• Өнөөдөр 2024-05-08

Эрх чөлөөний төлөөс

2020-11-02,   595

Өнгөрсөн сард Францад хоёр удаа зэвсэгт халдлага болж, дөрвөн хүн амиа алдлаа. Үүний зэрэгцээ тус улсын Төрийн тэргүүн Эммануэль Макроны хэлсэн эрс хатуу үгс олон улсад дуулиаан тарьж, лалын шашинтнуудын эгдүүцлийг төрүүлсэн бөгөөд цөөнгүй орны иргэд франц бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, бойкот зарлалаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэлж буйгаа илэрхийлсэн Елисейн ордон энэ удаад улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж ч магадгүй болов. 
 
Өнгөрсөн сарын 16-нд Парис орчимд түүхийн багш Самуэль Патигийн толгойг нь тасдан хөнөөсөн хэрэг гарсан билээ. Зөнч Мухамедийн шог зургийг сурагчдад үзүүлсэн багшийг чечень гаралтай залуу хөнөөсөн нь энэ. Үүний дараа Ницца хотын Нотр-Дам-де-Нис сүмийн ойролцоо халдлага болж, гурван хүн амиа алдсан. Тунис гаралтай, 29 настай залуу хутга барин хүмүүс рүү дайрсан бөгөөд цагдаа нарт баривчлагдахдаа “Аллах акбар” хэмээн хашгирч байжээ. Мөн Парисын ойролцоо халдлага зохион байгуулах гэж байсныг ч илрүүлсэн байна. Лалын хэт даврагчидтай тэмцэж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэхээ Эммануэль Макрон илэрхийлсэн нь террорист халдлага гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж ажиглагчид онцолж буй. 
 
Болгоомжгүй үгс 
 
Францад сүүлийн хэдэн жилд лалын хэт даврагчдын гарт хүмүүс амиа алдсаар байсан билээ. 2012 оноос хойш тус улсад хэт даврагчид 40 удаа халдлага зохион байгуулж, 300 гаруй хүн амиа алдсан байна. Харин сүүлийн хоёр халдлага зөвхөн шог зургаас үүдсэн хэрэг ч бус, үүнд Францын эрх баригчдын хэлсэн үг, хийсэн үйлдэл нөлөөлсөн гэж шинжээчид анхааруулж буй. Хэт даврагчидтай тэмцэхэд хамтран ажиллахыг лалын шашны байгууллагаас удаа дараа хүссэн Эммануэль Макрон багш Патигийн үхлийн дараа эрс хатуу мэдэгдэл хийсэн юм. “Тэр эх орноо илэрхийлж байсны төлөө амиа алдлаа. Исламистууд бидний ирээдүйг булаах гэж байсан учир  тэр  амиа алдлаа” гэж тэрбээр хэлсэн бөгөөд “Шарли Эбдо” сэтгүүлийн шог зургийг хориглохгүй гэдгээ онцлов. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүний хариуд “Макрон гэх тэр хүн ислам, исламын шашинтнуудтай ямар асуудалтай болоод ингэж хэлэв? Мэдрэлээ эмчлүүлбэл таарна” гэж мэдэгдсэн.  Үүний хариуд амь үрэгдсэн багшийн талаар Анкара эмгэнэл ч илэрхийлээгүйг Парис сануулж, “Шарли Эбдо” төдөлгүй Туркийн Төрийн тэргүүнийг шоглон зурсан юм. Эрдоган франц бүтээгдэхүүнээс татгалзахыг иргэддээ  уриалж, Ливи, Тунис, Катар, Кувейт, Иордан ч туркүүдийн жишгийг дагалаа. Ираны оюун санааны удирдагч аятолла Али Хаменеи Макроны үгийг эрс шүүмжилж, зөнч Мухамедийг доромжлохыг үг хэлэх, хэвлэх эрх чөлөө гэж үзсэн гэж мэдэгдсэн. 
 
Аюулгүй байдал 
 
Францын Төрийн тэргүүний үг зөвхөн исламын шашинтнуудын дургүйцлийг төрүүлсэн юм биш. “The New York Times” сонин Парист лалын шашинт иргэдийн нийгэмлэг, байгууллагуудыг хавчиж эхэллээ хэмээн онцолсон бол Америкийн социологч Кристал Флеминг “Экстремизмд экстремизмээр хариу барьж байна” гэж шүүмжиллээ. Багш Пати амиа алдсаны дараа Пантен дүүрэг дэх ислам сүмийг хааж, лалын шашны  51 нийгэмлэгийг шалгаж байгаа бөгөөд Францын томоохон хотод иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хэв журам сахиулахаар харуул хамгаалалтыг чангатгалаа. Гэсэн ч Францын эрх баригчид болгоомжгүй үг хэлсэн хэвээр. Макроноос гадна Ницца хотын захирагч исламын фашизм, Гадаад хэргийн сайд дотоодын дайсан гэх мэтээр лалын шашинтнуудыг эгдүүцлийг төрүүлэхүйц мэдэгдэл хийв. 
 
Дотоод асуудал 
 
Францад оршин суудаг лалын шашинтнуудын тоо сүүлийн жилүүдэд өссөөр буй. Тус улсад төрж, өссөн иргэдээс гадна цагаачилж ирсэн хүмүүс тэдний дунд багагүй хувийг эзэлдэг. 2013 онд гаргасан судалгаагаар сүүлийн 25 жилийн хугацаанд Францад исламын шашинтнуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Лалын шашинт хүн цөөнгүй оршин суудаг улсыг тэргүүлж буйн хувьд Эммануэль Макрон шашин шүтлэгийн талаар ийм болгоомжгүй үг хэлж буй нь нийгмийн хагаралд хүргэж болзошгүй байна. Нөгөө талаас лалын шашинт франц иргэдийг террористууд, хэт даврагчид гэж хавчин хяхах нөхцөл үүсэж ч магадгүй. 
 

Эрх чөлөөний төлөөс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188