• Өнөөдөр 2024-03-19

ЗАВХАНЫ ЗАЛБИРАГЧ ТҮШЭЭ Ц.ЦЭРЭНПУНЦАГ

2021-11-30,   665

-“БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОР БАРИХ САНААЧИЛГА ГАРГАСАН ТӨВД ЛАМ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН САХИЛ ХҮРТСЭН БАГШ НЬ УУ-

 
          Буддист гишүүдийн “Богд Зонхова” гэх бурхны хөшөөний “луйвар” илчлэгдэж, бөөн л дуулиан боллоо. Цар тахлаар бурхан болоочдын тоо 2000 хүрэх гээд сандаргаж байхад бурхны хөшөө 32 тэрбумаар барих санаачилга гаргах бөх зүрхтэй, агуу сүсэгтэй төрийн түшээдтэйгээ сая мэдэж, нийтээрээ бухимдсан нь энэ.  Буддист гишүүд гэдэг нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа гурав. Энэ гурваас “Богд Зонхова” цогцолборын талаар ам нээж, “Барилгыг ажлыг нь үргэлжлүүлэх ёстой, буруу юм байхгүй, гандан бол эмнэлэг” гэх байр суурь илэрхийлж, олон нийтийн эгдүү, зэвүүг зэрэг хүргэсэн нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. 
 
Тодруулбал, “Өвчтэй, зовлонтой, цар тахалтай үед хөшөө барих гэлээ гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Бид сүүлийн хоёр жил “Бүхнийг фронтын төлөө” гэдэг шиг өвчтэй, зовлонтой гэж энэ салбаруудад ахиу мөнгө тавилаа. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгаж байгаа. Гэхдээ бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Настай намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс нь, хурам найраа хийж байгаа залуус нь бүгд л гандан ордог. Бид бүгд л өвдөж зовохоороо очдог. Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд гандан дээр очдог Гэтэл төв гандан нь хүйтэн нэг том байшин, ганц бурхан л байгаа шүү дээ. Тэгэхээр гандан орчмыг шинэчилж, хүн очиход нүүр улайхааргүй болгох ёстой. Ард түмэн очиж өвчин зовлонгоо мартдаг, гунигаа тайтгаруулдаг газар бол Гандан гэж харж байгаа. Тийм биз дээ. Харин ч "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна” хэмээн хэв нэг хариулсан нь олон нийтийг дургүйг хүргэсэн юм. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг яагаад “Бонд Зонхов”-ын хөшөө бүхий цогцолбор барих санаачилга гаргаж, гүйцэлдүүлэхийн төлөө нэр хүнд, албан тушаалаа хайрлахгүй “гүрийж” зогсоно вэ. Хариулт хайж үзье. 
 
         Цагтаа улсын гарьд хэмээн цоллуулж явсан Ц.Цэрэнпунцаг зүлэг ногоон дэвжээнээс зодог тайлмагцаа бизнесмен болж, алс Америкийг зорьсон. Тэнд амьдарч байхдаа “Төвд Ринбүчид шавь орж, гэнэн сахил хүртсэн гэнэ” хэмээн хэвлэлээр бичүүлж байв. “Гэнэн сахил” гэдэг нь лам болоогүй эгэл хар хүний сахилыг хэлдэг юм л даа. Өөрөөр хэлбэл, лам болоогүй ч сахил хүртсэн гэсэн үг. Тэгвэл бурхны сахил “хүртэж”, буддын гүн ухаанд гүнзгий орсон Ц.Цэрэнпунцаг УИХ-ын гишүүн болмогцоо шашин төрийг хослон баригч болон хувирч, шашныг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байна уу гэж харагдаж, хардагдаж байна. 
          Тодруулбал, 32 тэрбум төгрөгийн өртөгтэй “Богд зонхова” цогцолборыг барихыг “Монголын бурхны шашинтны нийгэмлэг Богд зонхов төв” ТББ санаачилсан. Тус төрийн бус байгууллага гурван хүний нэр дээр бүртгэлтэй байдгаас эзэн нь Жадо Түлкү гэх лам аж. Судалж үзвэл, Жадо Түлкү буюу Жадо Ринбүчи нь жил тутам шахуу Төвдөөс Монголд ирж ном айлддаг Төвдийн нэр, нөлөөтэй лам нарын нэг бөгөөд мөн Монгол хэл мэддэг цөөн лам нарын нэг ажээ. Тэрбээр ирэхдээ Богд Зонховын Бодь мөрийн зэрэг номыг Монголын сүсэгтнүүдэд нэг биш удаа айлдаж байж.  Мөн Жадо Ринбүчи нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хамт “Монголын бурхан шашны хөгжлийн холбоо” ТББ-ыг эзэмшдэг юм байна.

