• Өнөөдөр 2025-08-18

Б.ЛХАГВАСҮРЭН: “WORLD SCHOLAR’S CUP” ТЭМЦЭЭНЭЭС 37 МЕДАЛЬ ХҮРТСЭН ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА

2025-08-18,   43

​ Дунд сургуулийн сурагчдын дунд англи хэл дээр зохион байгуулагддаг мэтгэлцээний олон улсын “World Scholar’s Cup” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон “Хобби” сургуулийн 8С ангийн сурагч Т.Мишээл, Б.Намулун, Б.Аюурбат нарын гишүүдтэй баг амжилттай оролцож нийт 37 медаль хүртсэн билээ. Тус хүүхдүүдийг бэлдэж, амжилтад нь гол нөлөө үзүүлсэн англи хэлний багш Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шавь нар нь  мэтгэлцээний олон улсын “World Scholar’s Cup” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, гайхалтай олон амжилт гаргасан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Сайн байна уу, Багш хүний хувьд шавь нарынх нь амжилт хамгийн бахархалтай зүйл. Хичээл заадаг сурагчдыгаа шинэ зүйл сурах, сурсан зүйлсээ бусадтай хуваалцах, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, амжилт гаргахыг нь харах сайхан байлаа. Манай багийн хувьд Улаанбаатарт хотод зохион байгуулагдсан нэгдүгээр шатны уралдаандаа амжилттай оролцож, тэргүүн байх эзэлсэн. Мөн Т.Мишээл маань хувийн амжилтаараа нийт сурагчдаасаа нэгдүгээр байрт орсон. “World Scholar’s Cup” тэмцээн нь зөвхөн мэтгэлцээн бус эссэ бичих, асуултад хариулах зэрэг дөрвөн өөр ангиллаар явагддаг. Сурагчид минь өөрсдийгөө дайчлан бэлдэж, цаг гарган суралцдаг. 

-Тус тэмцээнээс 37 медаль хүртсэн шүү дээ. Тэмцээндээ хэр удаан бэлдсэн юм бэ?

                -Манай сургуулийн зорилго сурагч нэг бүрийг хөгжүүлэх. Тэгэхээр уралдаан тэмцээнд орох хүүхдүүдийг тусгайлан бэлддэг. Мөн олон улс болон дотооддоо зохион байгуулагдах уралдаан тэмцээний шаардлагуудыг хичээлийнхээ агуулгат тусгахыг хичээдэг. Англи хэлний багшийн хувьд мэтгэлцээн гэдэг зүйлийг зургадугаар ангиас нь эхлэн зааж сургадаг. Мэтгэлцээнээр хүүхдүүд эргэцүүлэн бодох, асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, харилцаа, бүтээч байдлыг гэнэд олон зүйлийг сурч байдаг. Хичээлээ дамжуулан мэтгэлцэх урлагийг сурдаг.

-Илтгэлийн тэмцээн англи хэл дээр болсон гэсэн. Тэгэхээр бусад хүүхдүүдээс бүүр илүү сайн бэлдэх шаардлагатай болсон байхдаа?

                -Аливаа тэмцээн уралдаан оролцоход бэлэн байдал тун чухал. Зөвхөн хичээлээрээ бэлдэхээс гадна сэтгэл зүйн хувьд бэлэн байх явдал чухал. Тухайн тэмцээний загварт сэтгэл зүй, биеийг нь бэлдэх хэрэгтэй. “World Scholar’s Cup” тэмцээн дунд ангийн хүүхдүүдэд тохирсон хөтөлбөртэй байдаг учраас хүүхэд бүрд нээлттэй. Тэмцээний зүгээс жил бүр сэдвийн хүрээнд унших материалуудыг бэлддэг. Нэг бүтэн романы хэмжээтэй унших материалыг сурагчид уншиж бэлддэг. Шинжлэх ухаан, түүх, технологи, нийгмийн ухаан, уран зураг, хөгжим, уран зохиол зэрэг хичээлүүдийн агуулгыг англиар  уншиж судлан, эссэ бичиж, асуултад хариулах зэргээр мэдлэгээрээ өрсөлддөг.

-Манай улсаас өмнө нь тус тэмцээнд оролцож байсан туршлага бий юү?

                -Бүсийн болон эцсийн шатны тэмцээнүүдэд манай улсаас оролцож байсан туршлага бий, жид бүр оролцдог. Ингэж оролцохдоо амжилт гаргадаг. Энэ жилийн хувьд гурван цом авсан нь улсын хэмжээнд тун өндөр амжилт боллоо. Би дунд ангид англи хэл заадаг болоод таван жил болж байна. Багшилж эхэлсэн цагаасаа “World Scholar’s Cup” тэмцээнд хүүхдүүд бэлддэг болсон.

-Таны хувьд илтгэлийн урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Яагаад илтгэлээр хичээллэх болов?        

-Миний амьдралын туршилд хамт байсан зүйл. Дунд ангиасаа илтгэх урлаг, мэтгэлцээнийг сонирхож монгол хэлээр явагддаг мэтгэлцээний дугуйланд сурдаг байсан. Дунд ангийн англи хэлний багш болсноосоо хойш сурагчдын өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадварт сургах зайлшгүй шаардлага гарсан учраас англиар мэтгэлцэх, илтгэл тавих талаар судалж эхэлснээс хойш таван жил болсон байна.

-Хүүхдүүдийг илтгэл, мэтгэлцээн урлагт бэлдэхэд юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

                -Хүүхдүүд англи хэл ашиглан өөрийгөө илэрхийлж чаддаг байх нь чухал. Илтгэл, мэтгэлцээнээр хичээллэж байгаа хүний хувьд хамгийн чухал чадвар нь өөртөө итгэлтэй байдал, хөрвөх, судалгаа хийх чадвартай байх хэрэгтэй. Энэ бүгдээс хамгийн чухал нь сониуч байдал. Хүүхдүүдийг хэт олон цагаар суулгаж шахахаас илүүтэйгээр сонирхлыг бий болгох ёстой. Сонирхсон зүйл байвал багш, гэр бүлийн оролцоогүйгээр хөгжих бүрэн боломжтой. Тиймээс олон төрлийн сэдвийг танилцуулахыг хичээдэг. Байнга сэдвийн дагуу бэлэн материал уншуулахаас илүүтэйгээр өөрсдөөр нь хайлгадаг.

-Мэтгэлцэх тавихад хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ. Энэ чиглэлээр хичээллэснээр гарах эерэг өөрчлөлтүүд нь юу байдаг бол?

                -Хүүхлдүүдэд олон эерэг чадвар суудаг. Харилцах, бүтээлч байдлаа сайжруулах зэрэг чадварууд мэтгэлцээн, илтгэлийн урлагаар дамжуулан ахих боломжтой. Үүний тулд сурагчид маань өөртөө илтгэлтэй байх хэрэгтэй.

-Заримдаа хүмүүс илтгэл, мэтгэлцээнийг сайн ярьдаг хүмүүс гэж ойлгох нь бий. Тэгвэл илтгэх урлаг хүнээс ямар ямар чадвар шаарддаг вэ?

                -Илтгэл тавих, мэтгэлцэхэд хамгийн чухал нь агуулга. Агуулгыг хүн уншиж, чадалж мэддэг, ярьж байгаа зүйлээ маш сайн ойлгодог, мэддэг байх шаардлагатай. Тэгэхээр эрэл хайгуул хийх чадвар маш чухал Зөвхөн ярихаас гадна олон зүйлийг судалдаг, харьцуулдаг байх ёстой. Нэг талаар судлаач байх шаардлагатай. Мэтгэлцээний үед хүүхдүүд няцаагч болон нотлогч гэсэн хоёр талын аль ч өнцгөөс нь батлах шаардлага тулгардаг учраас эргэцүүлэн бодох чадвар чухал байдаг. Тэгэхээр аливаа юмыг хоёр талаас нь хардаг, ганцхан талыг дэмждэг байх нь сул талтай.

-Таны болон багийнхных нь дараагийн зорилго, төлөвлөө юу вэ?

                -Манай “Хобби” сургуулийн эрхэм зорилго нь сурагчдыгаа дэлхийн аль ч улсад ажиллаж, амьдрахад төлөвшүүлэх байдаг. Энэ зорилгын хүрээнд багш нар маань өөрсдийн чиглэлийн мэдлэг мэдээллийн сурагчдад төгс эзэмшүүлэх. Англи хэл гэдэг бусад чадваруудыг эзэмших түлхүүр нь болдог. Уралдаан тэмцээн гэдэг хүүхдүүдийг сайн , муу гэж ялгах зүйл огт биш. Тэмцээнээр дамжуулж хүүхдүүд хатуужилтай болж, олон төрлийн мэдлэг, чадваруудыг өөртөө суулгаж байдаг. Багш нар нь зөвхөн чиглүүлэгч нь болдог.

 


Б.ЛХАГВАСҮРЭН: “WORLD SCHOLAR’S CUP” ТЭМЦЭЭНЭЭС 37 МЕДАЛЬ ХҮРТСЭН ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188