• Өнөөдөр 2025-12-24

ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ

2025-12-24,   49

    Шатахуун хариуцсан сайд, дарга нар шар нь анивчсан жолооч нарт хомсдлыг шалтгааныг тайлбарлах гэж ёстой хөглөж байна. Ядахад янз, янзнаар тайлбарлах юм. Хэд хоногийн өмнө АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Колонкууд шатахуунтай мөртлөө өгөхгүй байна. Өгөх, өгөхгүйгээ түгээгчид нь мэддэг болчихсон. Сүүлдээ, түгээгчид нь тэр Дамдиннямаасаа асуу, ав гэж томорч байна гэнэ. Энэ юу болж байгаа юм бэ” гэж түгээгч нарыг зад загнаж, баахан дөвчигнөсөн. Хоёр хоногийн өмнө АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин “Оросууд өөрсдөө тун хүнд байдалд байгаа. Хөөрхий хамаг боломжоороо манайд шатахуун өгөхийг хичээж байгаа ч хуучин хэмжээгээрээ өгч чадахгүй байна. Тиймээс хомсдол үүссэн” гэж тайлбарласан.
 
Гэтэл өчигдөр АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Ний, нуугүй хэлэхэд өнгөрсөн 7, 8-р сард аймаг, сумын 100 жилийн ой, бүсийн наадмууд хэсэцгээж, асар их шатахуун хэрэглэсэн. Үүнээс болоод шатахуун хомсдож эхэлсэн” гэж мэдэгдэв. Хөхөө өвлөөр шатахууны хомсдол үүсгэсэн шалтгаанаа тайлбарлаж чадахаа болиод, адаг сүүлд нь “Банкаа дүүргэж наадам хэсээд хомсдол үүсгэсэн” гэж ард түмнээ буруутгаад эхэлжээ. 
 
     Тиймдээ тулбал, өнгөрсөн 7, 8-р сард хамгийн их наадам хэсэж, дээлээ гандтал наадсан хүн нь АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрөө. Дөнгөж сайд болсныг ч хэлэх үү, Өмнөговь, Увс, Дарханаар даналзаж наадсан. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням 300 саяын Land Criuser 300 унадаг. Увс хүртэл 1400 км, Өмнөговь хүртэл 560, Дархан руу 220 км гэхээр Г.Дамдиннямын наадам хэсэж шатаасан шатахууных нь хэмжээ талийж өгнө.  
 
Тухайлбал, 
 
Долдугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн баяр наадамд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням очиж оролцсон. Дарханы Засаг дарга Б.Азжаргалтай хамт наадмын асрын хойморт залран хүндлүүлж, хурдалсан морь бүхнийг хөтөлж зургаа татуулсан. 
Долдугаар сарын 27-30-нд Увс аймгийн 100 жилийн баяр наадам болсон. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиням Увс аймгийнхаа 100 жилийн ойд очиж оролцсон. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай хамт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн М.Мандхай, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж нар наадамласан. 
Наймдугаар сарын 8-9-нд “Энержи ресурс” ХХК-ийн 20 жилийн ойн “Ухаа худаг” наадам Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Ухаа худаг” наадамд очиж, “Энержи ресурс” ХХК-ийн эзэн Ж.Оджаргал хамт хойморт нь заларч хүндлүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай хамт Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат УИХ-ын гишүүн Б.Уянга нар удирдаж очсон. Учир нь, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Шадар сайд Г.Ганхуяг хоёрын хувьд, “Вертекс майнинг партнер” ХХК-аараа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн хуурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг хариуцаж ирсэн тул 20 жилийн ойд нь хүндэт зочноор уригдахаас аргагүй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат хоёрын хувьд Говийн тойргоос сонгогдсон тул уригдсан. Харин УИХ-ын гишүүн Б.Уянгын нөхөр С.Лхагва-Очир нь “Энержи ресурс” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч учраас ийнхүү наадмын урилга тусгайлан авсан. 
   Тэгэхээр наадам хэсэж, шатахуун хомсдуулсан буруутныг хайж байгаа бол “Prus”-нийхээ банкийг дүүргэж нутагтаа наадаад ирсэн ядарсан ард түмэн гэхээсээ, “Land”-ийн банкийг дүүргэж наадам дамжиж хэссэн задарсан дарга нар л илүү буруутай болов уу. 
 

ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188