-Таеквондо-гийн 2025 оны ДАШТ-д амжилттай өрсөлдөж, дэлхийн хошой аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
–Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Цогоо овогтой Дэлгэрцэцэг гэдэг. Одоо нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадад аврагч тэсэлгээчнээр ажилладаг.
-Анх өөрөө 1995, 1996 оны үед “Бат-Ирээдүй” клубээс таеквондо-гийн спортын гараагаа эхэлж байсан санагдах юм. Тэр үед хэдэн настай. Хэддүгээр ангийн сурагч байсан бэ?
-Тийм ээ, анх 1995 оны аравдугаар сараас таеквондо-гоор хичээллэж эхэлсэн. Тэр үед 13 настай. Дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байсан.
-Чухам яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Ер нь их жаахан байхаасаа хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэйгээ ноцолдож, барилдаж өссөн. Эрчүүдийн дунд өссөн болохоор багадаа эршүүд талдаа охин байлаа. Анх найзыгаа дагаж таеквондод бүртгүүлэн орж байсан. Бэлтгэлд явах тусам улам бүр таеквондо сонирхолтой болж, өөрийн эрхгүй татагдаж дурласан даа.
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байна вэ?
-Анх 1995 онд таеквондо-гоор хичээллэж эхэлсэн гэхээр, яг одоо цэвэр 30 жил хичээллэж байна.
–Таеквондо заасан анхны багш нь “Бат-Ирээдүй” клубийн Отгонбаяр, Эрдэнээ, Өнөрмөнх, Маналжав нарын хэн нь вэ?
-Миний анхны багш Ойдовын Отгонбаяр багш маань байгаа юм. Олон жил багштайгаа хамт олон тэмцээн, уралдаанд явсан даа. Багшийнхаа хүрээгүй амжилтад хүрч, хийж амжаагүй ажлыг гүйцээн, хийж бүтээхийг зорьсоор өдий хүрлээ. Миний өдий зэрэгтэй тамирчин болсон нь багшийн минь хичээл, зүтгэл, ач гавьяаны үр дүн билээ. Багшдаа баярлалаа. Багш таныгаа хүндэтгэн мөргөе.
–Одоо өөрөө таеквондо-гийн хар бүс хэддүгээр дантай мастер болсон бэ?
-Би одоогоор олон улсын хар бүс тавдугаар дантай байгаа. Ирэх жилээс дангаа ахиулах хүсэлтийг “ITF” холбоонд гаргасан.
–Одоо ямар клубт, харьяалагдаж, багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа вэ?
-Яг одоогоор ажил, мэргэжлээс шалтгаалаад дасгалжуулагч хийж амжихгүй байгаа. Гэхдээ ч хааяа зав чөлөө гарвал цагийн багш хийгээд л явдаг. Олон улсын таеквондо-гийн “Хаадын зарлиг” клубт харьяалагддаг.
–Таеквондо-гоор гаргасан томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын 24 удаагийн аварга. Дэлхийн аваргын хошой алт, мөнгө, хүрэл, дэлхийн цомын хошой мөнгөн медальтай. Ази тивийн хошой аварга. Мөн Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-2015 оны ДАШТ-ээс анхны алтан медалиа хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн нь хамгийн гоё, дурсамжтай, хэзээ мартагдашгүй сайхан мөч байсан. Түүнээс хойш яг арван жилийн дараа сая 2025 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсондоо үнэхээр баяртай байна.
-Итали Улсын “Жесоло-2025” ДАШТ-д хэдэн төрөл, ангилалд оролцож хэдэн медаль хүртэв ээ?
-Энэ жилийн ДАШТ-д хувийн гурван төрөл, багийн гурван төрөл нийт зургаан төрөлд өрсөлдөж хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт зургаан медаль хүртлээ. ДАШТ-ий оролцсон бүх төрөлдөө амжилттай өрсөлдөж, медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Багийн хатуу биет хугалах төрөлд хэн, хэнтэй, нэг баг болон өрсөлдөж дэлхийн аварга болсон бэ?
-Амаасүрэн, Н. Энхнаран, Мөнхцогийн Мөнхжаргал гэсэн гурван дүүтэйгээ нэг баг болон оролцож бүгд өөрт оногдсон даалгаваруудаа амжилттай гүйцэтгэж илт давуу байдлаар багаараа дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Би М.Мөнхжаргал дүүтэйгээ 2011 оны ДАШТ-ээс хойш одоог хүртэл хамтарч нэг баг болж яваа. Миний үнэнч хамтрагч дүү байгаа юм.
–Өмнөх жилүүдийн дэлхийн аваргаас Итали Улсад болсон “Жесоло-2025” ДАШТ-ий онцлог юу байв?
-Өмнөх жилүүдийг бодвол Европ тивд зохиогдсон болохоор ч тэрүү Европын олон орны тамирчин оролцож, төрөл бүрд өрсөлдөөн ихтэй, сайхан тэмцээн болсон.
–Хэд дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон бэ?
-Анх 2003 онд 11 дэх удаагийн ДАШТ орж байсан. Түүний дараа 2011 оны 16 дахь удаагийн ДАШТ-д, 2013 онд 17 дахь удаагийн ДАШТ-д, 2015 онд 18 дахь удаагийн ДАШТ-д, 2017 онд 19 дэх удаагийн ДАШТ-д, 2023 онд 22 дахь удаагийн ДАШТ-д, 2025 онд 23 дахь удаагийн ДАШТ-д оролцсон байна. Нийт долоон удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон өрсөлджээ.
–“ITF” холбооны таеквондо-гийн ДАШТ хоёр жил нэг удаа зохион байгуулагддаг билүү?
-Тийм ээ, хоёр жилд нэг удаа ДАШТ болдог. Дэлхийн аварга болоогүй өнжсөн жилүүдэд Ази, Европ, Америк, Африк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Тийм болохоор Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа ДАШТ-ээс зөрж болдог.
–Дараагийн 2027 онд зохион байгуулагдах ДАШТ-д оролцох уу?
-Дараагийн ДАШТ-д шүүгчээр оролцох бодолтой байгаа. Би таеквондо-гоор хичээллэж эхэлсэн 30 жилийн түүхэндээ Ази тивийн хошой аварга болсон. Энэ жил, дэлхийн хошой аварга болох зорилгоо биелүүлсэн. Тийм болохоор шүүгчийн ажилд шилжих бодолтой байна.
–Цаашдын зорилго юу байна вэ?
-Цаашид боломж олдвол Монголынхоо эмэгтэй багийг дасгалжуулах том хүсэл, зорилго, мөрөөдөл бий. Энэ завшааныг ашиглан олон жил хичээллэх хугацаанд том туслалцаа үзүүлсэн анхны багш Ойдовын Отгонбаяр болон Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны үе үеийн удирдлага, багийн хамт олон найзууддаа, мөн Б. Мөнх-Оргил, Энхтөр хоёр найздаа баярлаж явдгаа илэрхийлье. Үргэлж намайг дэмжиж “Асаалттай танк шиг ард минь, арыг минь бүтэн дааж байдаг хайрт хань М.Бат-Эрдэнэндээ баярлалаа.Тэмцээнд явахад тусалж дэмжсэн ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын захирагч болон Захирагчийн зөвлөлийн гишүүд, нийт хамт олондоо баярлаж, талархаж байна.
Ц.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Арван жилийн дараа дахин ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсондоо үнэхээр баяртай байна |
|
2025-10-20 09:47:09
2025-10-20 09:25:29
2025-10-20 09:25:25
2025-10-20 08:23:55
2025-10-20 07:30:00
2025-10-20 07:21:00
2025-10-20 07:10:00
2025-10-20 07:00:52
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 07:00:00
2025-10-20 06:00:00
2025-10-20 06:00:00
2025-10-19 17:22:18
2025-10-19 16:52:46
2025-10-19 14:08:04
2025-10-19 11:22:55
2025-10-19 10:24:37
2025-10-19 10:06:36
2025-10-19 07:10:00
2025-10-19 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |