• Өнөөдөр 2026-06-10

ТЭР ЗӨВХӨН ЯЛАЛТЫГ Л ХҮСДЭГ

2026-06-10,   281

    Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд өвөрмөц онцлогтой өдөр, шөнө шиг ялгаатай нэг айлын хүү, охин хоёр тамирчин байдаг. Ах нь дөлгөөн тайван, аядуу зөөлөн нэгэн. Харин дүү охин нь үнэхээр Монголын эргэх дөрвөн улирал шиг эрс тэс, өөрийн гэсэн онцлог характер, өвөрмөц харизмтай. Тэр охин энгийн үед намуухан дөлгөөн намбалаг охин, харин талбайд гарах үед яг л арслан барс мэт хурц дайчин, эрэмгий төрхийг харуулна.  Хор шартай, тоглолтын хурд, хамгаалалт, холын шидэлтийн чадвараараа бусдаас ялгардаг. Түүний дайчин, тэмцэгч чанарын хүч энерги,  дотоод сэтгэлээс нь ундарч гарах нь үнэхээр гайхалтай. Тамирчин хүнд байж болох бүх зүйл түүнд бий. 

    Түүнийг анх “Жакарта-2018” Азийн наадмын бүрэлдэхүүнд багатах үед олон дасгалжуулагч, багш нар эсэргүүцэж  “Робат шиг  болхи эв хавгүй хөдөлгөөнтэй, ямарч эвсэлгүй охин хэзээ ч сагсан бөмбөг тоглох чадахгүй. С.Тулга дасгалжуулагч ийм хөгийн зантай. Арын хаалгаар ийм муу охиныг Азийн наадамд авч явах гэлээ” гээд л ам хэлээ, билүүдэж байв. Тэгээд л тэр Азийн наадмын багт багатаагүй юм. Гэвч тэрбээр тэр бүх зүйлийг тоолгүй шургуу хөдөлмөрлөж, гологдлоос олимпын тугч, үндэсний бахархал, дэлхийн шилдэг тамирчин хүртэл өсөж дэвжиж чадсан. Өнөөдөр тэр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, “FIBA”-гийн 3х3-ын “World Rank” чансааны 13 дээр эрэмбэлэгдэж, ДАШТ-ээс мөнгө, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, МУГТ цолыг хүртчихсэн явна. Энэхүү Монгол Улсын ах, дүү хоёр шилдэг сагсчин бол ОУХМ Онолбаатарын Энхбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Онолбаатарын Хулан нар юм.

   Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, МСБХ-ны эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын шигшээ цувралын "Үнэ цэнтэй тоглогч" Онолбаатарын Хулан 1999 оны долдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. “Улаанбаатар Амазонс” багийн тамирчин. Биеийн өндөр 180 см, 65 кг жинтэй. Тэрбээр  өөрийн төрсөн ах, ОУХМ О.Энхбаатараас үлгэр дуурайл авч, ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангид байхаасаа сагсан бөмбөг сонирхож эхэлсэн байдаг. Харин 2017 онд МУИС-ийн оюутан болоод сагсан бөмбөгөөр тууштай хичээллэн, амжилт гаргаж, Үндэсний шигшээ багийн гишүүн болсон юм. Улмаар “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн амжилттай тоглосон билээ. 

    Мөн тэрбээр Малдив Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт оролцож, хоёулаа медаль хүртэж байв. О.Хулан Хятадын багт уригдсан анхны легионар сагсчин болж байлаа. Тэрбээр "Токио-2020" олимпын наадамд  Монгол Улсын багийн тугчаар оролцож байсан билээ. Монгол Улсын 3х3-ын эмэгтэй шигшээ багийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэхэд МУГТ О.Хулан чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн спортын хөгжил, амжилтын түүхийг өгүүлэхэд Онолбаатарын Хулан хэмээх нэр онцгой байр суурь эзэлдэг. Тэр бол хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай хөдөлмөрийн хүчээр богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн шилдэг тамирчдын нэг юм.

     О.Хулан бусад мэргэжлийн тамирчидтай харьцуулахад сагсан бөмбөгөөр харьцангуй хожуу буюу их сургуулийн оюутан байхдаа хичээллэж эхэлсэн. Гэвч спортоо гэсэн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр нь түүнийг Монголын шигшээ багийн тамирчин болгож чадсан юм. Уг нь О.Хулан санхүү, менежментийн чиглэлээр суралцсан боловч, спортын ертөнцөд өөрийн нэрийг мөнхөлж чадсан билээ. О.Хулангийн амжилтын замнал зөвхөн хувийн хичээл зүтгэлээр хэмжигдэхгүй. Тэр Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсыг анх удаа олимпын наадамд багийн спортоор төлөөлөн оролцсон түүхэн мөчийн эзэн болсон юм.

Түүнчлэн тэрбээр Токиогийн олимпын нээлтийн ажиллагаанд эх орныхоо төрийн далбааг барьсан анхны эмэгтэй тамирчин болж, олон мянган монголчуудын бахархлыг төрүүлсэн билээ. Түүний амжилтын нууц нь авьяас төдийгүй, хөдөлмөр, сахилга бат юм. Өөрийн ур чадвараа хөгжүүлэхийн тулд олон цагийн бэлтгэл хийж, алдартай тоглогчдын бичлэгийг судлан, техникээ тасралтгүй сайжруулж ирсэн юм. Энэ чанар нь түүнийг олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах үндэс болсон билээ.

    Өнөөдөр О.Хулан зөвхөн шилдэг тоглогч төдийгүй залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхэм хүн юм. Тэрбээр “Хэрэв чи үнэхээр дуртай зүйлээ олж, түүндээ үнэнч байж чадвал боломж үргэлж байдаг” гэсэн итгэлийг өөрийн амьдралаар харуулаад байгаа. Түүний амжилт монгол охид, залууст мөрөөдлөө зоригтой дагах урам зориг өгсөөр байна.  Сагсан бөмбөгийн талбай дээрх хурд хүч, ур чадварын илэрхийлэл болсон О.Хулан нь Монголын спортын нэр хүндийг дэлхийд өргөж, эх орныхоо бахархал болсон шилдэг тамирчин юм. Түүний амжилтын зам үргэлжилсээр, шинэ үеийн тамирчдад гэрэлт зам мөрөө үлдээж байна.

     О.Хулан хүчээ дайчлан, эх орныхоо төлөө нэр төртэй өрсөлдөж яваа. Хожсон ч, хожигдсон ч тэр Монгол Улсынхаа нэрийг дэлхийд таниулж, шинэ түүхийг бүтээсээр байгаа. Эцэст нь хэлэхэд, тэр бидэнд өргүй. Харин бид эх орныхоо нэрийн төлөө тэмцэж буй тамирчин О.Хулангаар бахархах учиртай. Тэр зөвхөн ялалтыг үргэлжилж хүсдэг. Ялалт, ялагдлын алин ч байсан Монгол гэсэн нэр үргэлж нэгдүгээрт байх ёстой.

 


ТЭР ЗӨВХӨН ЯЛАЛТЫГ Л ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188