Тэгвэл Төвд лам Жадо Ринбүчи Монголд айлчилж, ном айлдахдаа “Жавзандамба хутагт төв”-д ирдэг ажээ. Мөн Жавзандамба хутагт төв нь Жадо Ринбүчигийн Төвд дахь уншлагыг Монголын сүсэгтнүүдэд шууд дамжуулж үзүүлдэг, хурал номыг нь зохион байгуулдаг, нэг ёсондоо Монгол дахь төлөөлөгчийн газар нь юм шиг л ажилладаг юм байна. Гэтэл “Жавзандамба хутагт төв” нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийнх ажээ. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 2009 оноос “Жавзандамба хутагт төв” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Нэмээд Ц.Цэрэнпунцаг “Төвд багшид шавь орсон” гэх албан бус намтартай. Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Төвд багшийнхаа санаачилгаар татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” шашны цогцолбор барих гээд зүтгүүлээд байгаа болж таарч байна.  УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Богд Зонхов” хөшөө барих нь зөв” гэх сайхан тайлбар хийх мөртөө цаанаа багшийнхаа, шашныхаа төлөө, эцэст нь хөшөөнөөс унах унацын төлөө яваа харагдаж байна. 

Сонирхуулахад, Жадо Ринбүчиг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн багш гэдгийг илтгэх өөр сэжүүрүүд бас байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд буюу цар тахлын дэглэм дундуур Зайсангийн Бага тэнгэрийн аман дахь хаусныхаа гадаа 30 орчим хүн цуглуулж, Төвд лам залж, ном хуруулсан хэмээн шүүмжлүүлсэн. Ном хуруулах энэхүү ёслолд УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас эхлээд буддын шүтлэгтэй улс төр, бизнесийн томчууд оролцдог гэх. Тэгвэл Ц.Цэрэнпунцагийн Бага тэнгэрийн аманд залсан лам нь Жадо Ринбүчи гэнэ. 
          Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Монголын бурхны шашинтны нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ шашны төвийг Ц.Цэрэнпунцагтай хамт Баянхонгор аймгийн харьяат, Улсын начин Даваасамбуугийн Доржбат, Өвөрхангай аймгийн харьяат, Улсын начин Довдонгийн Ганбат, алдарт “Империал гоулд майнинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн явсан, одоо “Империал” ХХК-ийн захирал Намсрайжавын Батмагнай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд асан, “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Эрдэнэ-очирын Тамир, УИХ-ын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа нар удирддаг ажээ. Нэг ёсондоо буддын шашинтай бөхчүүдийн бүлгэм маягийн байгууллага.

Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа нар нэр бүхий компаниудын захирлууд, бөхчүүдтэй шашин шүтлэг нэгтэй, дундаа нэг шашны төрийн бус байгууллагатай, энэ холбоо сүлбээгээрээ дамжуулан “шашны нэр барьж” төсөв гар дүрэхээр оролдож байж болзошгүй байна. Жишээ нь, “Богд Зонхов”-ын хөшөөний дуулиан ил болохоос өмнө Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд энэ оны нэгдүгээр сарын 14-нд сард бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цар тахлын үед тухайн хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө байхгүй гэж хэлэлцэхийг хойшлуулсан. Хэрвээ дэмжигдсэн бол “Шашин соёлыг сэргээн хөгжүүлэх” нэрээр төсвийн мөнгө Ц.Цэрэнпунцаг, А.Адьшаа нарын “шашны бүлэглэл” –ийн гараар орох байжээ гэж харагдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн төрсөн нутаг, ялсан тойрог Завхан аймаг бол хэзээнээс л хутагт хувилгаадын өлгий нутаг гэгдэж ирсэн. Ямар сайндаа, өнгөрсөн оны судалгаагаар Завхан аймгийн иргэдийн 100 хүн тутмын 97 нь буддын шашин шүтдэг гэж хариулсан байх вэ. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг шашин шүтэх, эс шүтэх нь түүний Үндсэн хуулиар эдлэх эрх. Гэхдээ эрхээ эдэлж байна гээд шашныг бизнес болгож болохгүй юм л даа. 
 

ЗАВХАНЫ ЗАЛБИРАГЧ ТҮШЭЭ Ц.ЦЭРЭНПУНЦАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 12:17:29
    Zochin: Mahan tolgoituud. Jinhene uher mongolchuud. Hashaandaa bariach
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188