэгдлийн хажууд Л.Оюун-Эрдэнэ харин ч даруухан мэдэгдэл байлаа. Эргэлт.мн мэдээллийн сайт авлига, албан тушаалын хэргээр хамгийн түрүүнд хөөгдөх МАН гишүүдийг нэрлэж байна.
Хөөгдөх гишүүдийн жагсаалтыг эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэргүүлж, тавьсан шаардлагадаа тэнцэхгүй байгаа гэдгээ мэдэж байгаа болов уу. “Андлалын хөшөө” цогцолборын барилгыг барих тендерт ногоон гэрлээр шалгарч, 90 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусгачихаад “Оюуны өмчийн маргаантай болсон” гэх шалтгаан олны хэл амнаас бултуулж, нурааж орхисон “Хос санаа” ХХК-ийг судалж үзэхэд эцсийн цэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар хоёр дээр бууж байгааг баримтаар харуулсан байдаг. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр “Андлалын хөшөө” барих санаачилга гаргаж, 1.9 тэрбумын санхүүжилтийг нь улсын төсвөөс гаргуулчихаад барилгын ажлын тендерийг нь бизнесийн хамтрагч, үнэнч туслагч, хуурай дүүдээ өгчихсөн болж таарсан. Ингэхдээ элдэв хар түүхгүй, олонд танигдаагүй, цаасан дээрх "Хос санаа" ХХК-ийг ашиглаж, энэ луйвраа гүйцэлдүүлж байлаа. Харамсалтай нь, ах, “дүү” хоёртойгоо хамтарсан “луйвар” нь эцэстээ бүтэлгүйтэж, олны хэл амыг хэтэрхий их дагуулсан учраас нураасан юм. Энэ бол түүний үйлдсэн ноцтой гэмт хэрэг мөнөөсөө мөн. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л шударга бол өөртөө хариуцлага тооцож, нэгдүгээрт явах хүн билээ.
УИХ-ын гишүүн болсон даруйдаа АТГ-ын хаалга татаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан бол гишүүн бол Д.Өнөрболор. Тэр АТГ-т шалгагдаж байгаа гишүүдийг хоёр жил тэргүүлж байна. Тодруулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр Зайсанд хууль бусаар газар авсан, зөвшөөрөлгүй барилга барьсан, өндөр үнээр зарсан гэх асуудлаараа шалгагдаж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд жил тойрч байна. Хэрэв Ерөнхий сайд, шинэхэн намын дарга Л.Оюун-Эрдэнийн хийх өөрчлөлт, тавьсан хатуу шаардлага нь биелэх бол Д.Өнөрболор хийсэн хэрэгтээ хариуцлаг тооцуулж, нам ч үгүй, УИХ ч үгүй болох биз ээ.
Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрбээр жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг юм. Хэрэв МАН-ын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ намынхантайгаа Д.Өнөрболорын халаасанд орчихоогүй бол тэр явах ёстой.
МАН-ын алтан гишүүн, ивээн тэтгэгч, төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр халаасаа түнтийлгэгч Х.Бадамсүрэн Ерөнхий сайдын тавьсан шалгуурт тэнцэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг ёроолгүй юм шиг завшиж, бусадтай бүлэглэн халаасалж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргисан тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг нэн даруй намаасаа хөөж, хууль хяналтын байгууллага цаг алдалгүй шалгах нь зүйтэй. Түүний охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас шилжүүлсэн хөдөлшгүй, ноцтой баримт ил болоод хоёр он дамжиж гэж байна. Х.Бадамсүрэн 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоноос хойш түүний тансаглал хэрээс хэтэрч, өнөөдрийг хүртэл төсвийн хөрөнгөөр дураараа дургисан баримт нь ил болсоор байна. Тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаалаар 300 саяар шинэ “Лексус-570” маркийн автомашин худалдан авч байлаа.
Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод хоёр жил болж байна. Тэрбээр төрийн өмчит компанийн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулж, гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдсэн. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримтууд зузаан дэвтэр дүүргэдэг билээ. Ерөнхий сайд та амлалтандаа хүрч, авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх бол “ах” нараасаа эхлэх нь хамгийн зөв. Ингэж байж таны удирдаж байгаа нам цэвэрлэгдэж, хонгилын үзүүрт бага ч гэсэн гэрэл асах бус уу.
Дараагийн хөөгдөх зүй ёсны гишүүн бол Х.Болорчулуун. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун парламентад дөрвөн жил суухдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийн боломжийг хулгайлсан билээ. Түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллага өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган шалгаж байсан. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогдсон гэдэг. Хууль хяналтын байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр Х.Болорчулууныг шалгасан юм. Түүнтэй цуг дөрөө харшуулан намаасаа хөөгдөж ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан, иргэдийг боломжийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан МАН-ын алт, мөнгөн хэд хэдэн гишүүн бий.
Түүнчлэн Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, автомашиныг дараалал дайруулдаг асуудалд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэр холбогдож байлаа. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, ачааны автомашины дараалал үүсэж, жолооч нар нь олон сар хил дээр саатсан ноцтой асуудал үүссэн. Эл авлига албан тушаалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун нар нэр холбогдож, эрх мэдлээ урвуулан жолооч нарын дарааллыг дайруулж, өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэргээр шалгуулж байгаа гэнэ лээ. Тэгэхээр энэ хэрэгт холбогдсон гурван гишүүн Ерөнхий сайдын тавьсан шаардлагад мөн л тэнцэхгүй явах болох нь.
УИХ-ын гишүүн С.Амарсайханыг АТГ-аас шалгаж буй. Түүнийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотойгоор эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөсөн. Энэ мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл болон иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн С.Амарсайхан АТГ шалгаж байна.
АТГ-т шалгагдаж байгаа, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хүн бүрийг явуулбал МАН-д үлдэх хүн “байхгүй”. Бид зөвхөн хамгийн түрүүнд явах таван хүнийг л нэрлэлээ. Үргэлжлүүлэн эдгээр хүний араас АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, П.Анужин нар явах нь тодорхой болох биз ээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСНЭЭР МАН-ААС ХАМГИЙН ТҮРҮҮНД ХӨӨГДӨХ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮД |
|
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-02 17:24:08
2025-04-02 15:57:56
2025-04-02 15:45:18
2025-04-02 15:24:22
2025-04-02 15:02:59
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |