• Өнөөдөр 2024-04-16

ТАНИЛЦ: Оффшор бүсээс хөрөнгөө хураалгаж мэдэх 23 албан тушаалтан-II

2021-01-18,   2136

Монголын нөлөө бүхий улстөрчид оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө эзэмшдэг гэх хэрэг 2013 онд ил болсон ч томоохон оффшорын хэргүүд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгөөс иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн бариад буй. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн прокурорын газраас оффшор бүсэд хөрөнгөө байршуулсан 23 албан тушаалтны хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл цацсан юм. Тэгвэл оффшор бүсээс хөрөнгө нь орж ирэх магадлалтай 10 хүний нэрийг ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт ил болгоод буй. Энэ тухай эндээс үзнэ үү.
 
Үргэлжлүүлэн оффшорт нэр холбогдсон найман хүнийг нэрлэж байна.
 

1.    Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга асан Х.Бум-Эрдэнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байсан Х.Бум-Эрдэнэ оффшор бүсэд данс эзэмшдэг эрхмүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг. Тэрбээр 2006-2014 оны хооронд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд дэд дарга хүртэлх албан тушаал хашиж байв. Одоо Хадгаламжийн даатгалын корпорацид гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Түүний оффшор хөрөнгийг танилцуулбал,  "ABROS” 2007-2016, "GUMAX” 2008-2012, "IMPOX” 2008-2012, "TSAYARS” 2008-2012, "DOLOWAY INTERNATIONAL” 2009-2013 гэсэн таван компани оффшорт бүртгэлтэй нь баримтаар нотлогдсон байдаг. Тэрбээр энэ талаараа “Энэ бол 2007 оны асуудал. Би тухайн үед найз нартайгаа нийлэн бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үед хятадуудтай нийлээд уул уурхай болон барилга дээр ажиллахаар ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь оффшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Энэ данс одоо байхгүй. Тухайн үед байгуулагдаад л өнгөрсөн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

2.    НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн

60 тэрбумын гэх тодотголтой НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн хөрөнгө оффшор бүсэд бүртгэгдээгүй. Гэвч түүний хамаарал бүхий этгээдийн нэр оффшор данстай нь тодорхой болсон. Тодруулбал, түүний дүү Ц.Сэргэлэн Британийн Виржинийн арлуудад буюу оффшор бүсэд бүртгэлтэй “Joy Key Development Limited” компанид хувьцаа эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдсон юм. Панамын баримтад дурдсанаар, Цэндсүрэнгийн Сэргэлэн нь “Joy key development limited” компанид 2011 оны хоёрдугаар сарын 28-наас 7500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан бөгөөд түүнтэй хамт тус компанид Монгол Улсын иргэн Цогтын Нацагдорж, АНУ-ын иргэн Майкл Намын хамт тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн гэгддэг.

3.    “Петровис”-ын Ч.Давааням, эхнэр С.Шагдардулам

“Петровис”-ын гэх тодотголтой Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нар оффшор бүсэд  данстай болох нь тогтоогдож, АТГ-аас Ч.Даваанямын оффшор дансан дахь 4.3 сая ам.долларыг илрүүлсэн гэх мэдээлэл гарсан даруйд “Энэ мөнгөө Монгол руу татлаа” гэж шуугиан дэгдэж байв. Тэрбээр БНХАУ-ын Тайвань хотоос 2011 онд оффшор бүсэд бүртгүүлсэн бол түүний эхнэр С.Шагдардулам мөн л тэр жилээ Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн гэгддэг. С.Шагдардуламын компани 2016 оныг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулсан бол Ч.Даваанямын компани үйл ажиллагаагаа явуулаад удалгүй дампуурсан гэх мэдээлэл бий. Эдгээр компани нь “ММС” буюу “Монголиан Майнинг Корпораци”-аас хувьцаа эзэмшихээс гадна Ерөнхий сайд асан С.Баяртай холбогддог. Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.

4.    Бат-Үүлийн Чулуудай

Ардчилсан намаас оффшорт данстай болох нь тогтоогдсон С.Баярцогтын бухиаг үргэлжлүүлсэн хүний нэг нь Э.Бат-Үүлийн хүү Чулуудай. Тэрбээр оффшор бүсэд “Strategic minec” гэх компанид хувьцаа эзэмшиж байсан гэдэг. Үүнийгээ Б.Чулуудай “Хуулийн дагуу 2011 онд нээлгэсэн ч хоёр жилийн дараа хөрөнгө оруулалт татаж чадалгүй дансаа хаалгасан” хэмээн тайлбарласан байдаг. Харин тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг хашиж байсан Э.Бат-Үүл хүүгээ оффшор компанитай байсан гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг өгч байсан. Ингээд “Танай хүүгийн компани их хэмжээний мөнгөтэй гүйлгээ хийсэн бол яах вэ” гэх сэтгүүлчийн асуултад “Чулуудайгийн дансаар гүйлгээ хийгдсэн байвал мөнгөний дүнгээс үл хамаарч би албан тушаалаасаа огцорч, дахин улс төрд нэр дэвшихгүй байж чадна” гэх тайлбарыг өгч байв.

5.    Ч.Батзориг

Монголын оффшорчдоос давхардсан нэрээр хамгийн олон данс эзэмшдэг нь Ч.Батзориг. Түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү гэх мэдээлэл ч бий. Ч.Батзориг гэгч нь оффшор бүсэд 2008 оны долдугаар сарын 10, 2008 оны долдугаар сарын 21, 2009 оны нэгдүгээр сарын 20, 2009 оны наймдугаар сарын 13, 2012 оны хоёрдугаар  сарын 10-нд тус тус данс нээлгэжээ. Ч.Ганзориг 2008-2013 онд “Эрдэнэт үйлдвэр"-ийг удирдсан. Ч.Батзориг оффшорт дөрвөн компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд гурав нь дефолт болж, нэг нь одоо ч идэвхтэй гэх мэдээлэл бий.

6.    Л.Болдын хамаарал бүхий этгээдүүд

Оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай иргэдийн тоонд Монгол Улсын дөрвөн иргэн байгаа нь ил болсон. Тодруулбал, Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нар оффшор бүсэд данстай гэж бүртгэгджээ. Лувсанвандангийн Болдхуяг нь “Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг, УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь өргөмжит ерөнхий  консул, 2009 оноос Шведийн Вант Улсын өргөмжит консулаар ажиллаж байсан. Мөн “Голомт” банк болон “Бодь групп”-ийн удирдлагын багт ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, “Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашжээ. Харин Г.Саруул нь “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Г.Цэдэн-Иш, Г.Агархоролоо нар нь хувиараа бизнес эрхлэдэг аж.

7.    Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралтын дүү

АТГ-аас 2018 онд оффшор бүсэд данс болон хувьцаа эзэмшдэг 13 хүний нэрийг ил болгож байв. Үүний дотор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй Элчин сайд, улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдийн нэр ил болсон. Энд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын дүү Хонконгод данстай болох нь нотлогдож байв.

8.    Инженер Л.Дэлгэрбат

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-ийн инженерээр олон жил ажилласан Лодойн Дэлгэрбат гэх иргэн АТГ-т шалгагдаж байгаа гэдгийг бид хоёр сарын өмнө мэдээлж байсан. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмал худалдан авдаг компанитай үгсэн тохиролцож, хувьдаа ашиг хүртдэг байсан нь тогтоогдсон байгаа юм. Олсон ашгаа оффшор бүсэд хадгалдаг байсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон аж. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт баримтаар дэлгэсэн билээ.
Ийн оффшор бүсэд данстай болох нь баримтаар ил болсон төрийн өндөр дээд албан тушаалтан түүний хамаарал бүхий 18 хүний нэрийг ил болголоо.

Үүнээс гадна оффшор бүсэд бүртгэлтэй компани нь ил зарлагдаагүй ч оффшорт их хэмжээний хөрөнгө эзэмшдэг нэр нөлөө бүхий олон хүн бий. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Ж.Бадамжунай, Да.Ганболдын нэр оффшорт бүртгэлтэй гэх мэдээлэл байдаг. Магадгүй хэрэг үүсгэн шалгаж байгаа 23 хүний тоонд эдгээр эрхэм орсон байхыг үгүйсгэх юм.

 
 

ТАНИЛЦ: Оффшор бүсээс хөрөнгөө хураалгаж мэдэх 23 албан тушаалтан-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-18 12:01:13
    Зочин: Ер нь оффшор данстай маш олон хүн компани байгаа юм байна.Ерөнхийлөгчийн үүрэг өгөх үет 49 гэж дуулдаад байсан.Үнэн бололтой.Мөнгийг монголруу оруулж ирэхэд МАН ын засгаас ямар ажил өнгөрсөн хугацаанд зохион байгуулав гэж асуугаад хариу нэхэ ёстой болж байна.Иргэд минь шаардацгаая.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188