Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Сангийн яаманд ажиллаж эхэлсний 30 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн. Тэгэхдээ төрөөс төрсөн анхны тэрбумтан Төрийн нарийн бичгийн дарга болсон түүхэн амжилттайгаар 30 жилийн ойгоо угтжээ.
САНГИЙН ЯАМАНД 50 ЖИЛ АЖИЛЛАЖ, САРЫН ЦАЛИНГААСАА СОХОР ЦООС Ч ДУТААХГҮЙ ЦУГЛУУЛЖ БАЙЖ ОЛОХ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЖИЛ ХАГАС АЖИЛЛААД ОЛЖЭЭ
Тэр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга байхдаа буюу 2020 онд 69 сая төгрөгийн орлоготой, 263 сая төгрөгийн орон сууцтай, дансандаа 18 сая төгрөгтэй, гялтайх ганц юм нь 159 сая төгрөгийн Lexus-350 загварын жийптэй, гэхдээ ээждээ 40 сая төгрөгийн өртэй, жирийн л нэг төрийн албан хаагч байв.
Улмаар 2022 онд Хэнтийн угшлаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгээд болоогүй, 2022 оны аравдугаар сараас 2024 оны тавдугаар сар хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, Төрийн нарийн бичгийн даргын сэнтийтэйгээ хослуулсан байдаг.
.PNG)
Харин одоо Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат 1.2 тэрбум төгрөгийн орлоготой, 2.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаустай, 323 сая төгрөгийн Lexus-GX460 загварын жийптэй болж, албан ёсоор тэрбумтнуудын хүрээлэлд тухалжээ. Гэтэл Ж.Ганбат хувьдаа нэг ч бизнесгүй, хувьцаа эзэмшдэг нэг ч компанигүй. Эхнэр Б.Энхмаа нь Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци”-д мэргэжилтнээр ажилладаг, мөн л төрийн албан хаагч. Төсвийн цалинтай төрд ажилладаг гэр бүл хэчнээн хичээж хонон өнжин ажиллаад, хоолоо хасаж хураагаад ч 1.2 тэрбум төгрөгийн орлого олж, 2.2 тэрбумын орон сууцанд амьдарч, 323 саяын жийп хөлөглөх боломж байхгүй.
Тэгэхээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ажилласныхаа шагналд 1.2 тэрбум төгрөг авсан болж таарч байна. Тэгвэл 1.2 тэрбум төгрөг төрийн албан хаагчид хэр их мөнгө вэ, тооцоолж үзье. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат сард хоёр сая төгрөгийн цалинтай гэвэл 1.2 тэрбум төгрөг нь түүний 600 сар буюу яг 50 жилийн цалинтай нь тэнцэх мөнгө. Сангийн яаманд 50 жил ажиллаж, сарын цалингаасаа нэг ч төгрөг дутаахгүй хадгалж хурааж байж цуглуулах мөнгөө “Эрдэнэс тавантолгой” ХК-д жил хагас ажиллаад л олчихсон гэсэн үг юм. АТГ анхааралдаа авч, БЭТ-ийн цалин, урамшууллаа хуулийн хүрээнд авсан эсэхийг шалгах нь гэмгүй болов уу.
ТӨРСӨН АХЫНХ НЬ ХҮРГЭН Г.БАТБАЯР ТӨРИЙН ОРДНЫ ЦЭЦЭРЛЭГЧ БОЛЖ, 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ХАЛААСАЛЖЭЭ
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын төрсөн ах нь Ж.Ганбаатар гэж хүн бий. Хэнтий аймгийнхаа ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Харин одоо Хэнтий аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж буй. Эхнэр Д.Болортунгалаг нь Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирлаар ажилладаг. Охин Г.Энхжин нь АТГ-т ажилладаг. Гэр бүлээрээ төрийн албан хаагчид гэсэн үг л дээ.
Харин Ж.Ганбаатарын хүргэн буюу охин Г.Энхжингийнх нь нөхөр Г.Батбаяр гэх залуу бий. Төмөр замын дээд сургуульд жирийн нэг багш байсан. Гэтэл Г.Батбаяр 2023 оноос тендерчин болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Өргөө амаржих газрын дэргэдэх Монгол эх цэцэрлэгт хүрээлэн тэргүүтэй Улаанбаатар хотын бүх л том цэцэрлэгт хүрээлэнгүүдийн услагаа, арчилгааны тендерүүдийн хуу хамдаг болсон. Хоржоонтой нь, Г.Батбаяр Төрийн ордны Хувьсгалчдын цэцэрлэгт хүрээлэнд мод, бут суулгах, зүлэг, цэцэг тарих, услах, угааж арчлах, цасыг нь цэвэрлэх гээд бүхэлд нь гардан хариуцаж байгаа. Төрийн ордны цэцэрлэгч хийхэд хүртэл том артай буюу Төрийн нарийн бичгийн даргын хүргэн байх шаардлагатай байдаг бололтой юм.
Тайлбар: СЯ-ны ТНБД Ж.Ганбатын төрсөн ах Ж.Ганбаатарын эхнэр Д.Болортунгалаг, охин Г.Энхжин, хүргэн Г.Батбаяр
Тайлбар: СЯ-ны ТНБД Ж.Ганбатын хүргэн дүү, Төрийн ордны цэцэрлэгч Г.Батбаяр
Ингээд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын хүргэн дүү Г.Батбаярын “Бат өндөр хайрхан” ХХК-ийн авсан тендерүүдийг танилцуулъя.
2025 онд
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мод, бутыг услах 300 сая төгрөгийн тендер
-
АШУҮИС-ийн орчмын ногоон байгууламжийг арчлах 218 сая төгрөгийн тендер
-
ХУД-ийн 1-р хороо буюу Энхтайваны гүүрнээс урагших ногоон байгууламжуудыг арчлах 320 сая төгрөгийн тендер
-
БЗД-ийн зүүн бүс, Дүнжингарав орчмын ногоон байгууламжийг арчлах 413 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
2024 онд
-
Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх 500 сая төгрөгийн тендерт шалгарсан.
2023 онд
-
Сүхбаатар дүүргийн ногоон байгууламжуудыг арчлах 165 сая төгрөгийн тендер
-
Баянзүрх дүүргийн ногоон байгууламжуудыг арчлах 390 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
Тэгэхээр Төмөр замын дээд сургуулийн багш байсан Г.Батбаяр хоёр жилийн хугацаанд 2.3 тэрбум төгрөгийн тендер халааслачихсан байна гэсэн үг.
Бид дараагийн дугаартаа Хэнтий аймгийн сургууль, цэцэрлэгийн бүх том тендерийг дангаараа хуу хамдаг, энэ онд л гэхэд 40 гаруй тэрбум төгрөгийн тендер аваад буй нэр бүхий компани Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбаттай хэрхэн холбогддогийг дэлгэх болно.
Үргэлжлэл бий…
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ТӨРСӨН АНХНЫ ТЭРБУМТАН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ГАНБАТ |
|