-Та хөдөөнөөс хот руу хэдэн онд орж ирсэн хүн бэ?
-1958 онд цэрэгт татагдаж хотод ирсэн. Түүнээс өмнө Булганы Сайхан суманд малчин байлаа. Социалист үзэл суртлын нөлөөгөөр сургуульд суугаагүй. Манай өвөг эцэг одоогоор бол Гадаад харилцааны яамны Тамгын газрын дарга хүн байсан гэдэг. Тэр үед Чин ван Ханддорж Гадаад яамны сайд байсан юм билээ. 1915 онд “Гурван улсын хэлэлцээр” явагдаж байхад Орос, Хятад хоёр хуйвалдаж Ар, Өвөр Монгол, Уйгар, Хөх нуур, Тагна Урианхайн хошууг Ар Монголд нэгтгэхгүй гэж Чин ван Ханддоржийн амийг хорлож, хүү Жамбалдоржийг нь эсэргүүний хүүхэд гэж буудан хөнөөсөн байдаг.
Харин манай өвөөг Чин вангийн хамсаатан гэж шоронд хорьсон юм билээ. Өвөө хоёр хүү, ганц охинтой хүн байж. Хоёр хүү нь дайнд яваад олзлогдоод алга болж. Ганц охин нь миний ээж л дээ. Ээж, аавтай суугаад дөрвөн хүүхэд төрүүлсний нэг нь би. Өвөө, эмээ хоёр охины минь ганц хүү гээд намайг их эрхлүүлж өсгөсөн. Би мал ахуйн ажил хийдэггүй, эрхийн балай хүүхэд байв. Өвөөгийн ах нь хэлгүй хүн. Тэр хүн тамхи их татна. Архи ууна. Намайг бусдаас их хамгаалж, өмөөрнө. Одоогоор бол миний бие хамгаалагч шахуу хүн байж. Тэр хэлгүй ахад эрхэлж тамхи, архинаас нь хүртэнэ. Тэр бүхний хор уршиг хожим гардаг юм билээ. Цэрэгт ирээд цэргийн дарга чанга дуугарч, команд үүрэг даалгавар өгөхөд нь хүртэл хоолой зангирч, нулимс гардаг байлаа. Хүнээс хатуу үг сонсож байгаагүй, эрх өссөний гор гарч байгаа нь тэр. Эрх өссөн хүн мөн ч арчаагүй байдаг юм билээ. Аливаа юманд халирч, шантрахдаа их амархан.
-Та цэргийн албыг аль ангид хаасан бэ?
-Манай нутгийн С.Цэрэн аварга бид хоёр нэг оны цэрэг байгаа юм. Цэрэгт татагдаад ирсэн чинь цэргийн дарга нар хуваарилалт хийлээ. Би эрх танхай хүн болохоор шагай давсан урт нударгатай дээлтэй. Тэгсэн Ж.Ёндон хурандаа “Тэр урт нударгатай дээлтэй цэрэг хэн бэ” гэж байна. Би нэрээ хэлсэн чинь. Тэрийг авна. “Эргэ” гэж команд өглөө. Урт нударгаа савчуулаад эргэлээ. Дарга, цэрэггүй нир хийтэл инээлдлээ. Ж.Ёндон генерал “Энэ чинь ямар урт нударга вэ. Ёстой дурсгал, дурсамж үлдээхээр нударга байна” гээд хөхөрсөн. Ингээд Ж.Ёндон генералын Хотын комендантын ангид хуваарилагдан очсон юм. Харин С.Цэрэнг маань эмч нар тэнцэхгүй гээд аваагүй, үлдээсэн. Тэгсэн Сэлэнгийн Норовсамбуу гэдэг хурандаа “Энэ бөх болох шинжтэй цэрэг байна. Чамайг авч бөх болгоно. За чи гарч болохгүй шүү. Намайг ирж автал энэ жорлонд нуугдаж бай” гээд яваад өгсөн.
С.Цэрэн маань өдөржин жорлонд зогссон. Орой нь С.Цэрэнг дагуулж анги дээр ирлээ. Тэгж л С.Цэрэн маань бөх болох гараагаа эхэлж, Монгол Улсын аварга болсон. Хотын комендантын ангийг тараах үед Д.Дамдин аварга надад их тус болсон үг хэлсэн хүн байгаа юм. Ж.Ёндон генерал намайг нэг заалны барилдаанд барилдууллаа. Тэр үед бөх их цөөн байсан. Бай шагнал гээд байх юмгүй болохоор барилдах хүн олдохгүй. Үзүүр, түрүүнд үлдсэн хүнд хэдэн ширхэг чихэр, шилтэй улаан ус өгнө. Тэр барилдаанд нэг давчихлаа. Хоёрын даваанд намайг Д.Дамдин аваргын аманд өгчихдөг байгаа. Д.Дамдин аваргыг барьц авах гэхээр нь гар руу нь цохиод ухарч, тойрч зугтаагаад л байлаа. Аварга нэг их шамдаж дайрахгүй түнтэгнээд алхаад байв. Нэлээд удлаа. Зугтаж байгаад барьц алдсан чинь ганцхан татаад малгайгаа шидэж байгаа юм шиг намайг чулуудчихдаг байгаа. Тэгсэн дарга босоод Д.Дамдин аваргын урдаас очиж явна. “Манай цэрэг хэр барилдаж байна вэ” гэж асуулаа.
Д.Дамдин аварга “Жигтэйхэн бяртай хүүхэд байна. Алуулах шахлаа” гээд хөхөрч байна. Тэгсэн дарга тэр үгэнд нь үнэмшсэн аж. Над дээр ирээд “Д.Дамдин аварга чамаас халгаж байна шүү” гэж хэллээ. Тэгээд намайг Ж.Ёндон генерал авч үлдсэн юм. Түүний дараа жил дахин цэрэг авч Хотын комендантыг сэргээсэн. Би Авто сургуульд сурч жолоочийн мэргэжил эзэмшсэн. Харин дарга “Чи жолооч болж яах нь вэ дээ. Жолооч гэдэг зовлон байхгүй юу. Би чамайг спортын зааварлагч болгох санаатай байсан юм” гэлээ. Тэр үед бөхийн секц, дугуйлан гэж байгаагүй. Тийм болохоор амралтын өдрүүдэд заал, танхимын барилдаанд очиж барилддаг байлаа.
Цэргээс халагдах хугацаа дуусаад хоёр жил боллоо, халагддаггүй. Хал цэргүүд цэргийн байрнаас оргож гараад их архидана. Хийх ажилгүй цэргүүд бараг л бүгд үзмэрч, мэргэн болох шахав. Чулуу татна, дал шатаана, эрх, зоос гүйлгэдэг болов. Тэгсэн Мадий гэдэг Казах цэрэг мэргэлж үзээд “Бид дайнд орохгүй юм байна. Бид нэг тийшээ явах нь. Энэ Санжаа ганцаараа үлдэх юм байна шүү” гэв. Би”Битгий худлаа хэлээд бай” гээд нэг их тоосонгүй. Тэгсэн яг түүний хэлснээр болсон. Би “Алдар” нийгэмлэгийн орон тооны бус дасгалжуулагчаар үлдсэн. Цэргүүдийг Дархан хотын бүтээн байгуулалтад оруулна гээд аваад явчихсан.
-“Алдар” нийгэмлэгт үлдээд чөлөөт бөхийн тамирчин болсон юм уу?
-Намайг цэргээс халагдахгүй таван жил болох хугацаанд чөлөөт бөхийн анхны секц бий болсон. Тэнд бүртгүүлээд хамрагдаж хичээллэж эхэлсэн юм. Тэгсэн намайг “Алдар”-ын дасгалжуулагч хийж байхад 1962 онд секцний тамирчдаас шалгаруулалт явуулж би Болгар Улс руу мэргэжил дээшлүүлэх гурван сарын курс, сургалтад явсан. Болгарт суралцаад чөлөөт бөхийн багахан мэдлэгтэй болов. Намайг Болгараас ирэх үед шууд Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар татаж авсан.
Манай алтан үеийнхний багш О.Цэрэндагва 17 настай хүү бидэнтэй цуг Болгарт суралцсан юм. О.Цэрэндагва эмээтэйгээ өссөн, эрх танхил хүүхэд байлаа. Болгарт очоод О.Цэрэндагва “Ээжийгээ, гэрээ их санаж байна” гээд юм л бол уйлна. Биднийг гурван сар суралцаад буцах үед Болгар багш О.Цэрэндагвыг авч үлдсэн юм. Авч үлдэх болсон шалтгаан нь ойлгомжтой байсан л даа. О.Цэрэндагва биднээс насаар бага учраас Болгар хүүхдүүдтэй гадаа өдөржин тоглодог байв. Тэр хэмжээгээрээ Болгар хэлийг маш хурдан сурсан. Харин бид 20 гарчихсан нөхдүүд зав л гарвал архи, пиво эргүүлээд алга болно. Тэгээд О.Цэрэндагва зургаан сар Болгарт сураад мэргэжлийн чөлөөт бөхий багш болоод ирсэн түүхтэй
-С.Цэрэн аварга та хоёр багын найзууд уу?
-Бид нэг голын хүүхдүүд. Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж, С.Цэрэн аварга, аймгийн арслан П.Нямсүрэн бид дөрөв айл, саахалтын хүүхдүүд байгаа юм. Нэг хотонд тоглож, барилдаж өссөн багачууд. Б.Жамъяндорж Улаанбаатар явчихсан. С.Цэрэн Баян-Агт руу яваад “Морин” станцын барилдаанд түрүүлсэн байдаг. П. Нямсүрэн есдүгээр ангид байхдаа Булган аймгийн наадамд барилдаад начин болчихлоо.
Харин би сумын барилдаанд үзүүрлээд үлдчихлээ. Гэхдээ би унаж үзүүрлээгүй. Бууж өгөн үзүүрлэсэн. Сайн бөх шигшээ барилдаанд барилддаггүй юм, амжилт нь буурчихдаг гэсэн дэл, сул үг дуулаад бууж өгсөн. Залуу насны цээжний өвчин байхгүй юу. Өөрийгөө мундаг, сайн бөх гэж бодоод түрүүлэхгүй тахимаа өгч өвчигнөж байгаа юм. Бид хэдийг бөх гээд нутгийн хүмүүс ихэд хүндэтгэнэ. Найр, наадамд уригдана. Найранд очихоор 17-18 литр ордог том хулаар айраг дүүргээд өгнө. Тэгж яваад С.Цэрэн бид хоёр цэрэгт цуг ирсэн. Харин С.Цэрэн маань улсын аварга цолтон болсон. Би харин цол авч, бөх болж чадаагүй. Бөх болох гэж нэлээд давхисан. Манай П.Нямсүрэн биднийг цэрэгт явсны дараа жил аравдугаар анги төгсөөд хотод ирсэн. Гэхдээ улсын цолтой бөх болоогүй ч аймгийн наадамд хоёр түрүүлсэн. Бидний залуу нас ингэж л өнгөрсөн.
-Та тэр үед их сайн барилддаг байсан юм биш үү?
-Би улсын заан Б.Бадам, “Тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж хоёрыг сумандаа давж үзээгүй. Үүнээс гадна улсын наадамд Д.Дамдин аварга, Ц.Бадамсэрээжид арслантай хоёр удаа барилдахдаа давж үзээгүй юм. Сүүлдээ улсын наадамд тэр хоёр намайг тоож амлан авахаа больсон. Сүхбаатар аймгийн арслан В.Намсрайд, сайн барилдаж, гайхуулж явах үедээ гурав барилдаад гурван удаа унаж байлаа. Бусад улс, аймгийн цолтой бөхчүүдтэй өгөө аваатай л үздэг байсан. Ө.Эрдэнэ-Очир, “Том” Санжаа, Л.Сосорбарам арслан, Ч.Бээжин аварга, У.Мижиддорж арсланд би унаж үзээгүй. Хүмүүс намайг бөх гэдэг. Харин би бөх биш. Улсын цол аваагүй хүн чинь ямар юмны нь бөх байх вэ.
-Та чөлөөт бөхийн хэдэн кг-д барилддаг байв?
-Би доод тал нь 63 кг, дээд тал нь 90 кг-ын жинд барилдаж үзсэн. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Т.Зундуй заан, Д.Сэрээтэр бид хэд нэг жинд барилддаг байлаа. 82-83 кг жинтэй бөхчүүд байв. Оросын мэргэжилтэн багш ирээд нэг жинд олон тэнцүү бөх байж болохгүй. Амжилтаа бодох хэрэгтэй. Бусад жинд бөхчүүд алга гээд л биднийг тараасан юм. Ж.Мөнхбат, Х.Баянмөнхийг харин жинд нь үлдээгээд, Т.Зундуй, Д.Сэрээтэр хоёрыг 73 кг-д, намайг 68-аас 63 кг-д хуваарилсан. Орос багш “ 63 кг-д барилдах хүн алга. Чи махтай ч яс жижигтэй хүн байна” гэсэн. Би 25 настай байхдаа Д.Сэрээтэртэй барилдаж байгаад өвдгөө мулталсан юм. Тэгээд л түүнээс хойш үндэсний бөхөөр барилдаж чадахгүй болсон. Бараг л “Хонины хоргол”-д бүдрэх төдийд л өвдөг мултардаг болчихсон.
Дур сонирхолдоо хөтлөгдөн чөлөөт бөхөөр барилдсан. Жин хассаны дараа “Том” Санжаатай үндэсний бөхөөр барилдаж үзлээ. Урд нь би түүнийг гол төлөв хаядаг байсан. Гэтэл байдаггүй. Намайг гуд, гуд татаад , баруун, зүүнгүй өргөж тавиад дийлдэхгүй болсон байлаа. Би өөрийгөө жин хасаад тамир багатай болчихсон гэдгийг мэдэхгүй байгаа юм. “Энэ Том Санжаа мөн ойгүй бяр тэнхээтэй болжээ” гэж бодлоо. Би жингээ хасаж байгаад 30 нас хүрээд жингээ тавихад миний жин нэмэгдээгүй. Харин 63 нас хүрээд эргээд залуужсан. Баянхошуунд найзуудтайгаа наргиж явсан чинь хэдэн согтуу нөхөр намайг танимхайраад сүйд боллоо. Тэгсэн нэг залуу “Энэ хүн манай хүргэний аав судас барьдаг. Их сайн ардын эмчилгээний мэдлэгтэй хүн” гэлээ.
Би нөгөө хүнд хандаад “Чи миний судсыг бариад үзээч” гэж хэлэв. Нөгөө согтуу өвгөн миний судсыг барьж үзээд “ Үгүй чи чинь яасан их өлссөн хүн бэ. Цус чинь өтгөрсөн байна” гэх юм. Би “Одоо тэгээд яах вэ. Аргалах, арга байна уу” гэж асуулаа. “Байлгүй яах вэ. Маргааш хүрээд ирээрэй” гэв. Маргааш нь яваад очлоо. Тэгсэн надад 32 ширхэг монгол тан өгөв. Тэр танг уугаад тэр жилдээ би есөн кг нэмсэн. Тэгээд дахиад залуу юм шиг болж, бие сэргэсэн. Ардын уламжлалт эмчилгээ гэдэг үнэхээр гайхамшигтай юм билээ. Би үүнийг өөрийн амьдралаар мэдэрсэн. Хавар эрт гарсан сэнсэрсэн хурга өсөж чаддаггүй. Хавар орой гарсан хурга уурагтаа цадаад өсөлт нь илүү байдаг. Манай Сайхан сумынхан унагыг нялх үед нь уяж, гүүгээ барьдаг. Хар нялхаараа зэлэнд уягдаж, наран шарагдаж, цангасан унага тамир муу байх талтай. Харин зүүн аймгууд гүү барьдаггүй болохоор уургандаа цадаж тамир орсон хүлгүүд хурдан байх шиг байгаа юм.
Урдны айхтар хөгшид эрдэмтдийн дайтай ухаан, мэдлэгтэй байж. Хошуу Тамгын газрынхан Торой Бандийг өчиг алдаж улаахгүй байхаар нь ээж дээр нь очоод “Хүү чинь улаасан шүү” гэж. Харин эх нь “13 нас хүртлээ ясны шөлөнд орсон миний хүү арай ч энэ хэд хоногт улаахгүй ээ” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр ясны шөлөнд орох хүртэл хэрэгтэй байх нь. Зарим хөгшид “Миний хүү ядрахгүй ээ. Зургаан нас хүртлээ хөхөө хөхсөн” гэдэг. Тэгэхээр уураг, амин дэмийн хүчийг монголчууд эрт цагаас сайн мэддэг, мэдлэгтэй ард түмэн байж. 1930-аад оноос хойш Европын шинжлэх ухаан гэж хөөрөөд, уламжлалаа бид мартсан. Үндэсний ухамсар, дархлаа, монголчуудын ураг төрөл, удмын мэдээлэл, ой санамжийг бүрэн арчиж чадсан. Ер нь хүн хөгшрөхөөр бүх юм доройтдог юм байна. Би одоо зарим нэг түүх, хууч яриа, дурсамжуудыг мартдаг болжээ. Зээгийнхээ нэрийг олохгүй 4-5 хоногийн дараа санаж байх жишээтэй. Энэ бол өвчин биш. Насны доройтол юм.
-Та хэдэн олимпын наадамд орсон хүн бэ?
-Би 1964 оны Токиогийн олимпод л орсон. Би ерөөсөө барилдаагүй хүн шүү дээ. Олимп, дэлхийн аваргад ганц удаа л барилдсан. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцсон. Гэхдээ түрүүлж үзээгүй. Намайг нам дардаг ганц эрлэг нь Д.Сэрээтэр байлаа. Өөр тэмцээнд барилдаж үзээгүй. Би удаан барилдаагүй. Тэгэхээр чөлөөт бөхөөр надад ярих амжилт, олон тэмцээний дурсамж байхгүй. Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр бид гурвын багийн барилдаанд амжилт гаргасан анхдагч, түүх бол бий. Энэ амжилтыг бараг 40 гаруй жилийн хойно дахин давтлаа.
-Та улсын наадамд Х.Баянмөнх аваргыг хаяж байсан юм биш үү?
-Х.Баянмөнх аварга надаас насаар залуу л даа. Бид хоёрыг том цолтой бөхчүүд амлахгүй байсаар тунаж, хоорондоо барилдсан. Би улсын баяр наадамд долоон удаа барилдсан. Үүнээс дөрвөн мөч эрүүл байх үедээ, гурван удаа зодоглож, дөрөв давсан. Бэртэл авсны дараа дөрөв барилдаж, гурав давсан. Жин хассан, жижиг биетэй, бэртэлтэй хүн барилдах нэмэргүй болохоор зодог тайлсан.
-Та зодог тайлаад засуул болсон юм уу?
-Би 16 настайдаа Архангай аймгийн Хайрхан суманд хурдан морь унах гэж очлоо. Тэгсэн нөгөө уяач “Чиний бие хүнд байна. Би жижиг хүүхэд олно” гээд морио унуулсангүй. Тэгэхээр нь бөхийн барилдаанд очоод бүртгүүлчихлээ. Хоёр даваа авч байны шагналд улаан дүнсэн тамхиар шагнуулсан. Тэр үеэс хойш л урам ороод ноцолдож, барилдах дуртай болсон юм. Сүүлд цэрэгт ирэх үед Бүх ард түмний анхдугаар спартакиад гэдгийг зохион байгуулсан. Ж.Лхагвасүрэн генерал цэргүүдийг олноор нь барилдуулахын тулд зодог шуудагтай болгох үүргийг Ц.Бадамсэрээжид дасгалжуулагчид үүрэгдсэн.
Ц.Бадамсэрээжид дасгалжуулагч зодог, шуудаг эсгээд цэргүүдээр оёулж, ширүүлэх уралдаан зарласан юм. Тэр уралдаанд нь С.Цэрэн аварга бид хоёр түрүүлсэн. Үндэсний бөхийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, бөхчүүдийг зодог, шуудагтай болгох хөдөлгөөнд оролцсон түүх энэ. Ж.Лхагвасүрэн генерал үндэсний бөхийг хөгжүүлсэн хүн. Тэр үед бай шагналгүй болохоор бөх цөөн байв. Генерал хоёр давсан бөхөд гурван төгрөгийн бай шагнал олго гэсэн үүрэг даалгавар өгсний дараагаас бөхийн тоо огцом өссөн. Би яагаад засуул болсон юм бэ гэхээр үндэсний бөхөө хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахсан гэх сэтгэлдээ хөтлөгдсөн. Түүнээс наранд шарагдаж, малгай барьж явахыг юунд хүсэх вэ дээ.
Би өөрийгөө бөхийн спортод тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан гэж боддог. Харин спортын салбарын удирдах албаны хүмүүс ингэж үздэггүй юм билээ. Гэтэл Япон Улс түүх уламжлал, амжилт, ололт, тухайн спортын хөгжилд хувь нэмэр оруулсан хүний хувь нэмрийг баримтжуулан авч, өндрөөр үнэлж байна. Статистик үзүүлэлт, түүхэн архив нь үнэхээр биширмээр сайхан байх юм. Харин манай спортын салбар, бөхийн холбооны хүмүүст жаахан сэтгэл дутаад байгаа. Спортын ахмад тамирчдаа хогийн саванд татаад хаядаг тамхины ишнээс ч дорд үзэж байгаа. Ахмад тамирчид жилээс жилд цөөрч байна. Амжилт гаргаагүй, нэр алдарт хүрээгүй л бол хэн ч биш гэж үзэх юм. БТСГ, Соёл, спортын яам, МҮОХ өнөөдрийн Монголын спортын суурийг тавьсан цөөн хэдэн ахмадаа мартсан.
-Таны үед бөхчүүд шударга барилддаг байсан. Та улсын засуул хүний хувьд сайн мэдэх байх. Мөнгөөр даваа авч, цол худалддаг гэх юм. Үнэхээр ийм хачин үзэгдэл байдаг юм уу?
-Бидний үед ийм заваан юм байгаагүй. Гэхдээ хүн гэдэг бялдууч, долигонуур амьтан юм билээ. Жишээлбэл, заалны барилдаанд Ж.Мөнхбат аварга бид хоёрыг тав дахиулан барилдуулж байсан түүх бий. Намайг хаячихаад байхад хайна болсон гэж дахиулж байж билээ. Тав дахь барилдаанд л Ж.Мөнхбат намайг хаяж даваа авлаа. Би тэр барилдааныг аваргад тал зассан, долигонуур зан гаргасан үйл явдал гэж боддог. Ийм тал зассан, бялдууч засуул, дарга нар байсан. Улсын наадамд надтай адил дөрөв давсан Увсын М.Цэрэндорж гэдэг бөхөд улсын начин цол өгсөн. Яагаад гэхээр, Увсаас начин төрөөгүй гэдэг шалтгаанаар өгч байгаа юм. Ю.Цэдэнбал даргад тал засаж, нутгийн бөхөд нь начин цол өгч, долигонож байгаа баримт мөн биз. Иймэрхүү тал зассан, долдой нар их байсан. Харин бидний үед мөнгө, төгрөгөөр даваа, цол худалдан авдаг юм бол байгаагүй.
-Улсын цол, даваа наймаалцах үзэгдэл хэдэн оноос эхэлж гарсан бэ?
-Энэ одоо сүүлийн үед л гарч дээ. Бидний үед бол ахмад бөхчүүд залуу шинэ бөхийг хүндэтгэж тахимаа өгөх нь байсан. Гэхдээ мөнгө, төгрөг авдаггүй байлаа. 1980-1990 оноос хойш залуу бөхчүүд баярласан сэтгэлээ илэрхийлж, ахмад бөхчүүдийн гар дээр мөнгө тавьдаг болсон байх. Зах зээлийн шилжилтийн үеэс хойш улам бүр газар авч, найраа, найруулга гэдгийг хийдэг болсон. Одоо бүр үндэсний бөхийн нэр хүндийг навс унагасан үзэгдэл боллоо. Гэхдээ шударга барилддаг залуу бөхчүүд бий. Муу бохир зүйл нь сайныгаа дарж, харлуулаад байна л даа.
Энэ бүхнийг Бөхийн холбооны удирдлагууд таслан зогсоож чадах ч хүсэхгүй байна. Үүнийгээ бараг л бизнес болгожээ. Бөхийн холбоо дүрмээ чангатгаж, дүрмээ барьдаг болчихвол энэ бүхэн үгүй болно. Начин болчихоод, дараагийн наадамд ахин гурав давахгүй хүнийг улсын цолтой бөх гэж хэлэх хэцүү. Улсын начингуудын тавин хувь нь ийм байна. Мөнгөөр цол худалдан авсан гэдгээ мэдэхгүй зэрэг, зиндаа ярих дуртай. “Би улсын цолтой бөх, миний дээр “Жижиг” Санжаа гуай мэтийн цолгүй бөхчүүд ирээд суучих юм” гээд дургүйцэж, ханхалзана. Ёстой нөгөөх “Шинэ баян цээж өвчтэй гэдэг” шиг. Сүмо шиг амжилт гаргахгүй бол цолыг нь бууруулдаг, хурааж авдаг болох хэрэгтэй. Япончууд шиг статистик үзүүлэлтээр дүгнэж үзвэл, одоогийн энэ улсын цолтой бөхчүүдээс би монгол бөхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, давсан даваа, амжилтаараа илүү гэж боддог.
Манай улсад үнэн, шударга хөдөлмөрөөрөө яваад амжилт гаргаж, шагнал урамшлал аваагүй хүн их бий. Гэтэл гэнэт өнөө, маргаашийн магтаалаар гавьяат болчихдог хүн байна. Үнэхээр спортын төлөө зүтгэж, хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй хөдөлмөрлөсөн хөгшчүүд бий. Тэд насны эцэст юу ч үгүй хоосон сууж байна. Ийм тамирчдын амжилтыг үнэлэхгүй байгаад нь харамсаж явдаг. Одоо өнөө маргаашгүй явах цаг нь болчихсон, бидэнд юу ч хэрэггүй. Амжилт гаргаж явсан залуу үед нь урамшуулчихсан бол бид арай өөр байх байсан. Үүнийг спортын салбарыг удирдаж яваа хүмүүс, сайд, дарга нарыг мэдэж ойлгоосой гэж бодох юм.
-Таны мөрөн дээрээс төрсөн аварга бөх байдаг уу?
-Энэ тийм их ач холбогдолтой зүйл биш. Цол дууддаг засуул дээр л аварга төрнө. Би ямар цол дуудах биш. Гэхдээ бүх засуул дээр гарч байгаа бөх аварга болж байгаа. Хүмүүс хамгийн сүүлд мөрийг нь түшиж гарсан засуулыг онцлоод байдаг. Хамгийн сүүлд их шөвөгт үлдсэн бөхчүүд цол дууддаг засуул дээр гарна. Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр гээд аваргууд бүгд л миний гараас гарсан. Гэхдээ надаас, миний мөрнөөс аварга болсон гэж хэлж болохгүй. Харин улсын начин, заан болохдоо хамгийн сүүлд миний мөрийг түшиж гарсан бөхчүүд бий. Одоо барилдаж явсан засуул гэж бараг байхгүй дээ.
Ихэнх засуулууд бөх сонирхогчид. Ажигч, гярхай сонирхогч, засуул их хэрэгтэй. Ажигч биш, малгай барьсан, сонирхогч засуул бол хувцасны өлгүүртэй адил. Засуул хүнд сонирхлоос гадна сэтгэл хэрэгтэй. Бөхийг шимтэн сонирхож үздэг, сэтгэлтэй хүн ажигч, гярхай байдаг. Кино найруулагч, зураглаач В.Мандахын эхнэр Т.Энхтуяа гэж бүсгүй бий. 1970 оны улсын наадам, заал, танхимын барилдааны архив устсан байхад Т.Энхтуяагийн бөх үзэж байхдаа тэмдэглэж байсан дэвтрээс сэргээж авсан. Эмэгтэй хүн шүү дээ. Тэгэхээр ажигч, сонирхогч бөхийн спортод сэтгэлтэй хүн заавал эрэгтэй байх албагүй байгаа биз. Бөх мэдэхгүй, мэх, барьц ялгахгүй, сэтгэлгүй, малгай барьж яваад гавьяат болсон засуулууд бий. Одооны засуулуудыг харахад харуусал төрөхөөр л харагддаг.
-Таны үед барилдаж явсан бөхчүүдийг харахад булчин, шөрмөс нь зангирсан, илүү өөх, тарга, том гэдэсгүй байдаг. Үзэгчдийг чилээхгүй, хурдан шуурхай барилддаг байж. Олон төрлийн мэхтэй, уран хурц, хурдан шаламгай барилдаантай байжээ?
-Үндэсний бөх сонирхолгүй, уйтгартай болсон шалтгаан нь шахааны барьц гэдэг зүйл бий болсноос үүдэлтэй. Одоо хүнд жингээр тулж зогсож, шахааны барьцыг хүлээдэг болсон. Масстай болох гэж их идэж жингээ нэмээд бэлтгэл хийдэг бөх цөөрсөн. Бэлтгэл хийвэл тураад жин нь багасчихна гэдэг бололтой. Хоол сайн идэж, амин дэм, витамин уугаад хөөсөн мантуу шиг болох юм. Манай хүүхдүүд дотор хүртэл тийм бөх бий. Би дүүгийнхээ хүүхдийг овоо бөх болох нь гэж баярлаад ойр зуурын мэх, барьц зааж өгөх гэтэл “Өвөө үндэсний бөхөд мэхээр яах юм бэ. Хоол сайн идээд таргалаад бяр суучихна” гэж байгаа юм даа.
Тэрнээс хойш би ахиж юм дуугарахаа больсон. Хүний хүүхэд битгий хэл, миний хүүхдүүд ийм л бодолтой болжээ. Харамсаж явах юм. Гэхдээ сайхан бөхчүүд бий. Ер нь бие жижигтэй, хөнгөн жингийн бөхчүүд хамгийн уран барилдаан гаргадаг юм. Залуу нас гэдэг хэцүү. Хүний үгийг сонсох дургүй, ойворгон, хийсвэр сэтгэдэл ихтэй. Юмыг ойлгон, тунгааж, ажиглах чадвар бага, хэт хөөрүү, сагсуу байх нь бий. Өөрийгөө эцэг, эхээс төрсөн гэдгээ ойлгодоггүй. Тэнгэрээс унасан юм шигээр боддог хүмүүс олон.
“Би барилдаж улсын цолтон болох гээд байна шүү. Малаа зарж цолны мөнгө бэлдээрэй” гэж хэлдэг залуус ч байна. Эцэг, эх нь өвдөг, эрүүгээ тултал хэдэн малаа өсгөж байгааг юман чинээ бодохгүй. Тэгэхээр бөхчүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй байна. Ёс суртахуун гэдэг ухааны дээд хэм хэмжээ. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндлэл. Би ингэж боддог. Зөнөсөн өвгөн буруу ярьж байна гэж шүүмжлэх хүн бий. Хэрэг болохыг нь авч ажилдаа тусгаад хэрэггүйг нь хаяна биз.
-Сайн засуул бөхийн алдаа, оноог нь хэлж өгдөг гэдэг. Тэр зөвлөгөөг тусгаж авдаг бөх хэр олон бэ?
-Бидний үед байсан. Одоо ч байгаа байх. Д.Алтаншагай гэдэг Архангайн уртын дуу дуулдаг залуу бий. Тэр чөлөөтийн 63, 68 кг-д барилддаг хүүхэд. Чөлөөт бөх барилдахаа болиод үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн юм. Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн Хүүхдийн паркад боллоо. Дундговийн Б.Пүрэвсүрэн байх аа 100 гаруй жинтэй залуу ирсэн. Нөгөө муу 68 кг-тай Д.Алтаншагайг хааш нь ч хөдөлгөхгүй умайтал атгаад зогсчихлоо. Барьц тавилцаад ирэх үед нь би зөвлөгөө өгөв. “За чи ингэж барилдаад байвал дийлэхгүй. Элэг бүсээ барьц атгаж болохгүй болтол нь чангал. Элэг, бүсний барьцыг битгий өг. Барьц өгөхгүй тойроод зугтаад бай” гэв. Тэгсэн Д.Алтаншагай миний үгээр барилдлаа. Нөгөө хоёр чинь хаялцдаггүй. Тэгээд шахааны барьцнаас хаялцах болов.
Тэгэхээр нь би хэллээ. Элэг бүсээ сулла. Хоёр шуудагны уяагаа бүр сайн сулла” гэж хэлээд гаргалаа. Нөгөө масс ихтэй, бяртай бөх шуудагны барьцнаас татаад өргөсөн. Шуудагны барьц сунаад бяр нь гараагүй. Д.Алтаншагай түүнийг давсан. Би Д.Алтаншагайд хэллээ. “За чи, бид хоёр муухай луйвар хийж хаялаа даа. Давааны дээрэм хийлээ дээ” гэсэн. Үүнээс гадна М.Мөнгөн арслан бид хоёр бас тийм нэг барилдаан хийсэн. М.Мөнгөн арслан, Д.Цэрэнтогтох аваргатай таарсан юм. Би М.Мөнгөнд “За чи барьц өгөхгүй, тойроод зугтаагаад бай. Цаад Д.Цэрэнтогтохын чинь уур нь хүрээд дайраад ирнэ. Тэр үед нь давуулаад гуядаарай” гэж захиад гаргав. М.Мөнгөн зугтаад байлаа. Хүмүүс “Санжаа, Мөнгөн хоёр болиоч ээ. Барилдаач” гээд хашхираад байв.
Д.Цэрэнтогтох аварга дайраад л. Барилдаан зогсоод ирэхээр нь. “Чи тулаад зогс. Үзэгчид уурлаж, хашхираад байна “ гэлээ. Тэгсэн “М.Мөнгөн тулж яаж болох юм. Хөл аваад цацчих гээд байна” гээд уурлав. “Чи юу яриад байгаа юм. Тулж байгаа дүр үзүүлээд дайрах үед нь давуулаад гуядаач. Юунд уурлаад байгаа юм. Чи уурлаж, бухимдаад байвал хяналтаа алдаад, амархан унана. Тайван барилдаж, толгойгоо ажиллуул” гэж загнасан чинь нөгөөх маань жаахан суларч, тайвширч байна. Тэгээд гараад миний хэлснээр дайраад ирэх үед нь давуулж гуядаад давж байсан. Энэ мэтийн заль, хүний алдааг ашигласан, сэтгэл зүйн дайралт хийсэн. Аман мэхээр давсан даваанууд их бий.
-Энэ бүхэн засуул хүний ухаан байх нь ээ?
-Тэгэлгүй яаха вэ. Малгай барих гэж биш. Бөхийн алдааг засаж хэлж өгөх гэж засуул байдаг. Намайг анх засуул болох үед Ш.Лүгдэв гуай гэж манай улсын ууган засуул хүн байлаа. Тэр хүн, өөр хоёр хүний хамт засуулуудаас шалгалт авав. Ш.Лүгдэв гуай надаас асууж байна. “За Санжаа дэгээ хийсэн хүнийг яах вэ” гэж байх юм. Би мэдэхгүй гэлээ. Тэгсэн Ш.Лүгдэв гуай “За тэр дээ. Хэлээгүй юу. Хардаа үүнийг” гээд инээд алдлаа. Би” Дэгээ мэх олон янз . Ямар дэгээ мэх хийхийг та асууж байна вэ” гэж хэлтэл “Ш.Лүгдэв гуай, Өө зөв онц” гэдэг байгаа. Одоо тийм шалгалт авдаг ч юм уу, мэдэх юм алга.
-Бөхийн өмсгөл, зодог барилдахад чухал гэдэг байх аа?
-Бөхчүүдийн амьсгаанаас хүртэл давж, унахыг нь мэдэж болно. Яараад байгаа хүний цээж нь оволзож, түнхэлзээд, бие нь хатуураад, амьсгал нь хурдсаад эхэлдэг. Хүлээж, тайван барилдах бөх жигд тайван амьсгалаад анаж, барилдаанаа хянадаг. Уран гоё мэх хүний ухаанаас ургаж гардаг юм. Түүнээс биш бяртай, жин ихтэй хүн үргэлж даваад байдаггүй юм. Улсын наадамд алдарт засуул “Дэгээ” Гончиг гуай “Ж.Мөнхбат аваргыг зодгоо солиод гар гэсэн” юм.
Ж.Мөнхбат “Би хоёр жил шороодоогүй далбаагаа солихгүй” гэлээ. С.Гончиг гуай “Юу гэнээ чи. Би 20 жилийн түрүүгээ зассан. Чи хоёр жилийн түрүү. Соль чи гэж” загнасан. Ж.Мөнхбат зөрүүдлээд зодгоо солиогүй гарсан. Х.Баянмөнх аваргатай барилдаад их удсан, хаялцдаггүй. Барилдааны барьц түр тавилцаад зогсох үед Ж.Мөнхбат намайг дуудаад хэлж байна. “Би зодгоо урчихаад хүнээс зодог авч барилдаад түрүүлж байна гэж зүүдэлсэн юм. Энэ зүүд С.Гончиг гуайн хэлсэнтэй таарч байна. Чи манай эхнэрийг явуулж гэрээс нэг хадаг аваад ир гэж дамжуул. Ө.Эрдэнэ-Очирын зодгийг түр гуйгаад аваад ир” гэж хэллээ.
Тэгээд Ө.Эрдэнэ-Очирын далбааг өмсөж гараад удаа ч үгүй Х.Баянмөнх аваргыг хаяж түрүүлсэн юм. Шагналаа авчихаад бууж ирээд зодгийг нь хадагтай Ө.Эрдэнэ-Очирт өгөхдөө “За чи миний арслан цолыг аваарай” гэж хэлээд өгч билээ. Тэгэхээр С.Гончиг гуай Ж.Мөнхбатын зодгийг мундаг сайн харж ажигласан байгаа биз. Засуул гэж тийм л ажигч гярхай байх ёстой. Ер нь зодогны өнгө нь хүртэл тухайн бөхдөө хүндэддэг тал бий. Тэр бүх нарийн ширийн юмыг олж хардаг хүн засуул байх ёстой.
-Та залуудаа ямар мэх хийж барилддаг байв?
-Би жижиг биетэй. Жин багатай, тамир муутай болохоор хазахаас бусад бүх мэхийг хийж барилддаг байсан. Ер нь залуу байхад бусдаас өөрийгөө илүү гэж бодож, аархаж явсан үе зөндөө бий. Голын цэнгэлдэхийн баруун талд XVIII сургууль баригдаж нээлт боллоо. Нээлтэд зориулсан шагнал өндөртэй барилдаанд болсон. Би барилдах гээд очлоо. Том биетэй бөхчүүд болох Ө.Эрдэнэ-Очир, Том Санжаа, С.Цэрэн, Г.Баттогтох нар сууж байна. Т.Зундуй заан бид хоёр тэдний мөрөөр татдаг жижиг биетэй. Тэгсэн Ө.Эрдэнэ-Очир ярьж байх юм аа. “Жижиг” Санжаа, Т.Зундуй хоёрт түрүү алдахгүй, дарж авна шүү. Хэдүүлээ түрүү авахыг бодно байгаа” гэж байна.
Түүнийг нь сонсоод дургүй хүрээд, шар гозойгоод явчихлаа. Босож очоод “Муу сайн өвөл хөлдөхгүй, зун хөрөхгүй зовлогонууд юугаараа дээрэлхэх гээд байгаа юм” гээд Ө.Эрдэнэ-Очирын хамрыг нь сөргүүлээд хаясан чинь их урт амьсгал татаад хамар нь сарталзаад уур нь хүрч байгаа бололтой байна. Тэгээд гарч барилдаад тэр дөрвийг цувруулж хаяад түрүүлсэн. Тэд надад уурлаж, бухимдаж, хэлсэн амандаа бантаад хүч гаргаж чадахгүй, биеэ барьсан уу яасан бүү мэд. Олигтой барилдаж чадсангүй бүгд надад унасан юм. Энэ бол бас барилдааны тактик, сэтгэл зүйн тулаан юм уу даа.
Тэднийг би сэтгэл зүйгээр дийлсэн байхгүй юу. Сэтгэл зүйн энэ мэт дайралт хүртэл мэх. Түүний дараа Спортын төв ордны барилдаанд боллоо. Тэгсэн Ө.Эрдэнэ-Очир жорлонд орчихоод гарч ирдэггүй. Барилдаан зогсчихлоо. С.Гончиг гуай “Эрдэнэ-Очир одоо яадаг хүн бэ. Үзэгчдийг хүндэлдэггүй” гээд байж ядаж байна. Харин би С.Гончиг хараад тайвширлаа. С.Гончиг гуай зодгонд хүртэл мэх байдаг гэж ярьдаг их сайн засуул хүн байсан. Тэгсэн ашгүй нөгөө Ө.Эрдэнэ-Очир ороод ирлээ. Би очоод хор шарыг нь малтаад “Чи яасан их уддаг юм. Чамаас болоод барилдаан зогсчихлоо. Чамтай таарвал, чамайг ёстой нэг дэлгээд өгнө өө” гээд хэлээд тавьчихлаа. Ө.Эрдэнэ-Очир “Үхсэн хойноо чи” гэж байна шүү.
Тэгээд л шарандаа намайг гурвын даваанд амлачихсан. Их ууртай, над руу дайраад ирэхээр нь давуулаад ачтал, нөгөөх чинь тэр рүү яваад өглөө. Би тахимаа авахдаа түүний хорыг нь малтаж, “Дэлгэх гэж үүнийг хэлдэг юм” гэж хэлтэл уурлаж байна. Тэгсэн араас ирээд өрөөсөн гараараа намайг барьж аваад, адсага савж байгаа юм шиг ганцхан савчихаад яваад өгдөг байгаа. Тэр үед би Ө.Эрдэнэ-Очироос хүчээр хол дутуу юм байна гэдгээ ойлгосон.
Бөх хүн ухаан, хөдөлгөөний эвсэл, хурд, мэдрэмжээр барилддаг гэдгийг ухаарсан. Толгой нь ажиллахгүй бөхийн хөдөлгөөн удаан, эвсэлгүй. Мэхний техник гүйцэтгэл нь хүртэл дутуу. Одоогийн бөхчүүд толгойгоо ажиллуулж, ухаанаа зарж, бэлтгэл сургуулилалт хийхгүй байгаа. Жин нэмж, хүч, тамир оруулагч эм тарианы хүчээр барилдана гэж бодоод байх шиг. Бэлтгэл хийж, биеийн хөдөлгөөний эвсэл, уян хатан чанар, мэдрэмж, хурд, тэсрэлтээ нэмэгдүүлэх ёстой.
-Та улсын цолонд их ойрхон очиж, жаахан аз, ёндоо дутжээ?
-Тийм шүү, 1959 онд бүх ард түмний спартакиадад түрүүлсэн хүнд арслан, 25-аас дээш даваатай бөхөд заан цол өгсөн. Тэгсэн С.Цэрэн маань есөн унаатай болчихлоо. С.Цэрэн “Өвгөн чинь уначихлаа. Чи түүнийг заавал давна шүү” гэлээ. Би С.Цэрэнг давсан бөхийг давчихаад “За даалгаварыг чинь биелүүлсэн шүү” гэж очиж хэлчихээд явж байлаа. Т.Зундуй заан бид хоёр унаагүй байв. Тэгсэн С.Цэрэн “За өвгөн чинь Т.Зундуйг хаячихаад чамд буугаад өгнө. Чи аварга болоод цол авчих” гэж байна. Би бодлоо. “Энэ С.Цэрэн миний давсан бөхчүүдэд уначихаад, надад бууж өгнө гээд байх юм гэж бодогдоод хоёулаа шударгаар барилдаад хүчээ үзье” гэв. С.Цэрэн “Үнэн үү гэж байна. Үнэн, үнэн” гэж толгой дохилоо. Гараад өрсөн чинь яах ийхийн зуургүй хоёр гараараа хавирга зураад, цээжээр тэврээд авсан.
Амьсгаа ч авч чадалгүй унасан. Тэгээд би цол авч чадаагүй. Харин Т.Зундуй заан цол авсан юм. Тэгэхээр би хүч, бяргүй, шалихгүй амьтан байсны жишээ энэ. Булганы “Задгай” Шар гэдэг аймгийн арслан байлаа. Их бяр тэнхээтэй. Түүнтэй нэг барилдаанд таарав. Тэр хүнд би нэг ч унаж үзээгүй 30-40 удаа барилдахдаа бүгдэд нь түүнийг хаяж байсан юм. Ахиад давах юм бодоод дайраад бариад автал хөлгүй усанд орчихсон юм шиг хөл газраас хөндийрөөд явчихлаа. Сандраад барьцаа солиод ухрах аядтал нөгөөх чинь ашгүй барьцаа алдчихлаа. Тэгэхээр нь ганцхан дайраад л давсан.
Тэгэхээр би тийм өөрөөсөө илүү тэнхээтэй хүнийг дээш гаргахгүй олон удаа дарсан байгаа юм. Түүнийг би аргаар, хурдаар л илүүрхэн хаядаг байж. Тэрнээс биш, тэр бяртай хүнтэй тулаад барьцтай барилдвал дийлэхгүй. Арга, техник, хурдаар түүнийг хаядаг байсан байгаа юм. Би аргатай л байж. Тэрнээс биш, би сайн бөх биш байж дээ. Би бөхчүүдээс ганцаараа гимнастикийн турник, суга савлуур, модон моринд илүү сайн байсан. Энэ нь миний уян хатан чанар, хөдөлгөөний эвсэлтэй байсны тод жишээ байх гэж боддог. Би энэ бүх шинж чанараа ашиглаж барилддаг байсан.
“ЖИЖИГ” Б.САНЖАА: УРАН ГОЁ МЭХ ХҮНИЙ УХААНААС УРГАЖ ГАРДАГ ЮМ |
|
2025-08-18 07:20:00
2025-08-18 07:10:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-18 07:00:00
2025-08-17 20:25:47
2025-08-17 15:14:44
2025-08-17 12:39:07
2025-08-17 11:35:00
2025-08-17 10:58:17
2025-08-17 10:40:30
2025-08-17 10:09:16
2025-08-17 07:20:00
2025-08-17 07:10:00
2025-08-17 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |