Илт худал мэдээлэл гэдгийн илт гэдэг үгэн дээр л дүүжигнэж байна, Монголын сэтгүүл зүйн эрх чөлөө. Энэ үг байгаа тулдаа сэтгүүлчид толгой дараалан гав, гинж зүүчихгүй гилдэрч байгаа хэрэг л дээ, үнэндээ. Гэхдээ айдастай байна. Хэн, хэзээ гомдоод, Эрүүгийн хуулийн 13.14 зүйл заалтаар яллагдаж, “ялтан”-ы эгнээнд шилжих бол гэхээс айдастай байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт зөвхөн сэтгүүлчдэд бус, иргэдэд ч хамаатай болчихсон. Сошиал сүлжээндээ хэн нэг даргыг харааж, хардаад бичсэн хэнийг ч Эрүүгийн хуулиар шалгаж, шүүхийн тогтоол уншуулж байгаа. Саяхан, Хөвсгөлийн нэгэн иргэн цахим хуудастаа үйлчилгээ авч чадаагүй төрийн байгууллагыг муулж, бухимдлаа илэрхийлж л дээ. Гэтэл өнөөх байгууллагын дарга нь алдар хүндэд халдсан үндэслэлээр гомдож, хуулийн байгууллагад хандсан байна. Ингээд өнөөх иргэн шүүхээс торгуулийн ял сонсож, зорчих эрхээ хязгаарлуулжээ. Өөрөөр хэлбэл, хүнд суртал, иргэн төвгүй байгууллагын алдар нэр сэвтэж, иргэн ял сонсжээ.
Өчигдөр МСНЭ-ээс “Эрүүгийн хуулийн 13.14-Хэвлэл мэдээллийн салбарын суурь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт нь хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн бэрхшээл болж буйг салбарынхан хэлэлцсэн юм.
-Худал мэдээлэл тараах гэсэн зүйл заалт нь Зөрчлийн хуульд байсан. Энэ хугацаанд буюу 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 359 хэрэг Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдсэн байдаг. Гэхдээ үүний 27 нь сэтгүүлч, хэвлэл мэдээлэлд хамаатай зөрчил байсан. Тодруулбал, 2017 оны 28 зөрчлийн дөрөв нь, 2018 оны 486 зөрчлийн 17 нь сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 оны зөрчлийн дөрөв нь сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж, Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авсан. Тухайн үед Зөрчлийн хуулиар сэтгүүлчийг хоёр сая, хэвлэл мэдээллийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр торгодог шийтгэлтэй байсан. Тухайн үед зах замбараагүй торгуулийн арга хэмжээ авагдаж эхэлсэн. Мөрдөн байцаалтаар худал, үнэнийг тогтоохгүй, шүүхээр орохгүй шалгалтын ажиллагаа явуулахгүй, гомдол хүлээж авсан байцаагчийн үзэмжээр л торгуулиар хавтгайруулж эхэлсэн. Ийм учраас МСНЭ, сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэсэн. Мөн хууль хэрэгжүүлэгчид сэтгүүлчдийг зах замбараагүй торгож байгаадаа эмзэглэж, эргэлзэж эхэлсэн. Ингээд 2020 онд Эрүүгийн хуульд гүтгэх заалтаа оруулсан. Эрүүгийн хуулинд буцаагаад оруулахдаа “Илт худал мэдээллээр гүтгэх” гээд зүсээ хувилгаад, хоёр өөр заалт болгочихсон. Худал мэдээлэл тараах гэх халхавчаар нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхийг Эрүүгийн хуульд оруулчихсан гэсэн үг. Илт худал мэдээлэл тараадаг редакц гэж байдаггүй. Хэдийгээр манайх дотроо ийм судалгаа явуулаагүй ч гэсэн дэлхийн олон судалгаа үүнийг гаргасан байдаг юм билээ. Шалгаж байна, шийдэгдээгүй байгаа гэдэг үгээр хуулийнхан сэтгүүлчдийг залхааж байна. Энэ бол үнэхээр буруу юм. Ийм учраас бид тэмцэхээс аргагүй болж байна. Мөн хиймэл оюун ухаан гэдэг зүйл бидэнд баригдахгүй болчихлоо. Технологийн энэ эрин үед илт худал мэдээлэл гэдгийг юу гэж үзэх вэ гэдэг дараагийн асуудал гараад ирсэн. Хүний хэлээгүй үг, баримтыг хэн нэгний дуу хоолой, дүрсэн дээр дэвсчихэж байна. Дарга, албан тушаалтны нэр төрийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслээс Эрүүгийн хуулиар хамгаалдаг нь байж болохгүй гэдэгт бид салбараараа нэгдэх нь зүйтэй болов уу. Үүнийг хэлэлцүүлж, тогтох ёстой гэдгийг МСНЭ-ийн удирдах зөвлөл баримталж байгаа юм.
-Манай сонин 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэдэн удаа шүүхэд дуудагдсан бэ гэдэг тоогоо алдсан. Жишээлбэл, нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан үндэслэлээр нэг уул уурхайн компани манайхаас есөн тэрбумыг нэхэмжилж, шүүх хуралд орж байлаа. Үүнээс гадна маш олон тохиолдоор бид шүүхэд дуудагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан ч нэг ч хэрэгт унаагүй, буруутгагдаагүй, ялагдаж байгаагүй. Редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчид хэзээ ч илт худал мэдээлэл тараадаггүй. Илт худал мэдээллийг зориудаар түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч гэж байхгүй. Харин үүнийг нь тасалж авч хэрэглээд байдагтай холбоотой гэж би боддог. Би Эрүүгийн хуульд 13.14 гэдэг зүйл заалт байх ёстой гэдэгт санал нэгддэг. Учир нь, хэн дуртай нь хэн нэгнийг илт худал мэдээллээр гүтгээд байж болохгүй. Хоёрдугаарт, илт худал мэдээлэл тараагаагүй гэдгээ нотол гэдэг. Угтаа бичсэн сэтгүүлч нь буруугүй гэдгээ нотлох биш, илт худал мэдээлэл тараасан гэдгийг гомдол гаргагч нь нотолдог байвал сэтгүүлчдэд ашигтай болов уу. Сэтгүүлч буруугүй гэсэн баримтаа гаргасан байгаа шүү дээ.
-Аравдугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 13.14 зүгээр заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Сэтгүүлч бидэнд маш хариуцлагатай хандах Дунд суудлын хуралдаан болох гэж байна. Үүний өмнөхөн МСНЭ хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж байгаа. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт ганцхан сэтгүүлчдийн асуудал биш болсон гэдгийг хатуу хэлмээр байна. Сошиал идэвхтэй байдаг иргэдийн асуудал болчихлоо. Бидний эсрэг улс төрийн албан тушаалтан, Төрийн өндөр албан тушаалтангууд зогсож байна. Боксын рингээр зүйрлэвэл, жирийн эмч, багш, иргэн, сэтгүүлч мэргэжлийн боксчинтой рингэн дээр гараад үзэж байгаатай адил нөхцөл байдал шүүх дээр өрнөж байна. Би хардах эрхтэй. Төрийн өндөр албан тушаалтан шүүх, цагдаа, прокурорт хэрхэн нөлөөлж байгаа бол гэж би боддог. Сэтгүүлчид нь Үндсэн хуулиар олгогдсон мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө, иргэд нь сошиал пост оруулсныхаа төлөө Эрүүгийн ялтан болоод явах юм уу, эсвэл нэгдэж нийлээд хэвлэлийн эрх чөлөө, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхээ хамгаалах юм уу гэдгийг хэлэлцэх цаг нь болсон. Бид ийм торгон ирмэг дээр ирлээ. Нэг нэгээрээ Төрийн өндөр албан тушаалтантай үзээд, ялаа аваад явах уу, нийлээд тэмцэх юм уу. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргана гэдэгт маш их найдаж, итгэж байна. Сэтгүүлчидтэй хамт жирийн иргэд ч нэгдэж, дуу хоолойгоо хүргээсэй гэж бодож байгаа. Хэрэв нэгдэхгүй бол нэг нэгээрээ ял аваад дууслаа. Нэг ял сонссон хүн дахиж дуугарч чадахгүй. Тийм зориг ч байхгүй. Худал мэдээлэл гэдэг өргөн агуулгыг хэрхэн нарийвчлах вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хийх байх. Эрүүгийн хуулиас 13.14 дүгээр зүйл заалтыг авч хаях ёстой. Эрх баригч, улстөрчдийн үгийг дамжуулж хүргэж байгаагийнхаа төлөө сэтгүүлчид ял авч байна шүү дээ, энэ бол эмгэнэл.
-Эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой асуудлыг хоёр жилийн өмнөөс судалж, хэргүүд дээр ажиллаж байгаа. Ер нь бол сэтгүүлчид энэ Эрүүгийн хуулийн 13, 14-ийг ярихаасаа өмнө Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгох ёстой. Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан. 1992 оны Үндсэн хууль бол үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, төрийн нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг олж авах, түгээх эрхийн асуудал яригдаж байгаа юм. Энийг нь хэлж ярьсан хүмүүсийг нь Эрүүгийн хуулийн 13.14-өөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар таслан сэргийлэх арга хэмжээ авдаг, түүнийг нь биелүүлэхгүй бол цагдан хорьдог нөхцөл байдалд оруулж байна. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хуультай. 2020 онд Зөрчлийн хуульд байсан гүтгэх гэдэг зөрчлийг УИХ хэлэлцээд Эрүүгийн хууль руу оруулчихсан. Энэ хуулийг хийж байхад ямар тодруулгатай байсан бэ гэхээр Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараах дээр хэн гомдол гаргаж болохгүй вэ гэдгийг тодотгосон байсан. Улс төрд нөлөө бүхий этгээд, төр, түүний албан тушаалтан байсан. УИХ хууль батлахдаа энэ хэсгийг авч хаясан. Өнөөдөр цагдаа, прокурор, шүүхэд гомдол гаргаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь улс төрд нөлөө бүхий этгээд, төр, түүний албан тушаалтан байгаа. Үүний цаана юу болж байгаа вэ гэхээр иргэд нийгэмд болохгүй байгаа зүйлийг шүүмжилдэг, сэтгүүлчид түүнийг нь нотлох баримттай гаргаад тавьдаг. Гэтэл тэднийг цагдаа дээр дуудаад хэдэн сар, жилээр шалгадаг болчихсон. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 гэдэг заалт байдаг. Тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч прокурор бол яллах, цагаатгах нотлох баримтыг цуглуулах ёстой. Энэ олон сэтгүүлчийг сонсоод байхад Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал яригдана. Гэтэл шүүгч асуудлыг хэрхэн шийддэг вэ гэхээр хавтаст хэрэгт байгаа мэдээллээр шийддэг. Цагаатгах нотлох баримтыг цуглуулахгүйгээр мөрдөн байцаагч, прокурорууд шүүх рүү явуулдаг. Тэгэхээр шүүх хэргийн материалыг л харж шийднэ гэсэн үг шүү дээ. Цагдаа, прокурорын байгууллага төсвөө УИХ, сангийн сайдаас батлуулдаг. Ингээд улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн шууд болон шууд бус нөлөөгөөр нөлөөлөх боломжтой гэсэн үүднээс Эрүүгийн хуульд томьёолсон байдаг. Ингээд харахаар явцуу эрх ашигт тулгуурласан хуулийн заалт болжээ.
Зөгий.мн мэдээллийн сайт Ш.Оюунбаатар
-Манай сайт зургаан жилийн өмнө байгуулагдсан. Энэ хугацаанд олон удаа цагдаагийн байгууллагад дуудагдаж, тайлбар мэдүүлэг өгч байсан. Гэхдээ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар шалгагдаж байгаагүй. Харин нээлттэй, тодорхой мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага дуудаж, мэдүүлэг аваад байдаг нь цаг хугацааны хувьд асар хохиролтой байна. Сэтгүүлчийн гаргасан ил мэдээллийг цагдаа нар нягталж хардаггүй юм билээ. Заавал сэтгүүлчийг баримтаа гаргаж хар гэдэг. Улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргасан бол сэтгүүлчийг заавал шалгадаг дүрэмтэй. Энэ нь хэцүү байдаг. Мөн хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн УИХ-ын чуулганы үеэр хэлсэн үгийг нь бичиг, бичлэгээр сайт, пэйждээ оруултад манай сайтыг хааж байсан тохиолдол байдаг. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас цагдаа руу гомдол гаргаад, Харилцаа холбооны зохицуулах хороо хаачихсан юм билээ. Албан бичиг илгээгээд, шууд хаачихдаг юм билээ. Яагаад ингэж хаасныг нь бид үнэхээр ойлгоогүй.
Энэ мэтээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байр сууриа илэрхийллээ. Эцэст нь, сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг эргэн харж, Эрүүгийн хуулиас хасах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болоод байгаа. Уг хуралдаан ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 24-нд болно. Дунд суудлын хуралдаанаар сэтгүүлч, иргэдийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэргэлийн ажлаа хийснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шийтгэгдэх эсэхийг дэнсэлнэ гэсэн үг.
Монголын сэтгүүл зүй чөдөр тайлагдах уу, эс тайлагдах уу гэдэг нь дунд суудлын хуралдаанаас тодорхой болно гэсэн үг. Эрүүгийн хуулинд чөдөрлөгдсөн сэтгүүлчдийн эрх чөлөө Үндсэн хуулийн цэцийн “гар”-т байна
ЭРҮҮГИЙН ХУУЛИНД ЧӨДӨРЛӨГДСӨН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН “ГАР”-Т БАЙНА |
|
2025-10-16 09:52:53
2025-10-16 09:45:53
2025-10-16 09:18:11
2025-10-16 07:20:00
2025-10-16 07:10:00
2025-10-16 07:00:04
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 06:59:00
2025-10-16 00:00:00
2025-10-15 20:00:00
2025-10-15 17:00:00
2025-10-15 13:13:05
2025-10-15 13:07:59
2025-10-15 12:35:22
2025-10-15 12:26:05
2025-10-15 11:48:12
2025-10-15 11:30:52
2025-10-15 10:39:16
2025-10-15 10:23:40
2025-10-15 10:01:27
2025-10-15 09:41:44
2025-10-15 09:38:06
2025-10-15 08:43:35
2025-10-15 07:40:00
2025-10-15 07:30:30
2025-10-15 07:21:00
2025-10-15 07:10:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |