• Өнөөдөр 2026-06-29

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА

        Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэх, тэгэхдээ электрон тамхинаас онцгой албан татвар авах асуудал төрийн түшээдийг талцуулав. Тэр байтугай, электрон тамхинаас онцгой албан татвар авах заалтыг санаачилсан УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг ордны өрөөнд  нь “Чамайг хэн ч биш болгоно, хэрвээ татвар тавьбал чинь хар зах зээл үүсгэнэ” гэх зэргээр дарамталж, айлган сүрдүүлсэн тохиолдол ч гарав. Товчоор бол, электрон тамхины бизнесийнхэн татвар төлөхгүйн тулд төрийн түшээдийг “лоббидох” хэмжээний нөлөөтэй, цаашлаад хууль санаачлагчийг нь айлгах сүрдүүлэх хэмжээний хүчтэй байна гэсэн үг. 
 
Электрон тамхи импортлогч 20 компани байдаг ч энэ зах зээлд хоёр том тоглогч бий. Тодруулбал, электрон тамхины зах зээлийн 52 хувь буюу талыг нь алдарт “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийн хүү Э.Энхбаярын “Электрон гаджет” ХХК атгадаг. Харин нөгөөх нь, электрон тамхины зах зээлийн 19 хувийг атгадаг “Эм Эн иновэйшин глобал смарт технологи” ХХК гэж бий. Энэ компани өнгөрсөн 2025 онд л гэхэд 955 мянган ширхэг электрон тамхи импортлож, худалдаалсан мэдээлэл бий.  
 
       Тэгвэл “Эм Эн иновэйшин глобал смарт технологи” ХХК-ийг Батбаатарын Жавзандулам гэх 30 нас хүрч яваа эмэгтэй эзэмшдэг. Товч танилцуулбал, Б.Жавзандулам  нь 2013 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын “Хүмүүн” сургуулийг, 2017 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг, 2020 онд Хятадын Capital normal university-г Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн. Улмаар “Эм Эн иновэйшин глобал смарт технологи” ХХК-ийн Ерөнхий захирал болж, электрон тамхины зах зээлийн хоёр том тоглогчийн нэг болсон байгаа юм. 
           Гол нь, “Эм Эн иновэйшин глобал смарт технологи” ХХК-ийн эзэн Б.Жавзандуламын хадам аав нь Г.Нямдаваа гэж хүн бий. Хадам аав Г.Нямдаваа нь Ардын намаас албан тушаалын авлагатай мэт аашилж, АТГ-ын хаалгыг ч олон онголзуулж явснаараа олноо зартай нөхөр. 
 
Тодруулбал, Г.Нямдаваа 2000 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Ховд аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Төрийн ордонд дөрвөн жил тухлаад, 2004 онд Ховд аймгийн Засаг даргаар томилогдож, 2012 хүртэл бүтэн найман жил засагласан. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймагтаа МАН-аас нэр дэвшээд унасан. Сүүлд, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байв. 
       Харин хэргүүдийнх нь тухайд, Г.Нямдаваа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, аймгийнхаа Хөгжлийн сангаас одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Баруун монгол интернэшнл” ХХК-д 350 сая төгрөг шилжүүлсэн хэргээр 2012 онд АТГ-ын хаалга татсан. Тухайн үедээ Г.Нямдаваагийн эл хэрэг дуулиант сэдэв болж, хэвлэлүүдийн эхний нүүрэнд заларч байсан. Дараа жил нь Г.Нямдаваагийн шүүх хурал нь товлогдлоо, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэдээллүүд гарч байсан ч төдөлгүй мартагдсан байдаг. 
 
       Дараа нь, 2018 онд Г.Нямдаваа дахин АТГ-ын хаалга татаж, яллагдагчаар татагдсан. Тодруулбал, Г.Нямдаваа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Агаарын бохирдлыг бууруулах төсөл”-өөс “Гранд повер” ХХК-д 1.9 тэрбум өгсөн хэргээр ийнхүү яллагдагчаар татагдсан. Улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Г.Нямдаваагийн эл хэрэгт БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролыг нэмж яллагдагчаар бас л дуулиант хэрэг болж байлаа. Гэвч Г.Нямдаваа, Д.Оюунхорол нарын хэрэг эцэстээ хөөх хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болж байв. 
 
    Цаашлаад, Г.Нямдавааг Ховд аймгийн Засаг даргаар найман жил ажиллах хугацаандаа Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг хятадуудад хувьчилсан, Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Халзан бүргэтэйн газрын ховор элементийн ордын лицензийг анх олгуулсан гэх мэт олон хэл ам дагадаг. Гэсэн ч Г.Нямдаваа “Би Ховд аймгийн Засаг дарга байсан хүний хувиар Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордыг эсэргүүцдэг, ухахыг нь хэзээ ч дэмжихгүй” гэж хэвлэлүүдээр ярилцлага өгч ирсэн. Гэтэл өнгөрсөн онд Төрийн ордонд Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын нээлттэй сонсгол болж, Г.Нямдаваа гол гэрчээр дуудагдсан. Сонсголын үеэр Г.Нямдаваа Ховд аймгийн Засаг дарга байхдаа буюу 2005 онд Ховд аймгийнхаа иргэдийн өмнөөс Халзан бүрэгтэйн ордын лицензийг олгохыг дэмжиж гарын үсэг баримт ил болсон байдаг. 
 
        Энэ мэтээр дурдвал, электрон тамхины зах зээлийн 20 хувийг атгаж буй Б.Жавзандуламын хадам аав Г.Нямдаваа нь Ардын намд нэр, нөлөөтэй, АТГ-ын хаалга татсан ч төдөлгүй мултарчихдаг нэгэн гэдэг  нь тодорхой харагдаж буй байх. Магад, электрон тамхины компаниудын цаана энэ мэт төрд нөлөөтэй хүмүүс байдаг учраас татвар эсэргүүцэх хэмжээний том байдаг байж болох юм. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188