Дэлхийн сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд 80 орчим орон Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгуулиа хийж байна. Манай гаригийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум хүн, ДНБ-ий 54 хувийг хамруулсан сүүлийн хэдэн жил тохиогоогүй дэлхийн их сонгуулийн жил болж байгаа.
Харин дэлхийн сонгуулийн жилд сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн түүхий эдийн нийлүүлэлт, газрын тосонд хүчтэй нөлөө үзүүлж байсан ОХУ, Украины дайнаас гадна Палестины хэт даврагч “ХАМАС”, Израилын дайн, Ираны дайралт зэрэг олон улсын анхаарал татсан дайн, тулаан, мөргөлдөөнүүд олон улсын харилцаа, геополитикийн өрсөлдөөн, улс төрийн нам, эвслүүдийн байр суурьд хүчтэй нөлөө үзүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Ардчиллын индексийн мэдээллээр дэлхийн 167 орон ардчилсан тогтолцоотой. Дээр дурдсан сонгууль болох 80 орчим орон ардчилсан тогтолцоогоор саналаа хураана. Гэхдээ өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд олон улсад тогтвортой байр сууриа хадгалж ирсэн социал либертари, демократ үзэлтнүүд дээр либерал буюу ногоон үзэлтнүүд нэмэгдэж, олон улсын улс төрд хүчирхэгжиж буй. Үүнтэй зэрэгцэн ардчилсан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа ч “Ардчилал зөв зам мөн үү”, “Дэлхийд ардчилал хэрэгтэй юү” зэрэг эргэлзээ төрүүлсэн асуулт дэлхийн улс төрд гарч ирж байгаа бөгөөд сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд сонгуулиа хийж буй орнуудад “Ардчилсан системээс илүү байж болохуйц бодлого, тогтолцооны шийдэл гаргасан нам, эвсэл, нэр дэвшигч ялалт байгуулах өндөр магадлалтай байгааг шинжээч, судлаачид онцолж байна. Нөгөөтээгүүр өнгөрсөн 10 жилийн турш "эзэгнэсэн" либертари үзэлтнүүдтэй ширүүн өрсөлдөөн гаргасан демократууд эхнээсээ "бууж өгч" парламент, Засгийн газартаа ч эвсэх тохиолдол цөөнгүй гарч байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан дэлхийн орнуудын эвслийн Засгийн газрын эргэж задарсан, эвсэж байгаагүй гэх жишээнүүдийг хөрвүүлэн хүргэе.
Өөр үзэлтэй улс төрийн намууд нэгэнтэйгээ эвсэж, парламент, Засгийн газартаа зэрэгцэхийг олон нийт тэнэг зүйл гэж хүлээж авдаг. Харин ийм тэнэг байдалд хүргэхгүй гэдгээс нийтлэлээ эхэлж, барууны болон посткоммунист орны хэд хэдэн жишээ дурдъя. Угтаа бол эвсэх гэдэг зүйлийг дээр дурдсан барууны болон посткоммунист орнууд гаргаж ирсэн. Бусад орон мөн адил эвсэх бол тэдний яг таг даган дуурайж, хуулбарлахаас өөр аргагүй. Гэсэн ч тэгж хуулбарлахдаа улс төрийн намууд эхлээд ямарваа нэгэн "изм"-ээсээ салж, үндэсний нийтлэг асуудал, бүр тодорхой хэлбэл “нэгдмэл нэг үндэстэн” гэдэг зарчмаа намынхаа дээр гаргаж тавих ёстой болдог. Нэгэнт л нэгдмэл нэг үндэстэн гэдгээ ухаараад ирэхийн цагт энэ үндэстэнд чинь ямар бэрхшээл зовлон байгаа, түүнийг гэтэлгэхийн тулд танай намаас эвслийн нөгөө намтайгаа юугаараа ижилсэх, ижилсэхгүй бол ижилсүүлэхийн тулд хэрхэн буулт хийх, юугаа гаргаж тавих вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болно.
Жишээ болгоход, эргэн тойрон ямагт дайсагналтай явж ирсэн Израил Улс. Тэнд ядуурал, ажилгүйдэл гэж байхгүй, харин байнга дайны аюул нүүрлэж ирсэн. 1984 онд баруун (Ликуд) зүүний (Лейбор буюу социал-демократ) хоёр нам хоёр талаасаа угталцан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, суудлаа дараах байдлаар хуваарилж байв.
Жишээ нь, Хөдөлмөрийн нам Батлан хамгаалах яамыг авсан бол хоёр жилийн дараа Ликудэд байраа тавьж өгөөд, Ликудын мэдэлд байсан Дотоод хэргийн яамыг авна гэсэн үг.
Палестины террористууд хүчрэгдэхээ больж, дээр нь Ерөнхий сайдаа (И.Рабин) дотроосоо нухчихсаны дараа бүр шал өөр эвсэл Израильд гарч ирж байв. Ликудын Б.Нетаньяху толгойлсон Засгийн газарт Ликуд, Үндэсний шашны Мафдал нам, шашны ШАС нам, сионист Цомет нам, орос цагаачдын Исраэль ба- Алия нам, “Гурав дахь зам” нам оржээ. Дараа нь энэ эвсэл социалдемократуудаа урин дуудаж, “Үндэсний эв нэгдлээ” санал болгосон ба баруун зүүн, ардчилсан, ардчилсан социалист зэрэг “изм”-үүдээ энэ орон хэдийнэ хэлсэн бололтой юм билээ.
1960-аад онд ХБНГУ-д К.Аденауэр хорвоог орхиж Германы улс төрд маш том онгорхой гарч, бас “хүйтэн дайн” оргилдоо хүрч, Берлиний хана, Карибын хямрал, Вьетнамын дайн, Чехословакийг Варшавын гэрээний цэрэг эзэлсэн зэрэг түүхэн эгзэгтэй мөчид Германы баруун (CDU), зүүн (SPD) хүчнүүд хоёр талаасаа угталцан “Их эвслийн Засгийн газар” гэгчийг гаргаж ирэв. Ингэхдээ,
1. Христосын Ардчилсан Холбооны (барууны консерватив) дарга К.Г.Кизингер Холбооны канцлер
2. Социал-демократын намын дарга В.Брандт Шадар сайд бөгөөд ГЯЯ-ны сайд
3. Эвсэл задарвал аль нэг нь дангаараа Засгийн газар байгуулж болохооргүйгээр заавал Чөлөөт Ардчилсан намтай (либерал) эвсэх тохиролцоотой.
Үнэмлэхүй эрхийг нэг нам эдэлж болохгүй гэсэн энэ зарчмаар Герман орон 50 гаран жил замнаж байна. Нийгмээ хоёр хуваан дайсагнуулж, тогтворгүй байдал руу түлхэх гээгүй л бол хувийн ба бүлэглэлийн эрх ямбаа орхиж Герман, Израилийн жишээ олон улсын суралцах шаардлагатай зүйл ч болсон нь бий.
Эвсэнэ гэхдээ Энэтхэгийн жишээг хуулж болохгүй бас нэг жишээ дурдъя. 1989-1991 онд “Үндэсний фронт”, 1996- 1998 онд “Нэгдсэн фронт” гэх 10 гаруй намын эвслийн Засгийн газар ажиллаж байснаа 1998 оноос “Үндэсний Ардчилсан Холбоо” эвслийн 25 намын Засгийн газар ажиллаж байгаад 2004 оны хавар парламентын сонгуульд ялагджээ. Гэхдээ энэ бол нэг тэрбум хүн амтай, 550 улс төрийн намтай, парламент нь 545 гишүүнтэй томоохон орон. Харин хажууханд нь орших Латви “ногоонтон” Ерөнхий сайдтай дэлхийн бараг анхны орон юм.
Баруун төвийн эвсэл: Ардын Нам, Анхдугаар Нам гэсэн хачин засаглал нэг үе байсан. Эстонид 37 настай Европын хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэх нэг залуу толгойлсон БНУ-ын төлөө Холбоо, Баруун төвийн реформист нам, Зүүн төвийн Ардын Холбоо намууд төр барьж үзсэн. Баруун зүүнгүй эвсчихсэн нь байгаа нь энэ байсан болов уу. Ах дүү Болгарын ард түмэн бүр ч хачин засаглалыг сонгож байлаа. Эзэн хаан байсан хүн хагас зуун жил харьд цагаачилж яваад эргэж ирээд шинэ нам байгуулаад экскоммунист- хуучинсаг энэ улсад засаг авчихсан хачин түүх саяхных. Үндэсний хөдөлгөөн гэх тэр шинэ нам нь этник турк цөөнхийн намтай эвсжээ. Чехид социал-демократ нам нь төвийн бүлгийн Христосын ардчилагчид, Эрх чөлөөний Холбоо намуудтай эвсэж баруун зүүнгүй нэг л зорилгын төлөө явж байсан нь мөн л туршлага болох. Словакийн баруун төвийн эвслийн Засгийн газарт Словакийн ардчилсан ба христосын уни нам, Этник унгарчуудын нам, Христосын Ардчилсан Нам, Шинэ иргэдийн Холбоо зэрэг нам эвссэн байна.
Ерөнхий сайд толгойлсон социалистууд (хуучин коммунист нам) Чөлөөт ардчилагчдын Либерал Холбоо намын өвөрмөц эвсэл засаг барьж болдгийг нэг удаа харуулсан.
