• Өнөөдөр 2024-04-24

Анчин баавай Б.ӨЛЗИЙБААТАР: Нохой дагуулсан анчид зэрлэг гахайн сүргийг хүйс тэмтэрч байна даа

2022-06-22,   4070

“Буурал хангайдаа ан хийж явахад

Гутлын гоёо юуных вэ

Гунан бугын арьс юм аа

Дээлийн гоёл юуных вэ

Дэлдэн зүрийн арьс аа

Малгайн гоёо юуных вэ

Минж булгийн арьс аа” хэмээн дуулж суухдаа нүд нь сэргэж, хоолой нь зангирч ирэх энэ буурлыг Б.Өлзийбаатар гэдэг.

                 Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд үлдсэн цөөн анчин баавайн нэг юм. Идэр залуу насандаа агтын шандсыг сорьж, хөвч тайгын гүн, уул хадны холд ан хийж явсан анчин бууралтай ийнхүү хөөрөлдөв. 

-Хур бороо элбэг, буриад зон мэнд амар сууна уу?

-Мэнд амар. Тавлаг сайхан зусаж байна. Буйдхан аглаг нутгийг минь зорьж, яасан хол яваа хүү вэ. Ах нь тэгээд сонин дээр гарах хэрэг үү.

-Ergelt.mn мэдээллийн сайт юм аа. Таныг интернэтээр монгол орны өнцөг булан бүрд суугаа хүмүүс харна, уншина даа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Бадамжавын Өлзийбаатар гэдэг. Би аавын талаараа яривал Кузмен гэж явна. Харин ээж маань Мормонтон овгийн хүн.

-Буриад ястны дунд ийм овог байдаг гэж огт дуулж байгаагүй юм байна?
           -Миний угсаа гарвал бол Кузмен гэгч хүнээс үүсэлтэй. Тэр хүн тухайн үеийн Оросын Цагаан хааны үед улс төрийн өндөр алба хашдаг байж. Буруу зүйл хийж, улс төрийн хэрэгтэн болсон юм уу даа. Ах нь бас сайн мэдэхгүй. Ямартай ч энэ хүнийг Сибирийн их тайга руу нутаг зааж цөлсөн юм билээ. Улмаар наашаа буун ирж, буриад эхнэртэй болж амьдарсан байгаа юм. Арилжаанд одтой, тоймгүй баян эр байсан л гэж сонсож байсан. Үүнээс илүүг мэдэхгүй. Ямартай ч би тэр хүний дөрөв дэх үе бөгөөд миний үр ач нар Кузмен болон Мормонтоны долоо дахь үе болон өсөж, торниж байна даа.

 

Тайлбар МУСГЗ, түүхч Ломбын Нямаа: “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум болон тэр орчим нутгийн буриадууд Хонгоодор овогт хамаарна. Тухайн бүс нутагт байх зарим буриадын овогт шашны нэр орсон байдаг. Тухайлбал, Оросын Цагаан хааны үед ард иргэдээ Загалмайтны шашинд оруулж, овгийн шинэчлэлт хийж байсан юм билээ. Тэгэхээр энэ хүний эхийн талын Мормонтон овог нь тухайн үеийн овгийн шинэчлэлтээр орсон өөрчлөлт байх магадлалтай.

 

 

-Энэ сайхан хангайдаа хэчнээн жил ан, гөрөөнд мордов доо?

                 -Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас амьдралын эх үүсвэр нь ан гөрөө байсан шүү дээ. Бид ч ялгаа үгүй тэр л жишгээр явсан. Бид гэж ярьдгийн учир нь энэ уудам хөвч тайгад би ганцаараа ан гөрөөнд явдаггүй юм шүү дээ. Идэр залуу насандаа олуулаа нийлж отог болоод л анд гардаг байлаа. Манай эндхийнхэн чинь ер нь хүүхэд байхаасаа л зурам, жирх агнадаг улс. Биднийг хүүхэд байхад улсын бэлтгэлд зурам, жирхийн арьс нийлүүлэх даалгавар байдаг байлаа. Сургуулийн эрэгтэй сурагч 15 зурам, эмэгтэй нь 10 ширхэг зурмын арьс авч ирэх ёстой зэргээр оноогоод өгчихдөг. Яг буу шагайж, анд мордсон нь гэвэл 19 настай үеэс болов уу. Түүнээс хойш олон ч жил анд явж, баян буурал хангайнхаа өгөөмөр хишгийг хүртсэн хүн дээ. “Улсын аварга анчин” болтлоо ан хийж бол чадаагүй. Улсын ажил хийдэг болохоор тэр болгон чөлөөний бичиг олдохгүй. Наймдугаар сарын сүүлчээр ээлжийн амралт авна. Тэр үедээ л анд явна. Хуучин бол манай сумаас арав хүрэхгүй километр явахад л зэрлэг гахай байдаг байлаа. Одоо бол уулын хол, хөвчийн гүн рүүгээ л гэхээс ойр харагдах аа больсон.

-Та ямар галт зэвсгээр ан хийдэг байв?

                 -Манай нутагт төрөл бүрийн ан амьтан бий. Гэвч ихэвчлэн зэрлэг гахай, гөрөөс л агнадаг. Намар есдүгээр сараас зэрлэг гахай агнадаг. Өөрөөр хэлбэл, зун гахай агнадаггүй. Хаа нэг чононд хавх тавина. Бусдаар бол үүрсэн калибраас (орос ангийн буу) өөр зэвсэг, арга техник хэрэглээд байхгүй. Намайг бага байхад карабин (орос ангийн буу)  гэдэг буу гарсан байсан. Тухайн үед нэг ширхэг калибрын сум гурван мөнгө, хайрцаг нь төгрөг тавин мөнгө, карабины нэг ширхэг сум 15 мөнгөний үнэтэй байсан шиг санаж байна. Ан хийхэд буу зэвсэгтээ гол биш шүү. Хангай, дэлхий чинь өөрөө хувь хишгээ хүртээнэ. Уул, хөвчөөр 14 хоног яваад ан агнахгүй ирж байсан үе ч байна. Өвөл гахайнд явж байгаа анчид гөрөөс зэрэг бусад амьтныг буудахгүй шүү дээ. Гахай нь байхгүй биш байгаад байдаг. Сууриа олохгүй, зарим үед алдаж буудах зэрэг тохиолдол ч гарна. Хүн гэдэг амьтан байгалийг захирч чадахгүй аргадаж л амьдардаг. Тиймээс өвлийн улиралд хийж буй ангийн гол хүч нь гал байдаг юм. Жишээлбэл, нуруугаа түүдэг рүү харуулж, энгэр талдаа арьс, адсага нөмөрч, ээлжээр гал түлж, шөнийг өнгөрөөнө.

-Яагаад тэр билээ. Хулгайн ангийн балаг болж таарах уу?

                  - Угтаа бол хүний соёлын түвшин улам бүр нэмэгдэж байгаа юм сан. Мөн авто машин, буу зэвсэг гээд техник технологи нь хөгжсөн байлтай. Гэтэл сүүлийн үед хүмүүс энэ хөвч хангайд маш зохисгүй ан гөрөө хийж байна. Тэр олон анчин зөвшөөрлөө авдаг л байх. Гэвч үе үе сэтгэл хирдхийлгэм эвгүй зүйлс дуулдаж л байдаг юм. Тухайлбал, нохойгоор ан хийдэг хүн их болсон. Нас өндөр болсон болохоор би өөрийн нүдээр тэдний ан агнаж буйг харж чадсангүй. Олны амнаас сонсоход “Намар есдүгээр сард цоохор торой явж байсан” гэж ярьж байна шүү дээ. Ид хээлтүүлгийн буюу орооных нь үеэр нохойгоор элдэж туусаар байгаад үржил нь оройтсон болохоор үр төл нь тийм хожуу гарч байгаа юм. Баавгай элбэг байсан мөн л үзэгдэх ээ болилоо. Учир нь, анчид хүдэр их эргүүлнэ. Хүдэр эргүүлж яваад л баавгайн мөр рүү орчихдог. Тэгсээр байгаад л баавгай ховордож байна.

-Нохойгоор агнана гэдэг нь сумаа гамнаж байгаа хэрэг үү?

                 -Заа, хүү минь чи сонсож бай. Амин газар нь буудвал ямар ч амьтан үхдэг юм. Тийм ч олон сумны хэрэг байхгүй. Анчид мөр хөөж байгаад сургасан нохойнуудаа сул тавьдаг юм. Нохой эхлээд тооройнуудыг нь барьчихдаг. Түүний дараа ховс (хоёр настай тоорой)-уудыг нь барьж, сүүлд нь бүдүүн рүү нь зүтгэдэг. Энэ нь суурин дээрээ нэг сүрэг гахай устана гэсэн үг. Хэдэн жилийн өмнө билээ дээ, би хүн амьтны хөл хүрэхгүй эзгүй ууланд явж байтал хоёр нохой таардаг байгаа. Араас нь эзэн нь гараад ирсэн. “Өө хүү минь, эзэнгүй нохой байна гээд буудчих дөхлөө. Ингэж ч ан хийдэггүй байх аа” гэж хэлэхэд минь их дурамжхан хүлээж авсан. Одоогийн залуучууд тэгээд нохойгүйгээр ан хийж чаддаг юм уу даа, мэдэхгүй. Нэг үгээр хэлбэл, нохой дагуулсан анчид зэрлэг гахайн сүргийг хүйс тэмтэрч байна даа. Зөвхөн манай нутаг гэлтгүй Хангай, Хэнтийн уул, тайгатай газруудад нохойгоор ан хийцгээж байгаа нь дан ганц гахайн сүрэг суурийг устгаад зогсохгүй бүх анг дайжуулдаг муу талтай.

-Анд мордохоос өмнө хийх тусгай зан үйл, баримтлах ёс жудаг гэж бий биз?

                 -Хүн бүр өөр өөрийн гэсэн зүйлээ хийж л харагддаг. Надад бол элдэв янзын тийм зүйл байхгүй. Аль болох ангаасаа хаяхгүй, бүрэн бүтэн ашиглахыг л боддог. Нэгэнт л амьтны үнэт амь хөнөөж байгаа бол бүх л зүйлийг амьдрал, ахуйдаа хэрэглэх ёстой шүү дээ. Жишээлбэл, агнасан бугныхаа зөвхөн эвэр, чивийг нь аваад үлдсэнийг нь тэр чигт нь хаячихсан байхтай таарч байлаа. Тийм юм харсан анчин бол “Мөнгөний төлөө хайран сайхан амьтны амь тасалжээ” гэж л халагладаг юм. Хамгийн чухал нь эм хүйстэй амьтан огт авладаггүй байсан. Хэрэв эм сүвтэй амьтан буудсан байвал эцэг, эхдээ ч мөн “авахуулна” шүү дээ. Ангийн олзоо маш цэвэрхэн төхөөрнө. Буртагтай, муухан ажиллавал мөн л зэмлүүлнэ. Зэмлүүлэх ч энүүхэнд, бургасаар ороолгуулах ч үе байдаг. Айхтар ёс жудаг гээд байх зүйл юу байх вэ. Ямартай сан уугиулж уул хад, тэнгэр хангайдаа сүү өргөж аян зам, ангийн олз омгоо даатгана.

-Анчид “Олзтой явна” хэмээн бахархаж, дэрвэж явахад цаана нь амьтны нялх үр, төл өнчирч байж ч мэдэх юм.  Өр өмрүүлж, зүрх шимшрэм зүйлтэй тулгарч байв уу?

                 -Анчин гэдэг үг чинь алуурчин гэсэн утга биш шүү дээ. Хүн л юм чинь эмтэрч, энэлэх үе гарна. Тийм ч учраас эм амьтан агнадаггүй гэж хэлж байгаа юм. Тээр нэг жил дээ, бидний хэдэн анчин ууланд явж байгаад хоёр янзага үхсэн байхыг харж байлаа. Эх нь анчны суманд үрэгдсэн бололтой. Хөөрхий хоёр янзага харангатаж үхсэн байсан. Амьд байхад нь таарсан бол шуудхан л ангаасаа бууж, тэжээгээд ч болсон амьдруулна шүү дээ. Даанч оройтчихсон байсан. Энэ олон жилийн дараа тэр дүр зураг л нүднээс гардаггүй юм. Анд явсан нөхдөөсөө “Өнчин янзага навч хөхчихсөн хэвтэж байна”, “Зайлуул, хоёр нүд нь өтчихсөн зоргол хэвтэнэ лээ” зэрэг үг сонсож байснаас биш яг ч тийм айхтар зовлон хараагүй.

-Амь тавьж буй амьтны дууг анчид л сайн мэдэх байх даа. Сонсоход хэцүү байдаг уу?

-Бууны сум хурдан болоод ч тэр үү, амьтад нэг их дуу гаргаад байдаггүй юм. Баавгай л их жигтэй хүржигнэдэг юм. Морио уяж орхиод, хол явж баавгай буудна. Буцаад ирэхэд баавгайн дуунд ч юм уу, буун чимээнд ч юм уу бүү мэд морь чичрээд л зогсож байдаг юм.

-Танай нутгийн анчид “тойлого”, “тойх” гэж их ярих юм. Энэ юу гэсэн үг вэ?

-Та бүхэнд ойлгомжтой хэлье гэвэл үргээлгэ гэсэн үг. Манай энд бол тойно гэж ярьдаг юм. Ангаа хаагуур гарахыг урьдчилан тооцож, тойх хүмүүсээ байрлуулна. Ан гарч ирэх үеэр тойлго хийж байгаа хүмүүс хоорондоо ойрхон зайтай чанга дуу гаргаж, хашхирч үргээх зэргээр буудах хүн рүүгээ ангаа дөхүүлж байгааг л хэлж байгаа юм.

-Сонин содон зүстэй, гажууд ургасан эвэр, туурайтай ч юм уу “ер бус” амьтантай таарч байв уу?

                 -Ан гөрөөний гол нь гөрөөс гэж дээр хэлж байсан даа. Гөрөөсний эрийг гур, эмийг зүр гэнэ. Нэг намар эвэртэй зүр буудаж үзсэн. Охин гөрөөс эвэртэй байдаггүй юм шүү дээ. Холоос эврийг нь хараад гур байна гээд буудчихсан хэрэг. Очоод үзтэл зүр байж таарах нь тэр. Буга, согоо олон янзын өнгөтэй л байдаг. Тэр дундаа цагаан өнгөтэй ховор байх. Надад цав цагаан зүстэй тураг харж байсан удаа бий.

-Анд явахгүй удахад хангай дэлхий, ан гөрөө зүүд зөнд даллана гэж байдаг уу?

-Чи айхтар сонин зүйл асуулаа. Би ер нь их зүүд үздэггүй хүн. Хэр барагтай зүүдэлдэггүй. Хааяа нэг бага нас, хөгшин ижийгээ хардаг юм. Тэр нь хүртэл тун цөөн шүү. Аан тийм, нэг удаа зээ хүүгээ зүүдэлж байсан юм байна (инээв).

-Та хамгийн сүүлд хэзээ анд мордов? 

                 -Манайх сумын төвөөс 15 гаруй километр зайтай газар өвөлждөг байсан юм. 1990-ээд он гартал анд их явсан. Хэдэн гэрээрээ нийлж ууланд гараад өвөлдөө хоёр гахай хуваагаад идчихдэг л байсан. Анд мордоогүй удсан байна. Хааяа нэг явмаар санагддаг л юм. Тэр  үед ан хийж байсан уул ус, газар орон нүдэнд харагдаад сайхан шүү. Нас өтөлж, нуруу бөхийсөн хүн хаанаасаа ан хийх билээ. Гэхдээ ах нь өтөлснөөс ямар үхсэн биш, амьтан агнахгүй ч ойр хавийнхаа уул, хаданд мориор гарч, сэтгэлээ сэргээж ирдэг хэвээрээ. 

-Тосон авч ярилцсанд баярлалаа.

                 -Зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. Ээ дээ, залуучууд минь их л бодолтой ан хийж байгаарай гэж захъя даа. Дэлгэр зуны цагт ан хийх хэрэггүй шүү. Амьтны үр төл өлсөж, цангана, өнчирч зовно. Тэр дундаа нохойгоор битгий агнаач ээ. Өвгөн миний санаагаар бол ан агнуурын тухай хуульд нохойгоор ан хийж байгаа хүнийг торгох торгуулийг өндөр тавьж өгөх хэрэгтэй.

 


Анчин баавай Б.ӨЛЗИЙБААТАР: Нохой дагуулсан анчид зэрлэг гахайн сүргийг хүйс тэмтэрч байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-25 00:09:47
    Б Цэрэндолгор: Буриад зон олноороо бахархаж байдаг шүү Өлзийбаатөр ахдаа урт удаан наслахыг хүсэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ёрөөё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 19:39:35
    Taniigaa urt udaan naslaarai gj eruue sain saihan buhniig husiy: Taniigaa urt udaan naslaarai gj eruuye sain saihan buhniig husiye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 17:42:00
    Нуур: Агасайн дэлгэр таламнай Адуу малай бэлшээритэй Арадай дуугаа аяланхай Аншин баабайн нютаг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 16:35:21
    Судлаач иргэн: Мундаг ухаалаг жинхэнэ эр хун байнадаа...нээрээ ан хийхдээ алж хороох нь биш узэж хараад зураг аваад хий сум тавиад ирдэг байвал сайхандаа..ангийн маханд дурлаж болохгуй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-22 11:41:30
    Өлзийбаатарын охин Оюун.: Хайтрай аав минийн сэтгэлийг үгийн сонсож ярилцсанд баярлалаа. Аав минь одоо ч зүгээр суудаггүй ажиллаж байдаг мод байвал мужаан, сийлбэрчин /монгол наадгай хорол/ төмөр байвал дархан, үйс байвал маш урнаар шүлжиж үйсэн савыг урлан даа. Ийм л нэгэн жирийн бөгөөд агуу хүн дээ. Аав минь урт наслаж удаан жаргаж үр хүүхдүүд биднийхээ түжиг тулгуур болж яваарай хайртай шүү аавдаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188