• Өнөөдөр 2025-08-24

С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ

2025-08-19,   426

      Харц салгахын аргагүй өнгө, хийцтэй, дэрвэгэр хормойтой даашинз ямар ч бүсгүйг үлгэрт гардаг үзэсгэлэнт гүнж болгох шидтэй гэж төсөөлөгддөг байлаа. Тэр даашинзыг энгийн нэгэн урлах боломжгүй, үнсгэлжингийн загалмайлсан эхийн шидэт саваа эсвэл бирдийн ид шид л бүтээдэг юм шиг санагдана. Төсөөлж, мөрөөддөг байсан үзэсгэлэнт даашинзаа Улсын драмын эрдмийн театрт жүжиг үзэхдээ анх удаа бодитоор харсан юм. Гэтэл тийм даашинзыг шидэт дагина бус, театрын оёдолчноор 47 жил ажилласан С.Оюунчимэг гэж эмэгтэй урлаж байсныг ярилцаж байхдаа мэдсэн билээ. Театрын оёдлын тасаг анх гурван оёдолчин, нэг мастертай 1974 онд байгуулагдахад нь ажиллаж эхэлсэн анхдагчдын нэг тэрбээр хагас зуун жилд давхардаагүй тоогоор жүжгийн гол дүрийн 300 гаруй хувцас урлажээ. 
 
МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН 
ОХИН АМЬДРАЛАА ЗҮҮ, УТАСТАЙ ХОЛБОСОН НЬ
 
        Тэрбээр “Багаасаа л жүжиглэх, дуулах дуртай байсан намайг мөрөөдөл минь Улсын драмын эрдмийн театр руу хөтөлсөн. Арван жилээ төгсөөд жүжигчний ангид орох гэсэн ч тухайн жил элсэлт аваагүй юм. Монгол хэл, бичгийн багшаар сурч болох байсан ч урлагаас холдохыг хүсээгүй учир театрт үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа жүжигчний шалгаруулалтад орно, харамсалтай нь тэнцэхгүй. Ингэж явсаар 1974 онд театрын оёдолчны тасагт ажиллахаар болсон. Үйлчлэгчээр ажиллаж байхдаа хааяа оёдолчдын ажилд тусладаг байсан нь оёдолчин болоход нөлөөлсөн хэрэг.
 
Мастер Б.Цэгмид эгчээрээ хөл машинаар юм оёхыг заалгаад, нэг өдрийн дотор л сурчихсан. Эхэндээ тайзны хөшиг, театрын гадна хадах анонс оёдог байлаа. Надаас хэд дахин том хөшгийг хэдэн талд нь гараад, хөлсөө цувуулаад л зүйж оёно шүү дээ. Одоогийнх шиг бэлэн хэвлэл байхгүй учраас бидний оёсон хөшгөн дээр зураачид жүжиг амилуулах зургаа зурдаг байлаа. Нэг  удаа шантраад “Энэ ажлыг ерөөсөө хүчрэхгүй юм байна” гээд ажлаасаа гарах гэтэл Б.Цэгмид эгч “Үгүй ээ, чи чадахаар хүүхэд байна, их нямбай юм. Ахиад жаахан хичээгээд үз” гэсэн. Хүндэлдэг хүнээсээ урмыг үг сонсохоор илүү хичээмээр санагддаг юм билээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам ажилдаа дуртай болж,  жүжигчин болох бодлоо хойш тавьж, сайн оёдолчин байхыг л хичээдэг болсон доо. Жүжигчид миний урласан хувцсыг өмсөөд, дүрээ сэтгэл дүүрэн бүтээж байгааг хараад ажлаараа бахархаж, илүү гоё хувцас хийхийг, тэднийгээ гэрэлтүүлэхийг хүснэ. Зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ”, Төрийн шагналт, нэрт зохиолч Дармын Батбаярын “Дөшинжирмийнхэн” жүжигт анх хувцасны оёдолчноор ажиллалаа. Миний урласан хувцас тайзан дээр ямар гоё харагдаж байсан гэж санана. Удалгүй нөхөртэйгөө танилцаж, хүүхэдтэй болсноор жүжигчин болох мөрөөдлөө бүр мөсөн орхиж, сайн оёдолчин болох л зорилготой болсон. Найруулагч, зураач хоёрын өгсөн заавраас гадна жүжгийн зохиолоо уншиж судална. Жүжигчин ямар хөдөлгөөн хийхийг мэдэж байж түүнд нь түүртэхгүй хувцас хийх хэрэгтэй шүү дээ.
 
