• Өнөөдөр 2021-06-21

Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлнэ

2021-06-10,   123

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан”  Олон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж буй шуурхай удирдлагын баг, ажлын хэсгийн гишүүдийн ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг сонсож, үйл ажиллагааны бэлтгэл хангаж буй явц, Богдхан төмөр замын трасс тогтох, автозамын сүлжээ үүсгэх төлөвлөгөөний зураг төсөлтэй газар дээр нь танилцлаа. Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа. 

 
Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас долдугаар сарын 01-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ долдугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.
 
Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо.
 
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой.
 
Үүнд хот тойрсон хурдны замтай, баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм.
 
Нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг УИХ болон Засгийн газраас яаравчлан гаргуулж, бэлтгэл хангахын  төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг холбогдох сайд нарт сануулсан.
 
Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Шинэ Зуунмод, Майдар хотуудын нэгдсэн төлөвлөлт, Хөшигийн хөндий орчмын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийг эцэслэн гаргаж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болголоо.
 
Зам тээврийн хөгжлийн сайдад Богдхан төмөр замын трассыг эцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан, санхүүжилтыг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг мөн долдугаар сарын 4-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг үүрэг болгосон.
 
Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно.
 
Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байгаа аж.
 
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв.
 
Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тус аймгийн иргэдийн саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээ

Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414