• Өнөөдөр 2024-05-05

БОАЖЯ: Сэлбэ голын усны бохирдол хэт өндөр байна

2023-10-06,   462

             Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүрийн эхний долоо хоногт хийдэг хэвлэлийн хурал боллоо. Хурлаар дараах авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хяналт шалгалтын тайлан мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэв. Үүнд,
 
УУЛ УУРХАЙН УЛМААС ЭВДРЭЛД ОРСОН ГАЗРУУДЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД: 
 
                 Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 4000 га хүртэлх талбайд нөхөн сэргээлт хийлгэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарсаар байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан байсан 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж хүлээн авч Ялбагийн голын голдирлыг бүрэн сэргээсэн байна.
 
МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХ, ТОО ТОЛГОЙН НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР: 
 
           Мазаалай хамгааллын чиглэлээр 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан. Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулах ажлыг хийсэн.- БНХАУ-ын судлаачидтай хамтран хийсэн судалгааны хугацаанд 902833 мэдээлэл цуглуулснаас 361133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэг байлаа. Бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216679 зурганд боловсруулалт хийжээ. 
 
ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД: 
 
          Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ойн сан эзэлдэг ба үүнийг 8.6 хувьд хүргэж, цөлжилт газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг дөрвөн хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зорилготой. “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна. Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай боллоо. 
 
ХУШ МОДНЫ САМРЫН НӨӨЦИЙН АШИГЛАЛТЫН АСУУДЛААР:
 
         Ойн газраас хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоогоод байна. Үүнд таван аймгийн /Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ/ 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2831420 кг, 4 аймгийн 11 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар 877444 кг, 6 УТХГ-ын ойн сангаас 292357 кг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх шийдвэр гарсан. 
 
БАРИЛГЫН СУУРИЙН УХЛАГААС ГАРСАН  ХӨРСНИЙ УС ШАВХАН ЗАЙЛУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
 
• Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт, МУИС-ийн 4, 5-р байрны зүүн талд, МТ трейд ХХК-ийн төв байрны хойд талд “Хан хөгшин стайт” ХХК-ийн захиалгаар баригдаж буй, 
 
• Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Олимпын хорооны баруун талд “Монгол хьюндай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй,
 
• Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн урд, Орхон их сургуулийн хойно “Шунхлай холдинг” ХХК-ийн бариулж буй оффис, авто зогсоолын зориулалттай барилгын ажил, 
• Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Номин агуулах худалдааны төвийн урд талд “Төмөр замын доогуур авто замын нүхэн гарцын байгуулах” ажлыг гүйцэтгэж буй “СТСЕ групп” ХХК авто замын байгууламжийн ухлаг, сууриас гарсан ус, мөн шүүрлийн усыг шавхаж авто зам дагуу ил задгай хаяж байсан зэрэг зөрчлийг тогтоож хугацаатай шаардлага өгсөн байна. 
 
СЭЛБЭ ГОЛЫН УСНЫ ЧАНАРТ ХИЙСЭН ХЯНАЛТЫН АЖЛЫН ТУХАЙ:
 
           Сорьцын дугаар 1621 хаус хотхоны эхэн хэсэгт урсаж байгаа Сэлбэ голын сорьцыг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв. Шинжилгээний дүнг УСАН ОРЧНЫ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 4586:98 стандарттай харьцуулахад химийн хэрэгцээт хүчилтөрөгч 506.1мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 168.7 дахин хэтэрсэн, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 194.65мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19.4 дахин хэтэрсэн, төмрийн Fe3+ агууламж УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн усны бохирдол хэт өндөр байна.
 
ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК-ИЙН ХIX, XXI ТАЛБАЙД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ: 
 
           Петрочайна дачин тамсаг ХХК нь “12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороог байгаль орчинд ил задгай хаясан гэх асуудлыг шалгуулахаар Экологийн Цагдаагийн албанд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн 06-01/1540 дугаартай албан бичгээр шилжүүлж, тус газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан цэвэршүүлсэн бохир усыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандарт”-ын Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээтэй харьцуулахад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ) 3.6-4 дахин их,  умбуур бодис 33 дахин их, Исэлдэх чанар (ПИЧ ) 4.5-4.7 дахин их ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нь стандартын шаардлага хангаагүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн.

БОАЖЯ: Сэлбэ голын усны бохирдол хэт өндөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188