• Өнөөдөр 2026-10-24

“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов

     Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам “Канад дахь монгол судлал: Тал нутгийн яриа хэлцээ” форумыг Оттава хотноо 2026 оны  аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав. Элчин сайд Э.Сарантогос форумыг нээж хэлсэн үгэндээ Канад дахь Монгол судлалын форум нь хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, цаашлаад судалгаа шинжилгээг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов. Энэ онд Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэсэн нь бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, хоёр улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

   Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн хэлстийн захирал Кэн Ингланд форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд М.Карни Канадын тусгаар тогтнол, үнэт зүйлсийг хамгаалах, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, стратегийн хамаарлыг бууруулахад чиглэсэн прагматик гадаад бодлого хэрэгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэв. Энэ удаагийн форумын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, төдийгүй өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд улс бүрийн өмнө тулгамдаж буй соёл, урлаг зэрэг үндэстний өвөрмөц онцлогийг хадгалж үлдэх асуудлыг хөндөж буй нь хүн хоорондын харилцаа, академик солилцоог нэмэгдүүлэх, хоёр улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дөхөмтэй болохыг онцлов.

   Канадын Анхны үндэстнүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч Жаклин Оттманн нээлтийн үгэндээ Монгол судлалын форумд төлөөлөгч оролцуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Форумд Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар илгээлт ирүүлж Канад дахь Монгол Судлалын Форум нь уламжлал болон зохион байгуулагдаж байгаад баяртай байгаа, цаашид форумын агуулгыг баяжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

    Форумын нэгдүгээр хэсэг болох “Монгол, Канадын эдийн засгийн харилцаа болон геополитикийн нөхцөл байдал” сэдэвт хуралдаанд тус ЭСЯ-ны зөвлөх Ц.Мөнхбаяр хоёр талын өнөөгийн худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашид хөгжүүлэх боломжтой салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл тавив. Канадын талаас геополитикийн судалгааны “Пендулум” хүрээлэнгийн захирал Жонатан Миллер “Канадын Энэтхэг, Номхон далайн стратеги болон Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны боломжууд”, Калгаригийн Их сургуулийн дэд профессор Дэвид Врайт “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого Хятадын өнцгөөс: Үнэн ба ташаа мэдээлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

   Форумын хоёрдугаар хэсэг болох “Тал нутаг ба Арктик: Соёл, урлаг болон үндэстний онцлог” сэдэвт хуралдааныг Торонтогийн Их сургууль дахь Төв, Өвөр Азийн семинарыг үүсгэн байгуулцсан профессор Майкл Жервэрс удирдан явуулж, Монгол Улсын Соёл, урлагийн Их сургуулийн багш, хөөмийч С.Загд-Очир “Хөөмийн урлаг монголчуудын аж ахуйтай холбогдох нь”, Канадын Анхны үндэстнүүдийн Их сургуулийн багш Чарьлз Колин “Уугуул үндэстний ижилсэл, онцлогийг урлагаар дамжуулан хөгжүүлэх нь”, Лавалын Их сургуулийн докторант Сара Комбреде “Монголд эмэгтэйчүүд ууланд авирлахыг цээрлэх ёс: Уулчин Б.Гангаамаагийн амьдрал, философийн тухай баримтат кино” сэдэвт илтгэл тус тус тавив.

   Форумд Канад Улс дахь монгол судлаачид, олон улс ба бүс нутаг судлалын экспертүүд, Канадын ГХЯ, бусад яам, судалгааны хүрээлэн, их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн төлөөлөл, Монголд элэгтэй канад анд нөхөд хүрэлцэн ирж оролцов. Онтарио муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Б.Вилферт форумыг хөтлөв.


 

 


“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188