Хяналтын үзлэг дээр хувцаснаасаа алдаа хайна, жүжигчнээсээ хувцсанд нь тээртэй зүйл байгаа эсэхийг асууна. Хувцас жүжигчнийг тодруулах ёстой болохоос саад болох ёсгүй. Энэ зарчмыг л баримтлахыг хичээнэ. Хаан, хатан, харц ард, үлгэрийн баатар гээд бүх л төрлийн хувцас оёсон. Нээлтийн өмнөх долоо хоног хамгийн бужигнаантай, гэртээ харих нь битгий хэл хоолоо тухтай идэх цаг хомс үе. Жүжиг тавигдахад тайзны ард утас, зүү бариад зогсож байна. Санаандгүй урагдчихвал нөхөх гэж шүү дээ. Тиймээс жүжиг эхэлсэн л бол гэрт хүүхэд өвдөж байсан ч бэлэн байна. Жүжигчид шиг л хариуцлагатай ажиллана. Одоо бодоход би л байхгүй бол бүх юм болохгүй болчих юм шиг санагддаг, ажилладаг байж дээ” гэв. 
 
МИНИЙ УРЛАСАН ХУВЦАС ОДОО Ч ЖҮЖИГТ “ТОГЛОДОГ”
 
      Биднийг ярилцлагаа үргэлжлүүлэхээр театр руу ороход оёдлын тасгийнхан шинэ жүжгийн ажилтай байж таарсан юм. Ёстой л С.Оюунчимэг эгчийн хэлдгээр бужигнаантай үе нь бололтой. Завгүй гүйлдэх хэдий ч түүнийг харсан хүн бүр дотно гэгч нь тэврээд мэнд мэднэ, өмссөн хувцсаа харуулна, өрөөндөө урина. Тэтгэвэртээ гарснаасаа хойш театртаа ирэх бүрд нь хамт олон нь түүнийг ийн найрсагаар угтдаг гэнэ. Тэрбээр үе үеийн театрын жүжигчдийн зургийг өлгөсөн хананы хажууд зогсоод “Хувцас оёж өгөөд л баймаар хүн гэж бий. Ямар ч хувцсыг сайхан амилуулдаг жүжигчин бол Н.Сувд.
 
Юу ч өмссөн хачин сайхан харагдана. Би их азтай, алтан үеийн жүжигчидтэй, тэдний шавь нартай ажилласан. МУАЖ Л.Жамсранжав, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндавга нар хувцсанд тун няхуур хандана, зураачийн зурж өгснөөс нэг л товч зөрөх юм бол “Энэ өөр байна, янзлаад өг” гэнэ. Өмссөн хувцсандаа нямбай хандаж, цэвэрхэн байлгана. Би сонгодог жүжгийн хувцас урлах хамгийн дуртай. Чамин шүү дээ, тухайн үед тэр бүр олдоод байдаггүй шүр, сувдыг хэлхэж, оёно. Дэрвэгэр хормойг нь хийх гэж олон давхар юбка хийнэ, хөдөлгөөнд нь саад болохгүй төмөр хийж бэхэлнэ. Эхэндээ сургуульд нь сураагүй учраас дээл оёх хамгийн хэцүү байсан. Энгийн дээл биш шүү дээ, жүжгийн хувцас учраас илүү нарийн, нандин чимэглэлтэй байх хэрэгтэй. Одоо ч театрын хувцас хэрэглэл улам л гоё болж, оёдлын машин нь ч шинэчлэгдэж, сайжирсан байна лээ.
Тэтгэвэрт гарах дөхөөд ирэхээр хүн ажилдаа илүү санаа зовдог юм билээ. Намайг байхгүйд ч илүү сайхан хувцас хийгээсэй гэж хүсэж, хамт ажилладаг байсан охиддоо бүх чаддаг зүйлээ зааж, хэлж өгсөн. Тэр хоёр маань ч тун чадварлаг, одоо урласан хувцсыг нь тайзан дээрээс хараад бахархаж суудаг юм. Ер нь театрын хувцас, хэрэглэл улам чанаржиж байгааг хараад баярладаг. Хүн ажиллаж байсан газраа өөдөө, дээшээ байгаасай л гэж хүсдэг юм” гэлээ.
 
      Тэр гараа дэлгэж харуулаад “Театрын жүжгийн гол дүрд зориулж 300 гаруй хувцас оёхдоо энэ гарыг мөн ч олон удаа зүүгээр хатгасан даа. Заримдаа тэр нь хамгийн сайхан мэдрэмж юм шиг үгүйлэгддэг л юм. Миний урласан хувцас одоо гологдож байж магадгүй ч тухайн үедээ гоё л байсан. Жүжигчдийн өмсөх хувцас тэднийг, дүрийг нь тодруулсан, хүний нүдэнд тусах, сайхан хийцтэй байх хэрэгтэй. Эгч нь тийм л хувцас хийхийг заалгасан, хийж сурах гэж хичээсэн. Одоо ч миний урласан зарим хувцсыг ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, эгч нь тэтгэвэртээ гарсан ч оёсон хувцас минь театртаа, жүжигтээ “тоглож” байгаа. Өөрийнхөө урласан хувцсыг хаанаас нь ч харсан танина, ашиглаж байгааг нь хараад баярладаг” гэв.
С.Оюунчимэг долоон хүүхэдтэй айлын гурав дахь нь гэнэ. Аав Н.Санжаажав нь барааны дэлгүүрийн даргаар олон жил ажилласан бол ээж Н.Магсаржав нь оёдолчин байжээ. Уран гартай, үйлчин ээжийнхээ мэргэжлийг тэр ийн өвлөсөн байна. Ээж нь охиноо “Хүнийг мөр бүтэн хувцастай явуулдаг сайхан мэргэжил сонгосон” гээд ажилд нь тун дуртай байжээ. 
     Тэрбээр “Аав минь намайг театрын хаалгаар хөтөлж оруулсан. Ээжийнхээ юм оёхыг харж өссөн учраас оёдлын цех надад ойрхон байсан байх. Эцэг, эх маань биднийг хийсэн ажилдаа хариуцлагатай байхыг зааж, үлгэрлэсэн. Манай гэр бүлээс гурав нь анх ажилд орсон газартаа тэтгэвэрт гартлаа тогтвортой ажиллаж, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Миний хань цэргийн хурандаа Д.Лхагвасүрэн гэж хүн бий. Бид дөрвөн хүүхдийн аав, ээж. Том охин Л.Туяажаргал Япон Улсын “Канаэ” компанид орчуулагчаар ажилладаг. Удаахь хүү Л.Баяраа циркчин, гэр бүлийнхээ хамтаар гаднын улсуудаар аялан тоглолт хийдэг. Дунд хүү Л.Баяржаргал нисэхийн инженер мэргэжилтэй, “Blue Ocean” компанийн захирал. Бага хүү Л.Отгонжаргал маань менежерээр ажилладаг. Бүгд л эзэмшсэн мэргэжилтэй, ажилдаа эзэн болж яваа” хэмээн гэр бүлээ танилцуулав.
 
    Улаан байшиндаа тэр Театрын Оюунаа. Үзэгчдийн сэтгэлд үлдсэн, жүжигчнээ олонд таниулсан сонгодог, сор бүтээлүүдийн хувцсыг урласан уран гартан юм. Гавьяаныхаа амралтад гарсан тэрбээр театрт тавигдаж байгаа бүх л жүжгийг зорьж ирж үздэг гэсэн. “Би энэ улаан байшиндаа их хайртай. Гэртээ байхаас илүү тухтай санагдах үе олон. Болж л өгвөл наашаа ирэх шалтаг хайна. Театртайгаа ойрхон байвал би хэзээ ч хөгшрөхгүй, мөрөөдлөөрөө жигүүрлэсэн 18-хан настай охин хэвээрээ байх юм шиг санагддаг” хэмээн инээмсэглэсэн билээ.

С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-19 20:50:45
    hha: ehlel etr ni yay geed bgan be hha. Vlgeriin ******** ymaa. tanai sait odroos odort dooshoo l ywj bn daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188