• Өнөөдөр 2025-04-02

ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-II

2024-10-10,   1136

  ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-I

    Монгол охин сэтгүүлчийн ангид нь сурдаг гэв. Үдээс хойш буудлаасаа хэдхэн алхаад далайн эргээр аялцгаав. Эрэг хавийн үйлчилгээ ч идэвхтэй юм. Ус ундаа, хоол цайны үйлчилгээ алхам тутамд л тааралдана. Сууж амрах болзох тохилог цэгүүд бас элбэг юм. Утас камер цэнэглэгчийг ширээ бүрд бэхэлчихсэн байх нь элдэв зураг авсаар байж аппарат хэрэгслийнхээ цэнэгийг амархан дуусгачихаад байдаг мань мэтэд тун тааламжтай ажгуу. Худалдаа үйлчилгээний цэгийн зай холдсон үед утас цахилгааны шонд цэнэглэгч байршуулчихсан байх юм билээ. Аялагчдаа, иргэдээ аль болох тав тухтай аялуулах, хэрэгцээг нь аль болохоор гачигдуулахгүй хангах гэсэн үйлчилгээний бодлого хандлага юм даа. Аялал жуулчлал хөгжүүлэх гэсэн бодлого чармайлтдаа манайхан анхаараасай гэж энүүхнийг өгүүлэв... Өвлийн сүүл сар хэдий ч тэнгисийн ус бүлээн дулаан байх аж. Ганц нэг чийрэг залуус биднээс алсхандуу сэлж харагдана лээ. Эрэг хавиар нь аялагчид алаглаад л бэлчиж байв. Уурга барьсан загасчид ч тэнгисийн захаар зогсож байх юм. Дуу хөгжим, хөзөр наадам, цай кофе болсон аялагч амрагчид эрэг хавийн элс хайрган дээр хэсэг бүлгээрээ тухалцгаасан байх юм. Тэдний нэг болох хар, шар, цагаан арьст таван залуустай тааралдаж танилцав. Орос үг яриа дуулдахаар нь ойртож очсон юм. Тажик бүсгүй, киргиз хүү хоёр хоорондоо ярьсан бололтой юм. Түрэг хос, өмнөд африк залуу тэдэнтэй найзалдаг юм байна. Анталиягийн их сургуулийн оюутнууд аж. Киргизээр аялж яваад ирсэн тухайгаа ярьж Уранбек гэх киргиз хүүтэй дотносов. Биднийг хэн болохыг сонирхон асууцгааж монголчууд гэдгийг маань сонсоод сургуульд нь сэтгүүлчийн ангид нэг монгол охин сурдаг гэж киргиз хүү, тажик охин хоёр ярив. Нэрийг нь санахгүй байна, оюутны байранд олонтоо тааралдаж мэнд мэдэлцэх төдий явцгаадаг гэж тэд ярьж байлаа. Байрандаа очоод асууж сураглаж байгаад утас хаягийг олбол танд мэдээлье гээд миний буудлын хаяг, утас, имэйл авсан юм. Тэдэнтэй зургаа авахуулчихаад далайн эргийн аяллаа үргэлжлүүлэв. Тажик охиныг нь Лэйла Алтиева гэдэг юм байна.

Анталья хот тэнгисийн энэ эргийг хорь шахам км эмжиж үргэлжилдэг гэнэ. Хуучин шинэ хоёр далайн боомттой юм. Дюден хүрхрээ үзэх үеэр хуучин боомттой нь танилцах боломжтой гэнэ. Ачаа тээврийнх нь Акдениз хэмээх 2014 онд ашиглалтад орсон том боомт арай алсдуу байдаг юм байх. Тэнд нь чөлөөт худалдааны бүс байдаг аж. Гадаадын аялагч жуулчдад голлон үйлчилдэг гэнэлээ. Зочид буудлууд, нисэх онгоцны буудлаас тусгайлсан автобус явж үйлчилдэг гэх мэдээлэл цахимд байв. Зочид буудалдаа ирчихээд Акдениз боомт руу манай энэ буудлаас тусгай автобус явдаг эсэхийг сурагласан чинь аялал жуулчлалын идэвхтэй улирал болох гуравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл энэ үйлчилгээ үргэлжилдэг, тэр хугацаанд л буудлаас автобус явдаг гэв. Өрөөндөө орчихоод өдрийнхөө фотог нөгөө киргиз оюутандаа илгээж монгол охины сураг гаргаж буй эсэхийг асуусан чинь, сайхан фото ирүүлсэнд баярлалаа, нэр хаягийг нь олохоороо танд илгээнэ ээ гэсэн хариу ирүүлэв... (Туркт байх хэд хоногт мэдээлэл авч чадсангүй, харин нутагтаа ирсний дараа сурагласаар тэр оюутан охины сургийг гаргасан юм. Намхайн Бямбагарав гэх охин Антальягийн Их сургуулийн сэтгүүл зүйн факультетийн төгсөх курст суралцдаг аж. Хожим сургуулиа төгссөнийх нь дараа түүнтэй Анталья хотынх нь тухай сайхан сэтгэгдлийг нь сонсож ярилцах боломж олдсон юм. Түүнийг тусад нь нийтлэх нь зүйтэй гэж үзээд буй).  

      Дюдений Хүрхрээ. Өглөөнийхээ цайнд орчихоод нөгөө Хүршед Илмаздаа хандаж хөнгөн тэрэг хөлөглөөд хуучин хотын зүг давхив. Жуулчдын үзэж харах гол үзмэрүүд тэр зүгтээ байдаг аж. Хуучин шинэ хот хоёрын хоорондох төв замын цэцэг навч болсон дугуй тойрогт хувьсгалчдад болон их удирдагч Мустафа Кемал Ататуркэд зориулсан хүрэл хөшөө үзэж сонирхов. Гурван талтай, талууд нь тус тусдаа хувьсгалт тэмцлийн үйл ажиллагааг урнаар илэрхийлсэн өгүүлэмжтэй юм. Буу сэлэм далайж, туг далбаа мандуулан ура хашгиран шийдвэрлэх тулалдаанд орж буй морин цэргийн дайчдыг магтан дуулсан сайхан цогцолборыг нэг талд нь урлажээ. Нөгөө нэг тал нь ялсан дайчид энхийн бүтээн байгуулалтын их хөдөлмөрт шамдан орж буйг үйлдвэрийн ажилчин, барилгачин, тариачдаар дүрслэн харуулжээ. Гурав дахь хэсэгт нь цэрэг дайчид, сэхээтний төлөөлөгч, ирээдүйн төлөөлөл болсон сурагч охид хөвгүүдийг хувьсгалын их удирдагч Мустафа Ататурк хүлээн авч үйл хэрэгт нь баяр хүргэн зөвлөлгөө өгч буй утга агуулагатай юм. Турк улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн гарын үсгийг энэ хэсэгт хүрэлдэн товойлгож урласан нь хөшөөний утга санаа, ур хийцийг улам бүр өргөж байна лээ. Доор нь их хувьсгалчийн хэлсэн үгийг түрэгээр бичсэн байв. Зургийг нь татаад авчихав. Мэдээж залуу үедээ улс орноо ирээдүйд сайн сайхнаар авч явахыг л зөвлөж уриалсан үг байх гэж таамаглав. Буудалдаа очиж байгаад нөгөө Хүршэд менежерт үзүүлээд орчуулуулаад авчихна гэж бодлоо. Гурван талт энэ хөшөөний оройд баруун гараа итгэл төгс өргөн өндөр лүү цоройж  буй морьт баатарын хөшөөг тусгайлан урлаж байршуулсан нь хувьсгалт тэмцэлд ялсан их удирдагч Мустафа Ататурк нь ард түмнээ, улс орноо сайхан ирээдүй өөд уриалан дуудаж буй хувьсгалт утгатай нь илт.

Анхны энэхүү Ерөнхийлөгчөө Анталья хотынхон мэдээж их дээдэлдэг аж. Дюдений хүрхрээ үзэхээр явж буй энэ зам талбайд түүний хоёр ч босоо хөшөө байв. Антальягийн усан боомтоор дамжуулан хөршүүдээсээ зэр зэвсэг, бусад бараа материалын дэмжлэг туслалцаа авч байсан болохоор энэ хот, тэнгисийн боомт ч түүнтэй холбоотой юм. Антальягийнхан ч түүгээр нь бахархаж хөшөө дурсгалыг нь барьж байгуулаад буй нь энэ байх... Хөтөч жолооч маань биднийг тэнгис рүү дөхүүлээд аялал жуулчлалын бүс болох нэг тохилог талбайд буулгалаа. Өчигдрийн бидний үзсэн нөгөө Дюден гол энд шуугин урссаар ирж байв. Голын дагуу модон хэрмэн хашлагатай юм. Аялагчид хэрмийг даган тэнгис рүү дөхөж байлаа. Бид ч засаж тохижуулсан замаар гол даган алхаж бага шиг хүрхрээ хоёр гурвыг үзэж харж явлаа. Тэнгис рүү ойртох тусмаа ус улам ихсэж яг эрэгт хүрэх тэр мөчид цагаан хөөс цахруулан шуугин хүрхэрсээр тээр доор ногоорон цэнхэртэх их ус руу нийлж байв. Хүүхэд багачуулаа дагуулж амарч аялсан, салхилсан хүмүүс ч энд олон. Туг дарцагтай хятад, япон жуулчид цуваагаар явж зураг хөрөг болцгоож байлаа. Дюден голын хүрхрээний өндрийг энд 40 метр гэж тэмдэглэсэн байв. Дюден гол, Дюдений хүрхрээ Газар дундын тэнгисийн их усанд ийн нэмэр хандиваа оруулдаг аж.

Хүрхрээ үзэх аяллаа өндөрлөөд эндээс холгүйхэн буй тэнгисийн хуучин боомттой танилцахаар тийшээ зүглэв. Тэнгис хавийн энэ өндөр эргээс цахилгаан шат руу боомт руу буудаг юм байна.  Шатны хажууханд гитартай залуу авьяасаа үзүүлж байх. Түүний гитардан дуулж  буй түрэг дуу чихэнд чимэгтэй юм. Тоглолтыг нь таашааж тав, арван зоосоор түүнийг урамшуулсан үзэгч аялагсад энүүхэнд нь тойроод зогсчихсон байна лээ. Хаа газрын гудамжны авьяастнууд амьдралаа ч, авьяасаа ч сайжруулангаа ингээд л зүтгэж байдаг даа. Зураг бичлэг хийж, хэдэн лир өмнөх саванд нь хандивлаад цахилгаан шат руу орцгоов. Найм, есөн давхар байшинтай тэнцэх өндрөөс буух шиг замыг цахилгаан шатаар туулан байж боомт руу гарлаа. Аяллаас саяхан буусан бололтой бага гарын хэд хэдэн модон хөлөг тэнгисийн эрэгт сойлттой, цаанаас нь тэр зиндааны нэг хөлөг дуу хөгжмөө хангинуулан, хөөрсөн аялагсдын дуу шуу цуурайтуулан бидний очиж буй эрэгт дөхөн ирж байв. Дээхэнтэй би Анталья хот шинэ хуучин хоёр усан боомттой гэж бичсэн дээ. Бидний одоо үзэж харж буй энэ боомт хуучин нь юм. Хоёр мянгаад жилийн өмнө буюу манай эриний 10-аад оны үед эртний Ромчууд энэ боомтыг барьж байгуулсан түүхтэй гэнэ. Боомтын энэ хавь нь хад чулуу болсон хуучны хэрэм цайзаар хүрээлэгдсэн байх юм билээ. Хөлгүүд нь ч хуучны гэх тэр өнгө аясаа дагасан юм байлгүй нилээдийнх нь их бие, хашлага хамар нь модон хийцтэй харагдана лээ. Тэнгисийн эргээрх ойрхны зарим хот, тухайлбал гучаад км-т оршдог Кемер хот руу ийм хөлгөөр аялах боломжтой аж. Мөн тэнгисийн эргээр хөвж Анталья хотыг танилцуулдаг маршрут байдаг юм байна. Аялал жуулчлалын идэвхтэй улирал биш болохоор өдөртөө цөөн хөлөг үйлчилж буй аж.

Маршрут хоорондынх нь цаг бас хол юм. Тиймээс бид энэ үйлчилгээг нь авч амжсангүй. Усан боомтын орчинтой зэрвэс танилцчихаад нөгөөх цахилгаан шатаараа дээшилж тэрүүхэнд байх кафед цай унд ууж түр тухлав. Түрүүхэн үзэж харсан эртний өнгө аястай усан хөлгүүд тэр доохонтой ярайж, тэнгисийн их ус орчин тойрноор нь  долгиотон цалгилах нь сэтгэлд таатай, тэгээд ч бас романтик юм. Туркууд ч ийм үйлчилгээгээ ухаалгаар бодож зохион байгуулах юм аа. Аялагч жуулчдыг ч үүгээрээ сайн татаж байх шиг.

Анталья хот жилдээ 13 сая жуулчин хүлээн авдаг гэдэг нь ч энэ менежментийнх нь үр дүн буй заа.       

    Мөнх цаст Тахтали-д. Өглөөний цайнаас гараад Хүршед Илмазтайгаа уулзаж уулын аялалынхаа талаар ярилцав. Газар дундын тэнгисийн баруун хойт талыг чимэглэн сүндэрлэдэг Таврын нурууны нэгэн салбар болох Тахтали уул руу би аялах гэж буй юм.Хамтран аялж, зардал хуваалцах хань олдвол сайн байна  гэж өчигдөр орой түүнд захиж байсан юм. Тийм хүн олдсонгүй гэж байв тэр. Тэгээд л ганцаараа хөнгөн тэрэг хөлслөхөөс аргагүй болов. Уул хүртэл 65 км юм. Цас мөст Олимпос оргил нь далайн түвшнээс дээш 2365 метрт оршдог. Энэ оргил руу агаарын утсан замаар гарна. Аяллын зардал болох 90 ам.долларыг Хүршедийн мухлагт төлчихөөд унаандаа сууж замд гарлаа. Тэнгисийн эргээр давхиж, зам зуурын хот тосгон, барилга байшин, замын баруунтайд дүнхийх бага шиг уул нурууд, хад хавцал, хүглийн ногоорох ой мод гээд хүн, байгаль хоёрын бүтээсэн  гайхамшгийг хоёр тал руу нүд бэлчээн харж сэтгэлийн таашаал эдэлж явав. Тэгээд л тэнгисийн эргээс холдож ой хөвчийн хөндий суга, өгсөж давхисаар бага шиг уулын тагт дахь эхний бааз дээр ирэв. Эндээ цас мөсгүй, нов ногоон юм. Үйлчилгээний цэлгэр танхимтай том шилэн байшинтай юм энэ бааз. Байшингийн үүдэнд  “Sea to Sky” гэсэн бичээс бүхий том самбар байв. “Тэнгисээс тэнгэр лүү” гэх энэ сурталчилгаа энэ баазын үйл ажиллагааг бүрнээ илэрхийлнэ. Бааз байрлаж буй энэ уул цас мөсгүй, ой мод нь нов ногооноороо юм. Бидний гарах “Олимпос” хэмээх тэр оргил үүл манантай орон зай булаацалдан тээр дээр цайвалзаж байв. “Олимпос” хэмээх нэр нь олон зууны өмнө грекүүд энд амьдарч байсантай холбоотой гэнэ. Жолооч хөтөч Демир маань үйлчилгээний танхимд намайг бүртгүүлээд л оргил руу аялах асуудлыг шийдчихэв. Хурмешийн мухлаг эднийхэнтэй байнгын гэрээтэй ажилладаг биз. Хамтрах аялагчид маань хөлгийн бүхээг нээгдэхийг хүлээгээд дараалалд зогсчихож. Яриа хэл, байр байдлыг нь ажихад нутгийнхан болон япон, хятад, солонгосууд байх шиг. Би төдий л яарсангүй, танхимын хана дахь зураг мэдээллийг эргэж тойрч сонирхов. Бидний аялах утсан замын бүхээг 80 хүний багтаамжтай юм. Энэ багтаамж, даацаараа дэлхийд тэргүүлдэг юм байна. Доод станцаас дээшээ хүрэх өндөрлөг нь 1600 метрт оршдог юм байна. Бүхээгийн нэг талдаа аялах хугацаа нь 10 минут, нэг хүний зорчих үнэ 14 ам. доллар гэнэ. Тахтали уулан дахь утсан замын энэхүү байгууламжийг “Олимпос Телеперик” хэмээн нэрлэдэг аж. “Олимпос Телеперик”-ийг Австри, Швейцарийн “Доппелмэйр” хэмээх хамтарсан компани 2007 онд барьж байгуулсан юм байна. Иймэрхүү мэдээлэл үзэж харж явтал сууж аялах агаарын автобус маань уулнаас утсан замаараа буугаад ирлээ. Удаж төдөлгүй автобус дүүрэн хүн уул дамнуулан татсан бүдүүн төмөр утсанд дүүжлэгдэн цаст оргил руу хөдлөв. Бидний хөлгийн цонх том, цэлгэр юм. Хөлөг маань суудалгүй тул аялагчид зогсож явна. Ой мод, уул хад тэр доор хөвөрч өнгөрнө. Алсхантай харагдах цаст уул тээр дээрээс бага багаар бидэн рүү дөхнө. Зорчигчид доошоо ч дээшээ ч зураг аваастай. Хөлөг ямар ч донсолгоогүй жигд хурдаар явах тул нэг талын цонхноос нөгөө рүү очоод зураглах бол огт асуудал биш, чөлөөтэй. Түүнийг үүнийг хараач гэж нэг нэгнээ уриалан дуудах, байгалийн сайхныг харж баярлан бахархах сэтгэлээ дуу алдан илэрхийлэх авиа шуугиан орчин тойронд минь бүрэн ноёлосоор бидний хөлөг цаст оргилд газардав. Доод баазынх шиг зай багтаамжтай үйлчилгээний танхимд бид хөлгөөсөө гарцгаав. Бүгд л танхимаас яаран яаран ухасхийж цас мөст “Олимпос” оргил дээр хөл тавьцгаалаа. Агаарын бүхээгт явж байхад даралттай, зүрх судасны талд анхаарах санамжтай зорчигчид танхимд түр саатаж биеэ ажиглаарай гэх сануулга өгч байсан юм. Япон, солонгос жуулчид л танхимын хана дагуулсан сандалд түр сууж үлдэнэ лээ. Доод болон дээд станцийн аль алинд нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай ажилтан ажилладаг гэж бичсэн байна лээ. Ахлах сургуулийн нэг ангийнхан бололтой хэсэг түрэг хүүхдүүд гадаа гарчихсан ёстой л нэг хөөрч өгч байна лээ. Цасаар шидэлцэж, нэг нэгнийхээ нүүрийг цасаар угааж,  нэгнийхээ хүзүү рүү цас чихэж бидний бага балчиртаа сахилгагүйтдэг байсан шиг л элдвээр аяглаж байв. Багш нар нь бололтой залуус ч тэдэнтэйгээ хамтраад л баясацгааж байна лээ.   

 Нөгөө солонгос, япон жуулчид их л аажуухан гарч ирж, цас барьж үзэж нэг нэгэндээ дамжуулан баяр хөөр болон шуугилдацгааж байх. Цас мөсөн дээр хальтраад уначих вий гэж болгоомжтойхон чөмчигнэн хэд хэдээрээ бөөгнөрөн зураг хөрөг болцгоож байв. Уулын оргилийн энэ хэсгийг засаж тохижуулан байж энэхүү гурван давхар байшинг барьжээ. Үйлчилгээний энэ байшингийн эргэн тойронд хааш хаашаа арваад метр талбайд л аялагчид зугаалах боломжтой юм. Талбай нь торон хашлагатай. Торноос цааш аюулт бүс буюу хад хавцал, цасаар хучигдсан ангал, хөл алдвал доош нисчихээр уулын уруу харагдаж байна лээ. Байшингийн дээр аялагчдад зориулсан бас нэг талбай байдаг юм байна. Нартай цэлмэг өдөр байсан тул ойр тойрны бусад уул, цаст оргилууд, бүр алсхандаа тэнгисийн наахантайх уул нүдний үзүүрт ногоорон харагдаж байв. Байшингийн өмнөхөнтэйх алсыг хардаг төлбөрт дурангаар япон, солонгосын жуулчид тэнгис хавийг харж барилга байшин, эсвэл аялж яваа усан онгоц харсан ч юм уу гар хуруугаараа тиймэрхүү дохио зангаа үзүүлж нөгөөхөө дуудаж байв. Нартай цэлмэг өдөр 30 км-ийн алсыг харах бололцоотой гэж бичсэн байсан. Япон солонгосын жуулчид тэнгист хөвж яваа хөлөг онгоц харсан юм байлгүй дээ гэж бодогдож байв... Үйлчилгээний танхимдаа бага шиг ресторан, бэлэг дурсгалын мухлагтай юм билээ. Бидний буцах хөлөг ээлжит аялагчдаа аваад ирж буй нь танхимын цонхоор ийн харагдав.

Таврын нурууны Тахтали хэмээх энэхүү цаст оргилд хагас цаг гаруй саатан цэнгээд агаарын хөлгийнхөө энэ ээлжээр доошилцгоов. Бүгд л сэтгэл нэн ханамжтай нэг нэгэндээ үзсэн харсанаа өгүүлж явцгаах шиг байна лээ манай энэ багийнхан. Бидний хөлгийн бүхээгээс ойр тойрны Таврын уулс ингэж харагдах юм билээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.


ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 11:29:02
    zochin : өнөөгийн туркүүд эртний түргийн хаант улстай түй ч хамаагүй шүү алан бомбоо минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188