Эрх мэдэлтнүүд хуулийн цоорхой ашиглаж, өөрт давуу байдал бий болгодог, түүнийгээ олонхоороо хүч түрэн баталдаг хуулийн гажуудал манайд бий. Тэгвэл 2023 оны төсвийн төслийг дагалдуулан орж ирсэн хуулийн төслүүдэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрх мэдлийг нэмсэн Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хууль гэх шинэ хуулийн төсөл оруулж ирсэн талаар бид мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн зүйл заалтыг харвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга төрийн үйл ажиллагааг тэр чигт нь хянаж, шалгах давуу эрх үүсэх ийм хуулийг эрх баригч намынхан төсвийн төслөөр далимдуулж батлах гэж байгаа гэсэн үг. Энэ талаар бид хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-2023 оны төсвийн төслийн хуульд Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг дагалдуулаад оруулжээ. Ийм хууль манайд шаардлагатай байсан уу гэдгээс яриагаа эхлүүлье?
-Дагалдан гарах хуулийн төсөл гэхээс илүүтэй шинээр оруулж ирж байгаа хуулийн төсөл юм билээ. Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг багцаар нь 2023 оны төсвийн төсөлд хавсралд оруулж ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Энэ оруулж ирж байгаа хуулийн төсөлд тусгасан заалтуудыг зохицуулдаг хуулийн эрх зүйн орчин манайд бий. Төрийн аудитын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, төрийн бүтцүүдийг хаана хэнд харьяалуулах вэ, ямар арга хэмжээ авах вэ, хууль бус шийдвэр дээр нь шийдвэр гаргах вэ, Төрийн албаны зөвлөл нь юу хийх вэ гээд бүх хууль тогтоомжоор нь зохицуулчихсан байна. Тэгэхээр энэ хууль байх шаардлагагүй бүгд органик хуулиараа зохицуулагдаж байгаа. Хэн нэгнийг очиж “загнаж”, гоё харагдах гээд байгаа хууль л гэсэн үг. Энэ хуулийг батлах хэрэгцээ, шаардлага байхгүй.
Тэгэхээр парламентын засаглалтай манайх шиг улсад энэ засаглалаа авч явдаг хоёр багана байх ёстой. Нэг нь төлөвшсөн улс төрийн нам. Нөгөө нь мэргэшсэн төрийн алба. Төрийн алба нь мерит зарчмаар, шат дараатай тушаал дэвшдэг байх ёстой. Энэ хоёр нь маш сайн, зөв явж байж хүний эрх, эрх чөлөө, улсын тусгаар тогтнол сайжирч байх ёстой. Харамсалтай нь, манайд 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш улс төрийн төлөвшөөгүй нам намын сонгуулийн мөнгөө олох гэж төрийн албыг шат дараатай зарж эхэлсэн. Нэг ёсондоо гар хүрэх ёсгүй зүйлдээ хүрээд эхэлсэн гэсэн үг. Төрийн мэргэшсэн алба хаагч нарыг сольж эхэлдэг, сонгуульд нь явж өгсөн хүн төрийн алба хаагчийн суудал өгдөг болсон. Ингэснээр мэргэшсэн төрийн албыг гажуудуулж эхэлсэн байна.
Иргэд сүүлдээ төрийн алба, улс төрийг ялгахаа больж эхэллээ. Төр гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, намын дарга, намын генсек гэж ойлгодог болчихлоо. Гэхдээ тэд төрийн алба хаагч биш. Тэд улстөрчид. Төрийн алба бол өөрийн эрхээ хамгаалж байдаг, дүрэм журам, дэг жаягтай тусдаа байгууллага. Харин сүүлийн үед төрийн албанд улс төрийн нам өөрсдийн хүнээ томилж, төрийн аппаратыг өөрсдөд ашигтайгаар ажиллуулах боллоо. Яг үүний адил дээрх хуулийн төсөл тогтолцоог гажуудуулж оруулж ирж байна.
-Үндсэндээ Засгийн газрын чиг үүрэг өөрчлөгдөж байна гэж ойлгож болох уу?
-Төрийн албыг гүйцэтгэх эрх мэдэлтэй Засгийн газар толгойлж байна. Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Үүнд хэн хяналт тавих вэ гэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга. Бид ардчилсан Үндсэн хуульт оронд амьдарч байгаа. Хууль, тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх бүхий тулгын гурван чулуу шиг үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийг хянана гэхээр логик нь алдаатай байна.
-Та яриандаа төрийн албыг аппаратаар нь “худалдаж” авдаг тогтолцоо бий болчихсон гэж байсан. Тэгэхээр эрх баригчид энэ хуулийн төслийг оруулж ирсэн нь дараагийн сонгуульд бэлдэх, төрийн эрх мэдлийг тэрчигт нь нэг намын эрхшээлд оруулах арга гэж хардах үндэслэлтэй гэсэн үг үү?
-Үе үеийн сонгуулийг харахаар тэнд ямар нэг байдлаар санал худалдаж авдаг байдал гарч байгаа. Тухайлбал, нэг суманд шатахуун түгээх станцын ажилтанг ашиглаж, шатахуун худалдаж авч байгаа иргэдийн саналыг худалдаж авдаг гэдэг ч юм уу. Том уу, жижиг үү гэсэн асуудал л бий. Гэтэл одоо улаан цагаандаа гараад төрийн албыг тэр тогтолцоо руу шилжүүлэх арга барил оруулж, хуулийн төслийг нам дээрээ батлуулахаар оруулж ирсэн оролдлого байна.
-Хуулийн төсөлд тусгаснаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас өгсөн үүргийн дагуу, өөрийн санаачилгаар, өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу тус тус хяналт, шалгалт хийнэ гэж заажээ. Энэ ямар үр дагаварт хүргэх юм бол оо?
-Үндсэн хуулийн хямралд хүрнэ. Засгийн газрын бүрэн эрх, Засгийн газартай холбоотой зохицуулалт Үндсэн хуульд заасан байгаа. Төрийн тогтолцоог ч Үндсэн хуулиар зохицуулдаг. Энэ дунд тэр тогтолцоог зөрчөөд Ерөнхий сайдын кабинетыг нэг сайд нь толгойлоод бүх төрийн алба хаагчийг нь чөлөөлдөг шинэ бүтэц гаргаж эхлэх гээд байна. Тэгэхээр энэ нь Үндсэн хуультай зөрчилдсөн хууль, тогтоомж болно. Зарим хуульч энэ талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах байх. Гэхдээ Цэц сүүлийн үед ямар хэл ам дагуулж байгаа билээ дээ. Уг нь бол зөв тогтолцоогоороо хуулийн төслийг дэмжихгүй УИХ-аар оруулж, унагаах хэрэгтэй.
-Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн гурав дугаар зүйлд Энэ хууль яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулна гэх заалт байна. Тэгэхээр Засгийн газар төрийн бүх үйл ажиллагааг хянадаг болох гээд байгаа гэсэн агуулга биш үү?
-Орон нутгийн байгууллагууд нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг босоо удирдлагын тогтолцоотойгоо хольж буюу засаг захиргаа нутаг дэвсгэртэй үйлчилж явуулах ёстой. Гэтэл үүнд нь нөлөөлж, Засгийн газрын “гал тогоонд” авчирч шийддэг болж байна. Иймэрхүү хуулийг төслийн заалт явж байна.
Мөн есдүгээр сард мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, үйл ажиллагааг нь яам, тамгын газарт нь шилжүүлнэ гэх мэдэгдэл ЗГХЭГ-ын дарга гаргасан. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Мэргэжлийн хяналтын газар чинь төрийн нэг талын “багана” байв. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ алба хаагч нар ажилладаг, мерит зарчмаар хөгждөг, төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Сүүлийн үед яагаад энэ газрын нэр хүнд унаад байгаа вэ гэхээр сонгуулийн шагналд авсан суудал буюу тэнд очсон мэргэжлийн бус боловсон хүчнүүд авлигын асуудалд орооцолдог, томчуудын компанид тусалдаг нөхцөл байдал үүссэн.
Уг нь мэргэжлийн хяналт гэдэг чинь төрийн байгууллагын нэг тогтолцоо. Үүнийг нь нурааж байгаа нэг үйлдэл нь Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн байж мэднэ. Төрийн тогтолцоог нурааж авч байгаа нэг үйлдэл гэж ч харж болох юм.
-Энэ хуулийн төслөөр бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын чиг үүрэг нэлээд нэмэгдсэн байгаа харагдсан. Одоо хэрэгжиж байгаа хуулиар энэ албан тушаалын үндсэн агуулга нь юу юм бэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг бол улс төрийн албан тушаал мэргэжлийн, мерит зарчмаар дэвшдэг албан тушаал биш. Засгийн газраас өргөн барих гэж байгаа хууль тогтоомжуудыг нь нэгтгэж, УИХ-ын даргад өргөн барих хүртэлх үйл явцыг нь зохион байгуулах эрх бүхий субъект. Түүнд бусад төрийн захиргаануудыг хянаж, шалгах, хариуцлага тооцох эрх мэдэл байхгүй. Тэрэндээ хүрвэл Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны зөвлөл, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийг удирдах албан хаагч шийддэг юм. Монгол Улсад Хууль тогтоомжийн тухай хуулиа зохицуулж байгаа харилцааг давхардуулах боломж байхгүй. Гэтэл давхардуулах нөхцөл байдал бий болгож байна.
П.ЭРХЭМБАЯР: Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг баталбал Үндсэн хууль зөрчинө |
|
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-13 13:04:37
2024-10-13 13:03:06
2024-10-13 10:10:48
2024-10-13 09:49:28
2024-10-13 09:45:48
2024-10-13 09:44:31
2024-10-13 09:42:39
2024-10-13 09:41:28
2024-10-13 09:39:48
2024-10-13 09:37:43
2024-10-13 07:42:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |