• Өнөөдөр 2026-06-30

ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

       Өнгөрсөн жил багш, эмч нар сарын сая гаруйхан төгрөгийн цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмүүлэхээр төв талбайд суулт зарласан. Улмаар улс даяар ажил хаялт зарлаж байж Засгийн газартай тохиролцож, цалингаа 20 хувиар нэмүүлэхээр тохиролцож байлаа.  Өнөөдөр эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлачихаад байна. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан “Цалин нэмэх төсөв байхгүй” гээд гэдийчихсэн, тэд ажилт хаялт зарлаад ч цалингаа нэмүүлж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 
 
Энэ мэтээр эгэл жирийн төрийн албан хаагчид сарын сая гаруйхан төгрөгийн цалингаа нэмүүлэх гэж жагсаж, суулт хийж, ажил хаяж байж арай гэж 10, 20 хувиар нэмүүлж байхад төрийн өмчит компанийн захирлууд сард 20-40 сая төгрөгийн цалин авч буй. Хамгийн гол нь, сард 20-40 сая төгрөгийн цалинтай төрийн өмчит компанийн захирлууд дандаа МАН-ын томчуудын тавиулууд байна. Өөрөөр бол, МАН-ын томчуудын туслах, зөвлөх, нутгийн дүү, найз нөхөд нь төрийн өмчит компанид захирлаар заларч, сард 20-40 сая төгрөгийн цалин аваад сууцгааж байна гэсэн үг. 
 
- “Чингис хаан үндэсний баялгийн сан”-гийн захирал Б.Даваадалай 20 сая төгрөгийн цалинтай. 
 
      Ерөнхий сайд асан Г.Занданшатарын татаасаар төрд орж ирсэн нутгийн дүү нарынх нь нэг. Дэлхийн банканд ажиллаж байсан гэх намтраар халхавчлан анх Сангийн сайд асан Б.Жавхлангийн зөвлөх болгосон. Зургаан сар ажиллуулаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болгож дэвшүүлсэн. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулиар Г.Занданшатар өөрөө Б.Даваадалайг дагуулаад Архангай, Өвөрхангай, Баянхонгор буюу 1-р тойрогт  нэр дэвшсэн ч хамтдаа унасан. Өнгөрсөн 2025 онд Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Б.Даваадалайг Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаараа томилсон. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” нэгдэл буюу шинэ нэрээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн захирлаар томилсон байдаг. 
- “Эрдэнэс критикал минералс” ТӨХК-ийн захирал Д.Мөнхсайхан 44 сая төгрөгийн цалинтай. 
 
     Мөн л Ерөнхий сайд асан Г.Занданшатарын татаасаар төрд орж ирсэн нутгийн дүү нарынх нь нэг. Тодруулбал, Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2018 онд Д.Мөнхсайханыг төрд татаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал, ТУЗ-ийн гишүүн болгон дэвшүүлж байлаа. Улмаар Д.Мөнхсайханыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хоёр жил ажиллуулаад, 2020 онд Баянхонгор аймгийн Засаг дарга болгосон. 2020-2024 онд Г.Занданшатар, Д.Мөнхсайхан хоёр Баянхонгорт тендерээр хоршиж, түрийвчээ түнтийлгэцгээснийг дурдах нь зүйтэй. Ганцхан жишээ дурдахад, Г.Занданшатар 2024 онд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 54.1 км авто зам тавиулахаар улсын төсөвд 66.4 тэрбум төгрөг суулгаж, тендерийг нь Д.Мөнхсайхан “Их богд зам” ХХК-аараа авч байлаа.
 
Ингээд 2024 онд Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар улиран томилогдсон. Гэвч өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатарын зөвлөхөөр нь ирсэн. Бүхэл бүтэн аймгийн Засаг даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатарын зөвлөхөөр ирсний цаад шалтгаан өнгөрсөн дөрөвдүгээр сард ил болж, “Эрдэнэс критикал минералс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оргил 24.5 сая төгрөгийн цалинтай. 
 
      Ерөнхий сайд Н.Учрал СЗМЗХ-ны Ерөнхийлөгч байхдаа Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаараа ажиллуулж байсан. Дараа нь 2021 онд Н.Учрал өөрийн “Yes Mongolia” ТББ-ын тэргүүнээр ажиллуулсан. Ингээд Н.Учрал ЦХХХ-ны сайд болмогцоо Б.Оргилыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын даргаар томилсон. Улмаар Н.Учрал 2024 онд ЗГХЭГ-ын дарга болмогцоо Н.Оргилыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын захирал болгосон. Ингээд өнгөрөгч тавдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар шилжүүлж, Б.Оргилыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болгосон байдаг. 
- “Барилгын хөгжлийн төв” УТҮГ-ын захирал Д.Мөнхбаатар 21 сая төгрөгийн цалинтай. 
 
       УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын гарын хүн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг Төв аймгийн Засаг дарга байх үед Д.Мөнхбаатар орлогчоор нь ажиллаж байсан. Улмаар 2020 онд Ж.Батжаргал УИХ-ын гишүүн болж, Д.Мөнхбаатар түүний халааг авч Төв аймгийн Засаг дарга болж байлаа. Цаашлаад, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Мөнхбаатар хоёр “Төв аймгийн морин спорт уяачдын холбоо”-г 2018 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн хурдан морины хобби нэгт ах дүүс. Тиймдээ ч Д.Мөнхбаатар Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалтай мөртөө Улаанбаатарт “Барилгын хөгжлийн төв” УТҮГ-ын захирлаар давхар ажиллаж буй. 
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа 20 сая төгрөгийн цалинтай. 
 
      Хотын дарга асан Т.Билэгтийн хүү гэдгээ төр, түмний эчнээ танил. Тэр 2016 оны сонгуулийн дараа “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, 2019 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр тус тус дэвшиж, 2023 оноос “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК- гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа.

ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188