• Өнөөдөр 2025-01-19

МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ БУУРСНААС ТӨГРӨГ “ЦААС” БОЛЖ, ИНФЛЯЦ “ТЭНГЭРТ ХАДАХ” УУ

2024-12-16,   2284

Улсын Төв банк энэ оны эхний 10 сарын байдлаар 15 тонн алт худалдан аваад байна. Эрдэнэсийн санд эхний 10 сард хуримтлуулсан 15 тонн алт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тийм ч олон хувийн зөрүүгүй боловч оны эцэст энэ тоо буурч, алт худалдан авалт унадаг нь “уламжлал” болжээ. Тухайлбал, Монгол банкны алт худалдан авалт оны эхний гурван улирлын дүнгээр сайн гарч, олон тонн алт авсан тоон судалгаа гардаг хэдий ч оны сүүлч гэхэд худалдан авалтын хэмжээ нь эрс багасаж, унадаг. Энэ жишгээр Монгол Улсын Төв банк сүүлийн гурван жилийн хугацаанд оны эцсийн тайлангаа “муу” тавьсан ч гэж болно. Харин хэн бүхний тоодоггүй ч хүн бүрийн мэдэх ёстой Төв банкны алт худалдан авалт буурах нь эсрэгээрээ үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж, дотоодод инфляцийн дарамт учруулах өндөр эрсдэл учруулаад байгаа аж.

МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ТОГТМОЛ БУУРЧ БАЙНА

Монголбанкнаас шинэ гаргасан тайландаа өнгөрсөн арваннэгдүгээр сард 1.6 тонн үнэт метал худалдан авснаа мэдээллээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр Төв банк 2024 онд нийт 15.8 тонн үнэт метал худалдан аваад байгаа юм. Гэсэн ч оны эхнээс 0.8-2 хүртэлх тонноор худалдан авч байсан Төв банкны алтны нөөц оны сүүлчид дахин сөрөг дүнтэй гарч байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Монголбанк хоёр тонн алт худалдан авсан ч нийт алт худалдан авалтын хэмжээ 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Харин энэ удаад арваннэгдүгээр сард 1.6 тонн алт худалдан авч, энэ онд нийт 15.8 тонн алт худалдан авсан ч өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар буураад байгаа аж. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр Төв банкнаас гадна:

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт метал худалдан авчээ.

Өмнөх сард алт худалдан авах дундаж үнэ 291.1 мянган төгрөг байсан нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Харин арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкны алт худалдан авах үнэ 294.6 мянган төгрөг байна.

Мөн дэлхийн зах зээлд сүүлийн байдлаар алтны үнэ унц нь 2640 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Энэ онд Төв банкуудын алт худалдан авалттай холбоотойгоор алтны үнэ 30 гаруй хувиар өсөөд байгаа юм. 2024 он гарсаар хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчилж, сүүлд аравдугаар сарын 30-нд унц нь 2788 ам.доллар давсан билээ.

АВАЛТ ХУДАЛДАН АВАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ

Хүн төрөлхтний хамгийн сайн мэддэг, үнэлдэг гол металын нэг алт өнөөдөр гоёл чимэглэлээс гадна аливаа орны эдийн засгийг хамгаалдаг чухал баялгийн нэг. Тодруулбал, Төв банкан дахь алт нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чангаруулдгаараа чухал ач холбогдолтой.

Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Тухайн улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гаднын болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих “дархлаа”-г бүрдүүлдэг. Манай улс шиг түүхий эдийн гадаад зах зээлийн мөчлөг дагасан эдийн засагтай, экспортолж байгаа түүхий эд нь цөөхөн нэр төрөлтэй оронд гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн шинжээч, судлаачид хэлдэг. Харин одоогийн байдлаар Монголбанкны гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар байгаа юм.

 

Монгол Улсын хувьд алт олборлогчдоос Монголбанканд, тэндээсээ экспортод гэсэн арилжааны нэг чиглэлийн урсгалтай. Алтны татварын хувьд 68 хувь, өсөн нэмэгдэх роялти болон 2.5 гэсэн гурван түвшний татвартай. Энэ гурван түвшний татварын орчинд алт тушаалт татвар таван хувиас дээш гарахаар эсрэгээрээ Монголбанканд тушаадаг алтны хэмжээ буурдаг. Тодруулбал, нэг унци алт 1200-1300 ам.долларын ханштай байвал дөрвөн хувь, түүнээс дээш бол таван хувийн татвар ногдуулдаг. Энэ мэтчилэн алт олборлогчид Төв банканд алт тушаахдаа дээд тал нь 10 хувийн татвар төлөх нөхцөл үүсдэг гэсэн үг. Ингэснээр Монголбанканд алт тушаалт эрс буурах бөгөөд далд эдийн засгийг дэмжих, хууль бусаар хил давуулах байдал гарах бөгөөд их наяд төгрөгийн алт далд эдийн засагт шилжиж, хууль бусаар хил давах магадлал бий болдог.

 

Харин ийм байдлыг бий болгохгүй үүднээс Монголбанк 2018 оны тавдугаар сараас “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аян өрнүүлж эхэлсэн. Алтаа Монголбанканд худалдсанаар улс орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг нь алт олбоглогчдод ойлгуулах зорилготой. Энэ нь ч сайн үр дүн үзүүлж, өмнө нь Төв банканд алт олборлогчид жилд дунджаар 2-3 тонн алт тушаадаг байсан бол аян өрнүүлж эхэлсэн 2018 онд 22 тонн болж, бүх цагийн үеийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн. Гэсэн ч түүний дараа жил нь буюу 2019 онд үнэт метал худалдан авах хуульд өөрчлөлт орноос хойш жилийн дотор Монголбанкны алт худалдан авалт 15.2 тонн болтлоо буурсан бөгөөд түүнээс хойш 2018 онд үзүүлсэн 22 тонн алт худалдан авсан амжилтаа даваагүй байгаа буюу жилээс жилд алт худалдан авах нь багасаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, монгол төгрөгийн гаднын валютуудтай харьцах ханшийн чангаруулахад нөлөө үзүүлж чадахгүй болж ирсэн аж.

ЭДИЙН ЗАСАГЧИД ЮУ ХЭЛЭВ

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

  • Монголбанкны хувьд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэхээр олон чиглэлээр ажиллаж байгаа. Эдгээр ажлуудын нэгээр Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул, Баянхонгор аймагт алт хүлээн авах цэг байгуулсан. Харин одоогийн байдлаар энэ хоёр аймгаас тонн гаруй алт худалдан авч байгаа. Өмнө орон нутгаас алт худалдан авдаггүй байсан. Харин хэдэн жилийн өмнөөс энэ хоёр аймгаас авч эхэлсэн. Түүнчлэн алт худалдан авалт буурсан шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа.

Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ:

  • Монгол Улс сүүлийн жилүүдэд жилд 20 орчим тонн алт худалдан авч байгаа. 20 тонн алт гэдэг зах зээлийн ханшаараа тэрбум ам.доллар гэсэн үг. Монгол Улсын банкны системд байгаа гадаад валютын хэмжээ тэрбум ам.доллар. Тэгэхээр бид ганцхан жилийнхээ алтны экспортын дүнгээр дотоодод үүсэж болох бүх зохиомол эрэлтийг дарж болж байгаа юм. Үнэхээр алт экспортолж, ам.доллар оруулж ирэх хэрэгтэй бол заавал бүтэн жилийнхээ алтны нөөцийг дотоодод хадгалах албагүй. Шаардлагатай үед тодорхой хэмжээг нь гаргаад валютын хэрэгцээгээ хангах боломжтой. Харин үлдсэнийг нь дотооддоо хиймэл эрэлтийг дарахад бэлдээд байлгаж болно.

Нарийвчлаад тооцвол, эхний ээлжид 100 сая ам.долларын алтыг дотроо бид эргэлдүүлэхэд валютын ханшид ирж байгаа дарамт, эрэлтийг маш ихээр бууруулна. Одоогийнх шиг ийм онцгой цаг үед зохиомол эрэлтийг өөр тийш чиглүүлдэг хөрөнгө оруулалтын сонголттой байх хэрэгтэй. Улс орны эдийн засгийн тогтвортой байдлын төлөө Монголбанк яагаад үүнийгээ хийдэггүй юм. Алтыг иргэн, аж ахуйн нэгжид арилжаалдаг нь шинэ зүйл биш. Дэлхийн улс орнууд аль хэдийнэ хөгжчихсөн, байдаг зүйл. Харин үүнийг сүүлийн 30 жилийн хугацаанд, XXI зуунд байгаа манай улс хийгээгүй нь эмгэнэл.

“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн ахлах шинжээч, эдийн засагч Т.Азтүшиг:

  • Хөрөнгө оруулагчдын хувьд олон улсад хөрөнгийн болон таваарын зах зээлд алтны хөрөнгө оруулалт хийх хоёр үндсэн боломж гарч ирж байна. Нэгдүгээрт, банкуудын нөөцийн удирдлагын газруудаар, мөн зарим үнэт цаасны компаниар дамжуулан алтны спот арилжаанд оролцох боломжтой. Өөр нэг боломж гэвэл гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниудаар дамжуулан алтаар илэрхийлэгдсэн биржээр арилжаалагддаг санд хөрөнгө оруулалт хийж болно. Тухайлбал, “Proshares Ultra Gold ETF”, “SPDR Gold Trust” гэх мэт хөшүүрэгтэй болон хөшүүрэггүй ETF-үүд бий. Алтны хөрөнгө оруулалт нь олон улсын хөрөнгийн зах зээлд найдвартай хөрөнгө оруулалтын төрөлд багтдаг бөгөөд инфляцын хедж, дайн болон тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгөө хамгаалах чухал алтернатив хөрөнгө оруулалтад тооцогддог. Харин нөхцөл байдал харьцангуй хэвийн, тогтвортой үед тийм ч оновчтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болж чадахгүй.

