• Өнөөдөр 2024-12-13

У.Хүрэлсүх “баясаж”, Х.Баттулга “урвайж”, Т.Доржханд “цадаж”, ҮХЦ “эзлэгдэв”

2021-04-18,   1068

           Хурандаа У.Хүрэлсүхийн “арми” Зайсангийн уулзварын урдхан талд байх Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн давхар саарал байшинг есөн гишүүнийх нь хамт “эзлэв” ээ, өчигдөр. Ард түмэн нэг намын хэт харьяалал, дарангуйлалд орохгүй байх, ардчилсан нийгмийн үнэт зүйлсээ авч үлдэх сүүлийн цайз, хана хэрэм, хориглон хамгаалалт нь Үндсэн хуулийн цэц хэмээн итгэж байсан ч ийнхүү МАН-ын “арми”-д эзлэгдэв. Ингээд УИХ-ыг, Засгийн газрыг, ер нь монгол төрийг “эзэлсэн” хурандаагийн “арми” эцэст нь эцэг хуулийг эзлэн авч, ноёрхлоо бүрэн утгаар нь тунхаглалаа. Магадгүй, яг тэр үед Хурандаа У.Хүрэлсүх “Тусгаар тогтнолын орд”-ныхоо дээвэрт гарчхаад “Үүнээс цааш газар үгүй” хэмээн ташаа тулан зогссон байх. Маргаашаас Үндсэн хуулийн Цэцийн саарал байшингийн орой дахь улаан, хөхтэй соёмбот тугийг “буулгаж”, оронд нь МАН-ын улаан, цагаан, хөх алагласан цэцэгтэй далбааг “хатган” мандуулах нь зөв биз ээ. Харин түүний бүхнийг эзлэх энэ шунал хожим нь иргэн бүр улаан бүч хүзүүндээ зүүж, цэцэгтэй тэмдэг энгэртээ хатгачхаад “Магнаг үсэгтэй тугийг нь магнай дээрээ мандуулсан юм аа хө” гэж аялан алхах үе рүү хөтлөхгүй л байгаасай билээ.  
 
МАН Зайсангийн уулзварыг бүхэлд нь хааж, гар буу, гав агссан цагдаа нарыг эгнүүлж, хэргийнх газрын улаан туузаар хаа сайгүй хамгаалалтын загон татаж байгаад Үндсэн хуулийн цэцийн таван гишүүнийг “тавилттайгаар” хуралдуулж, “Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй” гэдэг шийдвэр гаргуулчихлаа. Тэдний энэ үйлдлийг Үндсэн хуулийг цэцийг “эзлэлээ” гэхгүй юм бол өөр тайлбарлах зохистой үг олдох нь. 
 

Т.Доржхандын МАН-д авчирсан гавьяа буюу Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүйн тулд хууль өөрчлөх ажиллагаа

 
           УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд одоо МАН-д амласнаа биелүүлчихсэн, додигор амьтан суугаа биз. Тэгэхээс ч яах вэ, өнгөрсөн гурван орчмын хугацаанд Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэцээр ноцуулж, эцэст нь ганцхан түүний эсрэг үйлчилгээтэй хуулийн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулахаар болж байгаа юм чинь. Төрийн ордонд ботинк жийх ёстойг мэдэхгүй, бор арьсан пүүзтэй таваргаж ирснээ баахан сандарсан дүр үзүүлж, “би их энгийн хүн” гэх маягтай тормолзож асан “ХҮН” Т.Доржханд МАН Цэцийг эзлэхэд оройлон оролцож, үүргээ ч биелүүллээ. Хатуухан хэлбэл, бараг л өнөө бор арьсан пүүзээрээ Үндсэн хуулийн дээр "гишгэлж", хөндөж боломжгүй үг, үсэг, цэг, таслалыг "өшигчөөд" сүйд хийлээ, тэр. 
 
Тэгвэл Т.Доржхандын өдөөсөн эл асуудлыг эхнээс нь энгийн үгээр тайлбарлая. 
 
ХҮН-ын дарга Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, О.Мөнхсайхан нар УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Үүнийг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго хүлээн авч, маргаан үүсгэх шийдвэр гаргаснаар энэ дуулиан эхэлсэн түүхтэй. 
 
Т.Доржханд тэргүүтнүүдийн Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн гомдол нь товчхондоо “Одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй байна” гэдэг л агуулгатай байсан. Чухам энэ ганц өгүүлбэрээс л Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх асуудал Үндсэн хуулийн Цэц дээр үүсэж, өдий гурван сар гаруй хугацаанд улс төрийн элдэв явуулгууд өрнөж, иргэд сонгогчдын дунд төөрөгдөл, талцал хуваагдал үүсэх шалтгаан болсон.
 
Улмаар өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна” гэсэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хоёр заалт нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчсөн байна гэж шийдвэрлэчихлээ. 
 
Энгийн үгээр тайлбарлавал, Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид гурван л шалгуур тавьсан бий. Тэр нь, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэн байх ёстой. Ингээд л болоо. Харин Т.Доржханд тэргүүтнүүд Цэцэд хандахдаа энэ гурван шалгуур дунд “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн байж болохгүй” гэдэг заалт байх ёстой байсан гэж зүтгэсээр санасандаа хүрч байна гэсэн юм. 
 

Эндээс Т.Доржханд тэргүүтнүүд хэний төлөө, юуны төлөө улайран зүтгэсэн бэ гэдэг нь тодорхой харагдана. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвших эрхгүй” гэдэг заалтыг яаран оруулах нь Х.Баттулгын эсрэг явуулж буй шууд үйлдэл юм. Энэ заалтыг оруулсан, оруулаагүй өмнөх Ерөнхийлөгчид буюу П.Очирбат, Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар дахиж нэр дэвшихгүй нь тодорхой. Харин Ерөнхийлөгчдөөс энэ удаагийн сонгуульд ганц дэвших боломжтой байсан хүн нь Х.Баттулга. Харин МАН Үндсэн хуулийн цэцээр “Ерөнхийлөгч байсан хүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй байх нь Үндсэн хуульд нийцнэ” гэх агуулгатай шийдвэр гаргуулснаар Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Үүнийг хэн ч, хаанаас нь ч харсан, яаж ч уншиж судалсан Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хууль өөрчлөх компанит ажил гэхгүй юм бол өөр юу гэж тайлбарлах юм бэ. Тэгээд ч Т.Доржханд ийм гавьяа байгуулсныхаа шанг ахиу “зоосоор” хүртэх сураг хэдий нь дуулдаад эхэлчихсэн байна. 

 

ЦЭЦ ба У.ХҮРЭЛСҮХ

 
         У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцээр “Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй” гэх шийдвэр гаргуулахын тулд зөвхөн Т.Доржхандыг өмнөөсөө гүйлгээд, хэдэн цагдаагаар зам хаалгаад болчихсон юм биш л дээ. Өөрөөр бол цаагуураа цэцийн гишүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, өөрийн талд элсүүлэх уран нарийн найруулга хийж байж энэ шийдвэрийг гаргуулж байгааг учир мэдэх хүмүүс хэлээд л байгаа. 
 
Жишээ, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг хэлэлцсэн өчигдрийн Дунд суудлын хуралдаан Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Уг нь Ц.Нанзаддорж оролцох ёстой байсан ч хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учраас оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилсон нь энэ юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил гаруй болж байсан Ш.Цогтоо, Д.Солонго нарыг чөлөөлж, орны гишүүдийг томилох ажил өнгөрсөн сард өрнөсөн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болж байхад чөлөөлөх асуудал огт яриагүй атлаа Х.Баттулгын дэвших, дэвшихгүй асуудал яригдаад эхэлмэгц яаран Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг оронд нь томилсон нь У.Хүрэлсүхийн цэцийг гартаа авах найруулга гэлтэй. Тэгсэн атлаа Д.Солонгын орны гишүүнийг томилох ажлыг тэр чигт нь хаячихсан. Учир нь цэцийн гишүүн асан Ш.Цогтоо нь МоАХ-ны буюу Х.Баттулгын хүн байсан. Тийм учраас л бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүнээс Х.Баттулгын талынхыг нь чөлөөлөөд өөрийнхөө талынхыг үлдээсэн хэрэг. Суудалдаа үлдсэн Д.Солонго, шинээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хэний талд шийдвэр гаргах нь хэлүүлэлтгүй биз. Товчхон дурдвал, Цэцийн гишүүн Д.Солонго Т.Доржханд, Д.Үүрцайх, О.Мөнхсайхан нарын хүсэлтийг хүлээн авч маргаан үүсгэсэн, Д.Одбаяр Цэцийн Бага суудлын хуралдаанаар маргаан үүсгэх нь буруу гэж санал нэгдэх үед Бага суудлын хуралдааныг орхиж гарсан. Ж.Эрдэнэбулган цэцийн гишүүн болмогцоо эл асуудалтай холбогдуулан хууль бус тогтоол гаргасан. Н.Чинбат Ж.Эрдэнэбулганы тогтоолоор Бага суудлын хуралдааны шийдвэрийг замхруулж, Дунд суудлын хуралдаан зарласан гэх зэргээр цэцийн гишүүдийн олонх нь МАН-аас “тэжээгддэг” гэдэг нь энэ өдрүүдэд нууцаас гарч, ил цагаандаа гарцгаасан.
 

Одоо У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ямар өнгийн дээл, малгай өмсөхөө бодож, захиалах л ажил үлдэж байна. Бусад нь ер нь тодорхой буюу сонгуулийн цаг хугацааг хүлээх л үлдэж байна даа. Дөрвөн жил шахам Ерөнхий сайд хийж, хоёр удаа намаа үнэмлэхүй олон болгосон түүнд Ерөнхийлөгч болоход ямар айдас, ажил, саад үлдсэн гэж. Өнөө “айдгаа авдартаа хийх” гэгч болов. 

 
Нэгэнт цагт Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Үндэсний аюулгүй байдлын гишүүдийн хувиар анд бололцож, зангиа, тэлээгээ солилцох нь холгүй байсан. Хамтарч ажиллахдаа үр дүнтэй ажлууд хийсэн үү гэвэл, тийм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульт жил эхэлмэгц У.Хүрэлсүх улс төрд үүрдийн найз байдаггүйг харуулж, “Чи бол миний эсрэг жагсаал удирдагч” гэж Х.Баттулгыгаа цоллоод хаяж одсон. Одоо бүр “Чи Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшвэл Үндсэн хууль зөрчинө шүү” гээд дахин “тонгорчихлоо”.
 

ЦЭЦ БА Х.БАТТУЛГА

 
         Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч томилох зохицуулалттай. Тэр утгаараа Х.Баттулга өөрийгөө цэцэд “хүнтэй” гэж бодож, өөрийг нь нэр дэвшүүлэхгүй байх эсэх асуудалд алгуурлаж байв. Гэвч МАН төд удалгүй өөрийнх нь хүн буюу Ш.Цогтоог ажлаас нь чөлөөлж, цэц дэх “гарыг нь мухарлаж” орхисон. Ингээд өөрийнхөө хүмүүсээр асуудлыг шийдвэрлүүлэх Х.Баттулгын төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн гэхэд болно. 
 
Мөн Х.Баттулга өөрийг нь дахиж нэр дэвшүүлэхгүй байх эсэх асуудал өндрөө аваад эхэлмэгц Үндсэн хуулийн цэц дээр хоёр ч удаа биечлэн очсон байдаг. Үүнийхээ хариуд “Цэцийг дарамталсан” гэх нэр зүүж байв. Төрийн тэргүүн байж өөрийн биеэр гүйж очиж “хөөцөлдөөд” ч өөрийнхөө талд шийдвэр гаргуулж чадсангүй. 
 
Түүнчлэн Х.Баттулгын асуудлыг хэлэлцэхийн өмнөх өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт “Өгзөг” Д.Одбаярыг чөлөөлөх “мини” жагсаал Үндсэн хуулийн цэцийн гадна болсон. Үүний ард Х.Баттулгын талынхан байсан гэх “шуум” сонсогдоод өнгөрсөн. Хэрвээ үнэн бол Х.Баттулга эцсийн аргаа хэрэглэсэн нь тэр гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Өөрөө очоод бүтдэггүй юм бол эмзэг сэдвээр нь оролдоод үзье, өөрчлөлт гарч магад” гэж бодсон ч байж болох. Гэвч Ц.Анандбазарын 1000 эмэгтэйг дуулианы дэргэд Д.Одбаярын “өгзөг”-ний асуудал жулдсан уу, ямартай ч бас л үр дүнтэй байж чадсангүй. Эцэст нь Х.Баттулга дахиж нэр дэвших эрхээ Үндсэн хуулиар хязгаарлахаар боллоо. 
 
Уг нь ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын өрсөлдвөл сонирхолтой өрсөлдөөн гарна” гэж хүлээж байсан. Тиймдээ ч Үндсэн хуулийн цэцэд өрнөж буй үйл явдлуудыг нухацтай ажиглаж суусан биз. Даанч Х.Баттулга У.Хүрэлсүхдээ хоёр дахиа тонгоруулж, “Чамайг ингэнэ гэж бодсонгүй” гэдэг харцтайгаа үлдэх шиг боллоо. “Бөх” Ерөнхийлөгч байж, “гитарчин” намын даргад хоёр удаа тонгоруулсан нь азгүйнх гэх үү, авьяасгүйнх гэх үү, эсвэл ганцаараа хүчгүйдэж байгаагийнх гэх үү. 
 

ТӨГСГӨЛ

 
         Асуудал нэгэнт Үндсэн хуулийн цэцээс “ховхорсон” учраас цаашид УИХ дээр үргэлжилнэ. Журмаараа цэцийн шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор нэг тийш шийдвэрлэх ёстой. Хэрвээ УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсан нөхцөлд холбогдох хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хэсэг хүчингүй болно. Хүчингүй болсон тэр хэсгүүдийг УИХ дахин тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно гэсэн үг. Гэтэл хуульчдын өгч буй тайлбараар бол “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт явагдахаас өмнө нэг жилийн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах хориотой” гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа үлдээгүй буюу хоёр долоо хоногийн дараа намууд нэр дэвшигчээ тодруулж эхлэх гэж байна. Гэхдээ зэргийн асуудал Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх төлөвлөгөөнд саад учруулахгүй нь мэдээж. У.Хүрэлсүх энэ төлөвлөгөөг гаргахдаа эцсийн мөчид энэ мэтийн хуулийн асуудлыг хэрхэхээ төлөвлөөгүй бол эхнээсээ Т.Доржхандад гомдол атгуулаад цэц рүү гүйлгэх шаардлагагүй байсан биз ээ. 
 

У.Хүрэлсүх “баясаж”, Х.Баттулга “урвайж”, Т.Доржханд “цадаж”, ҮХЦ “эзлэгдэв”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-18 12:17:26
    zochin: Uls toriin shinjleh uhaaniig gadarlaj baij, niitlel bichdeg boloh heregtei bn. Dorjhand MAH-d gai l avchirsan. Undsen huuliin tsets shiidver gargahdaa: odoonii eronhiilogch ner devshih erhgui gedhiig huulindaa zaagaagui bn gesen. Tegeheer X.Battulga ner devshih buren erhtei uldsen. Odoo mordogdoj ehelj bgaa huulind zaasnaar neg udaa l 6 zileer songogdono gej zaasan. Ene huuli 2021.05.25-nees heregjij ehelj bgaa tul, omno huulind uilchlehgui. Sayiin tsetsees garsan shiidver ni ene zaalttai zorchildoj bgaa tul, neg utgatai hoyor zaalt huulind tusahgui. Ardchilsan undsen huulitai, hunii songoh, songogdoh erhiig huuluchlan batalgaajuulsan tul oor margaan baihgui. X.Battulga ner devshih buren erh ni bur neelttei bolson. Tegeheer Dorjhand AH-d uilchilj, MAH-d bol gai bolson
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-18 07:33:56
    Irgen: Zov
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 16:19:39
    Анализ биш: Хоосон үг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 16:19:20
    Анализ өиш: Хоосон үг байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188