• Өнөөдөр 2026-10-09

Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ

      Мөнгөний тухай яриаг “Төсвөө сайтар төлөвлө, мөнгөө хадгал, бага зарцуул” гэсэн улиг болсон зөвлөгөөнүүд сүүдэр мэт дагадаг. Гэвч залуусын хувьд санхүүгийн шийдвэр нь орон сууцны үнэ, ажлын байрны тодорхойгүй байдал зэрэг бодит нөхцөл байдлаас гадна ирээдүйн тухай зовнил, гэр бүлийн санхүүгийн төлөвшил, цаашлаад сэтгэл зүйн байдлаас шууд хамаардаг аж.

    Чухам үүнээс үүдэн financial therapy буюу санхүүгийн сэтгэл заслын салбар нийгмийн дунд чухал үүрэгтэй болоод байна. Шинээр төрөн гарч буй энэхүү салбар нь хүмүүсийн мөнгө олох, зарцуулах буюу баялагтай харилцах харилцааны цаана байдаг сэтгэл зүйн хүчин зүйлсийг судалдаг байна. Бид Нью-Йорк хотод энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг "Tribeca Therapy" компанийн үүсгэн байгуулагч, сэтгэл заслын эмч Мэтт Лундквистай ярилцлаа. Тэрбээр хүмүүст мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгоход туслах чиглэлээр мэргэшсэн бөгөөд  залуустай, мөн амьдралд хөл тавих гэж буй хүүхдүүддээ санаа зовнин буй олон эцэг, эхтэй ажилласан туршлагатай нэгэн билээ.

Лундквист санхүүгийн сэтгэл засал гэж юу болох, Z үеийнхэн яагаад өмнөх үеийнхнээсээ илүү мөнгөнд анхаарал хандуулах болсон, мөн залуус ажил хөдөлмөр болон амьдралын үе шатуудыг хэрхэн өөр өнцгөөс харж байгаа талаар ярилцлаа.

-Санхүүгийн сэтгэл засал гэж юу вэ, санхүү төлөвлөлтөөс юугаараа ялгаатай юм бэ?

          -Би санхүүгийн сэтгэл засал гэх ойлголт доторх сэтгэл засал гэдэг үгэнд их ач холбогдол өгдөг. Бидний сэтгэл санаа амьдралаас салангид тусдаа зүйл биш. Өөрөөр хэлбэл, бидний мөнгөтэй харьцах харилцаа нь өдөр тутмын хэрэгцээтэй маань, ирээдүйнхээ төлөө зовних сэтгэл түгшүүрээ даван туулах хандлагатай маань, бүр карьер сонголтой маань шууд хамааралтай байдаг. Мөнгөтэй харилцах харилцааны цаана хувийн амьдралыг ч, ажлын амжилтыг ч шийдэх олон чухал хүчин зүйл бий. Сэтгэл заслын салбар нь бодит байдал дээр жижиг юм шиг зүйлс үнэн хэрэгтээ төсөөлөмгүй үр дагавар авчирч болдгийг ямагт харуулдаг онцлогтой.Санхүүгийн сэтгэл засалч танд мөнгөө хадгалах уу, зарцуулах уу гэдэг дээр зөвлөгөө өгөхгүй. Хувийн үнэт зүйлсээ тунгаан бодож, "сайн сайхан амьдрал"-ыг бүтээх өнцгүүдийг санхүүгийн талаас эргэцүүлэх орон зайд таныг хөтлөх болно.

-Залуус хувийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг (их хадгал, бага зарцуул, хөрөнгө оруул) сайн мэддэг. Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлэх үнэнхүү бэрхшээлтэй. Яагаад тэр вэ?

    -Олон шалтгаан бий. Хамгийн чухал нэг зүйлийг санах хэрэгтэй. Бүх зүйл тухайн хувь хүнээс бүрэн шалтгаалаад байгаа хэрэг биш. Мөнгөтэй харьцаж ирсэн бидний өмнөх туршлага хамгийн том шалтгаан нь. Бидний одоогийн сэтгэл зүйн төлөвшилтэй яг адил мөнгөний сэтгэл зүй ч гэсэн өнгөрсөн туршлага, амьдралын маань түүхээр бүтээгдсэн эд юм. Дараагийн том шалтгаан нь санхүүгийн соёлыг харах өнцөг хийгээд ойлгож тусгаж авах байдал. Таны эргэн тойронд юу болж байна вэ. Таны найз нөхөд, эцэг эх, хамтран ажиллагсад болон хос мөнгөтэй яаж харилцаж байна вэ. Миний ажигласнаар залуус зөвхөн ойрын хэдэн жилийг биш, олон жилийн цаадах асуудалд санаа зовох болсон. "Би хэзээ нэгэн цагт хүрч чадах болов уу. Би хэзээ нэгэн цагт баялаг бүтээнэ гэж үү" гэх мэт түгшүүр залуусын сэтгэл зүйд нөлөөлдөг. Үгүй ээ, ингэхээс ч аргагүй биз.

