АТГ-ын мөрдөгчид “хулхи ногоон”-уудын хэргийг гурван сар гаруй хугацаанд мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлж буй аж. Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авчээ. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацадсан байна.
Тэгвэл 800 автобусны 318 тэрбум төгрөгийн тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хууль бусаар шалгаруулж, улмаар тал үнээр нь “хулхи ногоон”-уудыг оруулж ирж, үлдсэн талаар нь түрийвчээ түнтийлгэсэн нь гэх яллагдагч нарыг танилцуулж байна.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ба “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг- Ж.Сүхбаатар хэдэнтээ хэвлэлийн хурал хийж, “буруугүй” гэж өөрийгөө өмгөөлж байсан ч үнэнд гүйцэгдэв. АТГ-ын мөрдөгчид Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, “хулхи ногоон”-ы тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсныг нь хөдөлшгүй баримтаар тогтоогоод шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар “Тэнүүн-огоо” ХХК-ийг яагаад шалгаруулсан, А.Ганхуягтай ямар хамааралтайг нэг баримтаар танилцуулъя. А.Ганхуяг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийг Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Баттүшиг нартай 2009 оноос хойш хамтран эзэмшиж буй. Хамгийн ноцтой нь, Д.Амгаланбаатар нь ЗТХ-ийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүхийн Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо ч Д.Амгаланбаатар нь “Буурал” А.Гансүхийн “Монгол корпорэйшн констракшн” ХХК, “Монгол корпорэйшн пропертийс” ХХК-иудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг үнэнч “цэрэг” нь. Харин А.Баттүшиг нь УИХ-ын дарга З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан, мөн түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой “Инфра инженеринг” ХХК, “Браунрок” ХХК, “Нью браун стоун” ХХК-уудыг хамтран эзэмшдэг нэгэн. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” ХХК ч тэр, А.Ганхуяг ч тэр ардаа “Буурал” хочит А.Гансүх, “Спикер” хочит З.Энхболдын нарын улс төрийн асар том артай гэсэн үг. Илүү ноцтой нь, “Буурал” хочит А.Гансүх, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хоёр 1997 онд МУИС-ийн Эрх зүйн ангийг хамт төгссөн, нэг ангийн найзууд. Эндээс, 318 тэрбум төгрөгийн 800 ширхэг “хулхи ногоон”-ы тендерт Ж.Сүхбаатар “Буурал” А.Гансүхийн хамаарал бүхий “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан шалтгаан ойлгомжтой харагдаж буй биз ээ.
Нийслэлийн нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн- Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор тус тус ажиллаж, Ардын намаас албан тушаалын аагтай, амттай болгоныг авч, шат алгасан гүйж явсан Ж.Сандагсүрэн шүүхийн хаалга татах нь. “Хулхи ногоон” автобус бол түүний будилаантуулсан анхны автобусны тендер биш. Тодруулбал, 2021 онд “Сүлдэрхан минералс” ХХК 21 тэрбум төгрөгөөр 60 ширхэг автобус оруулж ирж, нийслэлд нийлүүлсэн байдаг. Тус компани нь өмнө нь төрийн тендерт оролцож байгаагүй, автобус, автомашины алиныг нь ч нийлүүлж байсан туршлагагүй, захирал, менежер хоёроос өөр ямар ч ажилчингүй, нийгмийн даатгал ч төлдөггүй компани байсан. Гэтэл “Сүлдэрхан минералс” ХХК-ийг Ерөнхий захирал И.Болдцэцэг, Ерөнхий менежер Ж.Түвшинбаяр нар нь Ж.Сандагсүрэнгийн зүү орох зайгүй найзууд нь байж таардаг. Товчхондоо, Ж.Сандагсүрэн улаан автобусны тендер нь баригдаагүйд урамшсан, тиймдээ ч “хулхи ногоон”-ы хэрэгт Ж.Сүхбаатартай хамтарсан хэрэг.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаяр- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар 2022 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилогдсон. Хотын дарга Д.Сумъяабазар, нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хоёрын хэн хэн нь Сонгинохайрханых. Тэгэхээр Ч.Сайханбаярт энэ албан тушаалд томилогдох төвөггүй байсан биз.
Д.Сумъяабазарын хуулийн ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ- Өмнө нь 2014-2016 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга, 2016-2019 онд Су.Батболдыг Хотын дарга байх үед Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд Хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг өөрийнхөө Хуулийн ахлах зөвлөхөөр томилж байв.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар- Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Тээврийн цагдаагийн албаны дэд даргаар тус тус ажиллаж байсан. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. С.Жавхлантбаатар нь “хулхи ногоон”-ыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягтай хамтарсан компанитай, халаас нэгтэй. Тодруулбал, С.Жавнхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяа нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэнтэй 2016 оноос хойш “Илчит хүлэг тур” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тиймдээ ч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг анхнаасаа “хулхи ногоон”-ы тендерт шалгарахын тулд С.Жавхлантбаатарыг Нийтийн тээврийн газрын даргаар томилуулах “лобби”-г Ж.Сүхбаатар нартай хийсэн гэх. Сонирхуулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, С.Жавхлантбаатар нар нэг айлын хүргэн буюу базууд юм билээ.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ганболдын Мишээлт- 2016-2018 онд УУХҮЯ-нд Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн, 2018-2021 онд УУХҮЯ-нд шинжээчээр тус тус ажиллаж байсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдсон нэгэн. Өөрөөр хэлбэл, Г.Мишээлт нь Д.Сумъяабазарыг дагаж энэ албан тушаалд ирсэн.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван- Тэр Ж.Сүхбаатарыг “Улаанбаатар эрдэм” их сургуульд багшилж байх үед шавь нь байсан. УИХ-ын гишүүн болсных нь дараа зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон нэгэн. Товчхондоо, "хулхи ногоон"-ы хуйвалдаанд багш шавь, дарга цэргийн барилдлагатай Ж.Сүхбаатар, Г.Энхтайван хоёр хамтран оролцжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал- Өмнө нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ш.Баярсүх- Тэр “хулхи ногоон”-ы тендер шалгаруулалт яг эхэлж байх үед буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 2-нд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын томилгоогоор НХААГ-ын мэргэжилтнээр томилогдсон.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Амарбаясгалангийн Нарангэрэл
ННТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтийн хэлтсийн дарга Батмөнхийн Баярмаа- Өмнө нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байсан. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 1-нд энэ албан тушаалд томилогдсон.
ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Бадам-Одсэрийн Дөлгөөн- 2016 оноос хойш ННТГ-т ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны аравдугаар сард Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга болж дэвшсэн.
ННТГ-ын Техник, технологийн хэлтсийн дарга Баатарын Мөнхболд
ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Баттогтохын Алтаншагай- Өмнө нь “Зорчигч тээвэр гурав”-ын засварын инженерээр ажиллаж байсан.
ННТГ-ын Техник технологийн хэлтсийн цахилгаан хангамж хариусан инженер Дуньхүүгийн Цогтбадрах
Нийслэлийн тээврийн газрын Тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Однасангийн Хонгорзул- Тэр 2019 арваннэгдүгээр сараас хойш Нийслэлийн тээврийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Түүний аав Ч.Однасан нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн нийтлэгч үйлчилгээний газрын орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Одоо ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргаар ажилладаг.
Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Лхагважавын Солонго
Нийтийн тээврийн хяналын улсын байцаагч Очирсүрэнгийн Сүхбаатар
Хотын стандарт хяналтын газрын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Цэндийн Хадбаатар- Өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Тээврийн хяналтын Улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан.
Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч- Өмнө нь Удмаагийн Энхтөр- Өмнө нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Улсын байцаагчаар ажиллаж байсан.
Зорчигч тээврийн нэгтгэлийн Техникийн хэлтсийн дарга Оросоогийн Лувсандагва
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат
“Хулхи ногоон”-ы нийлүүлэгчид буюу БНСУ-ын “Дэү” компаниас Пак Чол Су, Ким Ки Ёл гэх хоёр албан тушаалтан, “Эктэ” компаниас Лий Жунг Суб, Ким Киа баум гэх хоёр албан тушаалтан тус тус яллагдагчаар татагдаж, шүүхэд шилжиж буй. Тэднээс “Дэү” компанийн дэд захирал гэх Ким Ки Ёл нь 2023 оны аравдугаар сарын 1-нд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягтай хамт хэвлэлийн хурал хийж, уучлал гуйсан байдаг.
“ХУЛХИ НОГООН”-УУДЫН ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧИДТАЙ ТАНИЛЦ |
|