• Өнөөдөр 2024-04-19

ЗТХ-ийн сайд Л.ХАЛТАР: Хүнд цагт ажиллаж байгаа ч хийх зүйл маш их байна

2020-12-21,   2753

-ТӨМӨР ЗАМЫН ДАГУУ ГАРСАН ХАЛДВАРАА БҮРЭН ХУМЬЖ ЧАДСАН-

Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтартай салбарынх ирэх оны бүтээн байгуулалт болон бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
 
-Сайн байна уу. Шинээр бүрдсэн Засгийн газар ажлаа хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Нийгэм, эдийн засгийн амаргүй цаг хугацаанд ажиллахаар болж байна. Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш энэ салбарт шинээр ямар ажлууд хийсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
 
-Ажлаа хүлээж авснаас хойш таван сар гаруй хугацаа өнгөрлөө. Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон даруйдаа гол анхаарсан ажил нь 2020 оны төсвийн тодотголын асуудал байсан. Өмнөх Засгийн газрын үед хийхээр төлөвлөсөн ч дуусгаагүй ажил нэлээд байсан. Хоёрдугаарт, 2021-2025 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөтөлбөрөө баталсан. Үүнд зам, тээврийн салбарын бодлого, хөгжлийн асуудлыг тусгасан. Гуравдугаарт, 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталлаа. Мөрийн хөтөлбөрөө батална гэдэг нь бидний хувьд хуулиа баталж байгаагаас өөрцгүй. 
 
Уг мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа-2050”-тай уялдуулан батлах, зам, тээврийн салбарын  бодлогын бичиг баримттай нийцүүлэх ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал, Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого, УИХ-аас төмөр замын салбарт хэрэгжүүлэх бодлогын бичиг баримттай уялдуулах талаар онцгой анхаарал хандуулсан. Бодлого, төлөвлөлтийн асуудлууд цэгцэрсэн гэж ойлгож болно.
 
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд танай салбарт хийгдэх томоохон ажлуудаас дурдвал. 2021 оны төсөвт зам, тээврийн салбарт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
 
-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн сард УИХ-аар хэлэлцэн баталлаа. Ирэх оны төсвийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, өмнөх онуудаас харьцангуй хязгаарлагдмал хөрөнгөтэй баталсан. Манай яамны тухайд 2-4 жил он дамнаж яригдсан ажлуудаас татгалзах санал гаргасан. Үүний оронд 2021 онд өмнө нь эхлүүлсэн ажлуудаа бүрэн дуусгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. 2022 оноос дээр дурдсан бичиг баримт, мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажлаа эхлүүлье гэсэн зорилго тавиад байна. 

Манай яаманд төмөр зам, авто зам, авто тээвэр, иргэний нисэх, далайн тээврийн гэсэн таван том салбар харьяалагддаг. Харьцангуй ажил ихтэй салбар. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарт өвлийн бэлтгэлийг бүрэн хангуулах чиглэлд анхаарч ажиллалаа.

 

2020 оныг Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагын жил болгон зарласан. Үүний хүрээнд салбар агентлаг, тамгын газрын удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулсан. Ялангуяа говийн бүсийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил, санхүүжилтэд ач холбогдол өгсөн. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хиймэл байгууламжуудыг ихэвчлэн үндэсний компаниуд гүйцэтгэж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр бетон, дэрээг монгол компани хийж байгаа нь сайшаалтай. Төмөр замаар тээвэрлэх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой, цаашид энэ салбарт хийгдэх шинэчлэлийн ажилд мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн ажиллаж байна. Авто замын салбарт ч нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа. Ингэхдээ хэд хэдэн дэд хөтөлбөр баталж, ЗГХЭГ-аас батлан гаргасан Засгийн газрын стратеги төлөвлөгөөн үндэслэн дэд хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
 
-Тухайлбал?
 
-Авто замын засвар арчлалт буюу АЗЗА-ын чиглэлээр тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Манай улсад нийт 32 АЗЗА-ын компани байна. Үүнээс 22 нь төрийн өмчит, 10 нь хувийн хэвшлийн компани. Үүнд хоёр гол хэрэгжүүлэх ажил бий. Нэгдүгээрт, хүн хүчний нөөц, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хоёрдугаарт, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг Беларусь Улсын Засгийн газраас 8.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд 42 төрлийн зам засварын тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулсан. Оны дараа ирэх юм. 
 
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын ажилд хэмнэгдсэн хөрөнгөөр замын шинэчлэлтийн тоног төхөөрөмж авч, баруун, зүүн, төвийн гурван бүсэд бүсчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Гол хэрэгжүүлэх бас нэг хөтөлбөр нь авто зам дагуух үйлчилгээний газрыг сайжруулах. Та бүхний сайн мэдэж байгаагаар Дархан-Улаанбаатарын чиглэлд “Урьхан” гээд түр саатах үйлчилгээний газар байна. Манайд ийм төрлийн түр саатах газар хомс.
 
Тэгэхээр энэ чиглэлд дэд хөтөлбөр хэрэгжүүлж, улсын болон олон улсын чанартай авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний газартай болгоно. Үүнийг нь хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлнэ гэх зорилго тавьсан.
 
 Үүнээс гадна 100 км тутамд жолооч, зорчигч саатах түр зогсоол байгуулахаар болсон.  Эхний ээлжинд энэ оны хэмнэгдсэн хөрөнгөөс уг ажлыг хийж үзсэн. Ингэхдээ хэд хэдэн машины зогсоол, сүүдрэвч, ариун цэврийн байгууламж, хогийн сав зэргийг байршуулсан жижиг байгууламж бий болгосон. Сум хооронд авто зам барих хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө ч бий. Аялал жуулчлалын чиглэлд дугуйн зам дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго тавиад байна. 
 
Иргэний нисэхийн чиглэлд томоохон ажил хийж дууссан. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох байсан ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж түр хойшлоод байна. Агаарын хил нээсэн цагт энэ бүтээн байгуулалтын ажил ашиглалтад ороход бэлэн. 

 “АЗЫН ДУГААР”-ЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛДАГ БОЛНО

Авто тээврийн салбарт гурван том асуудал бий. Нэгдүгээрт, хот хоорондын тээвэрт цагийн маргаантай асуудал гардаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үеэр улсын гүйцэтгэдэг ажлыг хувийн хэвшил гүйцэтгэдэг болсон. Энэ асуудлыг яамнаас бодлогоор дэмжиж, 20-30 жил ажилласан компаниудаа хамгаалах бодлогын бичиг баримт гаргасан. Мөн Цагаан хаднаас Гашуунсухайт, Таван толгойн чиглэлд тээвэрлэлт хийж байгаа хувийн хэвшлийн С зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудал гардаг. Үүнийг шилэн болгох, шалгуур тавих ажлыг зохион байгуулна. 
 
Авто тээврийн чиглэлд хийхээр төлөвлөж буй дараагийн асуудал нь “азын дугаар” буюу авто машины улсын дугаартай холбоотой асуудлыг цэгцэлнэ. Тодруулбал, “азын дугаар”-ыг дуудлага худалдаагаар борлуулдаг болно. Оны дараа энэ ажлыг эхэлнэ. Нэг сери задлахад 300 орчим дугаар гарч ирнэ. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу автомашины улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон хөрөнгөөрөө зорилтод бүлэгт чиглэсэн ажил зохион байгуулахаар болсон.
 
-2021 онд төсвийн зардлыг танасан гэлээ. Танай яаманд ямар зардлыг танасан бэ?
 
-Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн олон улсын зээл тусламжаар хэрэгждэг. Улсын төсвөөс хэмнэгдэж болох хоёр зардал бий. Нэгдүгээрт, яамны дотоод үйл ажиллагаа буюу урсгал зардал орно. Хоёрдугаарт, тендер зарлах үнийн дүнгийн зөрүүнээс хэмнэлт гаргах боломжтой.

ХЭРЭВ НИЙТИЙГ ХАМАРСАН ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЧИХГҮЙ БОЛ 2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ  БҮРЭН ДУУСГАНА

-Цар тахалтай холбоотой гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд хойшилж, зам, тээврийн салбарын ажил зогсонги байдалтай байх шиг байна. Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах вэ. Энэ онд дуусгах ямар чухал төсөл, хөтөлбөрүүд хойшлоод байна вэ. Энэ нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна уу?
 
-Манай салбарт хүлээгдэж байгаа ганц том төсөл хөтөлбөр нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын ажил. Бид үүнийгээ ашиглалтад оруулах юм сан гэж бодож байна. 32.2 км хурдны зам бэлэн болчихсон, цаана нисэх онгоцны буудал нь хий халаалт аваад байж байна. Бусад төсөл, хөтөлбөр харьцангуй боломжийн үргэлжилж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтууд өвлийн дүнд ч үргэлжилж байна. Авто замын ажил өвлийн дүнд тэг зогсолт хийдэг. Харин ирэх жилийн шинээр баригдах болон үргэлжлүүлж замуудын бэлтгэл ажил үргэлжилж байна.
 
-Дарханы замын ажил ямар шатандаа явж байгаа вэ?
 
-Дарханы замын дараагийн хоёр урсгалын замын ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлээр баригдах уг төсөлд хоёр том ажил үлдсэн. Өвлийн бэлтгэл, хүн хүчээ хуваарилах ажил бий.
 
 
-Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн жил Дарханы замын ажил хойшилсон. Дараа жил хойшлохгүй гэх баталгаа бий юү?
 
-Ажлаа явуулахыг бодно. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Энэ оны долдугаар сард замын ажлаар БНХАУ-аас ажилчид орж ирсэн. Ингэхдээ олон гаднын иргэн ирээгүй. Таван багц ажил дээр 20 гаруй хүн ажилласан. Инженер, техник, нарийн мэргэжлийн операторууд ирсэн. Бусад нь манай туслан гүйцэтгэгчид ажилласан. 2020 оны хоёрдугаар сард бид өмнөд хөршөөс ажиллах хүч авч ирж авчрахаар төлөвлөчихсөн байлаа. Гэтэл БНХАУ-д нөхцөл байдал хүндэрч, энэ ажлыг хойшлуулсан. Ингээд долдугаар сарын 9-нд анхны хятад ажилчид орж ирсэн.
 Тэднийг 21 хоног тусгаарлаж, 14 хоног кемп дээр байрлуулж, наймдугаар сарын 15-16-нд ажлаа эхлүүлж, Дарханы замыг арваннэгдүгээр сард нээсэн. Харьцангуй богино хугацаанд нэлээд ажил амжуулсан. Инженер техникийн ажилчид нь энд байгаа учраас ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхэлнэ. Хэрэв нийтийг хамарсан тэг зогсолт хийчихгүй бол 2022 оны арванхоёрдугаар сард дөрвөн урсгалтай замын ажлыг бүрэн дуусгана.
 
-Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын ажлууд ямар шатандаа явж байгаа вэ. Цаашид төмөр замын салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Эхний ээлжинд Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн өмөр замыг 2022 он гэхэд дуусгана. Энэ хоёр зам нь “Эрдэнэс Таван толгой” компанийн ашгаар бүтэж байгаа бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, гаднын зээл тусламжаар бус, өөрийн хөрөнгөөр хийж байгаа ажил юм. 
 
2022 он гэхэд Зүүнбаян-Таван толгой, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 681 км төмөр зам бэлэн болно. Цаашид бид санхүүжилтээ харж байгаад Сайншанд-Баруун-Урт, Хөөт, Чойбалсан, Бичиг гэсэн чиглэлд төмөр замын ажил эхлүүлнэ. Зураг төсөл нь хийгдсэн. Ирэх жилд Зүүнбаян-Хангимандалын чиглэлд төмөр зам барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн Богдхаан төмөр замын ТЭЗҮ-ийн Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар 2022-2023 онд хийлгэхээр төлөвлөж байгаа. Баруун босоо чиглэлийн ТЭЗҮ-г ирэх дөрвөн жилд дуусгана гэсэн ажлыг төлөвлөчихсөн байна.


АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР МОНГОЛ УЛСЫН 21 АЙМАГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОЖ ДУУСНА

-21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил бүрэн дуусчихсан уу?
 
-Монгол Улсын 21 аймгийг хатуу хучилттай замаар холбож дуусахад хоёр ажил үлдээд байсан. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 26.2 км замын нээлтийг энэ оны аравдугаар сард хийж, Ерөнхий сайд очиж танилцсан. Замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг ажил үлдээд байсныг саяхан дуусгаж, улсын комисс хүлээж авахаар явсан. 
 
Хоёр дахь дутуу үлдсэн ажил нь Завхан аймгийн Тосонцэнгэл, Улиастай хотыг Загастайн даваагаар туулж, хатуу хучилттай замаар холбох замын ажил байсан. Энэ ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Анхны зураг төсөлд тусгагдаагүй уулын ажлууд гарч ирсэн. Уг зам нь улсын хэмжээнд хамгийн өндөр даваа давж байгаа зам болох юм. Уулын ажил ихтэй, техник, хүч шаардсан ажил болж байна. 2021 оны долдугаар сар гэхэд 67 км авто замын ажлаа бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улсын 21 аймаг хатуу хучилттай авто замаар холбогдож дуусна гэсэн үг. 
 
-Цар тахлын үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр танай яамны зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ. Түүхий эдийн экспорт хэвийн явж чадаж байгаа юу?
 
-Гашуунсухайт боомтоос бусад боомтод нүүрс экспорт хэвийн үргэлжилж байгаа. Ховдын Булган боомт, Говь-Алтай аймгийн Бургастай боомт, Шивээхүрэнгийн боомт, Бичигт, Хангийн боомтоор түүхий эдийн экспорт хэвийн явж байна. Гашуунсухайтын боомтоор гарах түүхий эдийн экспорт багассан. Учир нь, Монгол Улс дотоодод цар тахал гарснаас хойш Хятадын тал хяналтаа өндөржүүлсэн. БНХАУ-ын тал Ганц модны боомт дээрээ монгол жолоочдоос PCR шинжилгээ авч байгаа. Хэсэг монгол жолооч машинтайгаа боомт руу гарчихаад буцаад ирдэг байсан. Үүнийг зогсоож, Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр хот хоорондын автобусаар жолооч нараа тээвэрлэж, гаргаж, оруулах ажлыг зохион байгуулж байна. 
 
Сүүлийн үед тус боомтоор гарах нүүрсний экспорт багасаж, өдөртөө 50-60 машин нүүрс гарч байв. Харин жолооч нарыг автобусаар нэвтрүүлснээс хойш машины тоо нэмэгдэж 200-300-д хүрсэн. Цаашид тоог өсгөх чиглэлээр анхаарч ажиллана. Өмнөд хөрш манайд хатуухан шаардлага тавьж байгаа. Үүнийг бид буруу гэж үзэхгүй байна.
Таван толгой компанийн барьцалдуулагч бодисын түүхий эдийг авч ирэх зэрэгт хүндрэл гарч байгаа
 
-Гаднаас импортын бараа тээвэрлэдэг ачаа, тээврийн үйлчилгээнд гарч байгаа хүндрэл бий юү?
 
-Манайд ирэх хүнс, барилгын материал, Таван толгой компанийн барьцалдуулагч бодисын түүхий эдийг авч ирэх зэрэгт хүндрэл гарч байгаа. Бид тодорхой арга хэмжээ авч байна. Боомт дээр гацсан машиныг оруулах өдөрт 60-70 автомашин оруулах арга хэмжээ авсан. Дээрээс нь Эрээн өртөө,  Хятадын төмөр замтай ярьж байгаад хоосон галт тэрэгт температур шаардахгүй барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээр болсон.

АЛТАНБУЛАГ БООМТ ДЭЭРЭЭС ЗӨВХӨН МОНГОЛ ЖОЛООЧ НАРАА АВАХ, ГАДНЫН ЖОЛООЧИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР АВАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАСАН

-Цар тахал төмөр замаар дамжин халдварлаж байгааг тогтоогоод байна. Цаашид энэ нь төмөр замын ажилд хүндрэл үүсгэх үү. Ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлаас дурдвал?
 
-Цар тахал гарсны дараа УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарын тушаалаар төмөр замын шуурхай бүлэг ажилласан. Шуурхай бүлгийг би ахалсан. Бид төмөр замын бүх хилийн өртөөтэй цахим хурал хийж, шуурхай арга хэмжээ авсан. Үүний үр дүнд төмөр замын дагуу гарсан цар тахлыг хумьж чадсан. 15976 хүн төмөр замд байнгын болон түр гэрээтэй ажилладаг. Эхний ээлжинд бид бүх хүнээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, 11097 хүнийг PCR-аар шинжилсэн. Энэ ажил одоог хүртэл үргэлжилж байгаа.
 
-Хилийн боомт дээр гацсан ачаа тээврийн жолооч олон байна. Олон хоног машиндаа амьдарч байгаа мэдээлэл бий. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
 
-Арваннэгдүгээр сарын 11-нд УОК-ын шийдвэр гарч, Алтанбулаг боомт дээр ирсэн ачаа тээврийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ үед гаднаас ирсэн жолоочийн олонх нь халдвар тээсэн байсан. Маш том эрсдэл үүсгэж байгаа учраас ачаа тээврийг зогсоох шийдвэр гаргасан юм. Харин хамгийн сүүлд УОК-оос шийдвэр гаргаж, Алтанбулаг боомт дээрээс зөвхөн монгол жолооч нараа авах, гаднын жолоочийг тодорхойгүй хугацаагаар авахгүй байх шийдвэр гаргасан. Өнгөрсөн пүрэв гарагаас хил дээрх жолооч нараа татах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Хилээр орж байгаа жолооч нарыг Дархан-Уул аймагт тусгаарлаж, машин техникийг нь ариутгал, халдваргүйтэл хийсний дараа Улаанбаатараас жолооч очиж авах зохион байгуулалтын ажил хийж байна.  Хил дээр 80 орчим жолооч байгаагаас 14,15 хоног гацсан жолооч хүртэл байсан.
 
-Таныг төмөрзамчдын тэмцээн зохион байгуулах нэрийдлээр цөөнгүй аймгаас төмөр замын ажилчдаа цуглуулсан нь коронавирусийн халдвар тараах нөхцөл болсон гэх мэдээлэл нэлээд гарлаа. Зарим нь үүндээ хариуцлага хүлээх ёстой ч гэж байна. Тэмцээнд яг хэчнээн хүн оролцсон, хэд нь Монголд оршин суудаг гаднын хүн байсан юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
 
-Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн бямба, ням гарагийг төмөрзамчдын баярын өдөр болгон зарласан. Засгийн газрын тогтоол бий. Хонхорт майхан бариад наадам зохион байгуулдаг уламжлалтай. Үүнтэй андуураад төмөрзамчдын баяр тэмдэглэж гэсэн ойлголт иргэдийн дунд гарах шиг болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Дархан өртөө байгуулагдсаны 70 жилийн ойг баярыг тэмдэглэсэн. Энэ үеэр өртөөдийн хооронд гар, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тухайн үед хөл хорио суларчихсан, урлаг, спорт соёлын арга  хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн байсан үе. Би энэ асуудалд анхаарал хандуулж, зочид төлөөлөгч ирсэн талаар хил хамгаалах, цагдаа, тагнуулын байгууллагад албан бичиг илгээсэн. Эдгээр байгууллагаас ирсэн бичигт гаднын зочид, төлөөлөгч оролцоогүй гэсэн байсан.  
 
 

ЗТХ-ийн сайд Л.ХАЛТАР: Хүнд цагт ажиллаж байгаа ч хийх зүйл маш их байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-11 11:09:47
    Tseren: Ажлын туршлага дадалтай,чадварлаг хүн юмаа.Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-30 21:42:07
    C.Солонгожаргал: Мөн ч их хөдөлмөр ч хүн дээ. Энэ их ажлын ард ч гарч чадна. Амжилт хүсье. Бүтээн байгуулалтын ажил нь өөдрөг бх болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-27 09:15:02
    Цогоо: Бүх төлөвлөсөн ажил нь амжилтаар дүүрэн байг.Ажлыг ч нугалдаг хүн дэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-27 09:14:52
    Цогоо: Бүх төлөвлөсөн ажил нь амжилтаар дүүрэн байг.Ажлыг ч нугалдаг хүн дэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-23 17:07:06
    Bolj bn: Amjilt amjilt. Ovoo amidraltai yum yariad bgaan ene hun. Nam fraktsaar ni avaad hayachihgui bol
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188