• Өнөөдөр 2025-03-31

ТОЙМ: Д.ТРАМПЫН "ДАЙНЫГ ЗОГСООХ" АМЛАЛТ БА В.ПУТИНЫ ШИНЭ НҮҮДЛҮҮД

2024-11-28,   1021

АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, Цагаан ордныг ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдах болсон Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг нь Украины дайныг зогсоох байв. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, төрийн тэргүүн болбол 24 цагийн дотор Украины дайныг зогсооно. Би В.Путин, В.Зеленский хоёртой сайн харилцаатай" гэж байлаа. Энэ ч утгаараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарлагдаж, олонхын санал ялалт байгуулсныхаа дараа Дональд Трамп шууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, улс төр, дайны асуудлаар урт хугацааны яриа өрнүүлсэн талаар Украины тал мэдээлсэн байдаг. Тэгвэл "дайн зогсоох" амлалттай дахин сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд гал зогсоох төлөвлөгөө нь ОХУ-тай зарим талаараа "эвсэж, АНУ-аас Украинд үзүүлж буй тусламж, цэргийн дэмжлэгийг зогсоож, дайныг хурдан дуусгахад нөлөөлөх талаар түүний туслахууд, мэргэжлийн шинжээчид онцолсон. Харин өдгөө Украинаас тусламжийг нь "тасалж", Оростой "эвсэх" Д.Трампын төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж, үүнтэй зэрэгцэн өнгөрсөн хэдэн жилийн турш олон улсын улс төрийн "гол дүр" байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ямар нүүдэл хийж байгаа талаар тоймлон хүргэж байна.

Д.ТРАМПЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Өнгөрсөн хугацаанд олон улсаас цэргийн тусламж, дэмжлэг хүсэж байгаа Украины НАТО-д элсэх хүсэлтэд АНУ хориг тавьж, Украин дахь цэргүүдээ татах талаар барууны хэвлэлүүд мэдээлж байсан. Харин энэ асуудлаар “Пента” нэртэй улс төрийн судалгааны төвийн захирал В.Фесенко "Оросын тавьж буй нөхцөл болзлын дагуу энхийг тогтоохыг Трамп зөвшөөрөхгүй л болов уу, зөвшөөрөх аваас үүнийг Украин ба АНУ-ын аль алиных нь ялагдал гэж үзэх болно. Харин Д.Трамп бол амбицлаг зан чанартай хүн учир ялагдахыг мэдээж хүсэхгүй гэж үзэж байна.

Шинэ засаг захиргааны үед цэргийн тусламжийн хэлбэр юуны түрүүнд өөрчлөгдөх болов уу. Тухайлбал, зээл, ленд-лиз хэлбэрээр Украинд зэвсэг техник нийлүүлж эхэлж магадгүй, өөрөөр хэлбэл Д.Трамп мөнгөндөө маш тооцоотой хандаж эхэлнэ гэсэн үг.

Гэхдээ Киевт үзүүлж буй санхүүгийн ба зэвсгийн тусламжаа АНУ зогсооно гэдэг нь юу л бол, маш эргэлзээтэй. Яагаад гэвэл, тусламжаа зогсоосон тохиолдолд шүүмжлэлээр булуулж, ялангуяа БНН-ы зүгээс ширүүн шүүмжлэлд өртөх болно. Цэргийн тусламж нь хэлэлцээний ширээний ард суулгахын тулд Украин, Орос хоёрт шахалт үзүүлэх хэрэгсэл болж магадгүй. Тодорхой хэлбэл, хэрвээ Киев татгалзвал АНУ тусламжаа багасгана, хэрвээ Москва зөвшөөрөхгүй бол Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ.

Хэлэлцээг эхлүүлэхийн тулд Д.Трампын зүгээс Москвад санал болгох зүйл бол НАТО-д элсэх гэсэн эрмэлзлээс нь Украиныг татгалзуулах явдал юм. Энэ тохиолдолд аюулгүй байдлын өөр баталгаа гаргаж өгөхийг Украин шаардах болно. Эл асуудлаарх хэлэлцээ маш хүнд байдалд явагдах боловч харилцан зөвшилцөлд хүрэх магадлал бий" хэмээн дүгнэжээ.

