Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Тэмдэглэлт өдөр, хэвлэл мэдээллийн салбарын 500 редакц, 4500 сэтгүүлчийн тойрч суугаад баярлах өдөр гэж ойлгуузай. Өнөөдөр бол, өдөр ирэх бүр алсарсаар, аажмаар хумигдсаар буй Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө хүн бүрийн эвлэлдэн нэгдэх ёстой өдөр.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр манай ардчиллаас гурав дүү. Алт, алмаасны олигархиуд, тэдэнтэй халаас нэгтгэсэн төрийнхнөөсөө эрх чөлөө шаардсан Африкийн сэтгүүлчид 1991 онд анх санаачилж, улмаар 1993 онд НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан түүхтэй. Өнгөрсөн онд бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 улсаас 87 улсын ард, 92 улсын өмнө буюу 88-д жагсаж байсан. Гэтэл энэ жил бүхэл бүтэн 21 байраар ухарч 109-д жагслаа. Бүр илүү ноцтой нь, 2016 онд бид 69-д жагсаж байсан. Гэтэл наймхан жилийн дотор 40 байраар ухарлаа. Энэ жагсаалтад сүүл мушгидаг, хэзээнээс хэвлэлийн байтугай, үг хэл, үзэл бодлийн эрх чөлөөгүй Хятад, Хойд Солонгос хоёр руу бид жил ирэх бүр дөхсөөр байна. Ардчилсан, амар тайван гэх тодотголтой улсын хувьд 109 бол маш хангалтгүй, бүр маш муу дүн. Хатуу чанга гэж ойлгодог Герман 21-т, дайн самуунтай Украйн 79-д, 10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайнд 50 мянган иргэнээ алдсан Сьерра-Леон 74-т гээд бидний өмнө жагсаж буйг бодсон ч тэр.
Манай үндэсний сэтгүүлзүй 111 жилийн түүхтэй. Гэхдээ 77 настайдаа албан ёсоор хэл, хөлд орсон. Өөрөөр бол, Улсын хэвлэлийг хянах газар гэж байсныг 1989 онд татан буулгаж, 1992 онд Үндсэн хуулиараа үг хэлэх, үзлээ бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй болж, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон түүхтэй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн зүйл, тавхан зааттай тун товч хууль. Гэхдээ үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан ганц хууль учраас хэвлэл мэдээллийн салбарынхан бид энэ хуулийг товч, жижиг гэж чамлаж байсан удаагүй. Харамсалтай нь, өдөр ирэх бүр өнөөх жижигхэн хууль маань улам л жижгэрсээр, заалтууд нь зөрчигдсөөр, товчхондоо сэмэрч, салбайж дууслаа. Тэр тусмаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Эрүүгийн хуультай гал, ус мэт харшлах болов.
Тодруулбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2-р зүйлд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно гэж заасан.
Гэтэл энэ заалт зөрчигдөөд, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтаар хэвлэл мэдээллийн редакциуд болон сэтгүүлчдийн амыг үдэж, амар заяаг нь үзэхээ больсон. Өөрөөр бол, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх заалтаар өөрсдийнх нь луйвар булхайг илчилсэн, шүүмжилсэн сэтгүүлчдийг яллахад гаршиж байна. Үнэхээр илтэд худал мэдээлэл цацаж, иргэдийг тархийг угааж байгаа бол хуулийн хариуцлага үүрэх нь зөв. Үүнтэй хэвлэл мэдээллийнхэн маргадаггүй. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө худлыг эрх мэдлээ ашиглан “үнэн” болгочихоод, зөрүүлээд сэтгүүлчдийг “худал” мэдээлэл тараасан гэж яллаад байгаад гол асуудал нь байгаа юм.
Ойлгомжтой, бас бодит жишээ авъя. Нэр бүхий улс төрч авлига, албан тушаалын хэргээр АТГ-ын хаалга татаж, түүнийгээ тойргийнхоо сонгогчдоос ихэд нууцалж байлаа. Энэ “нууц”-ыг нь сэтгүүлч эрэн сурвалж олж мэдээд, олон нийтэд түгээчихлээ. Гэтэл нөгөө гишүүн эрх мэдлээ ашиглан авлига, албан тушаалын хэргээ хаалгаж, хавтаст хэргээ “урж” хаячихаад, зөрүүлээд өөрийг нь авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгааг мэдээлсэн сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан хэргээр яллуулахаар цагдаа, шүүхэд өгчихөж байгаа юм. Ингээд тухайн сэтгүүлч хууль хяналтын хаалга удтал сахиж, эцэст нь 1.3 сая төгрөгөөр торгуулах, 720 цаг буюу 30 хоног нийтэд тустай ажил хийх, бүр хүндэрвэл гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлуулах гурван ялын аль нэгээр шийтгүүлнэ. Яг ийм зарчмаар сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг гишгэлж, амыг нь үдэх, хуулиар айлгах технологи сүүлийн үед гаарч байна.
Цаашилбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-т Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад цензур тогтоохгүй байх, 3.2-т Төрөөс мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй байхаар заасан. Гэвч төр дээр дурдсанчлан хэвлэл мэдээллийн редакциуд болон сэтгүүлчдийг цагдаагаар дамжуулан цензурддэг болчихсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих албан ёсны статустай байгууллага байхгүй ч ийм чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг болчихсон гэхэд хилсдэхгүй. Цагдаад ээрэгдэхээсээ айгаад эрх баригчдыг луйвар булхайг илчилдэггүй редакц байна гэдэг нь төр хэвлэл мэдээллийн салбарт хяналт тогтоогоод байна гэсэн үг мөн биз.
ГАЛ, УС ШИГ ХАРШИЛЖ БУЙ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БА ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ |
|