• Өнөөдөр 2024-05-19

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: АН-ын даргын сунгаан БОЛНО, БОЛОХГҮЙ

УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага нэхэх сөрөг хүчингүй горыг хэдэн жилийн дараа ард түмэн амсах вий. Эрх баригч намынхан  цар тахлын нөхцөл байдалд өөрсдийн боломжоороо ажиллаж байгаа гэх. Иргэд гаргасан шийдвэрийг нь үг дуугүй дагахаас өөр аргагүй нөхцөлд байна. Уг нь бол сайн, муу шийдвэр гаргаж байгааг УИХ-д  сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан нам хянах ёстой. Гэтэл намын тамга, тэмдэгний асуудлаасаа өндийхгүй байсаар  өнөөдрийг хүрлээ.
 
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байхад ч Ардчилсан намынхан X Их хурал нь хүчинтэй, хүчингүй гэх маргаанаа дуусгаагүй л явна. УИХ-д 11 суудалтай хэдий ч Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрт дорвитойхон дүгнэлт хэлчих зангарагтай гишүүн ч энэ бүлэгт алга гэхэд хилсдэхгүй. Он гарснаас хойш Ардчилсан намынхны хөгтэй, элдэвтэй асуудлууд ар араасаа хөвөрсөн. Хөл хорио сулруулахтай холбоотой энэ асуудал дахиад сөхөгдөх нь тодорхой боллоо. Учир нь, хоёр тамга, хоёр толгойтой болсон тус намынхан тус тусдаа дахин хурал хийхээр шийдвэрлэжээ. 
 
Намын даргын сунгаан явуулна, явуулахгүй гэх хоёр үзүүртэй асуудал ярьж байхад нь хөл хорио тогтоочихсон. Энэ хугацаанд асуудлаа ярилцаж, эв зүйгээ олохын оронд намын удирдагч нар биенээ унагах дараагийн алхмаа дор бүрнээ хийж байгаа бололтой. Ардчилсан нам X Их хурлаа зохион байгуулж, намын даргын сунгаанаа явуулах эсэх талаар УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: X Их хурал хүчинтэй хэвээр байгаа

Ардчилсан намын 2020 оны арванхоёрдугаар сард болсон X Их хурал хүчинтэй хэвээр байгаа. Энэ хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Улмаар дүрмэнд орсон нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байсан юм.  Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 14-нд хуралдаж, Арчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг тодорхой шалтгааны улмаас бүртгэж аваагүй. Ингэхдээ шинэчилсэн  Үндсэн дүрэмд ойлгомжгүй, өмнөх заалтууд нь тодорхойгүй зүйлүүд байна. Үүнийгээ засаж, сайжруулаад өргөн барьж болно гэсэн. 
 
Тиймээс Үндсэн дүрмийн өөрчлөлтийн зарим зүйл заалтыг тодорхой болгож, Дээд шүүхэд дахин өргөн бариад байгаа. Энэ долоо хоногт дээд шүүхийн тахим хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ Дээд шүүх энэ дүрмийг баталчихвал намын шинэ дүрмээрээ намын даргын сунгаан зохион байгуулах эсэх нь дараагийн асуудал болно.Тамга, тэмдэгтэй холбоотой асуудал шүүх дээр маргаантай хэвээр байгаа. Энэ долоо хоногт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр намын тамга, тэмдэгтэй холбоотой асуудал орох байх. Ер нь бол С.Эрдэнийн тамга хүчингүй. Бидэнд байгаа тамга нь хүчинтэй.

Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ: Би намынхаа хууль ёсны дарга хэвээрээ байгаа

Бид хөл хорионы дэглэмээ баримтлаад үйл ажиллагаа  явуулаагүй байлаа. Хөл хориог сулруулж байгаатай холбоотой Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо өнөөдөр хуралдах тов зарлаад байна. Ц.Тувааны зохион байгуулсан X  Их хурал нь дүрмийн бус. Ер нь тийм Их хурал байгаа ч үгүй. Харин ирэх тавдугаар сард манай нам X Их хурлаа хуралдуулахаар би тов зарлачихсан байгаа. Одоо намын даргын сунгаан явдгаараа явна. Мөн хажуугаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа давхар явна. Ардчилсан намын дүрмээр намын даргын сунгааныг Дотоод сонгуулийн хороо явуулна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ч мөн дотоод сонгуулийн хороо тодруулах зохион байгуулалттай.
 
Өнгөрсөн онд X Их хурлыг хийсэн  гээд байгаа хүмүүс чинь намыг төлөөлж, хурал зохион байгуулах эрх бүхий хүмүүс биш. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийг хуралдаанаар Х Их хурлаар хэлэлцсэн асуудлыг хүлээж авахгүй гээд тогтоолоо гаргачихсан. Одоо бүх зүйл хуучин дүрмээрээ явж байгаа. Ер нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд хуулийн этгээдийг төлөөлөх эрх байхгүй шүү дээ. Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цорын эрх нь хууль ёсны намын даргад байдаг. Хууль ёсны намын дарга нь би хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, X Их хурлыг Дээд шүүхээс баталгаажуулаагүй учраас шүүхийн тогтоол хэвээрээ байгаа гэсэн үг. 
 

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: АН-ын даргын сунгаан БОЛНО, БОЛОХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188