Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Т жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан байдаг. Тодруулбал, тэрээр хуурамч дипломын асуудалд холбогдож, төрд 120 сая төгрөгийн өрөнд орсон. Үүнээсээ болж эхнэр, бага насны дөрвөн хүүхдээ орхиод амиа егүүтгэсэн байдаг. Бид талийгаачийн эхнэр Д.Лхамсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Арбулаг сумынхаа сургуульд бага ангийн багшаар багшилдаг юм.
-Та хэд давгүй юу.
-Үхсэний араас үхэж болдог бол явчихмаар хүнд өдөр олон байлаа. Даанч дөрвийн дөрвөн хүүхдээ би яах билээ дээ. Аргагүйн эрхэнд л тэсэж, тэвчиж амьдарч байна. Том хүү маань 13 настай, бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Охин маань ааваасаа хойш үг, дуу нь цөөрч, дотогшоо болсон. Хоёр бага маань гурав, дөрвөн настай. Орондоо шээж, шөнө уйлагнаад унтаж чадахгүй жил боллоо. Хүүхдүүд маань бэтгэрч, сэтгэл санааны хямралд орсон, үргэлж “Аав хэзээ ирэх юм бэ” гэж надаас нэхэж байна даа. Би гэдэг биенийхээ талыг байхгүй болгочихсон яах учраа олохгүй л байна. Ийм л таван хүн сумын төвдөө амьдарч байна даа.
-Та хэдэн жил багшилж байгаа вэ. Бас таны хань Арбулаг сумынхаа сургуульд хэдэн жил багшилсан бэ?
-Би бага ангийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Харин хань минь байсан бол 12 дахь жилдээ багшилж, дааж авсан ангиа дараа жил төгсгөх байлаа. Бид нэг сумынх, сургуулиа төгсөөд Арбулаг сумандаа ирж, хүүхдүүдэд эрдэм, мэдлэг олгох үйлсдээ ачаа тэнцүүлэн зүтгэж эхэлсэн. Жирийн нэг хүн математикийн багш болчихгүй шүү дээ. Тэгээд бүүр Заах арга зүйч гэдэг цолыг зүгээр ч нэг авчихдаггүй юм. Ажил, мэргэжилдээ үнэнч, чадвартай хүн л энэ шагналд хүрнэ. Миний хань хичээлээ маш сонирхолтой заадаг, олон ч хүүхдийг математикийн хичээлд дуртай болгож, дурлуулсан нэгэн байсан.
-Хуурамч дипломын асуудалд холбогдсон гэдэг. Энэ тухай та ярьж болох уу?
-Хань минь МУИС-ийг математикийн багшаар дүүргэсэн. Энэ мэргэжилдээ үнэнч байж, арван жил түмний олон хүүхдийг сургах үйлсэд хичээн ажилласан. 2023 онд манай гэрт илгээмжээр шүүхийн тогтоол ирсэн. Хуурамч дипломтой нь батлагдаж, 120 гаруй сая төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан. Тэгээд надад “Миний диплом хуурамч, давхардсан кодтой байна гэнэ. Одоо яах вэ” гэсэн. Ингээд бид сандралдаж, нааш, цааш олон газраас явсан. Хань минь хууль шүүхийн байгууллагад энэ талаараа, ам, хэлээрээ өчнөөн тайлбарлаж хэлсэн. Хэн ч сонсоогүй, ойлгоогүй, ажиллаж байсан туршлага, үр дүнг нь авч хэлэлцээгүй. Ажлаас нь түдгэлзүүлээд, мөнгөө нэхэж эхэлсэн. Сар болгон бид сая төгрөг төлөх өрөнд унасан даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд чинь ёстой хэцүү юм байна лээ. Байнга утсаар залгаж, дарамттай л байсан даа. Тэгээд амаараа хэлээд ойлгохгүй учир арга буюу л амиараа хэллээ. Би ингэж л бодож байна.
-Одоо та 10 жилийнх нь цалин буюу 120 сая төгрөгийг нь төлж байгаа юу?
-Миний ханийн амь 120 сая төгрөгийн үнэтэй байсан юм байлгүй дээ. Холбогдогч нь нас барсан учраас төлбөрийг нь тэглэсэн. Одоо ямар нэгэн төлбөр төлөхгүй байгаа. Ард түмэн надад 10 гаруй сая төгрөгийн хандив өгсөн. Түүгээр нь ханийнхаа цалингийн зээлийг төлсөн. Хэдийгээр байхгүй болсон ч гэлээ нэр дээр нь 100 төгрөгийн ч өргүй байлгах юм сан гэж их хичээлээ. Тэгээд ард түмэнтэй хамжаад ямартай ч зээлүүдийг нь төлсөн. Одоо би өөрийнхөө нэр дээр байгаа цалин, малчны зээлээ төлж байна. Бүх зээлээ төлөөд, бид тавд мөнгө үлддэггүй байлаа. Харин цалин нэмэгдээд, 2.5 сая төгрөг болж, хүнс, хэрэглээний мөнгөтэй үлддэг болоод байгаа.
-Таны хань өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард амиа алдсан байдаг. Тухай үед багшилж байсан уу?
-Тийм ээ, сайдын тушаалаар эргэн томилогдоод удаагүй байсан. Засгийн газраас Шил ажиллагаа гэж зохион байгуулсан байдаг. Энэ шалгалтаар л миний ханийн диплом хуурамч, бүртгэлгүй гэж гарсан юм байна лээ. Гэхдээ ажилласан жил, нөхцөл байдал, үр дүн, ур чадварыг ерөөсөө харгалзаж үзээгүй, хуумгай шийдвэр байсан. Энэ шийдвэрийн золиос нь манай гэр бүл л боллоо. Бүх л бүтэн айлын амьдралыг там болгож байна шүү дээ. Давхардсан тоогоор шавь нар нь 360 гаруй шагнал хүртсэн байдаг. Мэргэжлийг нь эзэмшээгүй, чадвагүй байсан бол юу гэж ийм их гавьяа байгуулах юм бэ. Энэ ажил чинь одоогийн сайд М.Энх-Амгалангийн үед болсон шүү дээ. Тэгээд хань минь М.Энх-Амгалан сайдтай очиж, учир байдлаа тайлбарласан юм билээ. Гэтэл “120 сая төгрөг гэдэг их мөнгө. Ямар ч арга байхгүй” гээд өрөөнөөсөө гаргасан гэсэн. Ер нь энэ бүхнийг ойлгуулах гэж хөлөө хүрэх газартаа л очсон доо. Ханьтай минь адилхан зовлонтой, хүнд нөхцөлд орсон 100 орчим багш байгаа юм билээ. Тэдний дуу хоолойг ч төрд хүргэх гээд чадаагүй учраас амиараа төллөө. Хүний ажилласан арван жилийг яагаад нэг ч удаа, нэг ч хором авч хэлэлцэхгүй байгаа юм бэ гэдэгт гомдож байна даа. Одоо ч бас харамссаар байна. Миний дөрвөн хүүхэд насан туршдаа аавгүй амьдрахаар болж байнаа шүү дээ. Амьдрах гэдэг чинь үнэхээр чанга юм аа. Хүүхдүүдийнхээ төлөө л амьсгалж байна.
-Хань тань гэрээслэл бичсэн байсан. Юу болсон талаар ярьж болох уу?
-Зээл төлөх цаг нь болчихсон байсан. Нэгдүгээр сарын 25 гэхээр өнгөрчихсөн ч байсан байж мэднэ. Бид тэр өдөр ажилдаа хамт явсан. Өглөө болгон л хөтлөлцөөд гэрээсээ гардаг юм. Өдөр нь гэртээ ирчихээд, хуралд суух байсан учраас бас л хамт явсан. Хурлын дараа хань маань математикийн сонгоны хичээлээ орсон юм. Тэгээд над руу “Сонгон тарчихлаа, одоо удахгүй харилаа” гэж чат бичсэн. Маш нийтлэг, зарчимч, олонтай хүн байлаа, миний хань. Тэгээд утас нь унтраад, гэртээ эргэж ирээгүй. Цагдаа, онцгойд хандаад цогцсыг нь нэг хоногийн дараа олсон. Амиа хорлосон байдалтай олдсон. Цагдаа, онцгойгийнхон халааснаас нь гэрээслэл олсон. Хань минь “Аав нь энэ их өр төлбөрөө аваад бурхныг орныг зорихоор боллоо. Аавыгаа уучлаарай. Энэ хэрэгт та нарын минь буруу байхгүй шүү. Харин ч миний ханийг түшиж, тулж явах учиртай. Энэнээс өөр олон зүйлийг хэлэхийг хүссэнгүй” гээд бичсэн байсан. Сэтгэл зүйн маш их дарамттай, амьдралдаа сонсож, харж ч үзээгүй их хэмжээний өртэй байсан. Тэгээд л аргагүй эрхэнд ийм зүйл хийсэн байх. Тэрнээс үл ялих зүйлээс болж, юу ч хэлэхгүйгээр яваад өгөх мунхаг хүн биш. Ямар ч гарц олж чадаагүй. Болгох гэж зөндөө хичээсэн дээ.
-Хэргийг нь хаасан уу. Эсвэл амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл ангиар шийдвэр гаргагчдыг шалгаж байгаа юу?
-Амиа хорлолт учраас хэргийг хаасан. Амьдралын төлөө явсан залууг хэн амиа хорлоход хүргэсэн бэ гэдгийг хэн ч авч хэлэлцээгүй.
-Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Хүний амьдралаас тасарсан шийдвэр, тогтоолоо эргэж хараад, цуцлаасай гэж хүсэж байна. Дахиад хүний амь үрэгдэх вий гэхээс айж байна шүү дээ. Ааваасаа өнчирч үлдсэн миний дөрвөн үрийг төр ядаж боловсролтой болгоод өгөөсэй гэж хүсэх л байна даа.
| ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ |
|
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо
2026-05-05 17:29:52
ЦЕГ: Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой байх магадлалтай
2026-05-05 15:44:13
ЭРХЭМСЭГ ТУЯА
2026-05-05 08:41:37
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |