• Өнөөдөр 2024-10-15

“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа

2024-02-09,   28918

-ИНЭЭДЭГ ЗААН-

      Түүний гүндүүгүй, элдэв маяггүй байдал, унасан ч давсан ч инээж л байдаг  занд монголчууд дуртай бас хайртай хэвээрээ. Тэр энэ л зангаараа үзэгч олныг баясгадаг, байлдан дагуулдаг Монголын үндэсний баяр наадмын чимэг нь байлаа. Тэр өсөх идэр, өрнөн дэлгэрэх, хуйрнан шуугигч, хурц шаламгай гэх цол чимгүүд дээрээ нэмээд инээдэг Сүхбат, том Сүхбат, гарьд Сүхбат, заан Сүхбат, гавьяат Сүхбат, баавгай Сүхбат гээд олон нэртэй. Тэр гарьд Сүхбат гэж дуудуулахаасаа илүү заан Сүхбат нэрдээ илүү хайртай байсан. Тийм учраас түүнийг хүндэлдэг, хайрладаг хүн бүр, ойр дотнын найзууд нь инээдэг заан хэмээн авгайлан дууддаг байсан. Дээрх олон нэрээс инээдэг Сүхбат гэдгийг нь онцолбол, “Чи уначихаад яагаад дарвайтал инээгээд байдаг юм бэ” гэж Б.Түмэнбаяр захирал асуутал “Тэгээд уйлах юм уу. Хүч үзэж олны өмнө цэнгэж наадаж, уначихаад уйлаад байвал онцгүй. Баяр наадам болж байгаа учраас инээх л ёстой” хэмээн хэлж байсан удаатай. Түүний байгаа байдал, инээд баясал нь яг л хүүхэд шиг гэнэн цайлган,  цагаахан хар, хоргүй санагдсан учраас цагаахан заан гэж нэрлэмээр ч юм шиг санагдана.

“Унахдаа ч инээхийн заяатай

Давахдаа ч цэлмээх баясалтай

Даанч цагаан цайлган

Даамай хүчтэй арслангийн эрэмбэтэй заан мину зэ” гэх мэтчилэн түүнд зориулсан дуу, шүлэг мундахгүй бий. 

     Монгол Улсын гарьд  П.Сүхбат 1964 оны модон луу жил Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Харин аав нь Ховд аймгийн хүн. П.Сүхбатыг гурван настай байхад нутгаасаа гарч, П.Сүхбат хүүхэд ахуй цагаа Налайх дүүрэгт өнгөрөөжээ. Тэрээр багаасаа хөдөлгөөнтэй, эвсэлтэй, элдэвтэй байсан учир багаас нь бөх болох нь ойлгомжтой хэмээн ярьдаг байжээ. Тэр үед Налайхад биеийн тамирын дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигдсан аж. П.Сүхбатын аав 14 дүгээр баазад жолооч, ээж Дашмаа нь цэргийн үйлдвэрт оёдолчин хийдэг, айлын найман хүүхдийн дөрөв дэх нь байсан юм. Бид түүний гэргий воллейболын олон улсын хэмжээний мастер Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Та ханьтайгаа хэрхэн танилцаж байсан бэ. Тэр үеэс амьдралынх мартагдашгүй түүх эхлэх байх гэж бодож байна?

    -Би есдүгээр ангидаа бүсийн тэмцээнд орохоор Өвөрхангай аймаг руу явж байсан. Тэр тэмцээний үеэр миний хань  намайг харсан юм билээ. Тэгээд л надтай "уулзъя, танилцъя" гэж ирдэг, захиа бичдэг байсан. Би хоёр жил уулзахгүй гэж зугтаадаг байлаа. Аравдугаар анги төгсөх жил ээж нь нас барсан. Тэр үед манай найзууд “Чи очих хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тэгээд очоод үнэхээр их өрөвдөж, зугтахаа болиод ажил явдлынх нь дараа аав, ээждээ хэлж, танилцуулсан. Тэгээд ханиа таньж мэдэж, дасаж эхэлснээс хойш зугтаасаар байгаад явчихсан бол сайн хүн алдах байж дээ гэж бодож байсан. Тухайн үед ээж ханийг минь харчихаад “Сайн хүү байна, миний охин сайн хүн сонгожээ” гэж байсан. Бид 1982 онд Улаанбаатар хотод оюутан болж ирээд айлын хажуу өрөө, түрээсийн байранд амьдарч байгаад 1987 онд байртай болж, гал голомтоо бадрааж байлаа.

-ХАНИЙГАА БУРХАН БОЛСНООС ХОЙШ БОДООГҮЙ ӨДӨР, ХОНОГ ГЭЖ ҮГҮЙ-

-Таны ханийг хөгжилтэй, наргианч хүн байсан гэж сонссон. Чухам ямар хүн байсныг та ярьж өгөөч?

     -Миний хань цайлган цагаан сэтгэлтэй, хөгжилтэй, үргэлж биднийг аз жаргалтай байлгаж, инээлгэхийг хичээдэг, гэртээ өнгөрүүсэн цаг бүрээ бид гуравт зориулдаг байлаа. Гудамжинд гундуухан яваа хүнд мөнгө, архи, идэх юм авч өгдөг, тэдэнтэй юм яриад суучихдаг хэнийг ч ялгаж харьцдаггүй сайхан хүн байсан. Гэрийн ажилд сайн. Ялангуяа хоол хийх, хувцас индүүдэх дуртай. Өөрөө сэдэж санаачлаад шинэ хоол хийгээд нэр өгдөг. Тийм болохоор нь түүний болоод миний найзууд манайхаар ирэх их дуртай байсан. Зуны улиралд жил бүр хөдөө гарч найз нөхөд, хамаатнуудтайгаа хорхог, боодог хийж амрах дуртай байлаа. Цагаан сар, наадам хоёрт их дуртай, эртнээс баярт бэлддэг ёс жаягийнх дагуу тэмдэглэж өнгөрүүлдэг, хамт олонтой хүн байсан даа. Харин одоо намайг хүмүүс тоохоо байж, хөдөө авч явах хүн ч олдохгүй болж дээ, хөөрхий.

-Таны ханийг гэнэт бурхан болсон гэж ярьдаг. Энэ талаар ярьж болох уу?

        -Миний хань Бээжин рүү найзтайгаа хоёулаа явсан юм. Тэндхийн орчин, агаар нь таараагүй байж магадгүй гэнэт бүтэн харваад бурхан болсон. Шүүх шинжилгээний хариугаар “Гадны нөлөөгүй, бүтэн харвасан байна” гэх дүгнэлт гарсан. Бурхан болохоосоо гурван цагийн өмнө над руу залгаад утасныхаа пин кодыг асууж байсан юм. Тэр үед нь би кодыг нь хэлээд өгөхийн оронд “Дөрвөн оронтой тоо цээжилж чадахгүй, хаашаа юм” гэж загнаж байсан. Удалгүй надад таагүй мэдээ ирэхэд би ямар их харамссан гэж санана. Уурлаж байхын оронд зүгээр кодыг нь хэлээд өгчихгүй яав даа гээд муухай харьцсандаа үнэхээр их харамсаж, гашуудаж байсан. Ханийгаа бурхан болсноос хойш бодоогүй өдөр, хоног гэж үгүй. Нэг мэдэхэд "тэгсэн бол, ингэсэн бол" гээд бодчихсон сууж байдаг. Эхний жилүүдэд ямар хэцүү байсан гэж санана. Унтаж чадахгүй болсон. Миний хань чанга дуутай хүн болохоор дуу хуур, инээд хөөр, баяр цэнгэл цалгисан гэр минь хоосорч манайх нам гүм болсон. Хэдий хүүхдүүд минь хань болж байгаа ч гэсэн бидний харилцаа урьдынх шиг байхгүй шүү дээ. Тэдэнтэй ярих юм олдохгүй ч байгаа юм шиг хэцүү байсан.

-Та өөрийгөө буруутгаж явдаг бололтой?

    -Зөвхөн өөрийгөө хайрлуулж, халамжлуулах ёстой юм шиг санаж амьдарсан байна. Хүн хожуу л ухаардаг юм байна шүү. Би ээжийгээ ч баярлуулж чадаагүй гэж боддог. Бидэнд ярихгүй нэгнээсээ нуудаг зүйл гэж огт байгаагүй болохоор ханиасаа хойш  ганцаардсан. Ядарсан үедээ өвгөн минь байсан бол тэгж байгаадаа гэж байнга санагдаж байдаг. Амьдралыг эерэг болгож чаддаг, тэмүүлэлтэй, эрч хүчтэй, ханийн дээд байсан даа.

-Та хоёр залуу тамирчид байхдаа бие биеэ хурцалж, урам өгч, амжилт гаргах боломжийг нь бий болгож урмын үг хэлдэг байсан байх. Та ханийгаа тэмцээнд явахад нь хэрхэн үдэж, хэрхэн хүлээж авдаг байсан бэ?

    -Тэгэлгүй яах вэ. Бид хоёр хоёулаа шигшээ багт байсан учраас Спортын ордонд хичээллэдэг байсан. Эхэндээ хүмүүст мэдэгдэхгүйн тулд ордонд танихгүй хүн шиг зөрдөг, уулзалдаггүй байсан. Харин орой нь  Багшийн дээдийн автобусны буудал дээр таарч, гэр рүүгээ хамт явдаг байсан. Тэгээд би гадагшаа хоёр тэмцээнд явж амжсан. Бид удалгүй хүүхэдтэй болсон учраас спортоо түр орхиж хүүхдээ харахаас өөр сонголтгүй болсон. Тэр цагаас  хань минь бөхөөрөө амжилт үзүүлж эхэлсэн. Ханийгаа уралдаан тэмцээнд явахад нь бүх л сайн сайхан үгээ хэлж, цай сүүнийхээ дээжээ өргөөд, ард талыг найдвартай хамгаалж, хариуцаж үлддэг байсан даа. Тэгээд л ханийгаа ирэхэд нь гэрээ цэвэрлэж, хоол бэлдээд л маргааш тосож авна гэж догдлоод л сайхан байж дээ. Ханийгаа улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаад ирэхийг нь олон үзсэн. Зөвхөн би биш Монголын ард түмэн баярлаж, монголчуудын хайртай хүү болж чадсан. Өөрийнх нь зан байдал, спортын амжилтаараа бусдын хайрыг татдаг бөх байлаа.

-Таны ханийг хөөрүү сэтгэлтэй, сэтгэл хөдлөлөөрөө барилддаг гэж ярьдаг юм билээ. Та юу гэж боддог вэ?

    -Тиймээ. Яг сэтгэл хөдлөлөөрөө барилддаг. Баярласан, догдолсон сэтгэлээрээ дээшээ тэмүүлж,түүнээсээ эрч хүч авдаг байсан. Би “Хүмүүс чамайг уначихаад инээдэг” гэх юм. “Хүн уначихаад харин ч шазайгаад тэмцэж байдаг баймаар юм” гэхээр “Харин тиймээ. Шазайхаар инээж байгаа юм шиг харагддаг юм болов уу. Би өөрөө мэддэггүй шүү дээ” гээд инээж байсан. Энэ чанар нь миний ханийн унахдаа хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг гэдгийг илтгэдэг.

-2008 онд эх орондоо ирээд улсын баяр наадмаар цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд үзэгчид аадар бороо орж байгаа юм шиг алга ташиж, уухайлж, баярлаж угтсан-

-Таны хань монголчуудын хайртай хүү мөнөөс мөн. Үүнийг та зүлэг ногоон дэвжээнд гарахад нь илүүтэй мэдэрдэг болов уу гэж бодож байна. Таны үзсэн хамгийн гоё наадам хэзээ байсан бэ?

    -Бид Америкт хүүхдүүдээ сургахаар таван жил амьдарсан. 2008 онд эх орондоо ирээд улсын баяр наадмаар цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд үзэгчид аадар бороо орж байгаа юм шиг алга ташиж, уухайлж, баярлаж угтсан. Тэр цаг үе миний сэтгэлээс гардаггүй юм. Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Тэр үед сэтгүүлчид “П.Сүхбат гарьд эх орондоо иржээ. Тэр хүнийг ирсэн чинь манай ах ч ирчихсэн юм шиг, аав ч ирчихсэн юм шиг санагдаад, ямар сайхан байна аа” гээд бичсэн байсан. Миний үзсэн хамгийн гоё наадам бол 1991 оны 70 жилийн ойн баяр байсан. Хамгийн гоё наадам мөртлөө биднийг гомдоосон наадам болсон. Тэр жил хань минь шөвгийн дөрөвт үлдээд Б.Бат-Эрдэнэ аваргыг авчихаар нь “За, за ажил дууслаа" гэж бодоод тоогоогүй хүнтэй юм яриад сууж байтал үзэгчид орилоод л явчихсан. Гэтэл манай хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг давчихсан байсан. Тэр үед би харж чадахгүй, нүдэнд нулимс бүрхээд үнэхээр их баярласан. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга хэд хэдэн удаа тасралтгүй түрүүлсэн байсан. Тэгээд хань минь ярихдаа "Сайн бөх уран дархан мэхэнд унадаггүй юм. Жижигхэн, санаандгүй хөдөлгөө хийхэд л унадаг" гэж байсан юм. Ханийг  минь  тийм сайхан амжилт үзүүлж байхад нь цол  өгөөгүй. Түүхт ойгоор үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүд цол авсан байдаг. Тэр жил журам өөрчлөгдсөн. Үнэхээр журам өөрчлөгдсөн юм бол хоёуланд нь  өгөхгүй байх ёстой шүү дээ. Гэтэл манай хүнийг гадаад руу тэмцээнд явсан хойгуур нь О.Балжиннямд цолыг нь өгчихсөн байсан. Тэгээд л манай хүн бүр их гомдсон доо. Үнэхээр муухай юм болсон байгаа биз.

-Арслан цолоо авахыг хүсэж, мөрөөдөж ядахдаа бие дээрээ хүртэл арслан сийлсэн байдаг шүү дээ. Тухайн үед танд хэлсэн үү?

    -Миний хань цолоо авахыг үнэхээр их хүсэж байсан. Маш их гомдсондоо, гомдлоо барахын тулд шивүүлсэн байх. Гэхдээ надад огт хэлээгүй. Охиноосоо зөвшөөрөл авсан байсан. Нэг орой ажлаа тараад иртэл орон дээр хэвтчихээд “Нааш ир юм үзүүлье” гээд байхаар нь очтол “Өгөхгүй байгаа цолыг нь өөртөө мөнхөлчихлөө” гэж байсан юм. Тухайн үед Монголын ард түмэн ч цол өгөхийг нь шаардаж, Баянхонгор аймгийнхан “Манай бөхийн цолыг өгөөч” гэж гуйж байсан. 

-Та энэ талаар өргөдөл гомдол гаргасан уу?

   -Би аравдугаар сард Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөдөл гаргасан. Удахгүй хариу ирэх байх гээд хүлээж байна. Өөрөө хэдий байхгүй ч гэсэн нэр хүндтэй, хүсэн хүлээсэн цолыг хадгалж, үр хүүхдүүддээ үлдээмээр байна.

-Таны ач, зээ нараас бөх болох хүүхэд бий юү?

    -Манай зээ хүү спортын хүн болно. Надад тэгж санагддаг юм. Харин ач хүү минь эрдэм номын хүн болох байх. Гэхдээ аавынх нь дээл хувцас, эдлэл хэрэглэлийг хүүдээ өгнө. Миний хүү цааш нь хэрхэн авч явах нь өөрийнх нь  асуудал шүү ээ. 

-Таны хань бөхийн талаар юу ярьдаг байсан бэ?

   -“Барилдана гэдэг ухаан” гэж ярьдаг байсан. Хүмүүс бөхчүүдийг хараад том, зузаан биеэс цаашгүй гэж боддог юм. Тэд маш торгон мэдрэмжтэй, сэтгэн бодох чадвартай, хурд, хүч, тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг. 

Түүний бахдам амжилт

 П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, 1982 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга болж, улсын “Шандас” цол авснаар бөх сонирхогчдын танил болжээ.

П.Сүхбат 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдан тав давж аймгийн начин цол.

1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ.

 1987 оны улсын баяр наадамд анх удаа а/а цолтой барилдаж гурав давж, дөрвийн даваанд у/н О.Балжиннямтай тунаж унажээ.

  • 1988 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа авчээ.
  • 1989 оны улсын баяр наадамд зургаа давж хурц шалмаг чимэг.
  • 1990 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 26 насандаа авчээ.
  • 1991 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлээд үлэмж бадрах чимэг.
  • 1992 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.
  • 1993 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимэг.
  • 1994 оны улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимгийг хоёрдохоо авчээ.
  • 1994 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цолыг нөхөн олгожээ.
  • 1995, 1997 оны улсын баяр наадамд тав давж хурдан шаламгай чимэг.
  • 1996,1998, 1999, 2000 онуудын баяр наадамд дөрөв давж у/н Х.Амараа , ц/а Ц.Мягмарсүрэн , у/з Ж.Ганболд, у/а Д.Мөнх-Эрдэнэ нарт
  • 1997, 2002, 2003 онуудын баяр наадамд гурав давж ц/н Ц.Намжилсүрэн, а/н Ю.Батаа, а/з Ду.Батбаяр нарт
  • 2008, 2009, 2010, 2011 онуудын баяр наадамд хоёр давж а/а Д.Энхба.т, Ж.Чулуунбат, а/н Ц.Чимэддорж, а/а Б.Сумъяа нарт
  • 2012, 2013 оны улсын баяр наадамд нэг давж с/з Б.Жавхлан, Э.Нандин-Эрдэнэ нарт тус тус өвдөг шорооджээ.

