• Өнөөдөр 2024-05-08

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Дотооддоо корона алдсан, улсын төсвөө баталсан, М.Энхсайханыг шүүсэн долоо хоног

2020-11-14,   587

Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт манай улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт манай улсад коронавирусийн дотооддоо алдсан анхны тохиолдол илэрснээр хатуу хөл хорионд шилжээд байна. Мөн энэ үеэр УИХ цахимаар хуралдаж, ирэх оны улсын төсвийг баталлаа. Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд хамаарах хэргийг шүүж, дөрвөн жилийн ял оноолоо.

“КОВИД-19” цар тахлыг хумихын тулд бид хэрхэх ёстой вэ

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн ноцтой, дуулиантай үйл явдал нь “КОВИД-19” цар тахлыг дотооддоо алдсанаа зарласан явдал байлаа. Дэлхий нийтийг цочроож буй энэхүү цар тахлын эсрэг Монгол Улс 10 сар тэмцэж, дотооддоо халдвар алдаагүй зургаан улсын нэгээр нэрлэгдэж байсан юм.

Гэвч өнгөрөгч лхагва гарагийн 06:00 цагт Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаа албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн аравдугаар сарын 14-нд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирээд “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаж, тусгаарлалтаас гараад дөрөв хонож байсан ачаа тээврийн жолооч, Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Б.Д-гийн шинжилгээний хариу эерэг гарсан нь “КОВИД-19” цар тахлын дотоодод алдсан анхны тохиолдол болсон юм. Мөн түүний ойрын хавьтал буюу эхнэр Х.Б нь халдвар авсан нь тогтоогдсон. Улмаар Улсын Онцгой Комиссоос Улаанбаатар хотоос гарах автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, коронавирусийн халдвартай нь тогтоогдсон тээврийн жолооч Б.Д-гийн ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн юм. Тээврийн жолооч Б.Д нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн хашаанд нь хадам аав, ээж нь хамт амьдардаг бөгөөд тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, гэр, хашааг нь хамгаалалтад авсан байдаг.

      Тээврийн жолооч Б.Д нь тусгаарлалтаас гараад дөрөв хонохдоо Дарь эх-22-ын товчоо хооронд 5-6 удаа автобусанд, гурван удаа таксинд суусан, байгууллагынхаа дарга, техникийн захын борлуулагч, дугуй засварын ажилчинтай уулзсан, Улаанбаатар паласд эхнэр, дүүгийн хамт тоглолт үзсэн гэж мэдүүлсэн. Түүний явсан маршрутаас хамгийн ноцтой нь буюу олон хүн халдварлуулсан байж болзошгүй нь Улаанбаатар паласд болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолт байсан юм. Тэрбээр уг тоглолтын дараа дуучинтай гар барьж, зургаа татуулсан учир дуучин Д.Дэмбэрэлнямбууг ах дүү 11 хүнийх нь хамт тусгаарласан. Түүнчлэн “Хархан нүдэн” тоглолтыг Б.Д-тэй ойр сууж үзсэн 23 хүн, бусад маршрутын хүрээнд хавьтал болсон байж болзошгүй 184 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тээврийн жолооч Б.Д-гийн ойрын хавьтлын долоон хүн коронавирусээр халдварласан нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

Түүний  ойрын хавьтлуудаас хамгийн эхэнд хадам ээж, дүү хоёроос нь коронавирусийн халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Дүү нь  МУБИС-д сурдаг бөгөөд энэ сарын 6-наас хойш хичээлдээ хэвийн явж байсан. Тиймээс түүнтэй хавьтал болсон байж болзошгүй оюутнуудаас шинжилгээ авахад хоёр оюутнаас халдвар илэрч тусгаарлаад байна. Түүнчлэн Баасан гарагт Б.Д-гийн дөрвөн настай хүүгийн шинжилгээний хариу эерэг гарсан. Улмаар цэцэрлэгийнх нь 27 хүүхдийг хяналтад аваад байна. УОК-оос тээврийн жолооч Б.Д-гээс халдвар авсан долоон хүний ойрын хавьтал байж болзошгүй 2000 иргэнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

Анхны тохиолдол Б.Д “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа хоёр жолоочтой ойр харилцаатай, нэг нэгнийхээ өрөөгөөр чөлөөтэй орж гарч, хамт хооллож байсан нь халдвар авах шалтгаан болсон гэж холбогдох байгууллагууд мэдээллэсэн. Тодруулбал “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын горим алдагдаж, хяналт тавих ёстой цагдаа, тагнуул, УОК-ийн ажилтнууд хариуцлага алдсанаас болж, дотоодод халдвар тархах нөхцөл бүрдсэн гэж болохоор байгаа юм.

Сэлэнгэ, Дархан-Уул аймаг коронавирусийн голомт боллоо

Анхны тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажил явагдаж байх зуур буюу Пүрэв гарагт Сэлэнгэ аймагт коронавирусийн шинэ голомт гарч ирлээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын IV багийн иргэн 70 настай Ц-гийн хоёр удаагийн шинжилгээ эерэг гарсан юм. Тэрбээр 10 хоногийн өмнөөс ханиалгаж эхэлсэн бөгөөд зарим үед 38 хэм хүртэл халуурч байсан гэж мэдүүлсэн. Түүний явсан газрын маршрутаас хамгийн ноцтой нь энэ сарын 8-нд хүү, бэр хоёрын хамт вагоноор Дархан-Уул аймагт ирээд гурван худалдааны төвөөр орж, оройдоо буцсан байсан юм. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол Ц-гийн ойрын хавьтлуудаас бэр Д, ач А хоёр нь халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдаад байна.

Ц-гийн ойрын хавьтал болж, халдвар авсан нь батлагдсан түүний бэр Д-гийн явсан маршрутаас хамгийн ноцтой нь энэ сарын 8,9-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт хоёр хоносон. Энэ үедээ Дархан-Уул аймгийн хамгийн том таван үйлчилгээний төв, худалдааны төв, захаар орсон. Энэ үедээ “Оргил” худалдааны төвийн тоглоомын талбайд хүүхдээ 2 цаг тоглуулсан нь хяналтын камерийн бичлэгээр ил болсон юм. Улмаар тухайн үед тус тоглоомын талбайд тоглож байсан 67 хүүхдийн гэрийг олж тогтоон, хяналтанд аваад байна.

Түүнчлэн Д нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан. Ангийнх нь хүүхдүүд халдвар авсан байж болзошгүй учраас шинжилгээнд хамруулах, гэрт нь тусгаарлах асуудлаар эцэг эхчүүдэд нь зөвлөгөө, мэдээлэл өгөх ажиллагааг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээд байна. Мөн түүний хүү Х нь тавдугаар ангид сурдаг бөгөөд нийт 30 хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдийг хянах, тандах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

 

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирусийн хоёр голомт илэрч, ойрын болон дам хавьтлуудын тоо 2000 давсан учраас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн анх удаа улс даяар БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ-т шилжиж, хөл хорио тогтоолоо. Ингэхдээ 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тусгай зориулалтын буюу 13 чиглэлийн байгууллагаас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал, Хүнсний үйлдвэр, дэлгүүр, худалдааны төвүүд, усан хангамж, цахилгаан, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, эмнэлэг, харилцаа холбоо зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлэн хувийн унаа болон нийтийн тээврээр зорчиж болохоор, бусад иргэдийг хүнс цуглуулах, ус авахаас бусад нөхцөлд гэрээсээ гарахгүй байхаар зохицууллаа.

Түүнчлэн хотоос орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, мөн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө ажил цуглах, орой тарах цагаар явуулж эхэлсэн. Мөн оройн 23:00 цагаас хойш бүх хөдөлгөөнийг зогсоож, уулзвар бүрт эргүүл ажиллуулж эхэлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, гудамж талбайд хяналтын үүрэг гүйцэтгэж байна.

Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн байдлын үед авах арга хэмжээний талаар хоёр удаа ээлжит бусаар хуралдсан. Энэ хүрээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хяналтандаа авах, галын шугамд ажиллаж байгаа ажилтан, алба хаагч, тэдний ар гэрт урамшуулал олгох шийдвэр гаргаад байгаа юм.

                  УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж, ирэх 2021 оны Улсын төсвийг баталлаа

Өнгөрч буй долоо хоногийн бас нэгэн том үйл явдал нь Монгол Улсын 2021 оны төсвийг баталсан явдал байлаа. Ирэх оны төсөв батлах үйл явц бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үетэй давхацсан учраас УИХ-ын чуулганыг цахимаар зохион явуулсан нь онцлог байлаа. Цахим хуралдаанд нийт 68 гишүүн оролцож, тэдний 59 нь буюу 86,8 хувь дэмжиж, ирэх оны төсвийн тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл нийт дөрвөн бүлэг, 22 зүйлтэй байлаа. Төсвийн төсөлд ирэх онд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 8.737.771.7 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 10.676.615.3 сая төгрөг байхаар тусгаж, баталлаа.

Түүнчлэн 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. Мөн Төсвийн тогтворжуулалтын санд 156.016.9 сая төгрөг, Ирээдүйн өв санд 1.180.143.1 сая төгрөг хуримтлуулахаар баталлаа.

Харин ирэх онд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 163.020.2 сая төгрөг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 533.868.4 сая төгрөг байхаар тогтоолоо.

Төсвийн хэлэлцүүлэгийн үеэр нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, ирэх оны төсвийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан баталж байна гэх шүүмжлэлүүд нилээд гарсан. Ирэх оны төсөвт сум, орон нутагт соёлын төв гэх мэт барилга байгууламж барихад их мөнгө төсөвлөсөн нь ийм шүүмжлэлд өртөх шалтгаан болсон юм.

                    Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийг Улсын дээд шүүх хэлэлцлээ

Коронавирусийн халдварын дүйвээнээр болсон нэг томоохон үйл явдал нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал байлаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнгөрөгч Лхагва гарагт хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 тавдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. М.Энхсайханыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шинхуа энержи”, “Энержи ресурс” болон “Сумитомо” корпорацын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М.Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС”ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 4.6 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Анхан болон Давж заалдах шатны шүүх М.Энхсайханыг Монгол Улсын Ерөнхий сайд, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг төгссөн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж, М.Энхсайханд ногдуулсан ялыг нийтийн албан томилогдох эрхийгдөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээлээ. 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Дотооддоо корона алдсан, улсын төсвөө баталсан, М.Энхсайханыг шүүсэн долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-14 20:51:23
    Зочин: Бүсчилсэн хөл хорио хамгийн хатуу хорио
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188