• Өнөөдөр 2024-09-11

ЭДИЙН ЗАСАГЧ ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД буюу ГАРГАСАН ТООНДОО ТАВИХ ХЯНАЛТ

2024-09-07,   564

Шинээр бүрдсэн парламентын гишүүдийг мэргэжлээр нь ангилбал, эдийн засагч гишүүд хамгийн олон байна.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын 126 гишүүний 30 нь /эх сурвалж: www.ikon.mn/ буюу дөрвөн гишүүн тутмын нэг нь эдийн засагч мэргэжилтэй гэсэн үг. Хууль тогтоох засаглалд тооны хүмүүс олон байгаа учраас тэднээс иргэдийн хүлээх хүлээлт нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, салбар бүрд хийх бүтээн байгуулалт, урсгал зардлын тооцооллыг нягтлах, түүнд тавих хяналтыг сайжруулах юм. Мөн төрийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, үргүй зардал гаргахгүй байхад анхаарах билээ. Эдийн засагч гишүүдийн анхаарвал зохих асуудлуудыг тоймлоё.

ТӨСВИЙН ТООЦООЛОЛ, ТҮҮНИЙ ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ

Төсвийг УИХ баталж, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулдаг. Тэгэхээр эдийн засагч 30 гишүүний үг төсөв батлахад төдийгүй түүний зарцуулалтыг хянахад жин дарах нь гарцаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2025 он Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхэлнэ. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ” хэмээсэн.

Засгийн газар ирэх онд авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд 6.9 их наяд төгрөг төлөвлөжээ. Мөн 2121 км авто зам шинээр барина. Япончуудын тавьсан зам засвар хийхгүй 10 жил болж байхад манайхны зам ганцхан удаагийн борооноор урсаж, эргээд эзэн, холбогдогч нь олдохгүй байх тохиолдол бишгүй. Иймээс эдийн засагч гишүүдийг төрийн мөнгө “уйлдаггүй” гэж хатуурхалгүй, өөрийнх нь халааснаас гарах гэж буй мэт нягт хандаж, энэ жил хийсэн ажлаа дараа жил нь дахин хийхгүй байх, чанартай, үр дүнтэй бүтээн байгуулалт, зарцуулалтад анхаарал хандуулж, энэ хандлагыг жишиг болгоосой гэж хүсэх байна.

ТУСГАЙ САНГУУДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ

          Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Монгол Улсад 26 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг 20 сангийн санхүүгийн тайланд аудит хийхэд 256.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр сангаас зорилтот бүлгийн иргэд бус, эрх мэдэлд ойр хүмүүсийн ах дүүс, төрөл төрөгсөд, хүүхдүүд зээл авч, өнөөг хүртэл зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа юм. Зөвхөн Боловсролын зээлийн санд гэхэд 200 тэрбум төгрөгийн авлага үүсээд буй бөгөөд энэ сангийн 120 тэрбум төгрөгийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн 502 хүн зээлээ төлөлгүй 10-аас дээш жил болжээ. Иймээс эдийн засагч гишүүд тусгай сангуудын үйл ажиллагаа, зарцуулалтад хяналт тавьж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЯГЛАСАН ТӨСВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Монголчуудын дунд хавдрын өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж, манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй. Тодруулбал, дэлхийд хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад 17 хувьтай байхад Монголд 24 хувьтай байна. Мөн элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт жагсаж, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм. 2023 онд Монгол Улсад хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын улмаас эндсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас баржээ. Түүнчлэн нийт нас баралтын 62 хувийг оношлогдсоноос нэг хүрэхгүй жилийн хугацаанд нас барсан үзүүлэлт эзэлж байна. Гэтэл улсын эмнэлэгт үйлчилгээ авна гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охины давах даваа биш. Танил тал, ар өврийн хаалга хэрэглэхгүй л бол хэдэн сарын дараа үзүүлэх цаг гарах бөгөөд үүнийг хүлээх нь үхлээ эрсэнтэй ялгаагүй. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаар хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн энэ ачааллыг хөнгөлдөг. Гэтэл 2024 оны гэрээгээр тохирсон тоо хэмжээг хэтрүүлсэн хувийн 58 эмнэлгийн санхүүжилтийг наймдугаар сарын 23-наас эхлэн түр зогсоосон.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж ажилладаг. Энэ жил нийт хэдэн төгрөгт багтсан, хэдэн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэх заалттай гэрээ хийдэг гэсэн үг. Тэр дүн нь хэтэрсэн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд, гэрээний дүн чинь хэтэрсэн шүү гэсэн. Түүнээс санхүүжилтийг бүрэн зогсоогоогүй. Түр зогсоосон” хэмээн мэдэгдсэн. Гэтэл “Чингис хаан” банк Нийгмийн даатгалын сангийн 96.5 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.9 тэрбум төгрөг буюу нийт 127 тэрбум төгрөгийг хадгалах нэрээр авч эргэлдүүлэн, өдгөө яасан нь мэдэхгүй гүрийсээр 10-аад жил болж байна. 3.5 сая иргэний даатгалын мөнгө ганцхан банкны гуравхан хувьцаа эзэмшигчийн халаас, ходоодонд ийн шингэчихээд байхад хариуцлага тооцож чадахгүй атлаа хэдэн хувийн эмнэлгүүддээ төр төмөр нүүрээ үзүүлж байх юм. Энэ бол эрх мэдэлтнүүдийн толгойг илж, энгийн иргэддээ хатуурхаж буй хэрэг. Эдийн засагч гишүүд үүнд анхаарал хандуулж, эрүүл мэндэд хаягласан төсвүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг уг үйл явдал харуулж байна.