-Гэр бүлийн хүмүүжил, бага насны дурсамж, өвлөгдөж ирсэн мөнгөний талаарх итгэл үнэмшил нь насанд хүрэгчдийн мөнгөтэй харьцах хариуцлагад хэрхэн нөлөөлдөг вэ?

    -Хүмүүс уламжлалт сэтгэл засалч дээр тээж ирдэг асуудалтай л яг адилхан. Бид ихэвчлэн санхүүгийн болон сэтгэл судлалын талаар чамгүй мэдлэгтэй хүмүүстэй ажилладаг. Тэд өөрсдөө олон зүйлийг туршаад үзчихсэн хүмүүс байдаг. Тэд интернэт, ChatGPT ашиглан хувийн санхүү болон сэтгэл зүйн асуудлаа нэлээд тунгаан, өөр дээрээ ажиллах замдаа гацалтад орсон байна. Тэрхүү гацалт ганц хувийн стратегидээ биш, харин сэтгэл зүйн гүн асуудалд байх нь элбэг.

  Яг энэ мэт хүний мөнгөтэй холбоотой хандлагууд хэрхэн бүрэлдэж ирснийг нээж, илрүүлэх ажлууд үргэлж сорилттой тулгарна. Мөнгөний талаарх бага насны дурсамжуудыг эргэн санаж, эдгээр дурсамж сэтгэлд нь яаж үлдсэнийг, гэрийнхэн нь мөнгөнд яаж хандаж байсныг нарийн ярилцах шаардлагатай болно л доо. Ийнхүү санхүүгийн хандлага нь хэрхэн төлөвшсөн нарийн учир шалтгааныг илрүүлснээр одоо, насанд хүрсэн хойноо шинэ, магад огт өөр сонголтуудыг хийхэд нь тусална. Үүнийг эхлээд ойлгож авах нь юу юунаас илүү чухал. Хүмүүст энэ тухай нь ойлгуулах нэлээд хүнд ажил гэж би боддог. Гэхдээ л боломжгүй зүйл биш.

-Сэтгэл санаанаас болж санхүүгийн ямар асуудал үүсэж болох вэ?

     -Хүмүүс сэтгэл санаа тогтворгүй үеийн амьдралаа зохион байгуулахдаа харин ч гаргуун шүү. Тэд надад "Салснаас хойш миний мөнгөний зарцуулалт замбараагүй болчихлоо" хэмээн ярина. Тэд хэдийнэ асуудлынхаа шалтгаан, үр дагаврын хамаарлыг тодорхойлчихсон байна гээч. Залуусын хамгийн нийтлэг ярьдаг зүйл бол "Байрны түрээс дийлдэхгүй боллоо, шатахууны үнэ нэмэгдсээр байна. Хиймэл оюун ирээдүйг маань булаах байх аа. Манай компани шинээр ажилтан авахгүй байгаа. Юу л болох гээд байна даа?" гэнэ. Тэгээд “Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Олсон мөнгөө үрээд, өнөөдөр сайн сайхан байсан нь дээр юм биш үү?” хэмээнэ. Ийм байдлаар асуудлаа шийдэх гэж оролдоно.

-Z болон миллениал үеийнхний мөнгөтэй харилцах харилцааг харахад юугаараа ялгаатай байна вэ?

      -Энэ үеийнхэн өмнөх үеийнхний залуу цагаас илүү эдийн засгийн талаар ярилцдаг шиг санагддаг. Энэ нь тэдний бодол санаа, яриа хөөрөө, амьдралаа авч явах байдалд нэлээд нөлөөлдөг. "Би заавал хэн нэгний доор ажиллах ёсгүй" гэдэг ойлголт тэдний дунд түгээмэл. "Би өөрийн гэсэн зүйлийг ажиллуулна, өөрийн бизнесийг, өөрийн брэндийг бүтээнэ" гэдэг өгүүлбэрийг та инстаграмын инфлюенсерүүд ч юм уу, өөр хаа нэг газраас харж байсан нь гарцаагүй.

-Олон залуу хүн байр авах, гэрлэх, хүүхэдтэй болох зэрэг амьдралын чухал үе шатыг хойшлуулж байна. Эдгээр шийдвэрт ямар сэтгэл зүйн хүчин зүйлс нөлөөлж байна гэж та бодож байна вэ?

        -Сүүлийн үед улам их анзаарагдах болсон нэг зүйл шууд санаанд бууж байна л даа. Юу вэ гэхээр, хүүхэдтэй болохтой холбоотой мэдрэмжүүд. Гэрлэлт ч ялгаагүй. Гэхдээ хүүхэдтэй болох тухай асуудал нь илүү ноцтой байх. Миний харж байгаа зүйл бол залуу насанд хүрэгсэд зүгээр л хүүхэдтэй болохоо түр хойш тавиад байгаа хэрэг биш. Тэд 28, 32 насандаа “Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй” гэж тунхаглах шахуу ярих болсон. Энэ үзэгдэл үнэхээр санаа чилээж байгаа. Залуус ингэж бодох болсон нь зөвхөн эдийн засгийн түгшүүрээс үүдэлтэй биш болов уу. Хүмүүс хүүхэд өсгөх эдийн засгийн талыг өнөөдөр өөрөөр харах болсон. Үүний нэг тод жишээ нь “Ковид-19” цар тахлын үе байлаа. Гэрээсээ ажиллахын хажуугаар хүүхдээ харах ээжүүдэд сэтгэл санаа болон бие махбодын хувьд ямар их ачаалал ирдгийг залуу эмэгтэйчүүд тодорхой харж авсан л даа. Харин эрэгтэйчүүдийн хувьд хүүхэдтэй болохгүй хэмээн эмэгтэйчүүд шиг тунхаглахгүй байгаа гэж би хараад байгаа юм. Хүүхэдтэй болохыг үнэхээр хүсэж байгаа юу гэдгээ тодорхойлох, амьдралд юуг нэг тэргүүнд тавих вэ гэдгээ олохын тулд хосууд сэтгэл зүйч дээр очих нь нэмэгдэх болсон.

-Залуу үйлчлүүлэгчид тань санхүүгийн сайн сайхан байдлын талаар танд юуг ойлгуулж байна вэ?

     -Би энэ хүмүүстэй цагийг өнгөрөөхдөө "Ажил бол бүх зүйл" гэсэн байр суурийг эрс шүүмжлэхийг маш их сонсдог. Тэдний хийж буй сонголт болон амьдралаа хэрхэн зохион байгуулж байгааг харахад нэг талаар тун таатай, нөгөө талаар сургамжтай. Өөрийгөө харьцангуй ухамсартай гэж бодддог хүн ч (би өөрийгөө тийм  байгаасай гэж хүсдэг) яг үнэндээ мөнгө, ажил хоёроос болоод амьдралын бусад үнэт зүйлүүдээ хойш нь тавьчихсан явж байдаг.

-Өнөөдөр орлого, ажил, харилцаагаа эрүүл авч явж байгаа 20, 30-аад настай нэгнийг дүрсэлбэл амьдрал нь ямар харагдах вэ?

      -Зүгээр л мөнгө бол дэлхийн хамгийн чухал зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн болон баяр баясгалан, ойр дотнынхон, харилцаа зэрэг амьдралын үнэ цэнтэй талбараа орлогын төлөө хойш нь тавьдаггүй хүн хоорондоо ялгаатай. Миний бодлоор тийм амьдралд хүрэх зам нь мөнгийг ойлгох болон мөнгөний талаар мэдлэгтэй сонголт хийхээс эхэлдэг.

-Одоогийн байдлаар санхүүгийн асуудлаас өндийж чадахгүй, ачаалалтай байгаа залуу хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

     -Санхүүгийн салбарынхан мөнгийг ойлгох асар хэцүү, асар нарийн төвөгтэй гэх санааг нийгэмд буй болгож өөрсдөө ашиг хүртэж байдаг. Үүний нэг сөрөг үр дагавар нь залуус юу ч болоогүй байхад шантарч, халшрах явдал юм. Би залууст “Санхүүгийн түгшүүрээ багасах боломжтой гэдгийг ойлгож аваач ээ” гэж үнэхээр уриалмаар байна. Мэдлэг бол хүч. Хүмүүс сурч мэдэхийг хүсдэг шүү дээ, энэ чинь уг нь тийм ч хэцүү, нарийн төвөгтэй зүйл биш.

Ярилцсан: Хани Ритчер

Орчуулсан: С.Энхцэцэг


Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188