• Өнөөдөр 2024-05-15

ХЭВТЭЭ ХИЙМОРЬТНУУД

2021-08-17,   411

        Монголчууд бид бөхчүүдийг мөн ч их эрхлүүлж ирсэн дээ. Унаа, даваагаа “шуудай” мөнгөөр наймаалцаад улсын цолонд хүрэхэд нь мэдсээр байж л амьдрах хаус, унах жийпийг нь бэлдэж, бэлэглэнэ, цэрэг, цагдаагийн том цол өгч, гэрт нь зүгээр суулгаад улсаас цалинжуулна, эхнэрийг нь л эрх биш бэлдэж өгдөггүй байх. Тэр жилийн түрүү бөх, аварга, арслангуудаа булаацалдах шахам л хөдөө, гадаа авч явж найрлуулна, идүүлж, уулгана, гэрийнхээ босгоор алхуулах гэнэ. Хоногийн хоолоо яая гэж байгаа нөхөр хүртэл “Хонь гаргаж хүндэлнэ ээ, аваргыгаа” гэнэ. Нэг жилийн наадмаар найм давсан бөхийг наян настай хөгшин эцгийнхээ дээд талд, хоймортоо залчихаад “Үгүй ээ мөн, хийморьтой байна даа, би” гэж өөрөөрөө бахдаж, байдгаа өмнө нь дэлгэчихсэн суугаа нэгнийг харж л байлаа. Архи ууж агсамнаж, айлын эхнэр эргүүлж, зодоон цохион хийж, жудгаа умартаж, шалга довны үзлийг “цэцэглүүлж”, зодог шуудгаа ганган хослолоор солиод тендер будилуулж, гурав, дөрөвдүгээр ангийн боловсролтой атлаа гишүүн, сайд болох амбиц өвөрлөж, төрсөн нутагтаа нэр дэвшихэд нь ч юм хэлэхгүй, харин ч “Босоо цагаан хийморь нь өнөд ивээг” гэж өмнө нь сөгдөөд мөргөж, залбирах нь халаг. Тэгээд ч ханахгүй, хотоо, улсаа хүртэл бөхчүүдээр удирдуулна. Бөхчүүдийн хийморь босоо, бусад эрчүүдийн хийморь хэвтээ мэт сэтгэнэ. 
 
       Харин төрийн хүндлэл, түмэн олны хайр хишгийг ингэж харамгүй хүртдэг бөхчүүд цолны найраа хийж, зориудаар бууж өгч, сэргээш хэрэглэж, согтуу хөлчүү агсан тавьж, аймаг, сумын ачийг нь бачаар хариулах нь олон. Түрүүлж, үзүүрлэж, шөвхөрсөн бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь илэрмэгц нийтээрээ бухимдах аядаад төдөлгүй хэвлэлийн хурал хийж “Гэмтлээ эмчлэх гээд эм хэрэглэсэн чинь сэргээштэй байжээ, уучлаарай” гэхэд нь уйлах шахам “Тэгсэн л байж таараа, андуураа биз, арай ч тэгж биднийхээ хуурах бөх биш дээ” гэцгээнэ. Өнөөх сэргээштэй бөх нь хариуцлага хүлээсэн болж нэг жилийн наадам өнжвөл их юм, улсын наадмын дэвжээнд ярвайсгээд л зогсож байх. 
 
Цар тахал цадигаа алдаж, 170 гаруй мянган хүн халдвар авч, 800 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзэж, улс даяараа уй гашуутай байгаа атлаа л аймаг, нийслэлийн наадмуудаа хийж, бөхөө барилдуулж чадаж байна. Бөх барилдаж буйг нэг жил харахгүй өнжчихвөл монгол хүн гэдгээ, ёс уламжлалаа “мартчих” гээд байгаа тул барилдуулахаас өөр аргагүй байсангүй бололтой юм. Ердөө сар гаруйнхны өмнө ард түмэн “NoNaadam” хэмээн жагсаж байснаа, Засгийн газар “Наадмыг нэг жилээр хойшлууллаа” гэж шийдвэрлэж байснаа одоо нэг мөр мартсан гэлтэй. 

Харамсалтай нь, нэг талаас бөхчүүдийг бүтэн жил бэлтгэл хийснийг нь бодолцоод, нөгөө талаас аюулт тахал дунд айдас түгшүүртэй амьдарсан ард олон нэг, хоёр өдөр ч атугай бөхөө үзэж цэнгэг гэж бодоод барилдаануудыг зөвшөөрсөн биш өр лүүгээ өшиглүүлэв. Дорнод, Хөвсгөл аймгийн наадам будилаантаж, үндэсний бөхөд ужгирсан өнөөх л цолны найраа, мөнгөний авцаа, өгцөө, жудаг эрэмбэ, унаа, давааны хэрүүлийн асуудал давтагдав. “Бөх барилдуулахыг зөвшөөрөөч” гэж Засгийн газар, Улсын онцгой комиссыг удтал царайчилж байж зөвшөөрүүлсэн Монголын үндэсний бөхийн холбооныхон байдалд орж, бантахдаа Дорнод, Хөвсгөл аймагт болсон наадмыг хүчингүйд тооцож, цол олгохгүй байхаар шийдвэрлэв.

 
Тухайлбал, 
 
      Чойбалсан хотод энэ сарын 10-нд Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болсон. Улсын харцага Д.Анар зургаагийн даваанд аймгийн арслан Г.Шинэзоригтой барилдаж, түрүүлэхдээ балмад ёс зүйгүй авирлаж, цар тахлын улмаас цахимаар үзэж суусан нутгийнхаа наадамчин олныг ихэд гонсойлгов. Тэрбээр аймгийн арслан Г.Шинэзоригийг унагахдаа дээрээс нь бүх жингээрээ хүзүү, шанаанд нь зориудаар тохойлдон унаж, уначихаад байхад нь л шуудаг, сэнжигнээс нь атгаад газраар угзчиж, чирсэн. Тэгээд ч болоогүй босоод явахдаа толгой дээгүүр нь алхаж байгаа харагдсан. Улсын цолтны аймгийн цолтонд үзүүлж буй эрэмбэ, эс хүндлэл, өнөөх агуу жудаг нь тэр аж. “Монгол бөхийн босоо цагаан хийморь” гэлцдэг, бөх бүх эрийн дээд маягийн юм ярьцгаадаг атлаа тэргүүн дээгүүр нь тоох ч үгүй алхаад гарчихдаг юм байна. 
 
Түүнчлэн, Дорнод аймагт болсон “дампуу” наадмын маргааш Хөвсгөл аймагт мөн  л 128 бөхийн барилдаан болсон. Тус наадамд улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Н.Бүрэнбаатар, Ч.Хөхчирэнгэр, Н.Баттулга, Б.Даваа-очир, А.Давааням нарын улсын цолтнууд зодоглохоор очсон ч Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтнүүд “улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй” хэмээн эсэргүүцэж, хоёр тал болчихоод хэсэг л маргаж зогссон. Ингэхдээ улсын харцага Г.Ганхуяг эл маргаанаа цахим хаягаараа шууд дамжуулж, яриан дундаа үндэсний бөхөд ужгирсан “Нутгийн дүүгээ дэмжиж цолонд хүргэж байна” гэх гоё нэртэй боловсон найрааны тухай ихэд илэн далангүй, нууж хаахгүй ярьсан байдаг. Нэг ёсондоо “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярих” гэгч болсон гэх үү дээ. 
 
Тухайлбал, улсын харцага Г.Ганхуяг “Энэ залуучууд аймгийн арслан болж, амьдралаа шийдэх гээд байна. Та нар улсын цолтой байж энэ бай шагналгүй барилдаанд орж яах гээд байгаа юм. 100, 100 сая цүнхэлсэн хүмүүс аймгийн начин, арслан болно гээд ирсэн гэцгээж байна. Та нарыг барилдуулахгүй” гэхэд улсын арслан Ц.Содномдорж хариуд нь “Та ч гэсэн энд тэнд найраа хийгээд явдаг л байх. Түрүүлэх, түрүүлэхгүй нь миний дур” гэж “томорч” байна. Хариуд нь Г.Ганхуяг “Би Баянмөнхийг начин болгосон. Найрааны хувьд харин ч хамгийн гайгүй нь би байх шүү. Хийгээгүй гэж хэлэхгүй” гэж ил цагаан хэлчихээд мар мар инээж байх. Далд хэлбэрээр явагддаг найраагаа ийн ил цагаан шууд дамжуулж, их бага найраа хийснээ гайхацгааж, сайрхдаг цаг иржээ.  
 
        Улсын цолтой бөхчүүдийг барилдуулна, барилдуулахгүй гэж удтал маргалдаж байж эхэлсэн уг наадмын нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шороодож, улсын цолтой гурван бөх бүртгүүлсэн атлаа барилдаагүй тул оноолт таарсан залуу бөхийг нь давсанд тооцох нь тэр. Улсын цолтой бөхчүүд бүтэн жил бэлтгэл хийж алс аймагт оччихоод залуу бөхчүүдэд л үсэрч ойчоод байв гэж. 
 
      Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Монгол Улсын даяар дурсагдах дархан аварга Д.Дамдины ач хүү, аймгийн харцага Б.Төрмагнай түрүүлсэн. Үзүүр түрүүний бөхийн барилдаан үндсэндээ барилдах биш “зодолдох” хэлбэрээр өрнөсөн байдаг. Унагасан бөхөө тохой түшин босгодог асан үндэсний бөхийн жудаг өнөө нэгнээ өшиглөдөг, тохойддог, дал нуруугаар нь газар савдаг болтлоо эвдэрчээ. 
 
Бас нэг зүйл, Энэ барилдаан эхлэхээс өмнө “Улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй, залуу бөхчүүдэд аймгийн цолонд хүрэх боломж олго, тэд амьдралаа өөд татах гээд байна” гэж шууд дамжуулаад байсан улсын харцага Г.Ганхуягийн хүү 19 настай Г.Бат-Эрдэнэ тавын даваанд аймгийн арслан Г.Батнямаар тав давж, аймгийн начин цолны болзол хангасан. Энэ тухай цахим хаягтаа “Манай дүү нар надад баярлаж явдаг, ах шиг байж чаддаг гээд хүүг маань цолонд хүргэж байгаа харагдана. Надад нээх баярлаад байгаа юм алга. Хэнд ч мөнгө өгч хэвтүүлсэнгүй, найрч уулзаж ярьж дарамталсангүй” гэж бичсэн нь “Би улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй гэснээрээ хүүгээ цолонд хүргэх гээгүй шүү” гэх тайлбар маягтай уншигдсан. Гэхдээ л тэр “Залуучуудаа дэмжээч” гэсэн нь үнэндээ хүүгээ бодож хэлсэн үг болж таарч байгаа юм. 
 
         Ингэж бид цар тахалтай, айдастай, уй гашуутай нэгэн зуны наадмаа урьдын л адил найраатай, унаа, давааны хэрүүлтэй хийлээ. 10, 20 хүн л суух заалтай жижигхэн цайны газрыг цар тахал тархаах эрсдэлтэй гээд хаалгыг нь лацадчихсан байгаа атлаа 100, 200 бөх нэг дор барилдахыг нь зөвшөөрч байгаа төр засгийнхаа муйхар шийдвэрийг хүндлээд ганц жилийн наадмаа хэл амгүй, хэрүүл уруулгүй, найраагүй хийчихсэн бол үндэсний бөхийн нэр хүндэд л хэрэгтэй байлаа.
 

ХЭВТЭЭ ХИЙМОРЬТНУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188