• Өнөөдөр 2025-11-15

Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье

2025-11-15,   117

         МАН-ын Их хурал үргэлжилж байна. 
МАН-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж  томгосон тойрог, холимог тогтолцоогоор  өрсөлдөж,  126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намаа  нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа  түүчээлж чадлаа. Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол Монгол Ардын Намын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм. 
 
Мөн орон нутгийн  14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм. 
 
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудал эцэслэн шийдвэрлэж,  1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа  нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж,  гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ. Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэн.
 
Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой.  Тийм ч учраас Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.
 
Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье.  Би бүх талаар дэмжиж ажиллах болно" гэлээ. 

Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188