ТОХИРОЛЦОО

Украины армийн хувьд дайны фронт дахь нөхцөл байдал нь улам хүндэрсэн. Тодруулбал, Оросын цэргүүд Донбасст давшилтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн сарын хугацаанд гэхэд 500 ам км нутаг дэвсгэрийг эзэлж, хяналтдаа оруулжээ. Энэ хэмжээний газар нь 2023 оноос хойших Оросын армийн хамгийн өргөн хүрээний дамшилт болсон гэнэ.

Нөхцөл байдал ийн өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор энхийн хэлэлцээ хийх нь зүйтэй гэсэн бодолтой украинчуудын тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш "Разумковын сан" гэх байгууллагын явуулсан санал асуулгад оролцогчдын 21 хувь нь Оростой хэлэлцээ хийхийг дэмжиж байсан бол энэ онд 35 хувьд хүрч, хэлэлцээ хийх санал иргэдийн тоо өсжээ.  Тийм ч учир энхийн гэрээний тухай Д.Трампын мэдэгдлийг Украины олон иргэн нааштайгаар хүлээж авч магад. Гэхдээ Д.Трампын тодорхойлж буй “энх тайван” гэдэг нь гал зогсоож, Оросын тал эзэлж авсан нутаг дэвсгэртээ үлдэхийг хэлж байж болзошгүй гэнэ.

Харин дайныг зогсоосны хариуд эзлэгдсэн газар нутгаа Оросын нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрнө гэдэг бол Украины хувьд төсөөлшгүй зүйл юм. Ийм санааг дэмжинэ гэдэг бол Украины эрх баригчдын хувьд улс төрийн амиа хорлолт бөгөөд үүнийг зөвшөөрсөн аливаа удирдагч улс үндэстнийхээ түүхэнд үүрд урвагчаар үлдэнэ. Эзлэгдсэн газар нутгийн асуудлаар зөвшилцөлд хүрэх ямар ч боломжгүй гэдгийг Д.Трамп, Ж.Д.Вэнс хоёр сайн ойлгож мэдрэхгүй байгаа талаар "BBC" агентлаг онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн зургадугаар сард "Энхийн хэлэлцээ хийх гол нөхцөл бол Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудаас Украины цэргийг гаргах явдал бөгөөд үүний сацуу Украины тал төвийг сахиж, НАТО-д элсэхээс татгалзсан тохиолдолд Оросын тал гал зогсоож, хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна” хэмээн өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн билээ.

В.ПУТИНЫ БОЛЗЛООР ЭНХИЙГ ГЭРЭЭ ТОГТООНО ГЭВ

Эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр мөргөлдөөнийг зогсоох бас нэгэн боломж бий гэнэ. Тодруулбал, 2014 оны Крымын жишээ. Энэ төрлийн шийдвэрийг олон украинчууд эсэргүүцсэн ч гэсэн Киевийн эрх баригчид ийм алхам хийхээс аргагүйд хүрэхийг Фесенко үгүйсгэхгүй байна. Оростой ямар ч хэлэлцээр байгууллаа гэсэн энэ асуудлаар украинчууд нэгдсэн байр суурьтай байх магадлал маш бага.

Харин уг хэлэлцээрийг америкчууд санал болгох аваас зарим нэг асуудал шийдэгдэж магадгүй юм. Хэрэв энхийн саналыг В.Зеленский өөрөө тавих аваас тэрбээр хамгийн гол хохирогч болж урвагчийн нэр зүүнэ, харин АНУ-ын шахалтын дор энх тайвныг тогтоох аваас урвагч этгээд нь Д.Трамп болж хувирах аж.

Гэхдээ шинжээчийн үзэж байгаагаар асуудлын гол нь Украины нийгэм үүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэгт бус харин В.Путинд гол учир байгаа. “Дайныг түр зогсоох нь В.Путинд хэрэггүй, харин өөрийн тавьж буй нөхцлөөр энхийг тогтоох нь В.Путинд хэрэгтэй” талаар шинжээчид онцолж буй. Ийм учраас дипломат арга замаар энхийг тогтоох нь боломжгүй болчихоод байгаа юм гэж Украины Дээд Радын гишүүн Александр Мережко үзэж байна. Тэрбээр холбоо барих гурван талт Минскийн бүлгийн гишүүн байсан бөгөөд тус бүлгийн гол зорилго нь Донбассын мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах явдал байсан юм. Гэсэн хэдий ч Оросын тал халдан довтлохын тулд хэлэлцээний үйл явцыг ашигласан” гэж тэрбээр хэлээд, Д.Трампын санаачлан эхлүүлэх гэж буй хэлэлцээний үр дүн ч мөн адил байх болно хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

“Бид гал зогсоохыг зөвшөөрөх аваас ялагдлаа хойшлуулах болно. Харин түрэмгийллийн дараагийн давалгаа одоогийнхоос ч илүү аюултай байх болно” гэж Мережко анхааруулжээ.

ҮНЭХЭЭР ДАЙНЫГ ЗОГСООЖ ЧАДАХ УУ

Дүн шинжилгээ гаргадаг "Chatham House" төвийн судлаачид “Украинд явуулж буй Оросын дайныг хэрхэн зогсоох вэ” гэсэн илтгэлээр өнгөрсөн сард өөрсдийн байр суурийг илтгэжээ. Үүнд,

Хэрэв хүчээр хөөж гаргахгүй бол Оросын цэрэг Украинаас гарч явахгүй, Оросын хувьд мөргөлдөөнийг зогсооно гэдэг нь энхийг тогтоох арга хэзээ ч байгаагүй, харин болзошгүй дайснуудаа сулруулахад чиглэсэн оролдлого байсаар ирсэн” гэж илтгэлийг бичсэн хүмүүсийн нэг болох Жеймс Шер үзэж байна.

Илтгэлийг бэлтгэсэн шинжээчдийн хувьд, байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоонд хүргэхийн тулд Украиныг шахаж хүчлэхийн эсрэг байр суурьтай байна. Киевт илүү их тусламж үзүүлж, байлдах, ялалт байгуулах боломж олгохыг тэд уриалж байгаа юм.

Гэтэл Д.Трамп ийм байр суурины эсрэг байна. Тэрбээр ойрын хугацаанд дайны галыг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулж, өөрийн амжилтыг зарлан тунхаглах хүсэлтэй байгаа.

Гэхдээ Д.Трамп сонгуульд ялсан нь Украины хувьд сайн мэдээ ч байж болох юм. Учир нь “Трамп гашуун үнэнийг мэдэрч, В.Путинтэй тохиролцож болно гэсэн хуурмаг төсөөллөөсөө ангижрах аваас тэрбээр уг асуудлыг өөртөө хамаатуулан нухацтай авч үзэх болно. Ингэснээр Киевт илүү их тусламж олгож, Украиныг дэмжих эрс шийдмэг алхмуудыг хийж магадгүй” гэж Мережко дүгнэжээ.

Тэгээд ч Ж.Байдены Украинд зориулан төсөвлөсөн мөнгө 2025 онд хангалттай бий. Дээр нь Оросын царцаагдсан хөрөнгөөр баталгаажуулж, 50 тэрбум доллар гаргахаар шийдвэрлэсэн. Украиныг дэмжих ажиллагааны хүнд хүчрийг Европт үүрүүлэхийг В.Трамп оролдоно, Европын холбоо ч гэсэн улс төрийн шалтгаанаар Украиныг дэмжихээс татгалзаж чадахгүй, мөн АНУ ч татгалзаж чадахгүй.

Энэ оны эхээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим 61 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх төслийг дэмжсэн. Дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас 2024 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд АНУ-аас Украинд 55.5 тэрбум долларын зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлээд байна.

Мөн дэлхийн нэгдүгээр дайн дууссаны ойд зориулсан ёслолд оролцохоор Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Парист очиж, Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзахдаа Украинд хэр хэмжээний тусламж шаардлагатай байна, төдий хэмжээгээр тусална гэдгээ илэрхийлжээ.  

 

ТОЙМ: Д.ТРАМПЫН "ДАЙНЫГ ЗОГСООХ" АМЛАЛТ БА В.ПУТИНЫ ШИНЭ НҮҮДЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-28 10:15:41
    Зочин: АНУ н нэг жилийг батланхамгаалах зардал нь 900 д тэрбум $ Укрт жааханыг өгөхөд яах вэ дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188