• Өнөөдөр 2024-05-12

БАЯЛАГ&ЯДУУРАЛ: КОНГО, ИСПАНИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ

2023-06-26,   1033

Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” буландаа эдийн засгийн гарц, байгалийн баялгаа ашиглаж амжилтад хүрсэн болон баялгаа цөлмүүлэн доройтсон хоёр орны түүхийг жишиж хүргэдэг. Тэгвэл “Эргэлт” сэтгүүлд зориулсан тусгай дугаартаа байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж чадалгүй хөрөнгө оруулагчдад алдаж, өөрсдөө эрх мэдлийн төлөөх иргэний дайн дэгдээсэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын муу жишээ болон дарангуйллын үеэс маш богино хугацаанд сэргэж, хүчирхэг эдийн засагтай орон болсон Испанийн Хант Улсын сайн жишээг хүргэе.

 

БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА БОЛЖ ДАЙТСАН БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН КОНГО УЛС

Конго нь 2,344,858 ам метр талбай бүхий Африк тивийн хоёр дахь том орон. Тус улсын түүх Бельгийн колони байсан үеэс эхлэх бөгөөд Африк тивийн томоохон соёлын өв тээгчдийн нэг хэдий ч улс төрийн хурцадмал байдал, эдийн засгийн хямралаас үүдэн буурай орны жагсаалтад багтсан байдаг.

Конго Улс байгалийн баялгаараа дэлхийн хамгийн баян орны нэгт тооцогддог аж. Олон улсын агентлагуудын хийсэн судалгаагаар тус улсын ашиглагдаагүй ашигт малтмалын нөөц 24 их наяд ам.доллароос давсан үнэлгээтэй гарчээ. Гэсэн ч байгалийн баялгаа ашиглаж чаддаггүй, улс төрийн хувьд хуваагдмал байдалтай байдаг Конго Улс дэлхийн хамгийн ядуу таван улсын нэг болоод байгаа юм.

                      50 гаруй жилийн турш колоничлолд байсан Конго 1960-аад оны үед тусгаар тогтнолоо олж авсан ч, удалгүй дотоод тэмцэл, улс төрийн зөрчилдөөн нь эхэлсэн байдаг. Улмаар 1990-ээд онд Конго Улс даяар иргэний дайн эхэлжээ. Дайны үед хагас Ерөнхийлөгчийн засаглалтай тус улсын хэд хэдэн төрийн тэргүүн бусдын гарт амиа алдаж байв. Иргэний дайны гол шалтгаан нь баялгийн эрх тэгш бус хуваарилалт, олон төрлийн шашны урсгалаас болсон гэж шинжээчид үздэг. Сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар Конго Улсын нийт хүн амын 50 хувь нь католик, 20 хувь нь протестант, 10 хувь нь кайлушуист, 10 хувь нь мусульман, үлдсэн нь бусад шашны итгэл, үнэмшилтэй байдаг гэжээ.

Конго Улс байгалийн баялгийн асар их нөөцтэйгөөс гадна дэлхийд цөөн үлдсэн Нирагонго нэртэй идэвхтэй галт уултайгаараа аялал жуулчлал, стратегийн томоохон голомт болдог. Гэсэн ч тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, урьд өмнө нь болж байсан иргэний дайны бараан түүхээс шалтгаалан дотоодын аж ахуйн нэгж, бизнесмэнүүд гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татахад хүндрэлтэй байдаг гэнэ.

               Бүгд Найрамдах Конго Улсад авторитар төрийн эрх мэдэл нь бүлэг хүмүүсийн гарт төвлөрсөн дэглэмтэй. Тус дэглэм дор 2005 оны дөрөвдүгээр сард Конго Улс Уул уурхайн тухай шинэ хуулийн төсөл баталжээ. 1965 оноос хойш хийсэн анхны өөрчлөлт болсон 2005 оны Уул уурхайн тухай хуульд гадаадын аж ахуйн нэгжүүд Конго дахь уул уурхайн ажиллагааг хянах дэглэм тогтоосон байна. Алмаз, алт, зэс, кобальт, цагаан тугалганы хүдэр, колтан, кофе, газрын тос зэрэг байгалийн баялагтай Конго Улсын уул уурхайн, үйлдвэрлэлийн магнат компани нь “African Metals Corp”, “Amani Gold”, “AngloGold Ashanti”, “ARC Minerals Ltd”, “Armadale Capital Plc”, “AVZ Minerals Limited”, “Banro Corporation”, “Eurasian Resources Group” зэрэг байна. Дээр дурдсан компаниуд Конго Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч, хамтран ажиллаж байгаа ч Засгийн газарт улсад нь хэрэгжиж буй нийт уул уурхайн төслийн 10 хүрэхгүй хувь нь хамаардаг аж. Мөн зарим судлаачийн онцолсноор Конго Улс гадаадын компануудтай байгуулсан гэрээгээ цуцалж, төслөө эргүүлэн татах боломжтой ч сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч компанитай хийсэн гэрээгээ цуцлаагүй гэнэ. Одоогоор албан ёсоор Конго Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын уул уурхайн 789 компани бүртгэлтэй байна.

 

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт дэлхий нийтэд ихсэж, тус автомашины аккуммуляторыг үйлдвэрлэхэд шаардагддаг кобальтын үйлдвэрлэл дэлхий дахинд эрчимжсэн. Үүнтэй холбоотойгоор кобальтын их хэмжээний нөөцтэй Конго Улсад гадаадын компаниуд очиж, кобальт олборлож эхэлсэн байдаг. Гэсэн ч тус улс дахь кобальтын олборлолт хүүхдийн эрх зөрчиж байгаа нь ил болж олон улсаас кобальтын экспортод нь хориг арга хэмжээ авчээ. Тухайн үед хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын мэдэгдсэнээр Конго Улсад нийт 40 мянга орчим хүүхдийг бичил уурхайд ажиллуулж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан аж.

 

Гурван жилийн өмнөх нэгэн судалгаагаар Конго Улсын нийт хүн амын 73 орчим хувь буюу 60 сая хүн өдөрт ердөө 1.9 ам.долларын орлоготой ажиллаж байгааг тогтоожээ. Мөн дэлхийд нэн ядуу гэсэн бүртгэл, данстай болсон зургаан хүн тутмын нэг нь Конго Улсын иргэн байдаг аж.

 

ХАМГИЙН БУУРАЙ ОРНООС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЧДИЙН НЭГ БОЛСОН ИСПАНИЙН ХАНТ УЛС

Испанийн Хант Улс нь 505,990,000 ам метр талбай бүхий Европын баруун өмнөд хэсэгт оршдог орон. XX зууны үед улс даяараа дарангуйлалд өртөж, эдийн засгийн зогсонги байдалд орсон Испани маш богино хугацаанд хөгжиж, эдийн засгийн хувьд хөгжингүй орон болсон том жишээ улс юм.

Испани өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португалтай хил залгадаг. XVI-XVII зууны эхэн үе хүртэл Испани Европын хамгийн хүчирхэг гүрэн байв. Гэсэн ч тэр цагаас хойш олон жил үргэлжилсэн дайнтай холбоотойгоор их гүрний хүч суларч, өнгөрсөн XX зууны түүхэнд үлдсэн хамгийн буурай орнуудын нэг болоод байв.

                XX зуунд болсон Испани-Америкийн дайны үед Испани колони, эзэмшил газрынхаа дийлэнхийг алджээ. Мөн тухайн үеийн Испанийн цэргийн удирдагч байсан Мигель Примо де Ривера, Дамасо Беренгуэр нарын үед бүс нутгийн хэмжээнд цэргийн дарангуйлал үүсэж байсан нь Испанийн эдийн засгийг зогсоож орхисон гэж судлаачид үздэг.

 

Гэсэн ч 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор дахин ардчилал зарласнаас хойш XX зууны сүүлч үеэс Испанийн эдийн засаг хурдацтай сэргэжээ. Улмаар 1986 онд Европын холбооны гишүүн орон болсноор зөвхөн эдийн засаг гэлтгүй соёл урлаг, түүхийн судалгаа нь хөгжиж эхэлсэн байдаг.

 

Испанийн Хант Улсын эдийн засаг жилээс жилд бага хэмжээний өсөлт үзүүлж байсан ч макро түвшинд тогтворгүй байв. АНУ, Франц зэрэг орны хэд хэдэн том банк дампуурч, дэлхийн түүхэнд тохиосон хамгийн том уналт гэгддэг 2007 оны санхүүгийн хямралаас хойш Испанид 2008-2014 он хүртэл хямрал үргэлжилсэн. 2007 оны сүүлчээр хямралын үе эхэлснээс хойш Испанид 3.8 сая гаруй ажлын байр үгүй болж, ажилгүйдлийн түвшин 27.3 хувьд хүрсэн байдаг.

                 Тус улсыг эдийн засаг, санхүүгийн хямралаас гаргасан зүйл нь 2007 он хямралаас хойших үе үеийн Засгийн газрынх нь дэмжиж, шинэчилсэн Эвлэрүүлэн зуучлах тухай хууль болон Хөдөлмөрийн хууль юм байна. Хямралаас гарахын тулд Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийг батлахдаа иргэний эрхийг нь чөлөөтэй эдлүүлж, их, дээд сургуулийн болон мэргэжлийн боловсролтой иргэдээ тусгайлан ажилд зуучлах заалт нэмжээ. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулиндаа хүн долоо хоногт хамгийн дээд талдаа 40 цаг ажиллах, нэг өдрийн ажил дууссанаас хойш дараагийн ажил эхлэх хүртэл хамгийн багадаа 12 цаг өнгөрөх, ажлын өдөр хамгийн дээд талдаа зургаан цаг ажилласан бол 15 минутын завсарлага авах заалт ч нэмэлтээр оруулсан байна. Испанийн Хаант улс хөдөлмөрийн зах зээлээ сайжруулахын тулд эдийн засгийн үйл ажиллагаагаа ажлын байр зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай салбар руу чиглүүлснээр ажилгүйдлийн түвшнээ 13 хувь хүртэл буулгаж чадсан юм.

Өдгөө Испанийн Хант Улс дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг орнуудын нэг бөгөөд эдийн засгаараа дэлхийд 14-т жагсаж байна. ДНБ-ий өсөлтийн хурд нь 10.8 хувьд хүрч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1050 евро болжээ.

 

 


БАЯЛАГ&ЯДУУРАЛ: КОНГО, ИСПАНИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-27 09:13:07
    Зочин : Монголд авлигчин луйварчид засгийн эрхийг барьж байгаа учраас ядуу гуйлагчин хөгжилгүй яг Конго улстай адилхан юм байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188