• Өнөөдөр 2024-03-29

Жүдо бөхийн Азийн аварга Ө.ДҮҮРЭНБАЯР: Бөх сонирхогчид "Дүүрээг урлаг руу алдах нь" гэж хүртэл хэлж байлаа

2020-11-26,   5045

-СПОРТЫНХОН, БӨХ СОНИРХОГЧИД “БЭЛТГЭЛИЙН ХАЖУУГААР ЮУН ХӨГЖИМ СУРАХ, ДҮҮРЭЭГ УРЛАГ РУУ АЛДАХ НЬ, БӨХ ХҮН ХӨГЖИМ ТОГЛОНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ” ГЭЖ ШҮҮМЖЛЭХ ҮЕ Ч БАЙСАН-

                  Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Ө.Дүүрэнбаярын төгөлдөр хуур тоглож буй бичлэг цахим орчинд түгсэн нь олныг гайхашруулаад буй.  Бөх сонирхогчид түүнийг улсын начин Л.Өлзийбаярын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр багаасаа л бөхийн спортоор хичээллэж, тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан бөх болох мөрөөдөлтэй байсан гэдэг. 2018 онд Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр дэлхийн бөх болох ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулсан. Ийн жүдо бөхийн төрөлд амжилттай явж буй залуу тамирчин Ө.Дүүрэнбаярыг урлагийн чамгүй авьяастайг харуулсан бичлэгийг уншигч та санаж байгаа биз ээ. Түүний хөгжим сонирхож, хөгжимтэй нөхөрлөсөн түүхээс нь хуваалцлаа.
 
 

-Сайн байна уу. Таныг уншигчид аймгийн харцага цолтой, жүдо бөхийн тамирчин гэдгээр нь илүүтэй мэднэ. Харин энэ удаад таны хоббиг хуваалцаж, ярилцах гэж байна. Юун түрүүнд энэ хүсэлтийг маань хүлээж авсанд талархал илэрхийлье?
 
-Сайн байна уу. Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад  энэ өдрийн мэнд хүргэе.
 
-Цахим орчинд таны хөгжим тоглож байгаа бичлэг тавигдсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Бөх сонирхогчдын дунд ч таныг төгөлдөр хуур төдийгүй цөөнгүй хөгжмийн зэмсэг тоглох авьяастай гэдэг юм билээ. Чухам хэзээнээс хөгжим сонирхож эхэлсэн юм бэ?
 
-Би хүүхэд байхын дуу, хөгжимд дуртай байсан. Миний бага нас ОХУ-ын Улаан-Үдэ хотод өнгөрсөн. Тухайн үед манайх престовкатай, түүгээрээ 80-аад оны шилдэг зуун дууг сонсдог байлаа. Ингээд жүдо бөхийн спортод хөл тавьж, цаг  завгүй хичээл сургуулилалт  хийх болсноор хөгжмөөс бага зэрэг хөндийрсөн.  Тамирчин байна гэдэг амаргүй. Маш их тэсвэр тэвчээр шаардана. Бэлтгэлээсээ халшрах ч үе байна шүү дээ. Тиймээс тамирчин хүн бүрт өөрийгөө тайвшруулах арга барил гэж байдаг. Миний өөрийгөө тайвшруулах арга нь хөгжим сонсох байсан. Тиймээс энэ сонирхлоо улам хөгжүүлж, өөрөө хөгжим тоглож сурахаар шийдсэн юм.
 
-Хөгжмийн сургалтад сурсан юм уу. Хэдэн төрлийн хөгжим тоглодог вэ?
 
-Сургалтад сууж байгаагүй ээ. Тамирчин хүнд тийм цаг зав хомс шүү дээ. Бэлтгэлийнхээ хажуугаар өөрийгөө амраах зорилгоор чөлөөт цагаараа л сурах гэж оролддог байлаа. Төгөлдөр хуур болон гитар тоглох гэж оролддог. 2015 оноос төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Тухайн үед 21 нас хүрч байсан. Хар багаасаа л хөгжим сурах юм сан гэсэн хүслээ хожим биелүүлсэн дээ. Ер нь би дууны үгнээс илүү аяыг нь  чухалчилдаг. Дуу сонсохдоо төгөлдөр хуур, гитар, бөмбөр гээд хөгжмийн зэмсэг бүрийг нь салгаж сонсохыг хичээдэг. Ингээд л төгөлдөр хуур сурах юм сан гэж их боддог байв. Бэлтгэлийнхээ хажуугаар сургалтад явах боломжгүй байсан учраас ойр тойрныхоо хүмүүсийг сургалтад явуулж эхэлсэн. Эхлээд дүүгээ төгөлдөр хуурын сургалтад суулгаад нотыг нь хамт цээжилдэг байсан. Дараа нь эхнэрийгээ сургалтад суулгаж байлаа. Сүүлдээ “Youtube”-ээс бичлэг үзээд хүссэн аяа тоглодог болсон доо.
 
 Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн зохиол “Мандухай сэцэн хатан” киноны аяыг тоглосон. Тухайн үедээ нэг их зүйл бодолгүй найз маань бичлэг хийсэн ч одоо харахад маш дурсгалтай санагддаг.
 
-Олон хөгжмийн төрлөөс төгөлдөр хуурыг сонгосон нь ямар нэг учиртай юу?
 
-Төгөлдөр хуурыг бүх хөгжмийн хаан гэдэг шүү дээ. Би өөрөө хуучны дуунуудад нэлээд дуртай. Тухайлбал, бэлтгэлийн дараа Bee Gees, Sam Smith -ын дуунуудыг сонсдог. Бас пянзны цуглуулгатай. Гитарыг бол нэлээн сүүлд найзуудтайгаа хамт тоглож сурсан. Бас л өөрөө оролдсоор байгаад сурсан даа. 
 
-Хөгжим тоглож сурах гэхээр ойр дотнынхон нь хэрхэн хүлээж авав?
 
-Тухайн үед спортын төрөлдөө илүү амжилт гаргаж, эд бэлтгэл сургууль хийж байсан үе л дээ. Манай спортынхон, бөх сонирхогчид “Бэлтгэлийн хажуугаар юун хөгжим сурах, Дүүрээг урлаг руу алдах нь. Бөх хөгжим тоглоно гэж байдаггүй юм” гэж шүүмжлэх үе ч байв. Харин гэр бүл, найз нөхөд маань их дэмждэг байсан. Манай гэр бүлийнхэн чинь урлагт дуртай. Аав маань гитар тоглоно. Хүүхэд байхад тэр нь их гоё харагддаг байж билээ. Ээж минь ч хөгжимд дуртай.
 
 -Таны төгөлдөр хуур тоглож байгаа бичлэг яг хэзээнийх вэ?
 
-2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд явж байх үеэрээ Инчон олон улсын нисэх онгоцны буудал дээр тоглосон. Би тэр бүр олон хүнтэй газар хөгжим тоглоод байдаггүй юм. Тухайн үед Инчоны нисэх буудлаас дамжиж суух ёстой байлаа. Өглөө эрт байсан учраас хөл хөдөлгөөн багатай байсан. Ингээд л Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн зохиол “Мандухай сэцэн хатан” киноны аяыг тоглосон. Тухайн үедээ нэг их зүйл бодолгүй найз маань бичлэг хийсэн ч одоо харахад маш дурсгалтай санагддаг.
 
 Eric Clapton “Tears in heave” гэдэг дууг тоглох дуртай.
 
-Хөгжим тоглож байхдаа та юу мэдэрдэг вэ?
 
-Хөгжим надад сэтгэлийн тайвшрал өгдөг. Бэлтгэл хийх үедээ маш их энерги зарцуулдаг учраас зүрх болох үе түгээмэл тохиолддог. Харин бэлтгэл хийснийхээ дараа хөгжим тоглохоор маш тайван болдог. Хөгжим сонсож эсвэл хөгжим тоглох үедээ “Дүүрэнбаяр гэж хэн бэ” гэж дотоод хүнээ илүү мэдэрдэг гэх үү дээ. Харин бөхийнхөө бэлтгэлийг хийхдээ “Монгол Улсын нэрийг тив, дэлхийд өргөх тамирчин шүү, чи” гэж өөрийгөө хурцалдаг.
 
-Та гитар бариад эсвэл төгөлдөр хуурын ард суухдаа хамгийн түрүүнд тоглодог ая гэж бий юү?
 
-Би дуулж чаддаггүй юм. Eric Clapton “Tears in heave” гэдэг дууг тоглох дуртай. Мөн Pink floyd, George Micheal, The 1975 , Dua lipa зэрэг дуучны дууг байнга сонсоно.
 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа. Нийт уншигчдадаа цар тахлын энэ үед хөл хорионы дэглэмээ сайтар баримталж, гэр бүл, хайртай дотнын бүхнээ эрсдэлээс хамгаалаарай гэж уриалъя. Магадгүй энэ хугацаа залууст өөрийгөө хөгжүүлэх маш том боломж нээгдэж байж болох юм. Хөгжим хүнд гайхалтай мэдрэмж түрүүлдэг учраас залуусыг хөгжим тоглож сураасай гэж хүсэж байна. 
 
 


Жүдо бөхийн Азийн аварга Ө.ДҮҮРЭНБАЯР: Бөх сонирхогчид "Дүүрээг урлаг руу алдах нь" гэж хүртэл хэлж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-28 10:29:42
    Зо: Дүүд амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 11:00:59
    Сайнаа: Дараагийн олимпийн аварга болж биднийгээ баярлуулаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 21:04:16
    Болороо: Амжилт хүсье ээ, мундаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 20:59:24
    Базарсад: Найз минь илүү их амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188