П.Сүхбат гарьд сар шинийн барилдаанд 1994 онд шөвгийн дөрөвт үлдэж байлаа.Үүнээс гадна 1987 онд Улаанбаатар хотод болсон дэлхийн цомоос мөнгөн медаль. Гүрж , Иран улсад болдог “А” зэрэглэлийн тэмцээний мөнгө, хүрэл медаль. Оросын бөх сонирхогчдын холбоо П.Сүхбатыг 82 кг жингийн 1989 оны дэлхийн шилдэг бөхөөр шалгаруулж байв. Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн XI тоглолт 1990 онд Хятад улсад болоход аварга цол алтан медаль. 1989 , 1992 оны Ази тивийн аварга бөхөөр шалгарч байв. П.Сүхбат гарьд чөлөөт бөхөөр 1991 онд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль. “Сөүл-88” олимпод тавдугаар байр , “Барселон-92” олимпод дөрөвдүгээр байранд шалгарч байв.

    Төр, засгаас олон улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадамд удаа дараа медальт болон шагналт байранд шалгарч спортын өндөр амжилт гаргасан учир улсын шигшээ багийн тамирчин П.Сүхбат гарьдыг 1991 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ. Мөн чөлөөт бөхийн улсын долоон удаагийн аварга олон улсын хэмжээний мастер бөх юм.

П.Сүхбат гарьд баруун талтай, баруун хөлд барьцтай, барьцгүй орох, зүүн сугадаж мушгих, тонгорох, хутгах мэхийг даацтай хийдэг байв. Ийнхүү түүний сүр хүч, уран мэх, монгол бөхийн жудаг, босоо цагаан хийморь мөнхөд биднийг ивээж, эх орондоо эргэн төрөхийн ерөөл өргөе.   


“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 31
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 15:27:31
    Т.Дариймаа : Монгол түмэн дэндүү сайхан бөх байсныг бүгд мэднэ дээ. Магтвал үг дуусахгүй болох гээд байна .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 23:44:54
    muujguu num: Сайхан дурсамж өгүүлжээ . Зааны хайртай хань Сараадаа үр хүүхдүүдэд нь хамгийн сайханыг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 11:33:46
    Хонгор нутгийн иргэн: Монгол бөхийн ёс зүй, заншил, жудаг, гүндүүгүй эр хүний бүх шинж П.Сүхбатадад л цогцолсон байдаг. Харамсалтай даан ч насалсангүй. Энэ хүн байсан бол Баянхонгорын хэдэн бөхчүүдийг өөд татах байлаа...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 10:14:23
    Урантөгс: Гоё мундаг бөх үргэлж бахархаж явдаг ард түмний хайртай бөх тэр үед маш их шимтэн үздэг байсан давахаар баярлаад байдаг уншсан ч бусдад атаархаж хорсдог сайхан хүн багш бас гоё хүн байсан шүү дэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 00:39:05
    баатар: дэндүү сайхан бөх дөө монголын ард түмний хайртай хүү байсан гэж боддог
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 16:23:40
    Д. Аззаяа: Монгол бөхийн ёс жаяг гэдгийг бүрэн мэдэрсэн сайхан бөх байлаа. Бөх хүний жудаг гэдгийг П.Сүхбат заанаас л хардаг байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 07:45:08
    Цээгий: Баатарсүрэн гэж хүний сэтгэгдэлтэй санал нэг бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 00:33:07
    баатарсүрэн: би налайхын хүн эхлээд унштал худлаа бичээд эхлэхээр нь цаашаа ямарч сонирхолгүй болоод явчихлаа. заан налайхын унаган хүү. ах сүхбаатар нь бид нэг ангийгхан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 23:26:01
    Пүрэвсүрэн: Арслан цолыг нь нэхэн олгож өгөөчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 22:13:57
    T.Tumur: Mongol bohiin judag bosoo tsagaan himori gej jinhen ene huniig helendee eh orondoo ergen turuh baihaa ergen turuh boltugai Jinhen mongol er hun baijee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 21:53:53
    Ижии : Яахаараа сайхан эр хүн эрт явдаг юм бэ. Бурхан минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 20:00:01
    Зочин: Бөхийн холбооны лалар Нямдоржийн хийсэн нүгэл Нүгэл нь нүдээрээ гарна даааа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 17:37:49
    Зочин: Манайхан хөгийн өгөх юмыг нь өгчихгүй хохироох юмаа ёстой голы нь гонсойтол нь гомдоож дээ Арслан цолыг нь нөхөж өгмөөр юмаа монголын түмэн голны хайртай бөх шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-12 17:22:42
    Бямба өвгөн: Сайхан бөх сайн эр хүн эрт бурхан болчихлоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-26 23:04:10
    Хүү: Баяр наадмын чимэг, инээд хөөрийн эзэн, харьшгүй мятрашгүй баясгалан монгол бөхийн Том Сүхбатаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-23 12:54:21
    Зочин: Сайхан хүн. Монголчуудын хайртай жудагтай бөх. Одооны бөхчүүд хэт гүзээтэй уначаад л уйлахгүй ч гүрийгээд, ширлээд, унасан мөртлөө онгирохыг нь яахнаа. Тухайлбал батсуурь шороотой бөх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-02 11:01:17
    Зочин: Тэр үед бөх үзэх дуртай, сайхан ч наадам болдог байлаа. Одоо үзэх гэхээр дургүй хүрдэг. Начны найраа, допинг гээд бизнес болсон.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-01 08:21:43
    Ж. Зундуй. : Миний бөхийн хань сайхан дурсамж өгүүлжээ. Баярлалаа. Та бүгд эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-01 07:24:35
    Ганаа: Дэндүү сайхан эгэл нэгэн байсан Монголын ард түмний хайртай бөх байлаа.Эх сайхан орондоо эргэн төрөх болтугай.Арслан цолыг нь нөхөж өгөөсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-01 07:24:22
    Ганаа: Дэндүү сайхан эгэл нэгэн байсан Монголын ард түмний хайртай бөх байлаа.Эх сайхан орондоо эргэн төрөх болтугай.Арслан цолыг нь нөхөж өгөөсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-01 01:04:46
    Зочин: Нээрэн сайхан гүндүүгүй бөх шиг санагддаг шүү.Хэн ч харсан үргэлж л инээсэн.Эх орондоо Эргэн төрөх болтугай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-30 21:04:07
    En kh tu r Denver: Нэрээ их зан агуулаагүй, бас их зүйл үзэж туулсан жирийн маягийн хүн бсан шүү. Бүх хүнтэй жигд харилцана, спортынхан дундаас эд зүйлд хушуураад хүн чанараа алдаагүй ховор хүний нэгэн байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-30 16:49:12
    Xochin: Uneheer l mongol saihan bub baisan daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-30 15:17:06
    Төгсөө: Сайхан монгол эр хүн олон олон жилийн дундаас нэг л төрдөг өвөрмөц бөх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-06 16:11:42
    Баярбат: Том Сүхбат бол гүндүүгүй цагаан цайлган сэтгэлтэй эр хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-04 23:04:16
    Нацагдорж: Үнэхээр гүндүүгүй сайхан монгол эр хүн гэж хүндэтгэн бодож явдаг. Ум сайн амгалан болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-04 20:58:26
    eee: mingolchud bolioch de arai l yuma 8 dawj uzurlesen hund arslan tsol olgo ged nuguh n tsejinde shiwuled buh hun gedeg uhangui mulgu gej ene de buhchud buh chud l gene nad bastai guzetei hir unertulsen malnud chin uls orond yu hij yamar ashig tusa ugud bgan aan malnudaaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-04 18:11:58
    Гансүх: Сүхбат гарьд шиг аугаа сайхан монгол бөх ахиад хэзээ төрөх бол доо. Сургийг нь сонсоход л сэтгэл баярлаж, сүр жавхаа нь нүдэнд харагдах шиг. Энгийн даруухан хэрнээ аугаа Монгол эр хүн байсансан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-04 00:01:50
    Түмэнбаяр: Нүдэнд харагдаж сэтгэлд ургатал ярилаа даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-03 20:19:18
    Жигжид Зундуй: Чин сэтгэлээсээ хүндэтгэн, бахархаж явдаг, сайхан эр хүн минь юм шүү дээ! Монгол түмэн мартахгүй ээ!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-03 19:30:27
    Irgen : Estoi er xun gunduugui mongol er Bayanxongoriinxon er xaa ochij ner saitai sain xumuus gej yarix uym bna lee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188