ТӨВ БАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ БУУРСНААР ЯМАР ЭРСДЭЛҮҮД БИЙ БОЛОХ ВЭ

Гадаад валютын нөөц багасах:

Алт бол Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг. Тийм ч утгаараа Төв банкны алт худалдан авалт буурвал эсрэгээрээ Монголбанкан дахь гадаад валютын нөөц багасаж, валютын ханшийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Ингэснээр төгрөгийн гаднын гол валютуудтай харьцах ханш суларч, инфляцийн дарамт учрах аж.

Эдийн засгийн орлого буурна:

Монголбанк алт худалдан авч байгаа нь алт олборлогч компаниудын хувьд дотоодын найдвартай зах зээл болдог. Тэгвэл алт худалдан авалт буурвал жижиг болон дунд хэмжээний олборлогчдын орлого буурах эрсдэлтэй. Харин эдийн засгаа эргэн сэргээх томоохон “үүрэгтэй” байгаа манай орны хувьд жижиг, дунд хэмжээний олборлогчдоо шууд болон шууд бус утгаараа алдана гэдэг тэр хэмжээгээр эдийн засгийн орлого буурахад хүргэх гэнэ. Түүнчлэн уул уурхайн салбарт санхүүгийн томоохон дарамт учруулж болзошгүй юм байна.

Гадаад худалдаа, эрдэнэсийн экспортод сөргөөр нөлөөлнө:

Төв банкны алт худалдан авалт багассанаар экспортод гарах алтны хэмжээ багасаж, улсын валютын урсгалд сөргөөр нөлөөлөх гэнэ. Энэ нь гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлэх томоохон эрсдэлтэй аж.

Эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд өөрчлөлт орох:

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ тогтворгүй байгаа үед худалдан авалт буурснаар дотоодын алтны эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нөлөөний улмаас зөвхөн алт олборлогчид гэхэд санхүүгийн хүнд дарамтад орсноос олборлолтоо бууруулж болзошгүй.

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт:

Төв банкны алт худалдан авалт тогтмол бус байх нь салбартаа хөрөнгө оруулагдын сонирхлыг бууруулдаг. Ингэснээр салбарын ирээдүйн олборлолтын цар хүрээ хумигдах эрсдэл үүсдэг бөгөөд Монгол Улсын хувьд уул уурхайн салбар дахь зарим хөрөнгө оруулалтаа алдах эрсдэлд орох гэнэ.

АЛТНЫ ҮНЭ ХАНШ БА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ

Харин Австрали, Шинэ Зеландын банкуудын группийн үзэж байгаагаар дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал улам тогтворгүй болох тусам алтны үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал, унци алтны үнэ саяхан 2136.39 ам.доллар болж, нэг өдрийн арилжааны түүхэн дээд үзүүлэлтээ эвдээд, эргэн буурсан. Алтны үнэ аравдугаар сарын эхэн үеэс хойш бараг 16 хувиар өсөөд байгаа бөгөөд үүний шалтгааныг “ХАМАС”, Израилын мөргөлдөөнтэй холбож байсан ч сүүлийн өдрүүдэд АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж болзошгүй гэсэн хүлээлт томоохон нөлөө үзүүлжээ.

 

Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард алтны үнэ унци нь 2074 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон нь цар тахал эрсдэлгүй хөрөнгө оруулалтын эрэлтийг өсгөсөнтэй холбоотой гэж тодорхойлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “Нөөцийн банкны бодлогын хүү эдийн засгийн идэвхийг хязгаарлах хэмжээнд хэдийнэ орчихсон” гэж мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлд мөнгөний бодлого сулрах дохио гэж шинжээчид үзэж байгаа. Тэгвэл энэ бодлогын хүү бага байх тусам алтанд эерэг нөлөө үзүүлэх гэнэ.

 

Мөн Австрали, Шинэ Зеландын банкуудын группийн түүхий эдийн стратегич Сони Кумари “Ирэх онд алт найдлага төрүүлж буй нь Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн хүлээлт болон геополитикийн ба эдийн засгийн өндөр эрсдэлүүдээр өдөөгдөж байна. Үүн дээр нэмэгдээд Төв банкнуудын алт худалдан авалт ирэх онд өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь биет алтны сул эрэлтийг нөхөх боломжтой” гэж үзжээ.

Алт нь зөвхөн эд баялгийн бэлгэ тэмдэг болоод зогсохгүй Азийн олон оронд соёлын өндөр ач холбогдолтой байдаг. Хувьдаа эзэмшдэг алтны хэмжээгээр энэтхэгчүүд дэлхийд тэргүүлдгээс гадна тус улсад эзэмшихэд хамгийн хялбар, прагматик хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь алт байсаар байгаа юм.

 

 


МОНГОЛБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ БУУРСНААС ТӨГРӨГ “ЦААС” БОЛЖ, ИНФЛЯЦ “ТЭНГЭРТ ХАДАХ” УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-16 11:57:17
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL A KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188