Өвсний соргог, усны тунгалагийг даган нүүдэллэх нь малчдын амьдралын салшгүй нэг хэсэг. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээр малчдын нутаглах газар өдрөөс өдөрт хумигдсаар буй. Иймээс нэг нутаг усныхан байтугай, айл, саахалтууд хүртэл хоорондоо муудалцаж, хутга шөвөгтөө тулж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэргүүд цөөнгүй. Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд ч ийм хэрэг нэг бус удаа гарсан тул үүнийг аль болох шийдэхийн тулд оторчдыг аймгаар нь бүсчлэн, нэг газар өвөлжүүлдэг байна. Гэтэл Төв аймгаас ирсэн нэгэн оторчин зөвшөөрөлгүй буусан нутгийнхаа айлыг ад үзжээ. Өдөр нь тэд уулзаад, учраа олчихлоо гэж бодтол шөнө нь өнөөх эр согтуу ирээд, зуухыг нь өшиглөж, архи нэхсэн аж. Зөвшөөрөлгүй отрын бүсэд буусан айлынхан хэл ам гарахаас сэрэмжилж, авдрын ёроолд байсан ганц архиа гаргаж өгчээ. Гэтэл “Танай эхнэр сайхан хүүхэн юм. Манай туслах малчинтай унтуул” хэмээн дарамталсан гэнэ. Асуудал үүнээс хэтрэлгүй намжсан ч, энэ үйлдэл олон удаа давтагдахвий гэхээс сэргийлж Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Э.Тайванжаргал тус хэргийг шалгуулахаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандлаа.

Отрын бүс нутагт жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд малчдыг оруулдаггүй журамтай. Гэтэл үүнийг зөрчиж, удаа дараа Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт зусаж, намаржсан айлуудын нэг бол Хэнтий аймгийн Дэлгэрхангай сумын малчин Ц.Хүрэлбаатарынх. Тэднийх отрын бүс нутгийн Өвөрхана гэдэг газар өвөлжиж байв. Хууль, журам зөрчөөд байдгийнхаа шалтгааныг тэрбээр хоёр талтай хэмээсэн. Нэгдүгээрт, Ц.Хүрэлбаатарынд эндээс өөр газар очъё гэхнээ олддоггүй байна. Хоёрдугаарт, нүүе гэхээр бэлчээргүй, байгаа хэд нь усгүй, хайж хайж боломжийн газар олохоор нутгийн иргэд нь халгаадаггүй аж. Орон нутгийн хэмжээнд бэлчээрийн даац хүрэлцээгүй учир малчид тэр бүр зэргэлдээ баг, сумын малчныг газар нутагтаа нэвтрүүлэх хүсэлгүй. Тиймээс зөрчил гаргахаас өөр аргагүй гэнэ. Үл ойлголцлоос болж малчид хоорондоо муудалцаж, иргэний дайн болоход ч ойрхон байгааг тэрбээр ярьсан. Түүн шиг зөрчил гаргасан малчин Хэрлэнбаян-Улаанд 10 орчим бий. Э.Тайванжаргал мэргэжилтэн тэдэнд удаа дараа шаардлага хүргүүлж, улсын хэмжээнд анх удаа шүүхийн захирамжаар найман малчныг отрын бүс нутгаас албадан нүүлгэжээ. Энэ нь Улаанбаатар хоттой зүйрлэвэл газар чөлөөлөхтэй адил үйл явдал юм. Харин үлдсэн хоёр айлынх нь асуудал хараахан шийдэгдээгүй байгаа гэсэн. Хэрэг сунжирвал, тэдэнд зургаан сараас нэг жил хорих хүртэл арга хэмжээ авах аж. Ц.Хүрэлбаатар гуайд л гэхэд өнгөрсөн жил 7-14 хоногийн хугацаатай гурван удаа отрын бүс нутаг чөлөөлөх шаардлага тавьжээ. Тэрбээр тухай бүрт “За” гэдэг ганцхан хариулт өгдөг ч буцаад ирэхэд нөгөө л хэвээрээ буурин дээрээ байж байдаг гэнэ.
Албадан нүүлгэлтэд ажилласан хүмүүсийн цалин, хоол, унааны мөнгийг зөрчил гаргасан малчдаар төлүүлжээ. Ц.Хүрэлбаатарынх Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 2013 онд шилжиж ирсэн. Тэрбээр “Энд ирсэн эхний хоёр жил иймээ тиймээ асуудалгүй, нутаглаад байж болсон. Харин 2015 оноос шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, зуншлага, ургац ч муудан, бэлчээрийн асуудал үүссэн. Байнга хөөгдөх хэцүү юм. Төр засаг, манай сум, орон нутгийн удирдлагууд малчдаас “хол” байна. Биднийг эргэж тойрдоггүй, санал, хүсэлт сонсдоггүй. Хааяа нэг хурал болох тухай дуулгадаг ч очих зав байдаггүй. Жил бүр хөөгдөж, буух газаргүй болдог, энэ асуудлыг шийдэж өгөөч” хэмээсэн. Тэрбээр ажлаа хийж байгаа хүмүүсийг эсэргүүцээгүй ч отрын бүс нутагт орохоос өөр аргагүй байсан гэдгээ учирлалаа. Тэднийх хүний өөрийн нийлсэн 1000 гаруй бог малтай. Аймгийн сайн малчны хүү тэрбээр 15 наснаасаа мал маллах ухаанд сурчээ. Том хүү нь аавынхаа туслах адуучин гэсэн. Үүнээс гадна нэг туслах малчинтай бөгөөд түүнийг Ц.Тосонбаяр гэдэг. Тэрбээр Завхан аймгийн харьяат. Эднийд туслах малчин хийгээд гурван жилийн нүүрийг үзэж буй. Өнгөрсөн жил эхнэртэй болж, тусдаа гарчээ. 200 гаруй толгой малтай бөгөөд мал төллөлтийн үеэр төлийн 10 хувийг урамшуулал болгон авдаг гэсэн.
Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутаг хойноос урагш 75 км, зүүнээс баруун 70 км үргэлжилдэг, гурван сумын бүс нутгийг хамардаг. Тус бүс нутагт энэ жил 338 айлын хонин толгойд шилжүүлснээр 308 мянган мал өвөлжиж байгаа. Отрын бүс нутгийн иргэд хил залгаа өөр аймгийн иргэдтэй худ ураг болох нь элбэг учраас шөнө оройн цагаар тэдэндээ зам зааж, отрын нутагт нэвтрүүлж, өвөлжөө, бууц заадаг тохиолдол тасардаггүй гэнэ. Гэтэл бүхэл бүтэн сумын газар нутгаас ч том хэмжээтэй энэ бүс нутгийн оторчдод хууль, дүрэм журам сахиулах үүргийг ердөө хоёрхон мэргэжилтэн хүлээдэг. Тэд зөрчил гаргасан малчдыг хар жагсаалтад оруулах болжээ. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан, холбогдох хууль, журам мөрдөөгүй оторчид дахин отрын бүс нутагт орох эрхгүй болсон гэсэн үг. Энэ ажлыг мөн цахимжуулсан бөгөөд зөрчил гаргасан айлуудын нэрс отрын бүс нутагт өвөлжих айлуудын тоонд хэзээ ч орохгүй гэнэ. Одоогийн байдлаар отрын бүс нутагт өвөлжиж байгаа нийт айлын 40 нь хар жагсаалтад оржээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай. Учир нь оторчид хавар нүүхдээ хүрээлэн буй орчноо цэвэрлэхгүй, заасан хугацаанд бүс нутгаас нүүхгүй бол мөн л хар жагсаалтад нэрээ бичүүлнэ. Оторчдод түр зөвшөөрөл олгохдоо энэ талаар нарийн танилцуулж, айл бүрт тайлбарлажээ.
М.Галхүү бол Хэрлэнбаян-Улааны унаган иргэн. Тэрбээр “Отрын бүс нутагт нэг үе олон айл “чихдэг”, хэн дуртай нь ирдэг байсан. Харин манайх шинэ мэргэжилтэнтэй болсноор энэ байдал нэг үеэ бодвол намжлаа. Манайх 1000 орчим малтай. 2009 оны зуднаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу отор хийсэн. Хоёр жил болоод ирэхээр төлөвлөсөн ч эхний хоёр жилдээ орчинтойгоо танилцаж, гурав дахь жилээс нь хүмүүстэйгээ дотноссон. Ингээд нэг мэдэх нь ээ, найман жил болчихсон байлаа. Харин 2017 онд зуншлага тааруу болсноор нутагтаа ирж, энэ бууриндаа өвөлжөөд хоёр дахь жилдээ болж байна” хэмээв. Өмнөх айлууд хэзээд нүүхэд бэлэн төмөр хашаатай бол эднийх харин модон хашаатай, модон жорлонтой байсан юм.

Үлийн цагаан оготно бол малчдын хамгийн том дайсан. Өмнө нь уулын хярын өвсийг иддэг байсан оготно оройн хэсгийг ч идэх болсон гэдгийг малчид ярьж байлаа. Түүнчлэн үндсийг нь ухан, юу ч үлдээлгүй идэх болсон гэнэ. Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг үлийн цагаан оготноос салгахын тулд 2018 онд 15 мянган га газрыг хамруулж, 24 сая, өнгөрсөн онд мөн ийм хэмжээний газар 37.5 сая, нийт 61.5 сая төгрөг төсөвлөсөн ч энэ ажил үр дүнгээ өгөөгүй гэнэ. Учир нь анх устгал хийсэн газраасаа дараагийн устгалыг үргэлжлүүлэх байтал шал өөр газар устгал хийжээ. Мөн малчдыг энэ ажилд төдийлөн дайчлаагүй аж. Түүнчлэн хүн хүч цөөдсөн, оготно устгах нэрээр, халамж хэлбэрээр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах ажил болон хувирсныг малчид шүүмжилж байлаа. Хэрэв дахин цас орвол Хэнтий аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй сум үлдэхгүй гэнэ.
| Хаалгаа дотроос нь “түгжсэн” Хэрлэнбаян-Улааны отрын бүс-II |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |