• Өнөөдөр 2025-10-16

Б.ТҮМЭННАСТ: Би 34 морь сэлгэн, 1000 км-ийг 39 цаг 36 минут 23 секундэд туулж, рекорд эвдсэн

2025-10-16,   108

Монголын морины соёлын мартагдах шахсан нэг биет бус өвийн төрөл нь морьт харвааны спорт билээ. Монголын бүх ард түмний VII их наадмын алтан медальт, 1000 км-ийн холын зайн морин уралдааны рекорд дээд амжилтыг эзэмшигч, Дархан-Уул аймгийн Орхон сумын малчин, Монголын анхны эмэгтэй морьт харвааны тамирчин Б.Түмэннасттай ярилцлаа. Тэрбээр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан бөгөөд Монгол Улсын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, морьт харвааны тамирчин юм.

Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

       -Намайг Баатарын Түмэннаст гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Харин одоо Дархан -Уул аймгийн Орхон сумын суугуул иргэн. Одоо харин Хонгор сумын нутаг дэвсгэр дээр морь уналга , морьт харвааны сургалт хичээллүүлдэг.

-Адуучин хүний хүүхэд үү?

       -Аав, ээж, эмээ, өвөө, элэнц хуланц маань малчин хүмүүс байсан. Ээжийн маань тал тэмээчид байлаа. Харин аав, ах нар маань адуучин, уяач хүмүүс.

-Адуу, малтай хэр ойр өссөн хүүхэд вэ?

      -Ухаан орсон цагаасаа адуу, малтай ойр өссөн. Одоо цагийг бодвол намайг бага байхад охид, хөвгүүд, гол усныхан маань бүгд л морь унадаг байв. Морь унаж өөд, уруугүй давхилдсан, хөгжилтэй, хөөртэй бага нас маань өнгөрсөн.

-Дархан-Уул аймгийн Орхон суманд гол төлөв сайн ногоочид байдаг. Танайх одоо мал малладаг уу?

     -Тийм шүү, манай Орхон сумын онцлог гэвэл айл болгон ногоо тарьдаг. Мөн зөгий үржүүлнэ, жимс, бут мод ургуулна. Өрхийн аж ахуйг хөгжүүлсэн, хөдөлмөрч хүмүүс Орхон суманд байдаг. Манай сум “Улсын тэргүүний сум” шүү. Харин би аавын гэрээс 18 настайдаа хүний эхнэр болж гарсан. Тэр цагаас одоог хүртэл мал маллаж байгаа. Саалийн үнээнүүдтэй, уналгын морьд , үржлийн нэг азарга адуутай. Манайх тоо чухал бус, чанар хэрэгтэй гэж бодож малаа малладаг.

–Дунд сургуульд байхдаа ямар спортын төрлөөр хичээллэдэг байсан бэ?

        -Дунд сургуульд байхдаа спортоор хичээллэж байгаагүй ээ. Миний үед морь унах нь биеийн тамир, спорт байсан. Тийм дээ ч эрүүл чийрэг өссөн дөө.

-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

    -Би “Хан Монгол” морин циркийн Цогтхүү багштай хамт олон дээр  зургаан жилийн өмнөөс харьяалагдах болсон. Тэдэнтэй цуг морьт харвааны спортыг түгээн дэлгэрүүлж , таниулан сурталчлахад сэтгэл санаа нэгдэн хамт олон болцгоон явж байна.

Холын зайн 1000 км-ийн морин уралдаанд түрүүлсэн шүү дээ. Тэр уралдаанд рекорд амижлт тогтоосон юм уу ?

      -Би хэт холын зайн 1000 км-ийн морин уралдаанд 2021-онд Дархан-Уул аймгийн “Дархан Нэхий” компанийг төлөөлөн уралдаж гуравдугаар байр эзэлсэн. Харин 2022 онд болохоор Сэлэнгэ аймгийн “Буган Халиун” Морин спорт, уяачдын холбооны нэр дээр уралдаж тэргүүн байр эзэлсэн. Би тус уралдаанд  34 морь сэлгэн уралдаж, 1000 км замыг 39 цаг, 36 минут, 23 секундэд туулж, рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Одоо хүртэл дээд амжилтаа эзэмжиж байгаа.

 Морин спорт, морьт харвааны ямар зэрэг, цолтой тамирчин бэ?

   -Надад нэг харамсаж явдаг зүйл байдаг. Манай монголчууд өөрсдийн өв соёл болох морьт харвааг таг мартаж, орхигдуулсан байсан. Төр засаг нь ч тооддоггүй асуудлууд байсан байх. Морьт харвааг олон түмний дунд түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах ажлыг мань мэт нь цөөхүүлээ ч гэсэн хичээгээд л явж байна. Бид удахгүй холбооныхоо хүрээг тэлээд дүрэм журмаа баталаад , зэрэг, цол, дэвтэй болцгооно. Одоогоор өв, соёл тээгч л гэсэн цолтой байна даа. Гэтэл морьт харвааг Өмнөд Солонгос Улсын төр засаг нь дэмжээд өөрсдийн өв соёл гээд “ЮНЕСКО”-д бүртгүүлсэн байдаг юм.

Морьт харваанаас гадна өөр юу хийх дуртай вэ?

       -Морьт харваанаас гадна хол , ойрын зайнд уралдаж байгаа. Ойрын зайны уралдаан эрсдэл ихтэй. Унаачаас ур чадвар их шаарддаг  төрөл байгаа юм.  Унаач 50 кг-аас илүүгүй байх ёстой. Унаач 50 кг дээр жингээ барих шаардлагатай байдаг. Би ер нь морио унах л дуртай. Тийм учраас уралдаанд бэлтгэхийн хажуугаар далимд нь жин барьж байгаа.

    Эрүүл агаарт морин дэл дээр давхих нь эрүүл мэнд, бие бялдарт тустай болохоор морь унах спортдоо л дуртай даа. Өөр спортыг нэг их сонирхож байгаагүй. Тийм ч боломж, бололцоо, нөхцөл, орчин бүрдээгүй. Малчин бидэнд морин спортоос өөр спортыг сонирхож, амжилт гаргах бэрх л дээ.

 –Гэр бүлийн хүн чинь морьт харваагаар хичээллэдэггүй?

       -Гэр бүлийн хүнээсээ тусдаа амьдраад удаж байгаа. Манай хүн морин спорт , морьт харваагаар хичээллэх нь бүү хэл огт сонирхдоггүй. Намайг ч дэмждэггүй, дэмжиж ч байгаагүй ээ.

–Бэлтгэл, сургуулилалт, тэмцээн, уралдаан гээд явахаар ар гэрийн амьдрал хаягдах тал гардаг уу?

      -Өө тэгэлгүй яах вэ. Бэлтгэл сургуулилалт тэмцээн уралдаанд ар гэр, мал ахуй бүгд орхигдоно. Найз нөхөд, ах дүү ,том охин маань л их тусалж дэмждэг. Эмэгтэйчүүд манлайлал үзүүлэхэд маш их саад бэрхшээлтэй нүүр тулгардаг. Тэр бүхнийг давж туулах гээд л хичээж явна. Энэ бүхнийг амжуулахын тулд асар их тэвчээр, эрчимтэй ажиллах шаарлагатай тулгардаг. Үргэлж л завгүй гүйж явдаг даа. Заримдаа бие засахаа ч умартах нь бий, хэ хэ хэ.

–Аймаг, сум орон нутгаас морин спорт, тэр тусмаа морьт харвааны спортыг хөгжүүлэхэд хэр дэмжлэг, туслалцаа үзүүлдэг вэ?

       -Дархан , Сэлэнгэ аймгийн захиргааны аль, аль нь морин спортыг маш сайн дэмждэг. Дархан хотын Засаг дарга Б.Азжаргал морины соёлыг хоёр гараа өргөөд дэмждэг хүн. Тийм ч учраас морь уналгын газрын асуудлыг дэмжиж, надад эзэмшүүлсэнд нь их урам орсон.

 –Хамгийн сайхан мартагдашгүй  дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

     -Хамгийн сайхан дурсамжтай тэмцээн бол “Морин-Өртөө” байсан. Халхын шилдгүүдтэй өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн мөч байсан даа. Мөн Монголын бүх ард түмний 7-р их наадмаас алтан медаль хүртсэн. Тэр  үед хөл дээрээ ч тогтож чадахгүй бэртэж гэмтсэн байсан ч баярын нулимс сад тавиад, тэнгэрт байгаа аав, ээждээ хандан “Би та хоёрынхоо үргэлжлэл шүү” гэж хэлж байлаа.

– Монголын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч болсон. Энэ нь үндэсний сур болон адууны соёлтой холбоотой юу?

     -Морь харвааг Соёл урлагийн газар нэн яаралтай хамгаалах соёлын өвд бүртгэж авсанд баяртай байдаг. Биднийг “Соёлын өв тээгч” хэмээн алдаршуулж дэлхийн нүүдэлчдийн соёлын фестивальд оролцуулсанд сэтгэл өндөр байсан шүү. Цаашдаа хамгаалж, хөгжүүлээсэй, тусалж дэмжээсэй гэж боддог. Үндэсний сурын арга барил ,техник морьт харвааныхаас тэс өөр шүү дээ. Морьт харваа адууны соёлтой маш сайхан зохицсон спорт байгаа юм.

-“Морьтой Монголжин” хойд бүсийн улсын уралдааныг Дархан, Сэлэнгэ аймгууд хамтран зохион байгуулсан уу?

     -Моринд элэгтэй , сэтгэлтэй , зүтгэлтэй эрэмгий бүсгүйчүүд нэгдэж “Морьтой Монголжин” парадыг улс орон даяар амжилтай зохион байгуулсан.   Бид Морьтон бүсгүйчүүдийн холбоог байгуулж, 21 аймаг, Улаанбаатар хотын ес дүүрэгт салбар холбоогоо байгуулахаар зүтгэж байгаа. Би холбооныхоо “ТУЗ” нь байгаа юм. Тийм учраас идэвхтэй ажил бас нэгээр нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд морин соёлд өргөнөөр дурлаж , суралцаж, оролцох болсонд баярлаж бахархах байгаа.

–Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө сонирхуулахгүй юу?

     -Ирээдүйн зорилго гэвэл бүх нийтээрээ морьтны соёлоо сэргээж , морьт харвааг “моод” болгохыг л хичээж ажиллана даа. Аймгийнхаа наадмаар дөрөө харшаад явах эмэгтэй найзууд олноороо бий болоосой л гэж боддог доо.

 -Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?      

    -Би хоёр гараа хугалаад нэлээн зүдэрсэн. Одоо хойшдоо морьт харваа , хэт хол болон ойрын зайны уралдаанд идэвхтэй оролцоно гэж бодож байна. Хамгийн ойрхон тэмцээн гэвэл ирэх арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох “Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам”-д манай “Морьтон бүсгүйчүүдийн холбоо” хамтарч алчуур шүүрэх, саад сүлжих ,ойрын зайнд уралдах тэмцээнүүдэд өрсөлдөнө.

 

 


 

 


Б.ТҮМЭННАСТ: Би 34 морь сэлгэн, 1000 км-ийг 39 цаг 36 минут 23 секундэд туулж, рекорд эвдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188