• Өнөөдөр 2025-03-31

ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-I

2024-10-03,   728

Манай сайтад өмнө нь нийтлэл, тэмдэглэлээ ирүүлж, бидэнтэй хамтран ажилладаг байсан МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш “Аян зам бодол эргэцүүлэл” /2017 он/ номынхоо дараагийн нэгэн бүтээлийг хэвлэлд бэлтгэж буй юм байна. Мөн сүүлийн жилүүдэд хийсэн ярилцлагаараа бас нэг ном хэвлэхээр бэлтгээд байгаа гэнэ. Энэхүү хоёр номд орж буй аян замын цуврал тэмдэглэл, ярилцлагаа бидэнд ирүүлсэн юм. Туркийн талаарх нийтлэлийн эхний хэсгийг бид энэ удаагийнхаа дугаарт нийтэлж байна. МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Ишийн нийтлэлүүд долоо хоног бүрийн пүрэв гарагт уншигч танд хүрэх юм.


    ...Каираас гурван цаг гаруй нисээд Истанбулд бууцгаав. Туркийн гурван хотод нийтдээ арав хоногийн аялал хийхээр бид төлөвлөсөн юм. Турк орон бол монголчуудын хувьд ойр дотнын холбоотой орны нэг. Энэхүү холбоо нь хэдэн зуу, мянганы түүхтэй. Эртний энэ түүх, холбоо сүлбээний тухай Монголд ч, Туркт ч бас ярьж хэлэлцэх болжээ. Удам угсаа ойролцоо нүүдэлчин овог омгийнхон Монголын их тал нутагт эрт дээр цагт хамтдаа амьдран сууцгааж байгаад өнөөгийн  туркчуудын дээд өвөг болох хөх түрэгүүд нь Орхоны хөндийгөөс нүүж өнөөгийн Ази, Европ тивийн зааг нутаг усанд суурьшицгаасан түүхтэй аж. Тэдний ул мөр болох Хөх Түрэгийн Билгэ хааны бунхан, мэргэн сайд Тоньюкук, Куль Тегин жанжных нь гэрэлт хөшөө, эртний түрэгийн бичээс бүхий олон арван дурсгал Монголын тал нутаг, Орхоны хөндийд үлдсэн байдаг. Хэдэн зууны өмнөх түүхийн энэ улбааг бодохоор өнөөгийн туркууд манайхантай их л ойр дотно харилцаатай байхаар. Магадгүй социалист, капиталист хэмээх хоёр системд харьяалагдаж байсан тэр цаг үе манай хоёр улс үндэстэнд түүх, удам угсаагаа дээдлэн харилцаж холбогдох боломжийг нэг хэсэгтээ олгоогүй байж ч мэднэ. Тавин жилийн өмнөөс л ийм боломж олдож хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоогоод буй. Манай орон ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин хөгжсөн сүүлийн гучин жил хоёр орны харилцаа сүрхий идэвхжээд байна. Анкарад ч, Улаанбаатарт ч Элчин сайдын яамд ажиллах боллоо. Туркийн хамгийн том хот болох Истанбулд Монголын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна. Монгол, Турк иргэд хоорондоо визгүй зорчиж, Улаанбаатар, Истанбулын хооронд долоо хоногт гурван удаагийн нислэгтэй болжээ. Монголчууд Туркт олноороо ажиллаж, амьдарч байна. Нийтдээ таван мянга орчим иргэн тэнд байдаг гэх тоо байх юм билээ. Монголд ч туркүүд цөөнгүй тоогоор ажиллаж амьдардаг болоод буй. Туркийн хөрөнгө оруулалттай турк багш нартай сургууль манай нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад өндөр нэр төртэй ажиллаж байлаа. Энэ сургуульд суралцаж төгссөн олон арван залуус Туркэд явж суралцаж тэндхийн их, дээд сургуулийг амжилттай дүүргэж, тал талын мэргэжил, боловсрол эзэмшсэн мэдээлэл байдаг. Туркэд их, дээд сургууль төгсөөд нутаг орондоо ирж ажиллаж, бас их улс төр, бизнест хүч үзэж нэрд гарч яваа залуусыг ч манайхан мэднэ дээ. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Төмөрбаатарын Аюурсайхан, УИХ-ын  гишүүн асан, дараа нь Истанбулд Ерөнхий Консулаар ажиллаж байсан Энэбишийн Мөнх-Очир, мөн УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Равжихын Эрдэнэбүрэн нарын нэр миний санаанд байна. Туркийн сургалтын систем, Туркийн их, дээд сургуулийн нэр хүнд ч дэлхийд дээгүүр үнэлэгддэг гэх. Зүүн европ, Ойрхи Дорнодын их, дээд сургуулиудын дунд явуулсан судлагаагаар 100 шилдэг сургуулийн 12 нь Туркийнх, мөн дэлхийн шилдэг 500 их, дээд сургуулийн жагсаалтын 10 дугаарт Туркийн Их сургууль эрэмблэгдсэн байдаг аж. Одоо манай 183 оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр эдний их, дээд сургуулиудад суралцаж буй мэдээлэл байна. Тэд ч удахгүй төгсөн ирж улс орныхоо бүтээн байгуулалт, нийгэм, улс төрийн амьдралд дээр нэр дурдагдсан ах нараасаа илүү их амжилт бүтээл гаргахыг үгүйсгэмгүй. Дипломат харилцаа тогтоосон хагас зуун жилийн хугацаанд Монгол Туркийн төр засгийн харилцаа жил бүр өргөжин хөгжиж ирснийг ойрын түүхээс харж болохоор юм. Туркийг манай улс гадаад харилцаандаа АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны нэгэн адил “Гуравдагч хөрш” хэмээн тооцдог юм байна. Өнөөг хүртэл хоёр талын 100 гаруй гэрээ, хэлэлцээрийг байгуулаад буй юм билээ. Аялал жуулчлал хөгжүүлэхэд ч хоёр улсад боломж байна. Туркийн хүн амын 4-5 сая нь идэвхтэй аялал хийдэг, Турк улс өөрөө жилдээ хүн амынхаа талтай тэнцэх тооны жуулчин хүлээж авдаг гэсэн судалгаа байх юм билээ. Туркуудын хувьд Монгол орон нь тэдний өвөг дээдсийн өлгий нутаг, Түрэгийн соёл иргэншлийн ул мөр үлдсэн нутаг орон гэсэн онцлог буй. Энэ учир шалтгаанаар Туркийн аялал жуулчлалын байгууллагууд манайхыг сонирхож буй хэдий ч агаарын тээврийн тийзний үнэ өндөр, олон улсын нислэгийн тоо цөөн, дотооддоо дэд бүтцийн хөгжил дорой зэрэг хүчин зүйлсээс болоод ажил хэрэг төдий л амжилт олохгүй байгаа гэнэлээ. Иймэрхүү мэдээлэлтэй Турк орныг зорьж явна. Эдний аялал жуулчлалын том төв болох Анталья хотод гурав хоночихоод нийслэл Анкара, тэгээд хамгийн том хот нь болох манайхан олноороо ажиллаж амьдардаг Истанбулд хоёр хоноод, тэндээсээсээ шууд нислэгээр нутгаадаа буцна. “Каир-Анталья” гэх шууд нислэг байхгүй болохоор Истанбулаар дахин дамжаад л нисэх болсон юм. Эндээ хоёр цаг гаруй хүлээгээд Анталья ниснэ. Олон улсын терминалаас гарч орон нутгийнхад шилжин байж онгоцонд суух юм. Истанбулын онгоцны буудалд би хэдэнтээ бууж, ниссээр хаана, юу байдгийг нь мэдэхтэйгээ болчихоод буй. Хэд хоногийн өмнө үүгээр дамжиж Каирын нислэг хүлээж байхдаа нутгийнхаа хоёр залуутай таарч танилцаж билээ. Тэр тухай бичээгүй мартсанаа Антальяагийн нислэг хүлээж суухдаа санаж, утаснаасаа тэдний зураг, бас ярьсан хэлснийг нь сэргээж авсан юм.

Унгарын Будапештад суралцдаг оюутан Т.Чинзориг, Өмнөд Суданд алба хаадаг цагдаагийн албан хаагч Р.Батбилэг гэх хоёр сайхан залуу байсан юм, тэд. Дөрөв дэх жилдээ алба хааж буй цагдаагийн ахлах дэслэгч Р.Батбилэг амралтаараа ирчихээд албандаа буцаж буй гэж байсан. Найробын онгоц хүлээж буй гэсэн санагдаж байна. “Эхнэр, хоёр хүүтэйгээ хэд хоног хамтдаа сайхан амарч байгаад явж байна” гэж ярьж байв. Хүнд хэцүүхэн албанд хол газар зүтгэж буйгийнх  хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хоёр өрөө орон сууц худалдаж авах гэж байгаа гээд баяртай байна лаа. Эхнэрт маань ээж, эгч шигээ хандаж энэ тухайгаа дотночлон ярьж байхыг нь би хэрэгт дурлаад сонсчихсон юм... Энд тэнд аялж явахдаа амжилттай яваа нутаг нэгтнүүдийнхээ тухай аль болохоор бичиж тэмдэглэхийг хичээж байдаг нэгэн билээ, би. Истанбулын онгоцны буудалд таарсан хоёр бол хилийн чанадад Монголынхоо нэр төрийг өргөж яваа залуусын маань төлөөлөл гэх үүднээс ийн бяцхан тэмдэглэл  тэрлэв.

      Аялал жуулчлалын Анталья хотноо. Энэ хот нь Туркийн аялал жуулчлалын нийслэл гэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд энд ирэх аялагчдын тоо байнга өсч байгаа аж. 2018 оны байдлаар Турк Улс 45 сая жуулчин хүлээн авснаас 13.6 сая гаруй нь зөвхөн Антальяг зорьж ирсэн гэх судалгаа байдаг юм байна. Манайхны хувьд Анталья хот Анкара, Истанбулын дараа орохоор танигдсан хот юм. Бас аялж жуулчлахын хувьд ч тэр хоёрын дараа эрэмблэгддэг аж. Манайхны аялал жуулчлалын “Нью жуулчин турс”, “Ориг трэйвэл”, “Аэр маркет Холидэй” компанийнхан Анталья руу долоо хоногийн аялал зохион байгуулж цөөнгүй тооны иргэдийг тус хотын түүх дурсгалт газрууд, хотын эргэн тойрны үзэсгэлэнт сайхан байгальтай танилцуулаад байгаа юм билээ. Энэ компаниудын сурталчилгаа танилцуулга, аяллынх нь маршрут, хөтөлбөр ч цахимд байж байна. “Ориг трэйвэл” ХХК Улаанбаатар-Анталия чиглэлд шууд нислэгтэй багц аяллыг үйлчлүүлэгчдэдээ санал болгосон байх юм. Тус компани нь Анталья хотын таван одтой зочид буудлуудын TURSAB нийгэмлэг, Казахстаны SCAT Airlines компаниудтай хамтран ажилласнаар жуулчдын зорчих, буудаллах өртгийг хамгийн хямд түвшинд байлгах боломжтой гэж мэдээлсэн байна лээ. Дээрх компаниудын нэгнийх нь нэг өдрийн хөтөлбөрийг энд толилуулахад Анталья хот юугаараа анхаарал татдаг, юу нь монгол аялагчдад сонирхолтой болохыг ч мэдээд авч болохоор... “Өглөөний хоолны дараа хотын зүүн хэсгээр аялж, Дюден хүрхрээг үзэж зургаа авахуулна. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдаа хийнэ. Зөвхөн Туркт байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямдаар худалдан авах боломжтой. Өдрийн хоолны дараа “Хуучин хот”, “Улсын талбай”, эртний хотын бэлэг тэмдэг болсон “Йивлийн цамхаг” үзнэ. Хүсвэл Сэлчукийн үед баригдсан хамгийн эртний исламын шашны сүмд орж үзэх боломжтой. Оройн хоолоо зооглоод буудалдаа очиж амарна” гэжээ. Аяллын ийм группт хамрагдсан бол ихийг үзэж олуул хөгжилтэй сонирхолтой аялах байсан хэдий ч цаг хугацааны боломж таараагүй юм. Анталья хот нь эртний Ром, Визант, Османы эзэнт гүрний үеэс үлдсэн түүхэн дурсгалт объектуудаа хадгалаад орчин үеийн барилгажилтад өртүүлээгүй авч үлдсэн байдаг гэнэ. Грекийн Аполлоны сүм, амфитеатр, Йивлийн цамхаг зэргийг энд дурьдсан байх юм билээ. Түүнчлэн, “Хөвөн цамхаг” гэж нэрлэгддэг, ЮНЕСКО-гийн хосгүй өвүүдийн нэг Памуккалегийн байгалийн өвөрмөц тогтоцтой цогцолбор, алдарт Дюдены хүрхрээ нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын зорьж очдог гол газрууд хэмээн цахимд сурталчилсан байсан. Хотын хүн ам нь нэг сая, зуны улиралд нэг сая жуулчин нэмэгддэг гэнэ. Иймэрхүү урьдчилсан мэдээлэлтэйгээр Анталья хотод бууцгаав. Онгоцны буудал нь тохилог, цэвэрхэн юм. Дотоодын нислэгээр ирж буй болохоор хил, гаалийн хяналт гэж цаг алдсангүй, ачаагаа аваад л гадагш зүглэв. Хөлсний тэргээр хот руу явах тул 100 ам.доллар солиулж Турк мөнгөтэй болов. Египетийн онгоцны буудлын мөнгө сольдог цэг шиг муу заль гаргах хэн нэгэн энд байсангүй яг л  барууны соёлт ертөнцийн жишгээр нүдэн дээр минь Турк лирийг имэрч тоолж өгөөд л арагшаа эргэж квитанц баримтыг нь хэвлэх машинаас гаргаад гарт минь атгуулаад “Антальяд тавтай морилоорой” хэмээн ерөөв. Гарахад хөлсний тэрэг ч бэлээхэн байж байна. Буух зочид буудлынхаа хаягийг үзүүлээд л замд гарцгаав. Хот хүртэл 60 км гаруй гэнэ. Зам зуур барилга байшин төдийлөн харагдсангүй, харин жимс ногооны талбай л ойр ойрхон үргэлжлэх юм. Алсхантай хонь малтай хашаа, адууны жүчээ, наахантай нь манайхны тоомсог хэмээн нэрлэдэг өндөр зэгзгэр хэдэн сайхан морь идээшлэж харагдана лээ. Анталья хот, энэ муж эрчимжсэн хөдөө аж ахуйтайг нь замын зуурын энэ тохиолууд бэлээхэнээ илтгэх аж. Газар дундын тэнгисийн эргийг эмжисхийн хагас цаг гаруй давхиад хот ороод ирэв. Бидний захиалгат “Sea Life“ тодотголтой “Family Resort Hotel”-ч яг энэ Газар дундын тэнгисийн эрэгт юм.

Зургаан давхар, шил толь болсон тэнгис далай шигээ цэнхэр өнгөтэй өргөө байна. Таван одотын жишгээр л биднийг угтав. Бичиг баримтаа бүртгүүлээд өрөөндөө орж ирэхэд чемодан савыг маань ч оруулаад тавьчихаж. Шүршүүрт орж замынхаа ядаргааг арилгачихаад түр амсхийгээд оройн хоолонд орцгоов. Нэгдүгээр давхартаа хэд хэдэн зоогийн газартай юм. Бид багцаар төлбөрөө урьдчилаад төлчихсөн болохоор хоол ундны хувьд ямар нэг асуудал байсангүй. Орой өдрийн хоол нь сонголтоор, бас гашуун нясуун даруулгыг ч хүссэнээрээ хэрэглэх боломжтой аж. Хоёр зуугаад хүний суудалтай юм уу гэж миний барагцаалсан энэ зоогийн газарт оросууд олноороо үйлчлүүлж байна. Гэр бүлээрээ ч, бас найз хамт олноороо ч байх шиг. Ер нь Анталья нь орос иргэд олноор суурьшсан бүр Оросын сургууль, цэцэрлэгүүдтэй гэнэ. Коньяалти гэх далайн эргийн үзэмжтэй дүүрэг нилээд оросжсон юм байх. Эндхийн тансаг орон сууц байр байшингуудын ихэнхэд нь орос иргэд амьдардаг аж. “Матрёшки” гэх парк ч тэнгисийн энэ эрэгт байдаг юм байна. Антальяг орос хэлтэй амралтын газар гэж оросууд нэрлэдэг нь ч дэмий үг биш юм байх. Өмнө бидний аялсан “Шарма эйш Шэйх”-ийн зоогт хатуу архи огт байгаагүй юм. Энд харин “Водка” хэд хэдэн төрлөөрөө өрөөстэй, үйлчлэгч нь ч найрсгаар санал болгож байв. Оросууд л тэр хатуу ундааг дуртайяа татацгааж, дуу нь чангарч хөөр баясалтайхан байцгаана лээ. Бид улаан дарс, шар айраг төдийг сонгож байв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлсэн нь энэ зоогийн газрын хоол унднаас илт мэдрэгдээд буйг энүүхэн зуур өгүүлмээр санагдав. Бяслаг, цөцгий, аарц хоормог мэтийн цагаан идээ энд элбэг юм билээ. Орой үдэшдээ 00:00 цаг хүртэл үүдний хэсгийн бааранд сууж хүссэнээрээ дарс, хатуу юмаар үйлчлүүлж болно гэнэ. Нэг давхрын нөгөө нэг жигүүрт нь хүүхэд багачуудад зориулсан тоглоомын болон дуу хөгжмийн өрөө танхимтай юм билээ. Гэр бүлийн гэсэн тодотголтой зочид буудал юм болохоор хүүхэд багачуултайгаа амарч яваа залуус олон байх юм. Тэдний хоолны танхим ч тусдаа юм билээ. Нас насанд нь зохицох ширээ сандлуудтай юм. Эх эцэгтэйгээ хооллох нялхуудад зориулсан ширээ сандлын хуванцар хослолыг үйлчлэгч нь танхимд авч ирээд өгчих юм. Энэ зураг дээрх шиг нялхсын ширээ сандлын хуванцар хослолыг манайхны Блю фин зэрэг зарим зоогийн газар үйлчилгээндээ нэвтрүүлсэн байх нь бас ч гэж сайшаалтай...    

Хүүхдүүдийн танхимтай жигүүрт оройдоо багачуулд зориулсан концерт, шоу зохион байгуулж байх юм билээ. Зохион байгуулагч залуухан бүсгүй төгөлдөр хуур хөгжим тоглоод, орос, англи дуу дуулаад, бас оросоор ч яриад тэнд цугласан хүүхдүүдийг өөрсдийг нь дуулуулж бүжиглүүлээд хөөрхөн хөгжөөж буйтай би тааралдаж байв. Том, бага гэлтгүй бүх аялагч, үйлчлүүлэгч нартаа ийн анхаарал тавьж байж ор суудал ямагт бүрэн дүүрэн байдаг хамт олон байх энэ “Family Resort Hotel”-ийнхан гэх сэтгэгдэл төрж байв. Далайн эрэгт оршдог хэдий ч энэ буудал гаднаа том, бага хоёр усан сантай юм. Нэг давхраас шууд л тийш гарчихна. Доошоо хасах давхартаа сауна, массажийн үйлчилгээтэй юм. Буудлынхаа үүгээр түүгээр явж энэ бүхэнтэй танилцчихаад үүдний бааранд түр саатаж цагаан дарс, самар энэ тэрхэн хүртэж байгаад амарцгаав. Багцын үнэ өртөг нь хоногийн 178 ам.доллар, хоёр хүний хувьд боломжийн гэхээр. Өглөө цайлчихаад хоттой танилцахаар буудлынхаа хүлээн авахынханд хандав. Энэ үйлчилгээг нь узбек залуу эрхэлдэг юм байна. Хүршед Илмаз гэх гучаад насны энэ залуу Антальяд хорин жил амьдарч байгаа гэнэ. Нутгаадаа бараг явдаггүй, ойр дотныхон нь бас Анталия болон ойрхны хотуудаар суурьшсан гэх.

Жижиг автобус, суудлын хэд хэдэн машинтай, түүгээрээ энэ буудалд буусан аялагчдад үйлчилдэг юм байна. Өнөөдөртөө “Хуучин хот”-оор аялахыг бид хоёрт санал болгов. Зургаан хүний суудалтай жижиг автобус бидэнд гаргаж өгөв. Багцад ороогүй болохоор эдний үйлчилгээ тусдаа үнэтэй юм.Түрэг найз бүсгүйтэй африк залуу энэ аялалд бидэнтэй хамт явав. Арваад км давхиж тэр “Хуучин хот” хүрэх гэнэ. “Тэнд яг гурван цаг аялаад үдийн хоолондоо амжиж ирцгээнэ шүү” гэж Хурмеш бидэнд үүрэгдэв.

    Дюдений цэцэрлэгт хүрээлэнд. Мөнх цастай уулын зүг хэсэг давхиад бага шиг улаан тоосгон байр байшин үргэлжилсэн хороолол руу орж ирцгээв. Анталья хот тэртээ цайвалзах мөнх цаст уулс, энүүхэнтээ цэнхэртэх тэнгис хоёрын хооронд үргэлжлэн орших цэвэр цэмцгэр үзэсгэлэнт хот юм. Цас мөст уул, далай тэнгисийн дунд оршдог болохоор чийглэг зөөлөн уур амьсгалтай аж. Хоёр сарын эхээр аялж яваа бид нимгэвтэр хүрэмтэй явахад даарахааргүй, хурдтай алхахад халууцах талдаа юм билээ. Нэмэх хоёр гурван хэмтэй манайхны майн баярын дараах хаврын сүүл сарын өдрүүдийг санагдуулахаар нартай сайхан өдөр байв. Аяллын хөтөч жолооч залуу биднийг нэгэн сүмэрхүү байшинтай хашааны үүдэнд буулгаад яг гурван цагийн дараа эндээ уулзана шүү гэж дохиж зангаад одлоо. Хазгай муруй англи, орос хольсон үг ярианаас нь парк, цэцэрлэг гэх үгсийг ойлгож үлдлээ. Хашааны үүдэнд хэдэн тэмээ уяатай байна лээ. Тохош хэрэгслээс нь анзаарахад нэг бөхтэй тэмээ аж.

Аялагчид олонтой үед энэ үйлчилгээ идэвхждэг юм байх. Хашааны дотор л бидний үзэх үзмэр, тэр парк байх юм байлгүй. Хашааны гаднах энэ хэсэгт хаалганы хоёр талд хоёр метр орчмын урттай араатны хаан арслангийн яг нэг адилхан хоёр чулуун хөшөө өөд өөдөөсөө хараад хэвтэж байх юм. Элэгдэж эмтэрсэн байдлыг харахад энэ арслангууд нилээд хэдэн зууны настай болов уу гэхээр. Нэг арслангийнх нь ам, хамар бага шиг эмтэрч хэлтэрсэн байна лээ. Аялагчид ч эртний энэ хоёр арслангийн дундуур алхаж хашаа руу орох юм.

Үүдний мухлагаас орох тасалбар авав. Зургаан лир буюу манайхаар бол 2400 орчим төгрөгийн үнэтэй юм. Уулын түргэн урсгалтай гол дундуур нь урссан цэцэг ногоо, мод хадтай сайхан цэцэрлэгт хүрээлэн рүү бид ороод ирэв. Хэсэг уруудаж явтал гол горхины урсгал ширүүссээр хэд хэдэн хүрхрээ болон үргэлжилж хүүхэд багачууд, залуус  эргэн тойрноор нь баясан зугаалцгааж байв. Хавь орчных нь байгаль ч их өвөрмөц юм. Гол ус хүрхрэн бууж буй тэр хэсэг нь хоёр талаараа мод, хадтай уултай юм. Шатаар дээшилж доошилж хэд хэдэн хүрхрээ, уулын агуйнууд үзэж харж аялцгаав. Агуйнуудын чулуурхаг амсруудаас ус чийг дуслаад л байж байх юм. Доошлох тутам голын ус нэмэгдэж, урсгал нь ширүүсч хүрхрээний өндөр улам нэмэгдсээр байх юм билээ. Хүрхрээнүүд нь хоёр, гурван метрээс эхлээд л долоо, найман метр, хамгийн өндөр нь энэ хавьдаа 27 метр хүрч хүрхэрдэг аж. Манай Улаан цутгалангийн хүрхрээнээс гурван метрээр илүү байх нь. Хүрхрээнүүдийн ойр тойронд ууш зуушын цэгүүд ажиллаж байх юм

билээ. Нэг томхон хүрхрээний доохонтой хүрхрэн буух их усны гол дундах том царс модонд тавцан бэхлээд тэр тавцан дээрээ ширээнүүд засчихаж. Хоёр ч ширээнд залуус сууцгаачихсан дарс, шар айраг шимж яриа хөөрөө болцгоож харагдана лээ. Их л романтик, бас экзотик үйлчилгээ гэж хэлж болохоор, мэдээж үнэ өртөг ч өндөртэй байх. Шатаар доошилж гүүрээр хүрхрээ болон голын нөгөө эрэгт гарч болохоор юм. Гүүрний тэр хэсэгт зураг авахуулахад их зохимжтой юм. Голын эх хэсэг рүү харахад, хэд хэдэн хүрхрээ цуварч харагдах агаад гол усны баруун тал нь агуйтай хадат хясаа, нөгөө тал нь ой мод бургас багсайсан битүү шугуй. Залуус, хүүхэд, хөгшид энд янз бүрээр л зураг авахуулцгааж байв. Би бичлэг хийж, зураг авч яваад өөрийн зураггүй хоцорчих гээд байдаг юм. Залуухан хоёр бүсгүй энүүхэнд өөрсдийгөө янз бүрээр сээлфийдэж байлаа. Дуусах үед нь камераа тэдэнд сарвайж зураг дараад өгөхийг хүсэв. “Тэгэлгүй яахав...” гээд аль аль нь уриалгаханаар толгой дохиж камерийг минь авлаа. Нэг бүсгүй нь хоёулаа бол бүр “Ок” гэж хоёр хуруугаа гозойлгон айлгүйтэж байгаад надтай зургаа даруулчихлаа. Хар гивлүүр унжуулсан хаалттай бүсгүйчүүлийнхээс ялгарах орчин цаг үеийнхний төлөөлөл юм даа, энэ хоёр бүсгүй. Эндээсээ хөдөлж ойр ойрхон үелсэн шат гүүр дамжиж өгссөөр голын нөгөө эрэгт гарч аяллаа үргэлжлүүлэв.

Ойрхны сүүдрэвчид сууж түр амсхийж байтал бидэнтэй аялалд гарсан африк залуу тааралдлаа. Түүнтэй зургаа даруулчихлаа. Анкарад дээд сургууль төгсчихөөд нутгаадаа хараахан яваагүй байгаа Этиофийн иргэн юм байна, энэ залуу. Найз бүсгүй нь Измирийн уугуул түрэг аж. Унаа ирэх цаг дөхөж буйг нэг нэгэндээ сануулаад л аяллаа үргэлжлүүлцгээв. Хэд алхаад баахан булш бунхантай тааралдав. Гадна хаалгаар орох үед сурталчилгааны нэг самбарт “Томб” гээд биччихсэн байсныг би анзаарч хаахантай тэр нь байдаг юм бол гэж амихандаа хайж явсан юм, тэр нь энд байж таарлаа. Чулуун багана, боржин хавтан болсон арав шахам булш харагдав. Зарим булшийг нь ухаад авчихаж. Урт дөрвөлжин хэд хэдэн газар нүх үлдэж. Боржин чулуу, бетонон хучилттай хэд хэдэн булш наахантай нь бас байв. Ойр орчинд нь бичиг, тайлбар ч байсангүй, тэгээд ч бид хөтөчгүй яваа болохоор чухам ямар учиртай булш бунхан, харанхуй нүх болохыг нь төдий л ойлгосонгүй. Энэ зэрэгцсэн олон булш бунхны байр байдлаас харахад эртхэндээ энд оршуулгын газар ч байсан юм болов уу гэж бодогдохоор...

Аялагчдад зориулсан олон сүүдрэвч, сандлуудын нэгэнд түр тухалж утасныхаа цахимд орж энэ цэцэрлэг, оршуулгын газрын зарим зургаар мэдээлэл хайв. Энэ цэцэрлэгийг “Дюдений цэцэрлэг” хэмээн нэрлэдгийг мэдэж авав. Эндээс гучаад км-ийн алсад урсаж буй Дюден гол дээр усан цахилгаан станц ажилладаг юм байна. Хуримтлагдсан усных нь хэсэг нь усан хоолойгоор газар доогуур явсаар энд ирж нийлдэг аж. Алсад цэнхэртэх мөнх цаст уулсаас тэжээл авч урсдаг бага шиг горхиуд Дюден голд бас нийлж хүрхрээг улам их эрч хүчтэй болгодог аж. Дюден гол, энэ хүрхрээ доошоо 16 км урсаж, тэнгис рүү нийлдэг гэнэ. Оршуулгын газрын хувьд дараах мэдээлэл байв. Эндээс хориод км-ийн алсад Лирботон Коме гэх эртний хот хоёр мянган жилийн өмнө оршиж байж. Энэ хотын оршуулгын газар энд байсныг археологчид, эрдэмтэн судлаачид олж илрүүлж 1970-аад онд хотын захиргаа энд пикник хийх (хойтын хүндэтгэл) бага шиг асар сүүдрэвч, уушийн газар барьж эхэлснээр хожмоо энэ нь өргөжсөөр амралт аяллын бүс болж хөгжөөд байгаа юм байна. Эртний түүх, байр байдлыг нь хадгалах үүднээс хэсэг булш үлдээж бусдыг нь зөөж газрыг нь цэвэрлэсэн аж. Түүх болж үлдсэн хэсэг булштай нь сая бид ийн тааралдсан юм байна. Ер нь энэ  Анталья хот ч өөрөө бас эртний хот юм. Манай эриний 1100-аад оны үед байгуулагдсан түүхтэй юм билээ. Энэ үедээ Византийн хаан Иоанне II-ын мэдэлд байсан аж. Атталия, Адалия нэртэйгээр италичууд, османы түрэгүүд хоёр зуу гаруй жил ээлжлэн эзэмшиж байж. Османы эзэнт гүрний үед 1423 онд Түрэгүүдийн мэдэлд шилжин ирж одоогийн Анталья нэртэй болсон түүхтэй юм байна. Энэ цагаас Газар дундын тэнгис дэх Антальягийн усан боомт нь дорно, өрнийг холбох худалдааны ач холбогдол бүхий том цэг болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа буюу 1919-1921 онд Анталья хот түр зуур дахиад л италичуудад эзлэгдэж байж. Энэ үедээ Анталья хот Туркийн их хувьсгалч Мустафа Кемал Ататуркийн толгойлсон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд тэнгис далайн хамгийн чухал боомтын үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэнэ. Энэхүү хөдөлгөөн улмаар өргөжин хувьсгал болж ялахад Анталья хот ч буцаад Туркийн эзэмшилд иржээ. Тийм болохоор хувьсгалын их удирдагч Мустафа Кемал Ататуркэд зориулсан томоохон хөшөө цогцолбор эдний төв талбай, жуулчны гол гудамжуудад байдаг гэнэ... Цэцэрлэгт хүрээлэнгээр ийнхүү гурван цаг шахам аялаад хашааны үүдэнд гарахад  бидний унаа ч ирсэн байв...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

 

ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188