• Өнөөдөр 2024-05-03

Цианидаар хордуулагч “Баян Айраг эксплорэйшн” компанийн тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛЪЯ

2020-12-14,   1771

 
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн олборлолт явуулдаг “Баян Айраг эксплорэйшн” ХХК үхэлд хүргэх аюулт бодис болох цианид натриг удаа дараа байгальд алдсан. Гэвч танил тал, хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй тус компани нэг ч удаа хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. 
 
Хамгийн сүүлд л гэхэд “Баян Айраг” ХХК өнгөрсөн баасан гарагт дахин цианид натри алдсан бөгөөд үүнээс үүдэн тус уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. Хэргийг тодруулбал, энэ сарын 10-нд 08:00 цагийн орчимд уусмал дамжуулах хоолой задарч, 553 ам.метр талбайд 1120 литр буюу 1.2 тонн цианид асгарсан байна. Улмаар газар дээр нь тус аймгийн Мэргэжлийн хяналт газар, цагдаа, сумын удирдлага зэрэг холбогдох албаныхан ажилласан. Энэ үйлдэл нь хариуцлага алдах бүрт нь авдаг л арга хэмжээ. Мөн хэдэн сарын дараа тус уурхай хэвийн ажиллаж эхэлдэг. Хамгийн анх тус компани 2012 онд цианидтай уусмал гүйдэг турбагаа хооронд нь холбоогүйгээс цианид алдсан гэдэг. Мөн 2015, 2016 онд өвлийн хүйтэнд үйлдвэрийн турба нь хагарснаар цианид алдаж байлаа. Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө нуруулдсан хүдэрт үерийн ус хальж цианид натри алдсан байдаг. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллагаас “Цианидын уусмал хөрсөнд илрээгүй. Үерийн усанд илэрсэн” гэдэг ганцхан тайлбар өгөөд уурхайг хэвийн ажиллуулдаг байна. Гэвч цианидын хор нөлөө аль хэдийн мал, амьтанд илэрч эхэлснийг орон нутгийнхан батлан ярьдаг. Тэгвэл энэ Монголын хуулийг уландаа гишгэгч, дураараа дургигч компанийн ард хэн гэгч албан тушаалтан байдаг вэ.

“БАЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН”-ИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ

“Баян Айраг эксплорэйшн” ХХК нь Хонконгийн хөрөнгө оруулалттай томоохон компани. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ 2002-2007 онд Завхан аймгийн баруун хойд хэсгийн Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Сантмаргац сумдын нутагт хайгуул хийсэн бөгөөд 2008 хоёрдугаар сарын 12-нд АМГТХЭГ-ын даргын 47 дугаар тоот тушаалаар ордны нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн байна. Ингээд алт-зэсийн үндсэн ордыг ашиглах 13409А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны гуравдугаар сарын 24-нд АМГТХЭГ-ын даргын зөвшөөрлөөр авч байжээ. Улмаар “Баян Айраг Эксплорэйшн” ХХК нь 6100.2 га талбайд 30 жилийн хугацаатайгаар буюу 2038 он хүртэл ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. 
“Баян Айраг эксплорэйшн” компани нь Монголд алтны нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд 50 орчим тонн алт, 150 мянга гаруй тонн зэс, 2.6 сая унци мөнгөний нөөцтэй гэгддэг. Тус компанийн толгой байгууллага нь Люксенбургийн Вант Улсын  “Кью Жи Экс Гөүлдэн Хиллс Эс Ар Эл” ХХК. Харин  Монголын талаас “Гурван гол холдинг” ХХК 20 хувийг нь эзэмшдэг юм. ”Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Австрали Улсын иргэн Петер Роберт ажилладаг бол Монголын талыг Ю.Энхтүвшин гэх хүн төлөөлдөг юм байна. 
Харин  “Гурван гол Холдинг” ХХК-ийг 2006 оны аравдугаар сарын 10-нд таван хувьцаа эзэмшигчийн эрхтэйгээр байгуулж байжээ. Тодруулбал, Жасрайн Жамсран, Намсрайн Бэхбат, Төмөрбаатарын Ганхуяг, Цагааны Нанзаддорж, Ринчинбатын Гантөмөр гэх таван хувьцаа эзэмшигчтэйгээр Улсын бүртгэлд бүртгэлтэй. Захирлаар нь Төмөрбаатарын Ганхуягийг  томилсон гэх баримт бий.  Тэднээс гадна Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий албан тушаалтнууд уг компанийн энэ мэт хууль бус бүх үйлдлийг нь хаацайлж, “цэвэрлэдэг” гэх мэдээлэл бий. 
 

ҮХЛИЙН АЮУЛТАЙ ХОР ЦИАНИТ НАТРИ ГЭЖ ЮУ ВЭ

“Баян-Айраг эксплорэйшн” нь 2006 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. 2008 оноос “Баян-Айраг” нэртэй 13409А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян өвөр айраг гэдэг газар уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Ингэхдээ нуруулдан уусгах технологид цианитын сулруулсан уусмалыг ашигладаг байна. Тодруулбал, нэг тонн хүдэрт 0.3 кг цианит натри хэрэглэдэг. Цианит нь хүн төрөлхтний өмнө үйлдсэн нүглээсээ зугтахын тулд Адольф Гитлерийн залгиж үхсэн хорны нэг төрөл. Цианит натри нь хүний амьсгал боогдуулдаг, цианит ус төрөгч хэмээх хортой хий ялгаруулдаг, хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэрэглээг зогсоох аюултай гэнэ. Үүнийг үхлийн хор гэж нэрлэх нь ч бий.
 
Баян өвөр айраг гэх энэхүү олборлолт хийж байгаа хөх уул нь сумын төвөөс баруун хойд зүгт 22 километрт байрладаг бөгөөд Цогт багийнхны өвөлжөөний бүс нутаг. Малчид хэдэн мянган жилийн турш малаа бэлчээн, аж амьдралаа залгуулж ирсэн газар. Түүнчлэн энэ уулын хажууханд Цагаанбарс уул бий. Авдрандаа байгаа алтаа хамгаалж хойшоо харан хэвтэж буй барын дүрстэй учраас ийн нэрийджээ. Мөн дэргэдэх Эрдэнтолгойд нутгийнхан нь эрт үеэс өвгөдөө нутаглуулж, байгаль дэлхийгээ бусдын гарт өртөхөөс хамгаалж ирсэн гэнэ. Уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж эхлэх үед орон нутгийнхан тэдэнтэй тэмцэж байсан ч тэр хавьд өвөлжөөтэй айлуудад 10-15 сая төгрөг өгснөөр энэ бүх тэмцэл дуусжээ. 
 
Гаднын хөрөнгө оруулалттай гэх уг компанийн өмнө Монголын шат шатны хууль хяналтын байгууллагынхан, тангараг өргөсөн албан тушаалтнууд “бөхийсөөр” ирсэн гэхэд хилсдэхгүй.
 
Үхэлд хүргэх аюулт бодисыг их хэмжээгээр удаа дараа алдчихсан байхад үйл ажиллагаа нь өдийг хүртэл хэвийн явсаар байгаагаас харвал улс төрийн нөлөө байгаагаагаас гарцаагүй гэж хардах хүн олон байна. Тус компанийн хариуцлагагүй, аюултай удаа дараагийн үйлдэлд үйл ажиллагааг нь түр зогсоох бус тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авах цаг нь болжээ. Магадгүй энэ аюул дан ганц Дөрвөлжин сумаар тогтохгүй Завхан аймаг, цаашлаад Монгол Улсын нийт хүн ам, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. 
 

Цианидаар хордуулагч “Баян Айраг эксплорэйшн” компанийн тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188