• Өнөөдөр 2026-05-07

"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно

          Монголын сор болсон үндэсний дууриудын нэг Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн 40 жилийн ойд зориулсан тоглолт ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 9, 10-нд болно.
 
Анх 1986 оны  тавдугаар сарын 10-нд тайзнаа тоглож байсан “Ламбугайн нулимс” дуурийг Их зохиолч Д.Нацагдоржийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд XIX зууны монголын бодит амьдрал, хүний дотоод тэмцэл, хайр дурлал, шунал, гэмшлийн тухай өгүүлдгээрээ онцлог юм.
 
Бүтээлийн гол дүр Лодон хүний дотоод зөрчил, шунал тачаал, наманчлалын бэлгэдэл болсон дүр ба энэ удаагийн тоглолтод Лодонгийн дүрийг гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү бүтээж байна. Дуурийн үйл явдалд бурхны үнэнч зарц Лодон гэвш санамсаргүй учирсан Цэрэнлхам бүсгүйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө бүхнээ зориулдаг. Гэвч Цэрэнлхам эхийнхээ ятгалгаар баян залуутай амьдралаа холбохоор шийдсэнээр Лодонгийн хувь заяа эмгэнэлт төгсгөл рүү хөтлөгдөнө.
 
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичжээ. Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажилласан бол туслах найруулагчаар Б.Цэрэндаваа, ерөнхий зураачаар УГЗ Б.Төмөрхуяг, удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир  ажиллаж байна.
 
“Ламбугайн нулимс” дуурь нь хөгжмийн бүтээл, утга агуулгын хувьд монголын үндэсний шилдэг дууриудын нэгт зүй ёсоор тооцогддог ажээ.

"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188