• Өнөөдөр 2025-06-08

ОНЫ ОНЦЛОХ: ЭРГЭЛТ.МН САЙТЫН ҮР ДҮНД ХҮРСЭН БҮТЭЭЛҮҮД

2021-12-31,   377

      Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд тулгамдсан олон асуудлыг мэдээ, сурвалжилга, нийтлэлээрээ хөндөн сурвалжилж, шийдвэр гаргах албан тушаалтнуудад хүргэсэн. Тэгвэл манай нийтлэлийн мөрөөр үр дүнд хүрсэн бүтээлүүдээ танилцуулж байна.

SOS: ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ "АЛТАНТАРИА", "АТАР" ГУРИЛТАЙ ХОЛЬЖ БУЙ ХЭРГИЙН МӨРӨӨР...

         
Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-ээс түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нийслэлд сайжруулсан шахмал түлшийг “Таван толгой түлш” ХК нийлүүлж, иргэд шахмал түлш хэрэглэж эхэлсэн билээ. Гэвч өнгөрсөн жил угаарын хий нэмэгдэж, угаарын хийд иргэд олноороо хордсон. Үүний дагуу Эргэлт.мн мэдээллийн сайт цуврал сурвалжилга бэлтгэж, шахмал түлшний барьцалдуулагч бодисны оронд шахмал түлшний барьцалдуулагч бодисыг "Алтантариа", "Атар" гурилтай хольж байгааг илчилсэн билээ. Дээрх сурвалжилгын үр дүнд 
  • Таван толгой түлш компанийн удирдлагуудад АТГ тэргүүтэй холбогдох албаныхнаас санхүүгийн шалгалт явуулж, багагүй зөрчил илрүүлэн, дарга нарт нь хариуцлага тооцсон,
  • Дотоодод шахмал түлшний холигч бодисыг үйлдвэрлэх бүрэн боломжтойг мэргэжлийнхэн хэлсэн. Энэ нь өндөр үнээр БНХАУ-аас худалдаж авах шаардлагагүй гэсэн үг. 
  • Шахмал түлшний үнийг шат дараатай хямдруулсаар 75 хувиар бууруулаад байна. 

ӨДӨРЖИН ХАРААЛГАЖ, ЗОДУУЛЖ, ЭЛДВЭЭР ДОРОМЖЛУУЛАН, ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙХ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГУНИГТ ТЭМДЭГЛЭЛ 

        Улс, аймаг, сумдын наадам бүрээр бага насны хүүхдүүд хурдан морь унахдаа унаж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа. Энэ жилийн хувьд ковидтой байхад нийтээр тэмдэглэх баяр, наадмыг хориглосон хэрнээ хурдан морь уралдуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байсан. Иймд уяач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, эрхийг хамгаалахаар сурвалжлагын хоёр баг томилж, уяачдын галаас сурвалжилга бэлтгэнгээ унаач хүүхдүүдийн бодит дүр төрх, хөдөлмөрийн мөлжлөг, эрүүл мэнд, хоол, хүнсний байдал, сэтгэл зүй болоод бие махбодийн дарамт, цалин урамшууллынх нь талаар сурвалжлан хүргэсэн билээ. Сурвалжлагын үр дүнд
  • Засгийн газар улс, бүс, аймаг, сумын наадмыг хойшлуулсан. 
  • Унаач хүүхдүүдийн бодит байдлыг олон нийт мэдэж, цөөнгүй эцэг эх редакц руу холбогдон унаач хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигддөг, унаж, бэртсэн тохиолдолд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг, уяачдын олонх нь морийг нь унж байгаад бэртэж, гэмтсэн хүүхдүүддээ тусламж, дэмжлэг үзүүлдэггүй, цалин урамшууллыг нь өгдөггүй зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн. 

ОНОШЛУУР ТОЙРСОН ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СЭЖҮҮР БУЮУ ХӨСҮТ-ИЙН “МӨНГӨНИЙ ГАХАЙ”-НУУД 

      “Ковид-19” цар тахлыг илрүүлэх PCR  шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байсыг Эргэлт.мн мэдээллийн сайт ОНОШЛУУР ТОЙРСОН ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СЭЖҮҮР БУЮУ ХӨСҮТ-ИЙН “МӨНГӨНИЙ ГАХАЙ”-НУУД сурвалжилгаар хүргэсэн. Тодруулбал, “Коронавирус илрүүлэх пи си ар шинжилгээг хуурамчаар үйлддэг, ингэхдээ бусдаас хариу тус бүрт 62-80 мянган төгрөг авдаг. Ийм замаар хэдэн зуун хуурамч хариу гаргаснаас болж, цар тахал нийслэл, орон нутаг дахь хэдэн мянган хүнд халдварлаж, олон хүн амиа алдсан баримтыг бид олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний үр дүнд
  • ХӨСҮТ-ийн нэр бүхий долоон албан тушаалтныг АТГ тэргүүтэй хуулийн байгууллагаас шалгаж, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 
  • Оношлуур нь чанар, баталгааны хувьд олон төрөл байдаг, баталгаатайг нь гаднын болон дотоодын томоохон компаниуд, хувийн эмнэлгүүд бөөндөж авдаг, жирийн иргэдэд тэр бүр хүрэлцдэггүйг олон нийт мэдсэн. 

АРАБУУДЫН ӨРГӨСТ ТОРОН УРХИНД НЭВТ СҮЛБҮҮЛСЭН ШОНХРЫН ЭМГЭНЭЛ 

      Арабууд жил бүрийн намар  манай улсад ирж, үндэсний бахархалт шонхор шувууг барьдаг. Энэ талаар манай сурвалжлах баг Төв, Дундговь аймгийн сумдаар тав хоног явж сурвалжилга бэлтгэсэн. Шонхор шувууг хэрхэн барьж байгаа, түүнийг дагасан хууль бус үйлдлүүдийн бодит үнэнийг дүрсжүүлж, мөн гэрэл зургаар баримтжуулсан болно. Цөөн шонхор шувуу барих зөвшөөрөлтэй мөртлөө олноор нь барьдаг. Хууль бусаар барьсан шонхор шувуугаа шинжиж үзээд, гологдсон шувууны далавч, өдийг нь хайчилж, дахиж барихгүйн тулд ингэж тэмдэг тавьдаг, зүүтэй өргөст тор  бэлтгэж шонхор шувуундаа өгөөш хийж барьж байгаа, шувуудыг хэрхэн тамлаж, тарчлаадаг. Мөн шонхор шувууны өгөөш нэрийн дор хэдэн  мянган тагтаа, ногтрууг монголчуудаас хэрхэн худалдаж авдаг, нүдийг нь сохолдог, хөдөөгүүр шонхор барих нэрийн дор буутай давхилдаж, үдэш орой цэнгүүн хийж, баясан зугаацдаг гээд олон хууль бус болон ёс зүйн зөрчил  үйлдэгдэж байгааг баримтаар тогтоож, бодит мэдээлэл хүргэсэн.  Шонхор шувууг барих зөвшөөрөл нь улсын нууцад хамаардаг юм билээ. Үүний үр дүнд
 
  • Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалтыг орон нутагт хийж, хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоосон. Өөрөөр хэлбэл, 10 шонхор барих зөвшөөрөл авчихаад 40 гаруй шонхор барьчихсан, түүнийгээ хадгалж байсныг нь илрүүлэн зөвшөөрөлгүй барьсан шонхруудыг буцаан тавьсан байдаг. Мөн шонхор шувууны далавч, өд сөдийг нь тайрах, өргөст тор энд тэндгүй хаяж байсныг ч таслан зогсоосон болно. Дээрх сурвалжлагын үр дүнд  олон зуун шонхор шувуу  арабуудын гарт үхэж үрэгдэж байгааг таслан зогсоосон болно. 

ТЭРБУМ МОД ТАРИХ АЯН ХҮДЭР СУМЫН ЗУЛЗГАН НАРСАН ОЙГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА цуврал сурвалжилга

          Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих аян төдийгүй Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэх зориулалтаар уулнаас залуу нарс, хуш тэргүүтэй моддыг үндэстэй нь сугалан авчирч, шилжүүлэн суулгах ажил энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү эрчимжсэн. Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутгаас ихэвчлэн шилжүүлэн суулгах модоо бэлтгэж байсан тул бид Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас сурвалжилга бэлтгэсэн. Тус сумаас энэ жил таван компаниа өмнөх жилүүдийнхээс огцом их буюу тав дахин олон ширхэг модыг шилжүүлэн суулгахаар авч, явсан байсан. Ингэхдээ гэрээнд заасан, тусгай зөвшөөрөлд онцолсон аль ч заалтыг хэрэгжүүлээгүй буюу сугалж авсан нүхээ булаагүй, ойг сийрэгжүүлэх шаардлагатай газраас 5 метр хүртэлх өндөртэй нарс тэргүүт мод сугалах бус машин хамгийн ойр хүрч болох газраас залуу нарс, хуш тэргүүтэй моддыг хайр найргүй сугалж, булгалж авсан дүр зураг Хүдэр суманд хаа сайгүй байсан. Гэрээ байгуулсан компанийнхны харгис, хайр нйаргүй сэтгэлээс гадна орон нутгийн ой хамгаалагч, ойн ангийнхны хариуцлагагүй байдал нийлж, байгаль сүйдэхэд хүргэж байгааг, энэхүү зөвшөөрөлтэй сүйтгэл хараа хяналтгүй өрнөж байгаа зэрэг асуудлыг газар дээр нь очиж сурвалжилсан.  Үр дүнд нь
  • Мод шилжүүлэн суулгахыг Хотын менежер, БОАЖЯ-ны нэгэн мэргэжилтэн хоёрын санамж бичгийн хүрээнд л өнгөрсөн жилүүдэд зөвшөөрч, хэдэн мянган модыг шилжүүлэн суулгах нэрээр “хөнөөснийг” олон нийтэд хүргэсэн. 
  • Тэрбум мод тарих аяныг далимдуулан модны бизнес цэцэглэж, хамаарал бүхий компаниуд нь төрийн мөнгөөр тоглож байгаа эсэхэд хяналт тавьж эхэлсэн. 
  • Хүдэр сумын ойн ангиас манай сайтын редакц руу холбогдон “Энэ жилгэрээний хүрээнд шилжүүлсэн моддын суурь нүхийг бүгдийг зориулалтаар нь бөглөж дуусгалаа” хэмээн мэдэгдсэн. 

СУРАГЧ ОХИН БУСДАД БУУДУУЛЖ, АМИА АЛДСАН ХЭРГИЙН МӨРӨӨР

        ЕБС-ийн дэргэдэх дотуур байранд амьдарч байсан 17 настай охин сураггүй болсноосоо арав дахь хоног дээрээ бусдад буудуулсан байдалтай олдсон гэх мэдээлэл ЦЕГ-ын хоногийн мэдээллээр “17 настай охиныг найз залуу нь буудан хөнөөгөөд, өөрийгөө хөнөөсөн байж болзошгүй байдалтай олдсон” гэх утгатайгаар  цацагдсан. Иймд дотуур байранд, төрийн хамгаалалтад байгаа хүүхэд алга болоод 10 хоносон, бүр насанд хүрээгүй хүүхдүүд буу эзэмшиж явсан хэрэг үү хэмээн өглөөний шуурхай дээр ярилцан, сурвалжлах баг томилсон. 
  • Харамсалтайгаар амиа алдсан охины талаарх хэргийн мэдээллийг газар дээрээс нь, ойрын эх сурвалжуудаас нь мэдээлж, олон нийтэд ялангуяа хүүхдүүдээ дотуур байранд амьдруулж, сургаж байгаа эцэг, эхчүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгсөн. 
  • Сургуулийн захирал, ангийн багш, дотуур байрны багш, жижүүр тэргүүтэй хүмүүсийнх нь охинд хайхрамжгүй, үл тоосон, доромж байдалтай хандсан асуудлыг ил болгосноороо нийт Ерөнхий боловсролын сургуулийн орчинд ийм байдал байгаа юм биш биз гэх мессэжийг түгээж, эмх замбараа, хяналтаа сайжруулах сэрэмжлүүлэг болгож чадсан, сурвалжилгаараа. 
  • БШУ-ны сайд дотуур байрны багш, ажилтнуудын зан харилцаа болоод мэргэжлийн байдалд анхаарч, бодит ажил хийж эхлэхээ удаа дараа мэдэгдсэн. 
  • Эргэлт.мн мэдээллийн сайт БШУЯ, НХХЯ, ХЭҮК, ЦЕГ, ХГБЗХГ, сэтгэл судлаач, охидын эрхийг хамгаалах төв тэргүүтэй бүх талын оролцоог хангасан мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан “Дотуур байранд хүүхдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хэлэлцсэн.
  • Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн нийт 5 санал бүхий зөвлөмжийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ЕБС-ийн дэргэдэх дотуур байрны ялангуяа малчдын итгэж, найдаж хүүхдээ амьдруулж байгаа орчныг эрүүл, аюулгүй болгох асуудлыг бодлого, хөтөлбөр, зорилтдоо тусгахыг хүсэн гардуулаад байна. 

 ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР” 

        Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотой тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээдн Хэнтий аймгийн Батноров суманд Андлалын өргөө буюу түүх, дурсгалын цогцолбор газар байгуулахаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөшөө барьж эхэлсэн байдаг. Харамсалтай нь, тус хөшөөг барьж эхэлсэн даруйд олон нийт шүүмжилж, эхлүүлсэн ажлаа дуусгалгүй нураасан удаатай. Хачирхалтай нь, улсын төсвийн оруулалтаар эхлүүлсэн энэ ажлын ард эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхолын зөрчилтэй хэд хэдэн асуудал байсныг Эргэлт.мн сайт мэдээллийн сайт эрэн сурвалжилж, баримттай мэдээлэл хүргэсэн. Үүний үр дүнд Ерөнхий сайд болон түүний хамаарал бүхий хүмүүс төрийн тендерт хэрхэн хувааж, ялж байгааг олон нийтэд ил болгосон. 

    Дүүгийнхээ амийг авраад, амиа алдсан долоон настай охинд "Онцгой үйлстэн" медаль нэхэн олголоо

Өдийгөөс долоон жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр охин цасан шуурганд төөрч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Харин бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм. Дүүгээ аврахын төлөө тэмцсэн тэмцэл, цасан дундаас аав, ээжийгээ хайсан эрэл, ооны эвэр шиг ижилхэн хоёр охин үүр шөнийн заагаар хагацсан гэдэг.
 
      Энэ талаар манай сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам "ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ" нийтлэлээрээ хөндөн бичсэн билээ. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас дүүгийнхээ амийг авраад, амиа алдсан долоон настай охинд "Онцгой үйлстэн" медаль нэхэн олгож, эгчийнхээ ачаар амьд үлдсэн С.Хонгорзул охинд иж бүрэн тавилгатай, өргөө цагаан гэр бэлэглэж, гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
 

ОНЫ ОНЦЛОХ: ЭРГЭЛТ.МН САЙТЫН ҮР ДҮНД ХҮРСЭН БҮТЭЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 15:44:46
    Зочин: Танай мэдээллийг анхаарал тавин уншдаг болсон. Ирэх жилд илүү их амжилттай ажиллахыг хүсье. 2022 оны эхний сэдэв Үл хөдлөх хөрөнгийн бүртгэгч нарын албан тушаалаа ашиглан хууль бусаар мөнгө олдог тухай эрэн сурвалжлаарай. Захын хүн тэднийг хэлээд өгнө.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188