• Өнөөдөр 2025-10-20

ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА

2025-10-20,   226

        Засгийн газар огцорч, Г.Занданшатар, түүний танхимын сайд, төрийн нарийн бичгийн дарга, “шахаа”-гаар томилогдсон газар, хэлтсийн дарга нар өрөөгөө цэгцэлж, цүнхээ баглаж баглаж эхэллээ. Таван сар ч бололгүй огцорсон Г.Занданшатарын Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга нар танигдаж ч амжилгүй буцацгааж байна. Иймд Төрийн нарийн бичгийн дарга нарыг, тэр тусмаа тендерчдийг нь цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. 
 
        Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв гэх залуу бий. Намтрыг нь нэгжвэл, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын төрд хөтөлж оруулсан хуурай дүү нарынх нь нэг. Тодруулбал, 2022 оны намар Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд болмогцоо нутгийн дүү Б.Дашпүрэвийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилж дэргэдээ авсан. Удалгүй Эдийн засаг, хөгжлийн яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгож дэвшүүлсэн байдаг. 
 
Улмаар Б.Дашпүрэв 2023 оны арванхоёрдугаар сард Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгч, 2024 оны нэгдүгээр сараас Ч.Хүрэлбаатараас хөтөлж хормойдон УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгаар хэдэнтээ тойрсон. Цас зудаар далимдуулан Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт гурил будаа аваачиж тараасан. Цагаан сараар далимдуулан баахан малчдад шагнал цацсан. Улаанбаатар дахь Увсын оюутнуудын дунд спортын наадам хүртэл зохион байгуулж байв. 
   Гэвч Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт танигдах гэж түрийвчээ сэгсэрсэн Б.Дашпүрэв МАН-аас нэр дэвших мандат авч чадаагүй. Ингээд Б.Дашпүрэв 2024 оны УИХ-ын сонгуулиар хуурай ах Ч.Хүрэлбаатарынхаа штабт ажилласан. Гэвч Ч.Хүрэлбаатар унасан. Гэхдээ Ч.Хүрэлбаатар хуурай дүү Б.Дашпүрэвийгээ гудамжинд хаяагүй, сонгуулийн дараа өөрийнх нь Эдийн засаг, хөгжлийн сайдын сэнтийд заларсан Увсын уугуул Лу.Гантөмөрийн дэргэд зөвлөх сэтэртэй үлдээсэн байдаг. 
 
    “Аз” болж, өнгөрөгч зургадугаар сард Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон. Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нутаг нэгт, нас чацуу Б.Дашпүрэвийг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж, дэргэдээ авсан байдаг. Товчхондоо, Увсын уугуул гэдгээрээ Ч.Хүрэлбаатар, Г.Дамдинням хоёрын дунд тэлээ хурга шиг гүйж, Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд хоёр дахиа сууж буй нэгэн. 
 
         Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тендерээр хэрхэн түрийвчээ түнтийлгэж буйг баримтаар танилцуулъя. 
 
      Нүүрсний экспортын гол гарц буюу Гашуунсухайт боомтын цогцолборыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 92 тэрбум төгрөгөөр өргөтгөж, шинэчилсэн. Гашуунсухайт боомтын цогцолбор нь халаалтын дөрвөн зуухтай. Энэ дөрвөн зуухных нь галлагааг “Грийн радианс” ХХК хариуцаж, Гашуунсухайт боомтын цогцолборын төв барилга, Хилийн цэргийн болон гаалийн шалгалтын 40 кабин, Гаалийн лабораторийн барилга, Мэргэжлийн хяналтын лабораторийн барилга, Эрэлч нохойн байр, агуулахууд, Авто тээврийн төвийн барилга, Хилийн цэргийн заставын барилга, ажилчдын таван орон сууц, нийтийн ариун цэврийн барилга гээд нийт 79 барилга, байгууламжийг дулаан, цэвэр усаар хангаж байгаа. 
Тайлбар: "Грийн радианс" ХХК-ийн дулаанаар хангаж буй Гашуунсухайт боомтын цогцолборын барилга, байгууламжууд
     Ингэхдээ “Грийн радианс” ХХК нь Гашуунсухайт боомтын цогцолборыг цэвэр усаар хангах 100 сая, түлшээр хангах 150 сая, дулаанаар хангах 547 сая төгрөгийн тендерт тус тус өрсөлдөгчгүйгээр шалгарсан. Ингээд “Грийн радианс” ХХК энэ оны гуравдугаар сарын 7-нд Гашуунсухайт боомтын цогцолборын халаалтын зуухнуудын галлагааг хариуцаж, энэ оныг дуустал дулаанаар хангах 547 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. 
     Тэгвэл Гашуунсухайт боомтын цогцолборыг дулаан, цэвэр усаар хангаж буй “Грийн радианс” ХХК-ийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн эхнэр Сандагийн Отгон эзэмшдэг. Өөрөөр бол, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нь эхнэр С.Отгоныхоо нэр дээрх “Грийн радианс” ХХК-аар Гашуунсухайт боомтоос 797 сая төгрөгийн тендер авч, хагас тэрбум төгрөгөөр халаалтыг нь хариуцаад явж байгаа гэсэн үг юм. 
Үргэлжлэл бий...
 

ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-20 08:04:45
    Баянжаргал: Сайд нь нэг сум Төрийн н/б нэг сум...арай дэндүү юм аа...Увсын Өндөрхангай сумынхан...яам газар.хэлтэс нэгж бүгд...адилхан..нэг сум...Увсынхан байгаа...үндсээр нь өөрчлөх хэрэгтэй...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188