• Өнөөдөр 2024-05-03

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2023-11-07,   510

      Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байх аж. Иймд зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын мэдээг тогтмол сонсох, хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслахыг анхааруулав. Мөн өндөр хүчдэлээс хол байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг зөвлөлөө.
 
     Тэгвэл Цаг, уур орчны шинжилгээний газраас  ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг  малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулсан юм. Өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур  секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
 
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -23…-28 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр -18…-23 хэм, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр -6…-11 хэм, бусад нутгаар -11…-16 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -11…-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7…-12 хэм  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -10-12 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188