• Өнөөдөр 2024-04-24

Э.БАТ-ҮҮЛ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН "ЗАХИАЛАГЧ"-ААР ГУРАВ ДАХИА ШАЛГУУЛАХ УУ

2021-05-12,   769

             Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүл С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн “захиалагч” мөн үү. Энэ асуулт анх 2000 онд гарч ирж, Э.Бат-Үүл “Ганц худаг”-т сар гаруй хоригдоод суллагдаж байлаа. Улмаар  2016 онд хоёр дахь удаагаа энэ асуулт гарч ирж, Э.Бат-Үүл мөн л 20 гаруй хоног хууль шүүхийнхэнд ээрэгдсэн. Тэгвэл сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Э.Бат-Үүлийг шалгах ёстой” гэж ярих явах болов. Магадгүй, Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн хэргийн “захиалагч” гэж гурав дахь удаагаа шалгагдах нь бололтой. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Өдрийн сонинд “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” гэх гарчигтай нийтлэл бичиж,  хэвлүүлсэн. Тэрбээр, уг нийтлэлдээ “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг шалгаж, мэдүүлэх авах ёстой” гэж бичсэн буй. Улмаар өнгөрсөн даваа гарагт Засгийн газар 100 хоногийн тайлангаа танилцуулах үеэр Ц.Нямдорж мөн л “Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулах шалгахдаа нэг ч мэдүүлэг авч байгаагүй. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг ярьж байгаа. Түүний мэдүүлгээр Э.Бат-Үүлийг шалгаж, мэдүүлэх авах ёстой” гэж мэдэгдсэн юм. 
 
Тэгвэл Э.Бат-Үүл үнэхээр С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн “захиалагч” байх боломжтой юу. Үгүй бол яагаад удаа дараа “захиалагч” гэх нэр зүүх болов. Энэхүү асуултад хариулт хайж, Э.Бат-Үүл анх яаж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй “холбогдсон”, тухайн үед ямар улс төр өрнөж байсан болон Э.Бат-Үүл өөрөө ямар тайлбар өгч байсныг эргэн сануулж байна. 
 
Хачирхалтай нь, Э.Бат-Үүл өмнө нь хоёр удаа С.Зоригийн хэрэгт нэр холбогдох үед УИХ-ын сонгууль таарч байжээ. Энэ удаад ч мөн Ерөнхийлөгчийн сонгууль таарч байна. Тэрбээр, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийн "талын" АН-д хүчин зүтгэж буй билээ. Гагцхүү "С.Эрдэнийн талын АН-ын ард МАН байгаа" гэж яригдаж буй энэ цаг үед МАН-аас Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт дахин нэр холбож, сэдрээх нь цаанаа ямар агуулга нууж байна вэ гэдэг л төдийлөн ойлгомжгүй байна. 

1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ШӨНӨ БА Э.БАТ-ҮҮЛИЙН МАЛГАЙ

 
         1998 оны арвандугаар сарын 2-ны 22:30 минутын орчимд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үе Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудал гацаанд орсон ээдрээтэй цаг үе байж таарсан. “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслээс 1998 оны есдүгээр сарын 28-нд Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандид өргөн барьсан боловч есдүгээр сарын 30-нд татгалзсан хариу ирүүлсэн байдаг. С.Зоригийг бусдын гарт амиа алдахаас 2,3-хан хоногийн өмнө гэсэн үг. Улмаар Ардчилсан холбоо эвсэл аравдугаар сарын 3-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, Ерөнхий сайдад С.Зоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөөд байсан боловч С.Зориг өмнөх шөнө нь бусдын гарт амиа алдсан юм. 
 
Энэхүү хэрэг гарсан цагаас “Э.Бат-Үүлийн малгай С.Зориг агсны гэрээс олдсон” гэх дуулиан өнөө ч мартагдаагүй хэвээр. Түүний өмсөж явсан  малгай хэргийн газраас олдсоноос болж тэр өдий 23 жил С.Зориг агсны хэрэгтэй нэр холбогдож яваа билээ.  Э.Бат-Үүл энэ хэргийн тухай С.Зоригийг амиа алдах үед гэртээ хадам ээжтэйгээ хамт телевиз үзэж байсан гэж тайлбарладаг.  Тодруулбал, Э.Бат-Үүл “Хэрэг гарсан шөнө би гэртээ хадам ээжтэйгээ хамт телевиз үзээд байж байтал тухайн үеийн Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд утсаар холбогдож, “С.Зориг бусдын гарт амиа алчихлаа, дараагийнх нь чамайг гэж байна. Би удахгүй очлоо, надаас өөр хүнд хаалгаа битгий тайлаарай” гэж хэлсэн. Төд удалгүй хүрч ирээд, “Чамайг хамгаалалтад авч байна” гэж хэлээд С.Зоригийн гэрт дагуулж очсон. Тэр үед хэргийн газрыг ямар ч хамгаалалтад аваагүй, маш олон хүн бужигнаж байсан. Би айж цочирдоод Ц.Элбэгдоржтой хамт хэргийн газраас гарахдаа өмсөж очсон цагаан цэнхэр өнгийн малгайгаа орхиод гарсан байсан. Хэргийн дараа намайг гэрчээр татаж анх удаа гэрчийн мэдүүлэг аваад малгайгаа мартаад гарсан гэдгийг прокуророос тогтоосон” хэмээн тайлбарласан байдаг. Хэргийн газарт мартаж үлдээсэн тэр цагаан цэнхэр өнгөтэй малгайг Э.Бат-Үүл хадам ээжийнхээ малгай гэж тайлбарласаар ирсэн юм. 
 
Түүнчлэн Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа "Үүл бид хоёр" номондоо өнөөх алдарт малгайны тухай бичсэн бий. Тодруулбал, 
“Үүл, миний ээж хоёрын ярьснаас тэр оройн явдлыг нэхэн өгүүлье:
 
-Арван сарын хоёрны орой ээж гадаа салхинд гарч ирээд Үүлтэй хоёулаа гэртээ сууж байтал утас дуугарч, Үүл авч л дээ. Тэгтэл нийслэлийн цагдаагийн дарга Наваансүрэнгийн Ганболд нэлээн халамцуу маягтай:
 
- Бат-Үүл ээ, битгий гадагшаа гараарай! Зоригийг алчихжээ...
 
- Юу яриад байна аа, ямар Зоригийг? гэтэл нь
 
- Шар Зоригийг
 
- Юун шар Зоригоо?
 
- Санжаасүрэнгийн 3ориг оо. Би одоо ингээд танайд очлоо гээд утсаа тавьчихаж. Яахаа ч мэдэхгүй болчхоод зогсож байтaл нь Ганболд тун удалгүй орж ирж л дээ. Нээрээ халамцуу, за тэр нь ч яах вэ, ажлын дараа тийм юм болдог л байлгүй. Тэгээд:
- За одоо хоёулаа Зоригийнх руу очно оо гэж.
 
-Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь:
 
-Тэнд намынхан чинь цугларчихаад байгаа гэж. Үүл хувцсаа өмсөөд малгайгаа өмсөх гэтэл олдоггүй гэнэ.
 
Тэгтэл ээж гадаа салхинд сууж байхдаа өмсөж байсан саравчтай цагаан цэнхэр өнгийн даавуун малгайгаа аваад өгчээ. Аравдугаар сарын 2 гэдэг чинь тэгтлээ ч хүйтэрчихээгүй цаг шүү дээ. Түүнийг нь толгой дээрээ тавиад л гараад явчихаж. Ганболд ч шууд л Зоригийн гэрт дагуулаад очсон, орсон байгаа юм.
 
- Энэ чинь яаж байгаа юм бэ? Хэргийн газар шууд ингээд орчихож болох юм уу? гэсэн чинь:
 
- Болно оо, болно ор! гэжээ.
 
Орох гэтэл хаалганд юм тээглэхэд нь хартал талийгаачийн цогцос байж байх юм гэнэ. Хаа сайгүй цус болчихсон байж. Ороод очтол цаана нь талийгаачийн ах нь, намын нөхөд, Ша.Батбаяр, С.Эрдэнэ гээд хэдийнээ өчнөөн хүн орчихсон харагдсан байгаа юм. Ороод жаахан сууж. Тэгтэл тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Элбэгдорж ч ирж, юу ч ярьсан юм, Засгийн газрын ордон руу ч юм уу явцгаах болж, хуралдаж яаралтай арга хэмжээний шийдвэр гаргахаар. Тэгээд гараад Элбэгдоржийн машинд суух гэж явснаа малгайгаа гэнэт санаж.
 
-Малгайгаа мартчихаж, ороод аваадахъя гэхэд нь, Элбэгдорж "За за дараа бол, хүмүүс хүлээгээд байна!" гээд яаруулж, тэгэхээр нь орцны үүдэнд зогсож байсан цагдаад ч хэлээд явжээ” гэсэн бий. 
 
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” нийтлэлдээ “Энэ хэрэгт өмнө нь буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш 2015 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд огт байцаагдаж байгаагүй гэрч шинээр илэрч энэ хүн “хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө С.Зориг, Э.Бат-Үүл нарыг талийгаачийн байрны гадаа маргалдаж байсан, хажууд нь зогсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг одоо ч гэсэн таньж байна. Хэрэг гардаг орой Э.Бат-Үүл миний хажуугаар гүйж өнгөрсөн, малгайгүй байсан” гэх утгатай мэдүүлэг гаргасан. Энэхүү шинэ гэрч нь эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан Ж.Мөнхгал гэгчтэй 1976 оноос хойш С.Зоригийн байрны хажуугийн 5 дугаар байрны нэг орцод бараг нэг давхарт амьдарч байсан хуучны танил нь байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 хоногийн дараа эх үүсвэр тодорхойгүй шинэ орон сууцтай болсон” гэж бичсэн байдаг. 
 

1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3 

 
        1998 оны аравдугаар сарын 3 буюу С.Зориг онц хэрцгийгээр хөнөөгдсөний маргааш өглөө улс даяар бужигнаж байлаа. Ардчилсан холбоо эвслээс хил хаах, ард иргэдийн сэтгэлзүйг тайвшруулах, телевиз радиогоор өдөөн хатгалга явуулахгүй байх гэх мэт зохион байгуулалтыг хийж байв. Гэсэн ч төв шуудангийн өмнө хэдэн зуун хүн цуглаж, МАХН-ын байр луу дайрахаар зэхэж байсан гэдэг. Тухайн үед иргэд Ерөнхийлөгч Н.Багабандийг С.Зоригийн хэрэгт буруутгаж байсан. Э.Бат-Үүл тухайн үед МҮОНРТ-д ярилцлага өгч байсан нь архивт үлджээ.  
 
Тэрбээр, “Ерөнхий сайдад хэд хэдэн хүний тухай яригдаж байсан. Нэр дэвших магадлалтай хүний нэг бол С.Зориг байсан. Сэтгүүлчид та бүхэн бүх юмыг үнэн зөв мэдээлээрэй, хов жив, цуу яриа нийгмийг маш эвгүй байдалд оруулна. Тэгэх юм бол энийг тодорхой хэмжээгээр хүсэж байгаа хүмүүсийн л идэж ууш болно. Өөрөөр бол, тайван явж ирсэн үйл явц маань өнөөдөр замбараагүй байдалд хүрэхээр хутганы ирмэг дээр ирээд байна. 
 
Үнэхээр би яаж  ч бодоод ойлгохгүй байна. Намайг бол ална ч гэдэг юм уу, тэрийгээ ч ил хэлдэг хүмүүс байдаг л юм. Энэ бол миний өөрийн зан араншинтай холбоотой гэхэд, манай Зориг бол янз бүрийн хүний хонзон, ийм хэрцгий балмадаар хүн хороох хүртэл нь аль ч улс төрийн хүчин, ямар ч хүмүүстэй тийм байдалд хүрэхээргүй хүн. Тийм юм руу явах ч хүн биш. Тэгээд би бүр яагаад чухам Зориг вэ гэж бодоод олохгүй байна” хэмээн ярилцлага өгч байв. 
 

Э.БАТ-ҮҮЛ АНХ УДАА С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДСЭН НЬ...

 
             2000 оны УИХ-ын ээлжит сонгуульд Э.Бат-Үүл Сэлэнгэ аймагт буюу 34-р тойрогт АН-аас нэр дэвшиж, 40 гаруй саналаар ялагдаж байв. Ялагдсан шалтгаан нь “Э.Бат-Үүл бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч” гэдэг МАХН-ын сөрөг ухуулга байсан гэж Э.Бат-Үүл тайлбарладаг. Тиймээс луйврын сонгууль болсон гэж СЕХ-нд хандахаар баримтуудаа цуглуулж байсан гэдэг. Гэтэл сонгуулийн дараа буюу наймдугаар сарын 10-нд Э.Бат-Үүл “Малыш” хочит Б.Энхтүвшинг зодсон хэргээр баривчлагдаж, “Ганц худаг”-т хоригдсон.
 
Э.Бат-Үүл эхнэр Б.Дэлгэртуяа энэ “зодоон”-ы тухай “Сонгуулийн өмнө Б.Энхтүвшин Э.Бат-Үүл рүү АНУ-аас залгаж, НАХЯ-ны сайдаар томилж өг гэж дарамталдаг байсан. Дараа нь Монголд ирсэн хойноо ресторанд таарч, үг хаясан. Тухайн үед нь Э.Бат-Үүл “Малыш”-т огт гар хүрээгүй. Харин над руу болон миний хүү рүү ус цацах үед нь би уурлаад Б.Энхтүвшингийн нүүрэнд нь цохиод автал хамраас нь цус гарсан” гэж тайлбар хийж байв. 
 
Э.Бат-Үүл ийнхүү хүн зодсон хэргээр “Ганц худаг”-т хоригдож байтал түүнийг давхар С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. 
 
Э.Бат-Үүл “ 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн дөрөвдүгээр сард буюу хэрэг гарснаас хоёр жилийн дараа НЦГ-ын хошууч Н.Цогтбаяр намайг дуудсан. Ингээд малгай чинь байна уу гэхэд нь би малгайгаа өгсөн. Гэтэл 2000 оны наймдугаар сард намайг хүн зодсон хэмээн гүжирдэж Ганц худагт хорьсон. Тэгмэгцээ С.Зоригийн хэрэгт холбож шалгаад эхэлсэн. Сар орчим хорьсны эцэст, прокуророос намайг шалгах нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан” гэж тайлбарласан бий. 
 

2016 ОНД ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, АНХ УДАА ХУРУУНЫ ХЭЭ, ЦУС, ҮСНИЙ ШИНЖИЛГЭЭ АВАВ

 
         2016 оны есдүгээр сард Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн яллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар “С.Зоригийг алуулах захиалга өгсөн, зохион байгуулсан хүн нь Э.Бат-Үүл” гэж зарласан учраас тэр. Энэ удаад 2000 онд саатуулж байснаасаа өөрөөр буюу Э.Бат-Үүлээс хурууны хээ, цус, үсний шинжилгээ хүртэл авсан гэдэг. Тодруулбал, 
 

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган, Б.Отгонбаатар нар нь бүлэглэж, С.Зоригийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж тэмдэглээд, “Э.Бат-Үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” гэж үзэж, 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл /улс төрийн зорилгоор аллага хийх/-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм.

 
Улмаар 2016 оны есдүгээр сарын 12-нд Э.Бат-Үүл олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн. Тухайн үед Э.Бат-Үүл Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байв.
Тэрбээр “Энэ олон жилийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт анх удаа надаас хурууны хээ, цус, үсний шинжилгээ авсан. Заавал сонгуулийн өмнө энэ хэргийг ахин сөхөж, намайг хууль бусаар шалгаж байгаа нь хачирхалтай байна. Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгах гэж байгаа бол хууль бусаар шалгахгүй байхыг би хүсэж байна” гэж мэдэгдэж байв. 
 
Улмаар прокурор Б.Батжаргал 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр “Э.Бат-Үүл нь… С.Зоригийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна” гэж тэмдэглээд, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байдаг.
 
Э.Бат-Үүлийг ингэж 2016 онд яллагдагчаар татан шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон тухай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.
 
Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сард ажил авсан өдрийнхөө орой нь цагдаагийнхныг цуглуулаад энэ хоёр хүнийг шийтгэж байгаа юм бол захиалагчаа зарла гэсэн. Хэн ч зарлаж чадаагүй. Захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэлдэг. Яагаад гэвэл тухайн үед хэргийг хянаж, шүүсэн хүмүүс захиалагчийг олоогүй байж, захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрт ял халдаасан. Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Харин хамжигчаар Булганыг татсан. 10 сар хорьсон ч тогтоож чадаагүй. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг мөн л хорьж, тогтоож чадаагүй юм. Энэ хүнийг найман сар хорьсон. 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гэдэг шалтгаанаар яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Ц.Амгаланбаатар элдэв юм яриад байгаа юм бол Э.Бат-Үүлийг байцаах ёстой” хэмээн мэдэгдсэн юм. 
 

Ц.НЯМДОРЖИЙН ДУРДСАН Ц.АМГАЛАНБААТАРЫН Э.БАТ-ҮҮЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДҮҮЛЭГ

 
         ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг ярьж, түүнийг захиалагч гэж зарласан тухай өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Тэгвэл Ц.Амгаланбаатарын 2015 оны аравдугаар сарын 2-ны өдрийн мэдүүлэгт: “…Жаагий (Б.Содномдаржаа)-ийн утас дуугарч, бид гарч нэг машинд орсон. Бат-Үүл байсан…Жаагий түүнээс мөнгө авсан гэсэн. Гэхдээ ил харагдах мөнгө байгаагүй. Бид дөрвийг гадагш гарахад Бат-Үүл нэг давхрын өгсдөг шатан дээр бид дөрвийг хараад зогсож байсан. Бид дөрвүүлээ түүнийг харсан. Бид буудалд ирчихээд нэлээд хэдэн цаг суусан. Гэтэл Жаагийгийн утас дуугарч бид хоёр гарсан. Бат-Үүл хар хөх өнгийн жийп машинтай ирсэн. Жаагий машинд орж суугаад хэсэг хугацааны дараа чемодан шиг хэлбэртэй хар өнгийн цүнхтэй зүйл авч буусан. Цүнхэн дотор боодолтой мөнгө байсан. Буцаж орж ирээд Жаагий “Энэ Бат-Үүл гай болох юм. Зоригийн авгайг амьд үлдээ гэчихээд гэрт нь юмаа орхичихсон (малгай) байх юм” гэж байсан… Жаагий Бат-Үүлээс авсан мөнгөөрөө барааны зах дээр наймаа хийж эхэлсэн. С.Зоригийг алдаг өдөр Бат-Үүл С.Зоригийн гэрийн хаалга онгойлгож өгөхөд Жаагий бид хоёр орж авгайг нь хүлж, ариун цэврийн өрөөнд үлдээсэн. Ингээд гараад ирэхэд Бат-Үүл, Чимгээ хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл нөгөөдөх чинь ирж байна, би явлаа гээд явсан” гэсэн байдаг ажээ. 
 

Э.БАТ-ҮҮЛ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН "ЗАХИАЛАГЧ"-ААР ГУРАВ ДАХИА ШАЛГУУЛАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188