УУЛ УУРХАЙГААС ХАРААТ БАЙДЛЫГ БУУРУУЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХ

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай гэж хэлж болно. Тодруулбал, төсвийн орлогын дийлэнх хувийг нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүний 90 орчим хувийг нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил экспортын зорилгоо давуулан биелүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлсөн. Гэвч энэ нь нөгөө талаас уул уурхайн салбар уналтад орвол Монголын эдийн засаг дагаад хэцүүдэх эрсдэлтэйг харуулж буй юм. Түүнчлэн монголчууд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ боловсруулалгүй, ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг. Иймээс энэ чиглэлд боловсруулах үйлдвэрүүд байгуулах, эдийн засгийг солонгоруулах гарц, гаргалгааг эрэлхийлэх шаардлагатай байгаа юм.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Энэ үйлдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, цаашлаад монголчууд шатахууныхаа хэрэгцээг дотоодоосоо хангахад чухал ач холбогдолтой. Гэтэл тус үйлдвэрийн шавыг зургаан жилийн өмнө сүр дуулиантай тавьж, 2021 онд ашиглалтад оруулах учиртай байсан ч өдгөө 2026 он болж хойшлогдсон.  Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, “Евро-4.5” стандартын шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрүүлэх судалгаа бий.

АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Манайх жилд 20 сая орчим арьс, шир боловсруулдаг ч үйлдвэрийн хүчин чадалтай холбоотойгоор есөн сая нь хаягддаг тоон мэдээлэл бий. Улаанбаатар хот дахь арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн, аж үйлдвэрийн парк байгуулах тухай УИХ-ын тогтоол 12 жилийн өмнө буюу 2012 онд гарсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй. Тус парк ашиглалтад орсноор жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ. Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж нээгдэх юм.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ГАР ТАТАХГҮЙ БАЙХ

Манай улсад хүүхэд ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдал 1-14 насны хүүхдийн дунд 47 хувьтай байна.  Сүүлийн үед хүүхдүүд интернэт, цахим орчинд орох нь нэмэгдэж байгаа нь тэднийг цахим доромжлол, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлд хүргэх болжээ. Мөн унаач хүүхдийн асуудлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 2024 оны эхний хагас жилийн байдлаар хурдан мориноос унаж нас барсан дөрөв, гэмтэж бэртсэн гурван тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн гол усанд живж амиа алдсан 11, зам тээврийн ослын улмаас амиа алдсан 26, бэртэж гэмтсэн 605 хүүхэд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс хүүхэд рүү чиглэсэн гэмт хэрэг, мөлжлөг, хүчирхийллээс сэргийлж, хариу арга хэмжээ авдаг хүүхэд хамгааллын үр дүнтэй нэгдсэн тогтолцоо манайд хэрэгтэй байна. Иймээс түүхэндээ анх удаа бүрдсэн эдийн засагч 30 гишүүнээс хүүхэд хамгааллын асуудалд шаардлагатай төсвийг тавихад гар татахгүй байхыг хүсье.

УРСГАЛ ЗАСВАР НЭРТЭЙ МӨНГӨ УГААЛТЫГ “ХАЗААРЛАХ”

Жил бүр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт урсгал засвар хийж, түүнд бага биш төсөв зарцуулдаг. Гэвч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэр болж, энэ жилийн “зовлон” ирэх жил ч хэвээр байж, дараа жил нь дахиад л түүнийгээ засдаг нь нууц биш. Засварын ажил ч цаг тухайдаа дуусалгүй, хичээл эхлэхтэй зэрэгцэн будаг нь ч хатаж амжилгүй ханхалсаар хүүхдүүдээ угтдаг. Ядаж тэгш онуудад сургууль, цэцэрлэгийн анги танхимыг, сондгой жилүүдэд дээвэр, ариун цэврийн өрөөнүүдийг гэх мэтээр засварын ажлыг жил сөөлжлүүлж, үр дүнтэй хийх хэрэгтэй байна. Хэзээ болтол засвар нэртэйгээр хэдэн сургууль, цэцэрлэгээ додомдож, мөнгө угаах вэ?

Энэ жил гэхэд нийслэлийн боловсролын 73 байгууллагын барилгын их засварт 15.4 тэрбум төгрөгийн төсөв баталсан байгаа юм. Гэвч эдгээр ажил хичээл эхлэхээс арван хоногийн өмнө ердөө 50 хувьтай үргэлжилж байлаа. Үүнээс  тус ажлын гүйцэтгэлийг төвөггүй харж болохоос гадна урсгал засвар нэртэй мөнгө угаалтыг “хазаарлах” шаардлагатайг илтгэж буй юм.

 


ЭДИЙН ЗАСАГЧ ГИШҮҮДЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТҮҮД буюу ГАРГАСАН ТООНДОО ТАВИХ ХЯНАЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188