• Өнөөдөр 2020-10-20

Э.Сумъяабазар: П.Бүрэнтөгс аварга бид хоёр даян аварга болно

П.Бүрэнтөгс аваргыг 2016 оны улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаанд өвдөг шороодоход өмнөөс нь харамсаж,  уйлж суусан дөрвөн настай хүүгийн бичлэгийг үзээгүй хүн ховор биз ээ. Түүнийг Энхболдын Сумъяабазар гэдэг. Найман настай бөх сонирхогч хүүг “Шинэ танил”-даа урилаа.
 
-Чи яагаад П.Бүрэнтөгс аваргыг дэмждэг болсон юм бэ?
-Намайг төрдөг жил буюу 2012 онд П.Бүрэнтөгс аварга арслан болсон гэсэн. Би аваргыг 2015 оноос дэмжсэн. Аав, ээж маань Увс аймгийнх. Тэгээд л нутгийн бөх болохоор дэмждэг юм. Бас надад жудагтай, хүнлэг, сайхан сэтгэлтэй хүн шиг санагддаг. Аавтай бөх үзэх болгондоо П.Бүрэнтөгс аваргыг дэмжихээр очдог.
 
-2016 оны Үндэсний их баяр наадамд аваргыг үзүүрлэхэд нь чиний уйлж байгаа бичлэг цахим орчинд тархсан. Тэр үед яагаад уйлсан юм бэ?
-Би тэр үед түрүүлэх байх гэж найдаж байлаа. Түрүүлэх болов уу гээд харж байтал уначихсан. Миний сайн дэмждэг бөх унахад надад үнэхээр муухай, бас харамсалтай байсан. Тэгээд л би уйлсан юм.
 
-Харин энэ жил түрүүлэхэд нь баярласан уу?
-Тийм ээ. Баярласандаа айлын гэр “нураах” шахсан. Аав бид хоёр жил бүрийн наадам хамт үздэг юм. Гэтэл энэ жил үзэгчгүй наадам болохоор нь би эмээтэйгээ хамт Өвөрхангай аймаг руу амрахаар явсан. Тэр үед аварга барилдаж, түрүүлсэн. Баярлаад, хашхираад, доороо үсрээд бөөн юм болсон. Тэгсэн чинь эмээ гайхаад “Айлын гэр нураалаа. Ямар чанга хашхирдаг юм бэ” гээд байсан. Очсон айл маань сүлжээгүй байсан болохоор би аваргатай утсаар ярьж чадаагүй. Уг нь би хотод байсан бол аваргын утасны дугаарыг олоод ярих байсан юм. Түрүүлсэн болохоор нь би уйлаагүй ээ.
 
-Сүлжээтэй газар ирээд ярьсан уу?
-Үгүй, надад утасны дугаар нь олдохгүй байсан. Харин өчигдөр (уржигдар) аварга манай гэрт гэнэт хүрээд ирсэн. Би бүр гайхаад, сандраад үг дуугарч чадахгүй байсан гээд бод доо. Хэлэх үгээ олж ядаад байсан. Ерөөсөө итгэхгүй байсан. Аварга надад дээл, зодог, шуудаг өгөөд “Сайн барилддаг болоорой” гэж хэлсэн. Өчигдөр (уржигдар) миний хувьд хамгийн жаргалтай өдөр маань байлаа. Гэхдээ би түрүүлснийх нь дараа өөрөө очиж уулзахыг хүсэж байсан. Харин миний хүслийг мэдсэн юм шиг өөрөө ирж уулзсанд үнэхээр их баяртай байгаа. Хүслийг минь биелүүлж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна.
 
-Чи бөх болох уу?
-Би бөх барилддаг хүн болно оо. Би нэг удаа “Хуйрнан шуугигч” бөхийн барилдаанд бага байхдаа оролцож байсан. Түүнээс хойш бөх болохоор шийдээд байгаа. Харин аав маань намайг 15 нас хүрэхээр барилдуулна гэсэн. Би 15 нас хүрэхээ хүлээгээд л байна. Аварга намайг “Аавынхаа үгэнд ороод, 15 нас хүрээд барилдаарай. Одоохондоо балчирдана шүү” гэж хэлсэн. Аав маань бөх сонирхогч болохоор надад ганц, хоёр мэх зааж өгнө гэсэн.
 
-Чиний мөрөөдөл юу вэ?
-П.Бүрэнтөгс аварга бид хоёр даян аварга болно оо. Би бөх болоод, даян аварга болно гэж мөрөөддөг. Аварга ч бас ялгаагүй даян аварга болно гэдэгт би итгэдэг. Би аварга шиг сайн барилдаж сурах хүсэлтэй байгаа. Аварга шиг дэмждэг хүүхдүүдээ ойлгодог, хайрладаг  хүн болно. Аваргын барилдааныг үзэхээр яг ийм болох сон гэж үргэлж боддог. Би түүний мордох мэхийг сайн сурна аа. Нээрээ аварга намайг цолныхоо найранд урьсан. Би найранд нь очихыг мөрөөдөж байгаа. Аав намайг дагуулаад явах байх аа.
 
-Зуны амралтаа юу хийж өнгөрүүлж байна вэ?
-Багшийнхаа өгсөн даалгаврыг хийгээд, гурван ч ном уншсан. Мөн хоёр дүүгээ хараад, чөлөөт цагаараа сагс тоглодог. Би анх удаа ярилцлага өгч байгаа болохоор сандраад байна. Харин та аваргын цолны найрнаар надаас ярилцлага аваарай. Би тэр үед сандрахгүй, мундаг ярьдаг болчихсон байна аа.

Э.Сумъяабазар: П.Бүрэнтөгс аварга бид хоёр даян аварга болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com