Хорин хэдэн жилийн тэртээ Эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэгчид хамт явсан хуучин социалист анд нар маань эвсэх гэдгийг ингэж төвхнүүлж байна. Лав тэнд манайх шиг үхэх сэхээ үзсэн намчирхал байхгүй, ерөөсөө парламентын гишүүн болохыг тэгтлээ үхэлдэн хүсдэггүй юм байна.
Ардчиллын баялаг уламжлалтай, бидэнд ардчиллыг сургамжилж буй Баруун Европт ерөөсөө сөрөг хүч гэдэг ойлголтыг сонгодог утгаар нь үгүй хийчхэж. Бельгид социалистууд нь христосын ардчилагчидтайгаа эвсчихээд олон жил тогтвортой төр барьж байна. Нам хагарах нийлэх нь тэнд бишгүй тохиож байсан ч нийгэмдээ гай тариагүй, иргэд нь тоож цочирдохгүй, баялаг амьдрал нь баталгаатай тул улс төр нэгдүгээрт биш. Люксембург хэдий жижиг улс боловч 60 гишүүнтэй парламенттай, Христосын нийгмийн ардын нам (барууны), Социалист ажилчны намтай (зүүний) эвсээд тасралтгүй тогтвортой ажилласан. Нидерландад социалистууд нь барууны либерал- Эрх чөлөө, ардчиллын төлөө ардын нам, зүүний либерал - “Ардчилагчид-66” намтай эвсээд найман жил засаглал явуулсан гээд бичээд байвал нэг нийтлэлд багтахгүй.
“Эвсэх”, “эвсэхгүй” гэсэн хоёр ойлголтын маш энгийнээр ч ойлгож болно. Тодруулбал, “эвсэхгүй” гэдгийг эвсэх үндэсгүй, эвсэж болдоггүй гэсэн утгаар, эвссэн ч тэр нь тактик, хуйвалдаан, заль мэх, дараагийн алхамд хүрэх шат байх тухайд байна. Харин олон улсын судлаачдын гаргасан тэр бүр улс төрийн нам, эвсэлтэй эвсээд байдаггүй бүлгүүдийг танилцуулъя.
1. Коммунистууд. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Ленин, Троцкий тэргүүтэй большевикууд хувьсгал хамтран хийлцсэн Эсер, меньшевикуудийг 1919 он гэхэд бүрэн шахаад, иргэний дайнтай цуг алж устгаж арилган, түүхээс арчсан, 1930- аад онд коммунист нам доторхи фракцуудаа зүйл дуусгасан.
2. Нацист, фашистууд. 1932 онд Рейхстагийн сонгуульд Гитлер тэргүүтэй нацист нам 37.2 хувийн санал авч, эвслийн Засгийн газарт 12 суудлын гуравыг авсан ч Үндсэн хуулийн цоорхойгоор 1933 онд дахин сонгууль хийн “Бид засгийн эрх авбал тэндээс зөвхөн үхсэн хойноо л гарна“ хэмээх Геббельсийн афоризмаар сөрөг гэх бүх хүчнээ устгаж, газрын хөрснөөс арчсан
3. Авторитари, монархи, теократ, дарангуйлах засаглалтай ямарваа улсад “Эвслийн Засгийн газар” гэх ойлголт байхгүй. Жишээ нь, Хятад, Хойд Солонгос, Вьетнам, Куба, Иран, Казахстан ба Төв Азийн бусад улсын улс төрийн намуудын гаж, буруу тогтолцоо улсыг дотроос нь задлах нь бий
4. Ерөнхийлөгчийн хатуу засаглалтай, парламентаризм нь хоёрдугаарт явдаг ОХУ, Беларусь, БНСУ, Латин Америкийн улсуудад Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх, ямар намаас сайд тавих нь чухал биш. Жишээ нь ОХУ-д Засгийн газрын бүх гишүүд намын харьяалалгүй байгаа нь нэг талаасаа зөв практик юм.
5. Хоёр намын уламжлалт засаглалтай, хэзээ ч олон намын тогтолцоо байгаагүй, АНУ, Британид эвслийн Засгийн газар байгуулсан тохиолдол байхгүй, бий болохгүй, тийм ойлголтгүй.
6. Улс төрийн аливаа намыг хуулиараа хориглосон улсад ийм практик байхгүй. Жишээ нь Иордан, Бутан, Арабын Эмиратууд, Африкийн зарим орныг нэрлэж болох гэнэ.
ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ЭРГЭЖ ЗАДАРСАН ТҮҮХ БУЮУ ГАДНЫН ЗАРИМ ЖИШЭЭ |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |