• Өнөөдөр 2024-04-20

Дөрвөлжин сумынхны үхлийг хүлээх үү-II

2020-12-11,   4543

2020.10.13

-“Баян-Айраг эксплорэйшн” компани дөрөв дэх удаагаа цианит натри алдлаа-

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Бага нууранд дүүлэн халин нисдэг байсан шувууд далавчаа ч даах тэнхэлгүй болж, сарвуугаараа газар самардан амь тэмцэвч газар булуулахаас өөр сонголтгүй, үүнийг үзсэн хүн энэлэн шаналахын аргагүй нөхцөл байдалтай байсныг бид “Шувуудын энэлэн хийгээд Дөрвөлжин сумынхны хувь заяа” нийтлэлээрээ өнгөрсөн жил хөндөж байсан билээ. Шувуудын үхлийн шалтгааныг нутгийн иргэд суманд алт олборлодог “Баян-Айраг эксплорэйшн” компанитай холбоотой хэмээн үздэг. Иргэд өөр хоорондоо ийн ярихаас зүрхэлж холбогдох байгууллагад ханддаггүй. Учир нь, тэд өөрсдөө, эсвэл гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн тус компанид ажилладаг учраас хэл ам гаргавал хэн ч бай ажилгүй болно хэмээн айцгаадаг гэнэ.

Мөн ийн хардах болсон үндэслэл нь шувууд үхэхээс хоёр сар гаруйн өмнө “Баян-Айраг эксплорэйшн” компани цианит натри алдсан байдаг.  Тодруулбал, борооны ус цианиттай овоолготой нийлж 2000 орчим ам метр талбайг хамран урсжээ. Үүнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагааг түр зогсоосон ч тэгсхийгээд эргээд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан “Цианит алдагдсан нь батлагдвал компанийн олборлолт хийх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлнэ” хэмээн хэвлэлээр ам гарсан. Мөн Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлөөс цианит натри алдчихаад тус компани яагаад хэвийн үйл жиллагаа явуулж байгааг тодруулахад  “Холбогдох газрууд шинжилгээ авч, сум ч мөн шинжилгээний дээж авч явуулсан. Уснаас цианит илэрч, хөрснөөс илрээгүй гэдэг ижил хариу гарсан” гэх тайлбар өгч байсан юм.

 “Баян-Айраг эксплорэйшн” компани нь Завхан голоос агаараар 8.3 км, Бага нуураас 80 орчим км зайд оршдог. Тиймээс шувууд үхэж байгаагийн шалтгааныг уурхайтай холбоогүй хэмээн үзэх хүмүүс бий. Гэхдээ тус уурхай нь гүний усаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цианит нь хөрсөнд шингэж, усны гүний судлаараа нууранд нөлөөлж, тэр нь шувуудын үхлийн шалтгаан болж байгаа гэж үзэх хүн олон байна.

МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, Бага нуурын ус, хөрснөөс дээж авч шинжлүүлсэн байдаг. Шинжилгээ нуурын ус, хөрс хүнд металлын бохирдолтой, цианит илрээгүй гэж  гарчээ. Мөн шинжилгээгээр Бага нуурын ус нь “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад зарим хүнд металлын агууламж өндөр, тавдугаар зэргийн их бохирдолтой ангилалд хамаарч байгаа бөгөөд нуурын гадаргын талбай багассаны улмаас эрдэсжилт ихэссэн байх магадлалтай гэж гарчээ. Харин сумын иргэд “Үүнд итгэхгүй, шинжилгээний хариуг сольсон байх магадлалтай. Үгүй юмаа гэхэд нуурын ус биш, өөр усны дээж ч явуулсан юм билүү” гэцгээж байсан юм. Гэтэл тус компани саяхан дахин цианит натри алджээ.

“Баян-Айраг эксплорэйшн” компани дөрвөн удаа цианит алджээ

“Баян-Айраг эксплорэйшн” компани дөрвөн удаа цианит натри алдсан байдаг. Тодруулбал, 2015 онд цианиттай уусмал гүйдэг хоёр турбагаа хооронд нь холбоогүйгээс цианит анх алджээ. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлахыг ажлаас нь халсан байна. Гэвч иргэд “Ээлжийн ахлахыг халсан гэдэг ч одоо хүртэл ажилласан хэвээр байгаа. Мэргэжлийн хяналтынхны шалгалтын үеэр нуугдчихдаг” хэмээв.

Үүний дараа хоёр дахь удаагаа буюу 2016 онд хүйтэрсний улмаас турба хагарч, мөн л цианит алдсан байна. Харин гурав дахь удаа өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө нуруулдсан хүдэрт үерийн ус хальж орсноос болж цианит алдсан. Энэ тухай уурхайн ажилтан мэдэгдсэн бөгөөд компанийнхан нуун дарагдуулж байсан гэнэ.

Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд үерийн усанд дахин цианит алджээ. Гэсэн ч уурхай өдгөө хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ мэт цианит алдах бүрт мэргэжлийн байгууллагууд ирж, үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар хаахаас хэтэрдэггүй аж. Сүүлийн жилүүдэд Дөрвөлжин сумын малын уушги, зүрх толбожсон, цэврүүтсэн эсвэл хатаж үрчийсэн байдалтай болсон гэнэ. Гэвч сумын удирдлагууд “Лабораторийн шинжилгээнд явуулсан, уурхайгаас хамааралгүй гэсэн хариу ирсэн” гээд хээв нэг ярьж суудаг байх юм.

Үхлийн аюултай хор цианит натри гэж юу вэ

“Баян-Айраг эксплорэйшн” нь 2006 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. 2008 оноос “Баян-Айраг” нэртэй 13409А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян өвөр айраг гэдэг газар уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Ингэхдээ нуруулдан уусгах технологид цианитын сулруулсан уусмалыг ашигладаг байна. Тодруулбал, нэг тонн хүдэрт 0.3 кг цианит натри хэрэглэдэг. Цианит нь хүн төрөлхтний өмнө үйлдсэн нүглээсээ зугтахын тулд Адольф Гитлерийн залгиж үхсэн хорны нэг төрөл. Цианит натри нь хүний амьсгал боогдуулдаг, цианит ус төрөгч хэмээх хортой хий ялгаруулдаг, хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэрэглээг зогсоох аюултай гэнэ. Үүнийг үхлийн хор гэж нэрлэх нь ч бий.

Баян өвөр айраг гэх энэхүү олборлолт хийж байгаа хөх уул нь сумын төвөөс баруун хойд зүгт 22 километрт байрладаг бөгөөд Цогт багийнхны өвөлжөөний бүс нутаг. Малчид хэдэн мянган жилийн турш малаа бэлчээн, аж амьдралаа залгуулж ирсэн газар. Түүнчлэн энэ уулын хажууханд Цагаанбарс уул бий. Авдрандаа байгаа алтаа хамгаалж хойшоо харан хэвтэж буй барын дүрстэй учраас ийн нэрийджээ. Мөн дэргэдэх Эрдэнтолгойд нутгийнхан нь эрт үеэс өвгөдөө нутаглуулж, байгаль дэлхийгээ бусдын гарт өртөхөөс хамгаалж ирсэн гэнэ. Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж эхлэх үед орон нутгийнхан тэдэнтэй тэмцэж байсан ч тэр хавьд өвөлжөөтэй айлуудад 10-15 сая төгрөг өгснөөр энэ бүх тэмцэл дуусжээ. “Баян-Айраг эксплорэйшн” компани нь сэтгүүлчдийг ороход дотогш нэвтрүүлдэггүй. Тэгсэн атлаа зорилтот нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэх зорилгоор нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг аваачдаг дадсан  зуршилтай.

Шувуу үргээгчийн орон тоо хүртэл байжээ

Сумын иргэд шувууд үхээд байгаагийн шалтгааныг тус компанитай холбож үзэх болсон бас нэг шалтгаан байна. Учир нь “Баян-Айраг эксплорэйшн” компани үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй сумын болжморууд үхэх болжээ. Үхсэн болжморуудыг хэдэн шуудайгаар нь ачдаг байсан гэнэ. Түүнчлэн уурхай дотор шувууд үхэх болсонтой холбоотойгоор шувуу үргээгчийн орон тоо хүртэл байсан аж. Харин одоо ийм орон тоо байхгүй. Учир нь сумын ойр орчмоос хайгаад ч болжмор олддоггүй, өдрийн од шиг ховор болжээ.

Дөрвөлжин сумынхныг дараагийн Хонгор болох эмгэнэлт хувь тавилан хүлээж байна

2007 оны тэр нэгэн өдөр. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан төрөл бүрийн өвчнөөр өвчилж, ургийн гажиг төрөлт нэмэгдэж, эрүүл төл байтугай эрүүл хүүхэд төрөх нь ховорджээ. Үүний буруутанг аймаг, орон нутгийн удирдлага, эрх мэдэлтнүүд сумынханд тохож, тэднийг бараг бүгдийг нь арьсны өвчтэй болгож орхисон. Бүх биеэр нь туурсан химийн хордлогыг “Хамуу” гэж хүртэл оношилж байв. Гэвч үнэн хэрэгтээ Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан эр гаднын иргэдтэй хамтарч, цианит натригаар алт угааснаас бүхэл бүтэн сумынхны гамшиг, зовлонгийн эх тавигдсан байдаг. Гэтэл яг тэр хорыг “Баян-Айраг эксплорэйшн” компаниа дөрөв дэх удаагаа алдаад байгаа. Дөрвөлжин сумынхныг дараагийн Хонгор болох эмгэнэлт хувь тавилан хүлээж байна.

Үргэлжлэл бий.

 


Дөрвөлжин сумынхны үхлийг хүлээх үү-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-11 15:01:29
    hasherdene: tsianatiig asar iheer abaachij hereglej bgaa hongoriin araas ornoo 1 tatahdaa 10 shalaanzaar tatdag gobi altaigaar dairch yum bailaa bichleg hiisen chini tsagdaa nar irj ustguulaad ybj baisan shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-21 17:04:26
    sd: Eniig bichsen hun jaahan nom unshij medlegee deeshluul. Tsianitiinhaa talaar ch medehgui bj. 80 km-iin tsaana bgaa nuurand shuwuu uhehed uurhai hamaagui. Gazar dooguur asar undur daraltaar shahaj bj l tsianit 80 km yawna. Delhii deer tiim tehnologi bhgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 15:20:58
    Давхарбаяр: Нутагтай байгаа тэнд ажил байгаа хүмүүс өөрстийхөө төлөө ирээдүйхээ төлөө дугарч ажил хаяж тэмцэх хэрэгтэй Баян айраг комбапи эзэн биш үү нутгийн иргэд эзэн юм эзэнгүй төрийн эмгэнэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 11:18:33
    Гуцацгаа: Цианитыг тээвэрлэж гол нуурын дэргэдүүр явна.тэнд нь үхээд байна ийм л хортой бодис
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 07:50:39
    Zochin: Ene niitlel bichij bgaa hun ni ene niigmiig harluulah gsn archagui humuusiin ugeer bish ooroo ochij tend bga bodit uneng gazar deerees medeelel tsugluulj bichihig zovlomoor bn... buh zuiliig ******** harluul.!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 15:40:05
    Зочин: Хаа холын нууранд байгаа шувуу үхээд байдаг, хажуу өвөрт нь байгаа суманд нь үхсэн хатсан зүйл байх юм уу? Бодвол ард иргэд нь худгийн усаар ундаалдаг л баймаар юм. Үхэж үрэгдхээ хүрвэл дотор байгаа хүмүүс нь түрүүлж Гитлер шиг явчмаар санагдах? Логик гэж байна уу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188