• Өнөөдөр 2025-08-19

"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ

         “Хүний ээж” киноноос хойш уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаагүй тэрбээр “Гарц-2” кинонд өөр өнгө төрх, өөрийгөө эвдсэн Рена хэмээх бүсгүйн дүрээр эргэн уулзлаа. Дүр бүхэн нь өөрийн гэсэн өнгө аяс, донж маяг, шинэ содны дотроос “Хэцүү анги” киноны адтай, сэргэлэн, багахан зальтай, дураар галзуу Зулаад үзэгчид илүү хайртай. Түүнээс өмнө тэр найруулагч Л.Энхбаярын “Халуун сэтгэл” киноны гол дүрд тоглосон нь анхных нь уран бүтээл. Араас нь ч  “Рашаантын 18”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Халуун зүрх”, “Наран мандах нутаг”, “Помогите нам-2” тэргүүтэй олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

       Эдгээрийн дотроос  “Рашаантын 18” кинонд хараагүй охин, “Атганд үлдсэн эрдэнэ”-нд эмэгтэй эрэгтэй хүүхэд, “Хүний ээж” –д хүчирхийлэлд өртөж буй хараагүй охины дүрийг гаргасан нь хүнд бөгөөд илүү чадвар нэхсэн болов уу. Ингээд харахаар дүр бүхэн нь А.Ганчимэг жүжигчний авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг сорьж, түмэн янзаар дэлгэн харуулжээ гэмээр. Түүний хувьд “Хувьсал” продакшнд уран бүтээлээ хийж байгаад Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгтэй хамтран “Аримун” продакшныг нээж, анхныхаа уран бүтээл болох “Халуун зүрх”-ийг үзэгчдэд хүргэсэн. Харин хоёр дахь уран бүтээл болох “Хүний ээж” киноны зохиолыг бичиж, Д.Ганцэцэг жүжигчин найруулсан байдаг.  Уран бүтээлчийн хувьд өөрийн бодож, санаж, битүүхэндээ дуугарах сан гэж бодсон сэдвээрээ кино зохиол бичиж, түүнийгээ үзэгчдийн өмнө дэлгэх хүсэл урлагт яваа хэн бүхэнд бий. Гэхдээ түүнийгээ биелүүлсэн нь цөөн. Тэр харин жүжигчнээр ажиллахынхаа хажуугаар киноны зохиол ч бичиж амжаад, өөрийн үзэл бодол, сэтгэл шингэсэн бүтээлийг үзэгчдэдээ хүргэж буй. Үүгээрээ юм бүхэнд хөрвөх чадвартай, өөрийгөө эрэлхийлж, эрснээ мөн илэрхийлж чаддаг уран бүтээлч тэр юм.

Тайзнаа ч цөөнгүй дүртэй, театрын уран бүтээлчдээс чамгүй суралцсан азтай нэгэн. Тухайлбал, “Тэмүүжин” жүжгийн Бөртэ, “Сарны цагаан цус”-ын бага хатан гэхчлэн дүрд тоглосон байдаг. Тэр театрынхаа тухай “Театраас гарсны дараа үгээ мартчихлаа гээд зүүдэлдэг байсан. Жүжиг үзэхээр сайхан мэдрэмж төрдөг” гэж ярьсан байдаг. Мэдээж өдгөө бол олон театртай болсон энэ цагт найруулагчид түүнийг тайзны нэгэн бүтээлд харж байгаа биз ээ. Харин одоо найруулагчаас оноосон дүр бүхнээ чадварлаг гаргаж, өөрийгөө үргэлж тодоор нээн харуулдаг түүний ээлжит нэгэн дүр нь “Гарц”-ын Рена байна. Хутга барин зогсох зэвүүн эмэгтэйн дүр А.Ганчимэг жүжигчнээс гарна гэдгийг найруулагч Ж.Саруулбуян онож олсон нь яах аргагүй үзэгчдэд сонирхолтой, шинэлэг байна.


"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188