• Өнөөдөр 2026-02-26

ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ

    Гуравдугаар сар бол тайзны уран бүтээлчдийн хувьд үзэгчдийг инээд хөөр, уянга мэдрэмжид хөтлөх онцгой уран бүтээлүүдээр дүүрэн сар байдаг. Энэ хугацаанд тайзнаа хошин энтертайнмент шоунаас эхлээд уянгын болон сэтгэлзүйн драм, сонгодог эмгэнэлт жүжиг, хүүхэд багачуудын сонирхлыг татах хүүхэлдэйн болон мюзикл бүтээл гээд олон төрлийн жүжиг бидний сэтгэл зүрх, тархи оюуныг баясгадаг билээ. Энэ ч үүднээс бид тэдгээр үзвэрүүдийн талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.

“BEST OF ЭМОЦИ” ИНЭЭДМИЙН ЭНТЕРТАЙНМЕНТ ШОУ ТОГЛОЛТ

 
     Монголын тайз, дэлгэцийн хошин урлагийн залуу хамтлаг болох “Эмоци” продакшны уран бүтээлчид үзэгчдийн хамгийн их хайрласан номеруудаа нэг дор цуглуулсан “Best of Эмоци” инээдмийн энтертайнмент шоу тоглолтоо толилуулах гэж байна. Энэхүү тоглолт нь инээд хөөр, дурсамж, баяр баяслыг нэгэн үдэш тайзнаа нэгтгэж буйгаараа онцлогтой байна. Үзэгчид зөвхөн хошин үзүүлбэрүүдийг үзэхээс гадна “Эмоци”-ийн уран бүтээлийн онцлог, өнгө аяс, жүжигчдийн амьд харилцаа, тайзны эрч хүчийг дахин мэдрэх боломжтой юм.
 
Хаана: Соёлын төв өргөө
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 4-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: Партер А 65,000₮ 
 
Партер Б 45,000₮
 
Бeльэтаж 35,000₮

"SAMSARA" ТЭРТЭЭХ ХОЁР ЖҮЖИГ

   "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид үзэгчдэд зориулан учрал, хайр, мэдрэмжийг тайзнаа өгүүлэх “SAMSARA: Тэртээх хоёр зүрх” инээдэмт, уянгын драмын жүжгээ дахин тоглохоор товложээ. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан энэхүү бүтээл нь хүний амьдралын эргэлт, хайр сэтгэл, учрал тохиолын үнэ цэнийг уран сайхны хэлээр илэрхийлж, үзэгчид инээд, гуниг, ухаарал хосолсон мэдрэмжийг тус бүтээлээс мэдрэмж боломжтойгоороо онцлог байна.
 
Хаана: МҮЭСТО
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 5-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: Тасалбар А 60,000₮
 
Тасалбар Б 40,000₮
 
Тасалбар С 35,000₮
 
Тасалбар Д 30,000₮

"ТҮҮНИЙ БУРУУ" ОРЧИН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ДРАМЫН ЖҮЖИГ

   ОХУ-ийн орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Иванов-ийн зохиол "Это все она" жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн Оростоо болон дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байна. Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “Өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ. Энэ жүжиг нь Монголын нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.
 
   Монголын хотжилт, амьдралын хэмнэл, өсвөр насныхны цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед энэхүү жүжгийн сэдэв, түүх нь үзэгчдэд дэндүү ойрхон бөгөөд үзэгчдэд тайзан дээрээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хөндлөнгөөс харах, нөхцөл байдлыг нь мэдрэх боломжийг орчин үеийн театрын хэлээр дамжуулан та бүхэнд хүргэх юм. "PRO theatre"-ийн хамт олон "Оросын театрын холбоо"-той хамтран, ОХУ-ийн шилдэг залуу найруулагч Екатерина Шихова-ийг урьж авчран, "Это все она" зохиолоос сэдэвлэсэн "ТҮҮНИЙ БУРУУ" орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахад бэлэн болоод байна.
 
Хаана: РЦНК
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 5-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: Тасалбар А 80,000₮
 
Тасалбар Б 50,000₮
 
Тасалбар С 30,000₮
 

"РОМЕО ЖУЛЬЕТТА" ДАХИН ТАЙЗНАА

   У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа энэ оны тавдугаар сарын 9,10,11-ны өдрүүдэд дахин тоглох гэж байна.
 
     Үзэсгэлэнт Верона хот. Атаа хорслын эзэд болох Капулетти, Монтекки гэх хоёр гэр бүл. Эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс сөргөлдөж өсөрхөж хонзогнон дайсагналдсаар иржээ. Дайсагнасан хоёр гэр бүлийн цорын ганц өв залгамжлах үрс болох Ромео, Жульетта хоёрын хайр дурлал, хувь тавилан… 
 
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 6-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: Хүүхэд 15,000₮
 
Том хүн 30,000₮ 
 

"МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ"

   Шүдээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай таван настай Моонон хүү байжээ. Нэгэн удаа түүний зүүдэнд Мөнгөн өвгөн айлчлан ирж шүдээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүдний адал явдал өрнөдөг. Чихэр, ундаанд дуртай Араахай өөрийн зөрүүд, хайнга зангаасаа болж шүдний хорхойнуудтай нөхөрлөн баларч байгаа тухай гарна. Моонон хүү шүдээ угаагүйгээс болж шүд нь цоорч бие нь өвдөнө. Түүнд мөнгөн дагина, цагаан нөмрөгт баатруудын тусламжтайгаар шүдний хорхойноос салж байгаа тухай энэхүү жүжигт өгүүлнэ. Жүжигт хөөрхөн шүднүүдийн нөхөрлөл, Оолой, Сойзмаа, Арзаахай, Мөнгөн дагина, Мөнгөн өвгөн зэрэг дүрүүд гарна.
 
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 7-ны 11:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 20,000₮ 
 

"ХУВЬ ЗАЯАНЫ ХҮЛЭЭС" УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ

   Тэтгэвэртээ гарах дөхсөн циркийн жүжигчин алс бөглүү тосгонд нэгэн эмэгтэйн хажуу өрөө түрээслэхээр болно.Тэдний хувь заяа хэрхэн өөрчлөгдөх бол…
 
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 7-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 50,000₮
 

THE ADDAMS FAMILY

       "Аддамсын гэр бүл" инээдмийн, аймшгийн, мюзикл жүжиг бол гаднаасаа инээдэм, хар бараан мэт харагддаг ч, үнэндээ тэдний дотор хамгийн энгийн, чин үнэн сэтгэл оршдог юм.
 
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 13-ны 17:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 30,000₮
 
15,000₮
 

 "ОДИССЕЙ" ПЛАСТИК, ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ

            Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэнэ.
 
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 14-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 50,000₮

"ЦООХОР САР" ГҮН ШӨНИЙН ҮЛГЭР

        Цаг тоолол эхлэхээс өмнө тэнгэр шар өнгөтэй, нар харин хөх өнгөөр асан гэрэлтдэг байх үед юм гэнэ. Тэнгэрт байх шүтээнүүд хоорондоо зөрчилдөн тэмцэлдэхэд газарт тэднийг шүтэгч хоёр овог тэсрэг тал болон өш зангидаж эвлэршгүйгээр арсалдсаар маш дэлгэмэл жилийг өнгөрөөсөн байлаа. Улбар зүст луут овог, хөх нөмрөгт чоно овгийн дуусашгүй тэмцэл үргэлжилсээр үе дамжин хуйларч газарт шингэн багтарсаар халуун цөмд тулав гэнэ. Манан дунд гэтэх чоно, гүн шөнийн харанхуйд сүүдрээр дагах луу хүртэл амьсгаа даран мөлхөнө. Жирийн биш он цаг, орон зайд өрнөх хөгшин үлгэр дахин яригдах цаг иржээ.  Маппет театр, Улаанбаатар циркийн хамтын бүтээл Muppet universe -ийн хамгийн том бүтээл "ЦООХОР САР" гүн шөнийн үлгэр үзэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо.
 
Хаана: Улаанбаатар театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 21-ны 11:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 30,000₮
 

"МОНГОЛ АРДЫН СУУТ" ЖҮЖИГ

   Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн болно.
 
Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 25-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 50,000₮
 

"18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР" ДРАМЫН ЖҮЖИГ

   18 настай сурагчдын хайр дурлал үерхэл нөхөрлөл гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлэх өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан драмын жүжиг. Нэг нэгнээ ялгаварлан гадуурхаж, цахим орчинд зүй бус харьцаж бусдыг хэрхэн гомдоодгийг харуулах уг жүжгийг анги хамт олон найзуудаараа үзэн дурсамж бүтээгээрэй.
 
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 27-ны 17:00 цаг.
 
Тасалбарын үнэ: 15,000₮
 

"СҮҮЛЧИЙН БОРОО" НУГАСНЫ АН МЕТА ДРАМЫН ЖҮЖИГ

   "Сүүлчийн бороо" нугасны ан нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн жүжиг юм. Гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэнч байдал, хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага зэрэг асуудлууд түүнийг тойрон эргэлдэнэ. Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг. Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна. "СҮҮЛЧИЙН БОРОО" нугасны ан жүжиг нь үзэгчдэд хүний дотоод зөрчил, амьдралын сонголтууд, алдааны үнэ цэнийн тухай гүн гүнзгий бодлогошрол төрүүлэх бүтээл юм.
 
Хаана: РЦНК
 
Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 27-ны 19:00 цаг.
 
Тасалбарын үнэ: Тасалбар А 80,000₮
 
Тасалбар Б 50,000₮
 
Тасалбар В 30,000₮

ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188